мэдээ
Д.Хадбаатар: Иргэд бидний хамтын зүтгэл, оролцооны үр дүнд Улаанбаатар хот ямар ч галын дуудлагагүй өнжих боломжтой

Админ
2025 оны 11 сарын 24

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатартай ярилцлаа
-Нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдал ямархуу байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн гал түймэр таван удаа, объектын гал түймэр 2293 удаа бүртгэгдсэн байна. Энэхүү гал түймрийн үед онцгой байдлын алба хаагч нар үүрэг гүйцэтгэж иргэн, аж ахуй нэгж, байгууллагын 280 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн утаажилтын бүсээс 3280 иргэнийг аюулгүйн бүсэд шилжүүлсэн байгаа.
Он гарснаас хойш 22 иргэн гал түймэрт түлэгдэж, гэмтсэнээс том хүн 21, хүүхэд нэг байна. Харин гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 21 байгаагаас том хүн 13, хүүхэд найм гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэр 36 хувиар өссөн. Гэхдээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулсны үр дүнд нас барсан иргэдийн тоо 36 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Ер нь гал түймрийн нийт дуудлагын 60 орчим хувийг гэр хорооллын өвлийн орон сууц, байшин, монгол гэр, амбаар шатсан гэх дуудлага эзэлж байна.
-Гал түймэр гарахад нөлөөлөгч гол хүчин зүйл нь юу вэ?
-Нэгдүгээрт, ил гал. Өөрөөр хэлбэл, иргэд пийшин зуухныхаа аюулгүй байдлыг сайн хангахгүй байна. Ялангуяа гэр хорооллын байшинтай айлууд ханан пийшин их хэрэглэдэг. Гол асуудал нь пийшингээ ханандаа хэт тулгаж бариад байгаа юм. 10-20 см буюу маш ойрхон зайтай пийшингээ барьснаас үүдэн халаалтаасаа шалтгаалаад ханаа төөнөдөг. Магадгүй нэг жил өнгөрсөн ч гал гараагүй байж болно. Гэхдээ энэ нэг жилийн хугацаанд зуухны ойр буй хана пийшинд төөнүүлсээр байгаад маш сайн хатсан гэдгийг санах хэрэгтэй. Иргэдийн хувьд нэг жил өнгөрөхөд гал гараагүй, зүгээр л байна шүү дээ гэдэг. Гэтэл дараа жил нь тухайн хатсан ханыг пийшингийн халаалт жаахан төөнөхөд гал гарах нөхцөл нь бүрдэж байгаа юм. Түүнчлэн иргэд гэмтэлтэй пийшин, зуух их хэрэглэж байна. Ан цав болчихсон пийшин зуухаа шавардаж янзлаагүйгээс үүдэн угаарын хий гарч, оч үсрэх олон тохиолдол бүртгэгддэг.
Дараагийн нэг хүчин зүйл нь зуухны амны хэсгийн эргэн тойрон ордог. Өөрөөр хэлбэл, зуухныхаа амны хэсгийн эргэн тойронд 40-60 см ийн хэмжээтэй төмөр хамгаалалт дэвсэх ёстой. Үүнийг дэвсээгүйгээс болж зуухны амаар оч үсэрч, гал гарах нөхцөл бүрддэг. Үүн дээр нэмээд яндагийн цонолт ч тодорхой хувийг эзэлдэг. Ер нь бол яндан байшингийн дээврээс дээшээ буюу 60 см-ээс доошгүй өндөртэй байх ёстой. Гэтэл манайхан ханан пийшингээ бариад, дээшээ 20-30 см гаргаад төмөр яндан залгачихдаг. Энэ нь өөрөө гал түймрийн эрсдэлийг үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, яндангийн цонолтоос үүдэн байшингийн дээвэр шатдаг гэсэн үг. Тиймээс хувийн байшинтай иргэд маань яндангийнхаа эргэн тойронд заавал төмөр хамгаалалт хийх хэрэгтэй. Ингэж чадвал хэт халалтаас үүдэлтэй гал түймрээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Түүнчлэн та өөрийн өмч хөрөнгө, хайртай дотны хүнээ хамгаалж байна гэсэн үг. Иргэн хүн насаараа хөдөлмөрлөөд тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулдаг шүү дээ. Гэтэл энэ бүхнээ хоромхон зуурын санамсаргүй, анзааргагүй, болгоомжгүйгээсээ үүдэн гал түймэрт алдана гэдэг үнэхээр харамсалтай шүү дээ.
-Тэгвэл яндангийн цонолтоос үүдэлтэй гал түймэр монгол гэрт гардаг уу?
-Бараг гардаггүй. Харин монгол гэрт ихэвчлэн гэмтэлтэй пийшин зуух, оч хаясан, эсвэл цахилгааны аюулгүй байдлаас үүдэлтэй гал түймэр гардаг. Галын аюулгүй байдлын үндэн дүрэмд гэр хоорондын зай 5м доошгүй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл манайд байшин, монгол гэр хоорондоо 50 см ч хүрэхгүй зайтай байх жишээтэй. Монгол гэр зуны улиралд гурван минут, өвөл 5-7 минутад шатаж дуусдаг. Ийм богино хугацаанд шатдаг учраас зэргэлдээх объектоо давхар шатаах эрсдэлтэй. Тиймээс болзошгүй эрсдэлийн үед ядаж нэг объектыг аврах нь чухал. Өнгөрсөн намар Сонгинохайрхан дүүрэгт монгол гэрт гал түймэр гарч, 25 настай эмэгтэй гурван настай хүүхдийнхээ хамт амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Дуудлагаар очиход хоёр гэрийг бөөрөөр нь нийлүүлээд залгаад барьчихсан байсан. Ийм тохиолдолд гал түймэр гарвал олноороо амь эрсдэх эрсдэл маш өндөр байгаа юм. Иргэд маань ингэж битгий монгол гэрийг барьж байгаарай гэж зөвлөж байна.
-Тог, цахилгаан ч гал түймэр гарахад нөлөөлж байна уу?
-Тийм. Гал түймэр гарч буй шалтгааны тодорхой хувийг тог цахилгааны эрсдэл эзэлдэг. Цахилгааны хэт ачаалал үүссэнээс үүдэн гал гардаг. Ялангуяа гэр хороололд зонхилон гарч байгаа шалтгаан гэвэл нэг шонгийн модноос нэг л өрхийн цахилгааны хэрэглээг авах ёстой байдаг. Гэтэл манайд хоёроос дөрвөн айл зэрэг авсан тохиолдол олон байна. Ингээд тухайн шонгийн мод нь гурав, дөрвөн айлын цахилгааны хэрэглээг даахгүйгээс үүдэн галын эрсдэл гардаг юм.
-Гэр хорооллын айл өрхөөс гадна орон сууцанд хэр гал гарч байна вэ?
-Нийт дуудлагын 30 орчим хувийг орон сууцны барилгад гарсан галын дуудлага эзэлдэг. Зонхилох шалтгаан нь гэвэл манай иргэд орцондоо тамхи их татаж байна. Хуулиар бол орцонд тамхи татах хориотой. Хамгийн гол нь татсан тамхиныхаа цогийг унтраалгүйгээр хогийн бункер руу хийгээд байгаа юм. Гэтэл хогийн бункер дотор шаталтыг дэмждэг олон төрлийн материал бий. Тухайн хүн тамхиныхаа ишийг шидэхдээ гал гарна гэж бодоогүй, анзаараагүй байж болно. Угаасаа тамхины ишийг хогийн цэг рүү шидэнгүүт гал шууд гарахгүй. Тамхины иш төөнөтлөө нэг цаг орчим болно. Тиймээс л анзаарахгүй шидчихдэг байх. Ингэж л орон сууцанд гал гарах нэг нөхцөл бүрддэг.
Түүнчлэн орон сууцанд хүн олноор амьдардаг учраас угаартах эрсдэл давхар бий. Хогийн бункер дотор ундааны сав, цаас гээд утаа ялгарах олон төрлийн зүйл бий. Эдгээр нь утаа ялгаруулаад огцом гал асаахгүй ч угаартах өндөр эрсдэлтэй. Мөн иргэд блокон дээрээ тамхи татаж байна. Мөн л цогоо унтраалгүй тамхины ишээ доош нь шиддэг. Ингээд доод айлын блоконы тавцан дээр цог тогтоод, гал гарах тохиолдол өнгөрсөн жилүүдэд гарсан. Тиймээс иргэд маань Онцгой байдлын байгууллагаас явуулж байгаа урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг анхараалдаа авах хэрэгтэй. Энгийн боловч маш том эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга юм шүү. Хэрэв та блокон дээрээ тамхи татдаг бол жижиг лааз эсвэл шилэнд ус хийгээд тавьчих. Тэгээд тамхиа татаж дуусаад, ишээ устай шил рүүгээ хийхэд л маш том эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа юм. Үүнийг л манай иргэд хэвшил болгох хэрэгтэй.
-Орон сууцанд гал түймэр гарахад нөлөөлж буй өөр шалтгаан бий юу?
-Цахилгаан хэрэгслээс үүдэлтэй гал гарч байна. Манай иргэд плиткэн дээрээ цахилгаан тогоогоо залгаж орхиод, мартаад гадагшаа гарчихдаг. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цахилгаан хэрэгслээ залгаж, орхиод унтчихдаг байх жишээтэй. Ер нь манай иргэд аль болох анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Миний хувийн нэг бодол байдаг юм. Улаанбаатар хотод нэг өдөр ямар ч галын дуудлагагүй байх юм сан. Нийслэлийн хэмжээнд дуудлагагүй өдөр гэж бараг байхгүй.
Уг нь бидэнд нэг, хоёр өдөр галын дуудлагагүй өнжих боломж бий. Хамгийн гол нь иргэд бид бүгдийн хамтын зүтгэл, оролцоо нийлж байж ийм үр дүнд хүрнэ. Тийм учраас манай иргэд үүнийг дэмжих болов уу гэсэн хувийн хүлээлттэй байдаг.
-Гал түймрийн дуудлага хэдэн цагийн үед идэвхжиж эхэлдэг вэ?
-Гал түймрийн дуудлага мэдээлэл 18:00-22:00 цагийн хооронд ачааллаж эхэлдэг. Яагаад гэвэл хүмүүс ажлаа тараад ирдэг үе шүү дээ. Өөрөөр хэлбэл, цахилгааны
хэрэглээ хүн бүрийн тоогоор ачааллаж эхэлж байгаа юм. Жишээлбэл, хоёр гурван утас, халуун тогоо, зурагт зэрэг залгадаг юм уу. Тиймээс иргэд маань энэ үеэр илүү анхаарал, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд объектын гал түймрээс гадна ахуйн дуудлага их ирдэг.
Он гарснаас хойш 30 гаруй дуудлага мэдээлэл ирээд байна. Энэхүү дуудлага мэдээллийн зонхилох шалтгааныг ахуйн осол эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Дуудлагын төрлөөр нь аваад үзвэл ихэвчлэн бага насны хүүхэд угаалгын машинд гацсан тохиолдол байна. Жишээлбэл, автомат угаалыг машин дотор бага насны хүүхэд ороод, хаалга хаагаад гацчихдаг. Дуудлагын дагуу алба хаагч нар очиход хоёроос гурван настай хүүхэд угаалгын машин дотроо тоглож байгаад гацчихсан байдалтай байдаг. Мөн бага насны хүүхдийг гэрт нь цоожлоод орхихоор паарны завсар, эсвэл цонх паар хоёрын жижиг завсарт хөл, гараа хийгээд гацчихдаг ийм дуудлагууд ирдэг. Тиймээс манай эцэг эхчүүд ахуйн ослоос аль болох урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь анхааралтай, болгоомжтой, сэрэмжтэй байх юм.
А.Даваадулам
Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4 хувиар өсчээ
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний ...
7 цагийн дараа
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр дараах хилийн боомтууд түр хаана
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боом...
7 цагийн дараа
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна. Наадамд 81 орны 3200 гаруй там...
6 цагийн дараа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилго...
6 цагийн дараа
Энэ долоо хоногт ханиад томуугийн өвчлөл буурахгүй бол ирэх долоо хоногт хичээл цахимд шилжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныха...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



