Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Солонгосын “Physical Asia” шоунд оролцсон хэдээс болж улс орноороо шоконд орчихоод гарч өгөхгүй байх шиг

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 11 сарын 26

news-img

Монголын нийгэм тэр аяараа Солонгосын “Physi­cal Asia” шоугаар амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. Солонгосын нэгэн телевизийн шоу нэвтрүүлэгт орон орны хэсэг хүн очиж өрсөлдсөн. Монголын баг хоёрдугаар байранд орсон нь түүхэн амжилт мэт жигтэйхэн сүр дуулиан болж байна. Улс даяараа тэднээр бахархаж, омогшиж, огшиж, хөөрч байх шиг. Булчин шөрмөс нь ялгарсан спортынхон зохиолын дагуу үзэгчдээ цэнгэн баясгасан төдий нэвтрүүлэгт улс даяараа автаж, шоконд ортлоо сүржигнэх нь манай нийгмийн сэтгэл зүй ямар дорой байгааг бэлхнээ харуулж байна. Үнэндээ энэ бол монголчууд ямар эмзэг, аливаад амархан автдаж, туйлширдаг болсны тод дүр юм.

Тээр жил монголчууд олимпийн аваргатай боллоо гээд орон дамжин шоконд орж байсан даа. Сүхбаатарын талбай дээр сүрэглэн очиж, хөөрч, баясацгаагаад л. Төрийн гурван өндөрлөг нь тэдний өмнө согтуу хэлхэлдэн гарч ирээд нэгнээ үнсэж, уйлаад л. Төв замаар машинууд гэрлээ асаан давхилдаад л. Монголчууд хайлсан тугалга шиг сайхан ааштай, бие биедээ найр тавьж байсан нь олимпийн аваргаараа огшсон сэтгэл хөөрлийн илрэл яах аргагүй мөн байв. Тэгэхэд бид олимпийн аваргатай болсондоо туйлын их баярлаж, хамгийн оргилдоо хүртэл хөөрч байсан санагдана. Яах гэж тэгж онгирч хөөрч байсан юм бол оо гэж одоо гайхах юм. Олимпийн алттай болоод бидний амьдрал эрс сайжирсан бил үү. Долларын ханш навс бууж бид хямдхан импортын бараа авч эдэлж жаргасан бил үү. Ард түмэн алтан медальтай болоод баяжаад амьдрал нь сайжирсан бил үү. Огтхон ч үгүй, тэгж хөөрцөглөн ямар ч хэрэггүй юманд хөл алдан бурхан будда төрчихсөн юм шиг аашилсны үйлийн үр нь нөгөө олимпийн аварга маань хүн алаад л дуусах шив. Ромын дэлхийг эзэлсэн жанжид яг манай олимпийн аврага шиг хөөр хөс болон хотын иргэдийн хайр халамжид нисэх шахаж ирдэг байжээ. Тэгэхэд тэр хөөрч нисэх шахсан дайчны ард нэг сенатын гишүүн сууж чихэнд нь “Моменто мори” гэж шивнэж явдаг байсан юм гэсэн. Тэр нь “Чи хэзээд үхнэ шүү” гэсэн утгатай үг юм гэнэ. Нэг ёсондоо “битгий онгироо, хүн шиг бай. Чи бусдаас өөр биш” гэсэн утга санаа юм уу даа. Даанч бидэнд нөгөө олимпийн аваргынхаа чихэнд “моменто мори” гэж хэлэх ухаан байсангүй дээ.

Одоо бодох нь ээ, Солонгосын “Physical Asia” телевизийн шоунд оролцсон хэдэн нөхдийн дэргэд бас ч гэж даруухан юм болж байж. Ухаалаг гар утас, цахим ертөнц хөгжөөгүй байсан болохоор тэрүүхэндээ огшиж аваад маргаашнаас нь хэвийн амьдралдаа орцгоож байлаа. Тэгвэл өнөөдөр хүн бүр гар утсаараа мэдээлэл авдаг болсон нийгэмд сэтгэл хөөрөл цунами шиг л цутгаж, монголчууд олон хоног шокорцгоож байна. Тэр шокноосоо гарч чадахгүй байх шиг. Хаашаа л харна “Physical Asia”-г ярьсан, түүгээр бахархсан, нулимс нь цийлгэнэсэн монголчууд. Төрийн тэргүүн нь хүртэл огшоод, хийрхлийн давлагаанд нэгдчихэв. Ерөнхийлөгч тэр телевизийн шоунд оролцсон залуусыг хүлээн авч, тэднээр бахархаж, талархал илэрхийлсэн бичлэгээ сошиалаар цацуулаад байхаар хөөрсөн ард түмэн нь дагаж огшоод шокноосоо гарах янзгүй. Уг нь улс орны Төрийн тэргүүн хүн оноо цуглуулах гэж олон нийтийн сэтгэл хөөрлийг дагадаггүй байлтай. Төр улс төвтэй, сэтгэл зүйтэй байж, олон нийтийн хэт хөөрөл, сэтгэл зүйн савлагааг намжааж байх ёстой юмсан. Гэтэл эсрэгээрээ үүн дээр дөрөөлж, өөрөө давлагаанд нэгдээд явж байгаа нь арай л хөнгөн биш үү. Нөгөө олимпийн аваргын үед бас ч гэж бодлогоор төрийн өндөрлөгүүд гарч ирсэн гэж ярьдаг. Долдугаар сарын нэгэн болж тавын таван монгол залуу ямар ч утгагүй буудуулан нас нөгчсөн үе байв. Тэрийг л илаарьшуулах гэж тэгж их хөөр хөс үүсгэсэн гэдэг. Цаашлаад эрх баригч нам засаг нь нийгмийн огцом хөөрлийн нөлөөгөөр жолоогоо алдаж сүржин мэдэгдэл хийж орхилоо. Хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаан дээр манай талаас “Монгол иргэдийг Солонгос руу визгүй зорчуул. Хэрвээ тэгэхгүй бол Солонгосын иргэдийг бид визтэй болгоно” гэж бардам мэдэгдэл хийв. Энэ бол улс төрийн хувьд нухацтай байр суурь гэхээсээ илүүтэй, олон нийтийн сэтгэл хөөрлийг дагасан түргэн ааштай хүүхэн шиг л харагдана лээ.

Телевизийн шоунд оролцсон монгол залуус солонгосчуудын зүрх сэтгэлийг хуйлруулаад ирсэн юм байх. Ийм болохоор ирэх жил манай улс руу солонгос иргэд цутгах шиг болно гэж хийрхээд “Визээ цуцална” энэ тэр гээд бардам дуугарчих юм даа. “Дуулсан дуундаа өөрөө уярна” гэгчээр л авирлаж байх шив. Хуучны нэг кинон дээр Богд хаан Хатанбаатар Магсаржавыг “Байлдаж, тулалдахаас илүү юмгүй энэ мангар хэний ч зараалаар яваа юм бол…” гэж хэлдэг сэн. Тэрэн шиг хэн нэгний хобби, зугаа цэнгэлийг нийтээрээ огшиж, шоконд ороод байх юм юу байх вэ дээ. Хэдэн хүн шоунд оролцсон л юм байгаа биз. Энэ ямар улсынхаа нэрийг дэлхийд өргөсөн түүхэн нээлт, дээд амжилт биш. Зүгээр л гадаадын телевизийн шоунд оролцсон хүмүүсийн үзүүлбэр. Үнэхээр улс даяар ингэтлээ огшиж, хийрхэх хэмжээний зүйл мөн гэж үү. Тэд энэ шоунд орсноор утаа арилах уу, түгжрэл байхгүй болох уу. Төгрөгийн ханш дээшлэв үү. Гэнэт дулаан болж хавар болох уу. Үгүй дээ, юу ч болохгүй. “Хүний санаа, зуны ялаа” гэдэг шиг хэдэн өдрийн зугаа төдий. Манай нийгэм улам тэнэг болоод байгаагийн нэг шинж юм даа. Энэ шоуг үзэж бахархаж сүйд болоод байгаа солонгосууд нь жинхэнэдээ сөжү, кимчинээсээ илүү гарч наашаа жуулчлах дайны хүмүүс мөн үү. Тэр шоунд огшиж байгаа гэх солонгосууд нь Монгол руу онгоцоор тасралтгүй ирээд байдаг чинээлэг давхарга ч биш. Харин гадагшаа явах санхүү, боломжгүй, телевиз үзээд л сэтгэлээ зогоодог жирийн масс байж таарна. Тэдний хөөрөл Монгол Улсын эдийн засгийн ирээдүй, аялал жуулчлалын стратеги, хоёр улсын харилцаанд бодит нөлөө үзүүлэх зиндааны байх юм болов уу даа. Бодит амьдрал дээр гадагшаа явах ч чадалгүй хар масс л байгаа. Нийгэм ингэж хөөсрөх нь маш хортой. Бид бодит асуудлуудаасаа улам алсарна.

Төгрөгийн ханшийн уналт, үнийн өсөлт, өр зээл, ажилгүйдэл нүүрлэсэн Монголын нийгэмд иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа. Эмнэлгүүдийн коридор дүүрлээ. Боловсролын салбар нь уналтын ирмэг дээр тулсан байна. Нүүрсний хулгай, авлига, албан тушаалын сүлжээ гээд шийдлээ хүлээж буй түмэн асуудал байна. Гэтэл Солонгосын шоунд хэдэн залуу оролцсон явдалд улс даяараа шокорцгоож, үндэсний бахархал мэт даган хөөрч буй үзэгдэл бол монголчуудын бүдүүлэг, харанхуй байгаагийн тод илрэл юм даа. Дээрээс нь үүнийг дөгөөж байгаа нь нийгмийн бухимдлыг мартагнуулах гэсэн эрх барьж байгаа МАН-ын үнэгэн заль шүү дээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Засгийн газрын гишүүд тангараг өргөв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  (2025.11.25) нэгдсэн хуралдаан гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр 15 цаг 51  м...

img

7 цагийн дараа

Солонгосын “Physical Asia” шоунд оролцсон хэдээс болж улс орноороо шоконд орчихоод гарч өгөхгүй байх шиг

Монголын нийгэм тэр аяараа Солонгосын “Physi­cal Asia” шоугаар амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. Солонгосын нэгэн телев...

img

7 цагийн дараа

Н.Ганибал: Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлж байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа. -Өнгөрөгч баасан гарагт хуралдсан Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит ...

img

6 цагийн дараа

ЦООДОЛЫН ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулан...

img

6 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн, ялимгүй цас орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 25-26-нд шилжих шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 26-ны өд...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд