Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

ЦООДОЛЫН ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 11 сарын 26

news-img

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулантай ярилцлаа. Тэрээр хоригдож байх хугацаандаа ном бичиж, зураг зурж, уран бүтээлийн ажлаа таслаагүй гэдгээ ард түмэндээ тайлан болгон бүтээлээ хэвлүүлжээ. Хорих газар бичсэн “Эргэлт” номынх нь эргэн тойронд ярилцсанаа хүргэе.


-Таны 2016 онд бичиж, Б.Баатар найруулагчийн хамтаар тайзнаа тавьсан, их зохиолч Д.Нацагдоржийн тухай “Монгол ардын суут” жүжиг дахин тоглогдож, бас л нэг шуугиулаад авлаа. Бүтээлийн амь юунд байдаг вэ гэж яриагаа эхлэх үү?

-Үнэнд байдаг. Нацагдорж энэ орчлонд 31-хэн жил амьдраад буцахдаа үндэстнийхээ хэл соёлыг дархалж егөөд буцжээ. Энэ нэг үнэн. Д.Нацагдорж багаасаа өнчирч, цаг үетэйгээ үл таарч, шоронд хоёронтоо орж, анд нөхөд, амраг ханьгүйдэхийн зовлон шаналлаар дүүрэн явсаар нартаас хальсан. Энэ хоёр дахь үнэн. Суутнаа ганцаардуулдаг, зохион байгуулалттайгаар алж хөнөөдөг харанхуй харгис төртэй хүлцэнгүй номхон ард иргэдийн ирээдүй ямар байдгийг арван жилийн өмнө бичсэн жүжиг минь өнөөдөр ч үнэнээр нь л хэлж байгаа. Амь нь эндээ байгаа юм болов уу. “Яаж арван жилийн өмнөөс хэлж чадав аа?” гэж олон үзэгч асууж байсан нь надад жигтэйхэн сайхан санагдсан.

-Жүжигтэй бараг зэрэгцээд “Эргэлт” ном чинь гарсан байна. “Тэнд” байхдаа бичсэн ном уу?

-Тийм, эхний нэг жил толгой дотроо, үлдсэн хугацаанд нь бичиг цаас, узэг харандааны олдоцын хэрээр, бүдэг харанхуй голдуу нөхцөлд, өвдөг дээрээ тавьж байгаад ч бичиж, үе үе “дэлбээ” гэдэг гэнэтийн шалгалтаар “Зуншуулсан” (инээв) гар нооргоо базаж шүүгээд номоо хэвлүүллээ. Уншигчдын олонхын урьдчилан таамаглаж буйгаар, хэргийн тухай, улс төрийн ном биш. Харин утга зохиолын хөрөг шүүмж реценз памфлет, орчуулга, эсээ орсон, бодол бодлын торгон сэмэрхийнүүдээс энэ ном бүтсэн. Хоёр ном тэврээд гарсны нэг нь энэ.

Кихот ноён бол Дөнгөтийн Цоодолын “Тэнэг”-ийн төрсөн ах”, “Урианхай, Альбер Камю хоёр зодолдсон нь” зэрэг гарчгаас нь харахад л юуны тухай, ямар ном гэдэг нь харагдаж байна л даа. Та чинь өмнө нь шүүмж судалгаа оролддог байсан бил үү?

-Үгүй чиш. Шүүмжлэгч эрхмүүдээр оролдуулж л явсан (инээв) Би өөрөө шүлэгчэрхүү юм болохоор шүлэгчдээ шүүмжлээд яах юм, орчуулдаг болохоор орчуулдаг бусдаа гоочлоод яах юм, хүнтэй ам мурийхын нэмэр гээд хэлээ хазаад явдаг байсан, одооноос тэгэхгүй. Би одоо юунаасаа айх юм. Хүний хорвоод үзэх бүхнээ үзлээ, өлсөж, даарч, өвдөж… хангалттай, хангалттай. Гээд хүн өширхдөггүй юм байна лээ, харин ч нийгмээ яаж юм уншдаг ойлгодог, нэгнээ хайрладаг болгох вэ гэж улам шаналдаг юм билээ. Дэргэдээ, “доор” байгаа улс руу давшлах дургүй хэрнээ “дээр” байгаа “маанаг гайхал” -ууд руу ноцож явж байж юу болов чухам. Одоо утга зохиолоо л ноолж суух минь (инээв).

– Долгорын Цэнджав гуай “Хулан шинээр төрж байна. Адын өшөө хонзогнолоор биш агуу яpyy найргаар, өөрийн болон дэлхийн сонгодгуудын ухаанаар нөхөж байна. Бараг л тэр бүр уншаагүй утга зохиол, урлагийн ертөнцийн соён гэгээрүүлэхийн зам руу хөтөлж, учир уянгатай, гилбэлсэн зөөлөн урсгалт үг хэллэг урсаж байна аа. Сэтгэлгээ нь дошин дээрээсээ гараад ертөнцөөр тэнүүчилж байна…” гэж номын тань өмнөтгөлд бичжээ. Шоронгийн нөхцөлд төрж бүтээгдсэн зохиол олон байдаг уу, ер нь?

-Өө юу яринав, Вольтер Бастилийн шоронд байхдаа л гүн ухааны трактатуудаа бичиж, Достоевский шоронд л “Гэм зэм”-ээ бодож олж, Солженицын “Архипелаг гулаг”-аа төрүүлж, Варлам Шаламовын “Колыма” бичигдэж, Оскар Уайльд хүртэл орж гарсан тэр газар өчүүхэн над хүртэл өлзийгөө өгсөөн, хөөрхий минь. Манайхаас Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Р.Чойном, Ч.Чимид гээд олон л доо. Төрийн ч бай, иргэний ч бай, гэм бурууг цаг хугацаа, ирээдүйн түүх шүүг. Ямар ч байсан, хэцүү нэртэд оюун санаагаа алдчихгүй, харин ч өөрийгөө олж цуглуулж, ирээдүйд хийх олон юмныхаа эхний сум тавьснаараа тэр газрыг муу хэлэхийн арга байхгүй.

-“Эргэлт “номыг тань “Онолыг амьдрал руу хөрвүүлж, амьдралыг онолтой харгалдуулсан ч гэмээр, утга зохиолын мөн чанарыг уншигчдад шинээр, цоо шинэ арга барилаар нээж өгсөн эгэл энгүүн урлал, сан хөмрөг…” гэж үнэлжээ. Эл ном утга зохиолын хүрээнийхэнд л хүртээлтэй гэж ойлгож болох уу?

-Харин ч үгүй шүү. Утга зохиолын боловсрол хэрэггүй нэг ч хүн, нэгээхэн ч мэргэжил үгүй. Уншсан номын тоогоор биш, ухаарч уншсан номын тоогоор оюун санааны эрх чөлөөнд хүрч болдгийг би ятгах гэсэн юм. Зорилгоо хэр биелүүлснийг уншигчид өөрсдөө үнэлэг. Нийгмийн бужигнаан, улс төрийн системийн гүн хямралаас монголчууд бид яаж хурдан түргэн, цус асгаруулахгүйгээр, золиос багатайхан гэтлэн гарах вэ? Яавал Монголоо аварч, эх хэл, түүх соёлоо бусдынхад уусган алдчихгүй шиг авч явах вэ? Зохиолч, найрагч, философич нар эхлээд сэрэх ёстой, тэгж байж л хүн ард нь сэрдэг. Дюрерын зургуудаас германы сонгодог философи гараагаа авсан шиг, Чернышевский, Жуковский нараар оросын сонгодог утга зохиол зам мөрөө олсон шиг, сэтгэгч толгойнуудаасаа л үндэсний сэргэн мандал эхэлдэг. Өнөөдөр Монголд хэнийг зохиолч, найрагч гэх вэ? Өдөр тутмынхаа талхны төлөө ажиллаж, хорт утаатай тэмцэж, уурсаж бухимдаж, цахимд хилэнтэй шүлэглэж хүртэл үзэж алдсаар байгаа ядарсан олон түмнээсээ ч долоон дор сэтгэдэг “агуу” зохиолч хэр олон байна? Зохиолч, найрагч нэр хэмээсэн бид ийм баймгүй байна. Бид олон улс руу гаръя, зохиол бүтээлээрээ дамжуулан Монголынхоо уйлж дуулахыг хүн төрөлхтөнд хүргэе, ингэж чадвал шударга, соёлт дэлхийнхэнд бидний эх орны уул уурхайн баялгийг хэрхэн тонож цөлмөж, хэрхэн гадаадын хуулиуд оруулж ирж амьдралд нийцэхгүй заалт, журмаар ард олныг боомилсныг илчилье, ерөөс тусгаар тогтнол гээч юмаа алдаж асгасаар байгааг хашхиръя л гэж энэ номоороо “өдсөн” юм аа, эгч нь. Цаад утгандаа энэ. Эхний алхам бол, Монголын утга зохиолын сонгодгуудыг олон улсын сонгодгуудтай харьцуулан судалдаг анхны гарааг түүчээлэхийг ч бөндгөрийнхөө хэмжээгээр хичээсэн.

-Тэр нь харагдаж байна л даа. Гэснээс, таны олон жилийн өмнө орчуулсан Анна Ахматовагийн шүлгийн “Цэнхэр үдэш” түүвэр одоо олдохгүй ховор ном болжээ. Орчуулгаа дагнах уу, шүлгээ, жүжгээ бичих үү. Эсвэл утга зохиолын шүүмж судалгаа хийх үү гэж уншигчдынхаа өмнөөс асуумаар санагдлаа?

-Чи их зөв юм асуулаа. Би салхи шиг, өөрийгөө их үрсээн. Хэрэгтэй хэрэггүй юманд өөрийгөө үрж зарж, элэгдэж хорж явснаа хорих газарт байхдаа ойлгосон. Яахав, хүмүүс хошгируулж “Хулан л үеийнхнээсээ хамгийн боловсролтой нь” гээд байдагт сэтгэл ханачхаад, аль нэг төрөл жанраар тултал ажиллаж, сунатлаа хөдөлмөрлөөгүй. Одооноос харин, энд тэнд дэвж дэвэрч явснаас, модон ширээнийхээ ард нисэж сурах хэрэгтэйг, тогтож сууж бичиж эхлэх цаг нь болсныг дахиад л өнөөх хэцүү нэрт минь зааж өгсөн. Би өлссөн, даарсан . Гэхдээ ном бичсэнээрээ хожсон. Аав ч яг л миний наснаас арай хожуухан л бичгийн ширээндээ өөрийгөө “уяж хүлж”, олон олон бүтээлээ гаргасан. Эсвэл нас тогтоно гээч нь юм болов уу (инээв) Тэгж тогтноодохвол юу л бол юуг хиймээр бодол төрөөд байгаа. Арай онгирчхов уу би, алуулах байх даа (инээв).

-Зохиолч, найрагч хүнд орон гэрийн ая тух, ханийн халамж байж гэмээнэ ихийг хийж болдгийг Цоодол багшийн жишээгээр хэлж болно. Ингэхэд та гэр орондоо ямархуу байна?

-Эхнэр л авмаар байна, болдогсон бол…

-Юy?

– Гүй ээ яахав дээ, цайг минь аягалж, хажууд хань бараатай бол эр эм хэн ч яадаг юм л гэж байхгүй юу. (инээв) Түрүүн би хэллээ, өөрийгөө их үрсээн гэж. Нээрэн л эмэгтэй хүнд хань, үр хүүхдүүд, төр түмэн, түмпэн шанаганы ажил дуусдаггүй биз дээ? Биенийхээ өрөөсөн талыг өвдтөлөө энэ амьдралыг босоо авч явах гэж зүтгэсээн, өмнө нь. Ингэж явахад би их хохирсон байна, хийх цаг маш их алдсан байна. Хар гэрт ухаарсан зүйл бол, одоо өөрийгөө хайрла. Өөр дотор байгаа нэг олдошгүй, бусдад үгүй юмаа гамна гэж бодсон. Энэ чинь л үгүй бол чи бусад Дулмаа, Нараагаас ямар ялгаа байна? Намайг эмэгтэй хүн төдийхнөөр биш, ганцхан хувь Хулан гэж ойлгож хайрладаг нь олдоогүй өдий хүрснийг бас би энд ярилтай ч биш дээ. Өөр юм ярья даа, Гантулга аа.

-Таны шинэ номд Сервантес, Гоголь, Булгаков, Толстой, Лу Синь, Чехов гээд олон зохиолчийн дотоод урланг нээжээ. Тэгээд бүр тэднээ зуржээ, өөрөө. Өмнө нь зурдаг байсан хэрэг үү?

-2025 он гарахад би хоёр номоо үндсэндээ бичээд дуусч, тархи минь утас нь улайдсан пилетка шиг болчихсон байсан юм. Жаахан амармаар байсан. Хүүхдүүддээ шинэ жилээр зурж явуулсан мэндчилгээг хараад манайхан “Хүүш чи чинь ямар гоё зурдаг юм” гэхээр нь нээрээ ч зурж болмоор санагдаад, бичгийн цаасан дээр балын харандаагаар зураад эхэлсэн, нэг мэдсэн зургийн том дэвтэрт ч шилжээд, 100 гаруй зураг зуржээ. Дотор ч онгойгоод ирсэн. Эндээс л, номын зургаа өөрөө зурах санаа төрсөн. За нэг зүйл хэлээд бас л буруудах байх даа. Балбар, Чойном хоёроос би дээр зурдаг юм билээ шүү, айн (инээв). Тэд чинь надаас хавьгүй залуухандаа нас барсан, одоо дүү болсон болохоор тэгээд хэлчихлээ. Шүлэг, зураг, хөгжим биенээсээ алдууран дээш одох ганц арга, ямар ч хүйтэн харанхуй шоронг даван туулах гэрэл дэнлүү, хүн төрөлхтөн нүгэлт хальснаасаа сугарах боломж юм. Шүлэг бодож, зураг харж, хөгжим сонсохыг бидэнд зааж өгдөг. Сайхан инээж байгаа хүнд л гэхэд, энэ бүхэн нэг агшинд цогцлоод ирдэг нь, инээмсэглэл бол хүний дотоод гэгээ гадагшаа цацарч байгаагийнх мөн биз дээ?

-Болор цомын наадам өнөөдөр болж байна. Та хоёр удаагийн Болор цомтны хувьд, энэ наадмын тухай сэтгэгдэл ямар байна?

-Би цомдоо хайртай. Энэ бол шагнал биш, байлдааны олз гэж би хэлдэг. Үнэхээр л ямар ч арын хаалгагүй түрүүлж, тайзнаа нулимсаа арчаад зогсож байсан даа. Бас цомын даваанаас хасагдчихаад, хөшигний ард агсам тавьж явсан олон найрагчийн нэг нь би болохоор Болор цомыг муу хэлдэгт дургүй. Харин энэ наадмыг зохион байгуулалтад оруулж, хар хор найруулж, мөнгө, алдар олох хэрэгсэл болгочихсон хэд хэдэн удаагийн цом, муу шүлгүүд нь уншигчдыг үргээсэн тал бий, бий. Болор цомыг анх санаачилсан Д.Пүрэвдоржоос авахуулаад, Т.Очирхүү, 3.Дорж, Б.Доржпалам, Ч.Мягмарсүрэн гээд дээд үеийн томчуул, зулай дарж гарсан ойр холын ах нар, үеийн маань А.Эрдэнэ-Очир, Б.Мягмаржав, Х.Эрдэнэбаатар… нарыгаа хайлан дурсаж, үгүйлж болдог цор ганц дэвжээ байхгүй юу, Болор цом!

-Та ирж шүлгээ унших уу?

-Би нэг очвол баллаж тавина. (инээв) Нэлээд хэдэн шүлэг бичсэн, үүцээ задлаагүй л байгаа. Энэ удаад үзэгч байх болов уу, сэтгэл хөдлөөд байвал яаж ч магад шүү. Сайн шүлгийг бол түрүү магнай түмэн эх шиг, тосоод гүйх уяачийн сэтгэл бол надад дүүрээн. Хэний ч шүлэг түрүүлсэн яадаг юм.

 

Ярилцсан

Н.Гантулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Засгийн газрын гишүүд тангараг өргөв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  (2025.11.25) нэгдсэн хуралдаан гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр 15 цаг 51  м...

img

6 цагийн дараа

Солонгосын “Physical Asia” шоунд оролцсон хэдээс болж улс орноороо шоконд орчихоод гарч өгөхгүй байх шиг

Монголын нийгэм тэр аяараа Солонгосын “Physi­cal Asia” шоугаар амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. Солонгосын нэгэн телев...

img

6 цагийн дараа

Н.Ганибал: Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлж байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа. -Өнгөрөгч баасан гарагт хуралдсан Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит ...

img

6 цагийн дараа

ЦООДОЛЫН ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цоодолын Хулан...

img

5 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн, ялимгүй цас орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 25-26-нд шилжих шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 26-ны өд...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд