мэдээ
Ж.Золжаргал: Зэсийн том тоглогч байх боломжоо монголчууд бид өөрсдөө боомилчихсон

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 11 сарын 27

Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Ирэх онд манай улс түүхэн дээд буюу 90 сая тонн нүүрс экспортолно гээд төсөөлчихсөн байгаа. Гэвч энэ бол төсөөлөл. Ер нь бид нүүрсний тал дээрээ ямар бодлого барих ёстой вэ?
-Монгол Улсыг нэг айл гэж төсөөлбөл өрхийн орлогын 10 төгрөг тутмын ес нь нүүрс, зэсийн баяжмалаас орж ирж байна. Гэтэл гэр бүлээрээ хоолны ширээний ард цуглахаараа бүгдээрээ яаж орлого олж байгаа салбараа хумьж, хөгжих боломжоо хязгаарлах вэ гээд ярьж суудаг болчихсон байна. Уг нь өрхийн орлогоо нэмэгдүүлж, үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарч хөгжиж дэвших хэрэгтэй байдаг.
Гэтэл орлого авч ирдэг бүтээгдэхүүнээ өөрсдөө муулж, одоо нүүрс хэрэггүй болох гэж байгаа. Тиймээс хямдхан заръя гэдэг баймааргүй байна. Нүүрсний биржийн худалдааг нэмэгдүүлэх, Монгол нутаг дээрх тээврийг монголчууд хийх, үнэ тогтоох үндэсний индекстэй байх зэрэг асуудлууд дээр өөрийн бодолтой баймаар байна. Яг нэг жилийн өмнө буюу Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын “Чайна энержи” компанитай гэрээ байгуулахыг миний бие УИХ-ын чуулганы хуралдаан дээр шаардсаны үр дүнд “Сайн нүүрсийг сорчилж болохгүй шүү” гэдэг санал маань УИХ-аас гарсан тогтоолд тусссан. Байгаа нүүрсээ үнэ хүргэж зараад, цахилгаан станцаа бариад, нүүрснээс шатахуун, хийн түлшээ үйлдвэрлэмээр байна. Энэ бол үлгэр биш. БНХАУ жилд нэг тэрбум тонн нүүрсийг дулааны болон эрчим хүчний бус зорилгоор ашиглаж байна. Үүний тал нь цемент шохой, тал нь нүүрс-хими буюу шатахуун, хийн түлш, химийн бодис, бордоо, нийлэг материал үйлдвэрлэхэд ашиглагддаг. Нүүрс-химийн үйлдвэрийн хөрөнгө оруулалт их байдаг хэдий ч түүхий эд нь хямд учраас нэгэнт баригдсаны дараа гарах бүтээгдэхүүний өртөг бага байж чаддаг. Мэдээж өрсөлдөх чадвартай байхын тулд татварын хөнгөлөлт бас хэрэгтэй. Тиймээс хувь, хувьсгал гэлтгүй Нүүрс-химийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж чадах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. УИХ дээр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо гэж байх үед бид тогтоол гаргаж Нүүрсний цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлийг салбар яаманд өгсөн. Энэ ажил одоо төлөвлөгдөөд, хийгдээд явах ёстой.
-Манай улсын бас нэг чухал бүтээгдэхүүн бол зэс байдаг. Олон улсад үнэ нь тогтмол нэмэгдээд байгаа ч бид энэ боломжоо тийм сайн ашиглаж чадахгүй л байх шиг байна. Тэгвэл зэсийн асуудал өнөөдөр ямар байдалтай байгаа вэ?
-Монгол Улс зэсийн том тоглогч байх хувьтай. Одоо бид зэс агуулсан чулуулгаа олборлоод, агуулгыг нь нэмэгдүүлж баяжмал болгоод зарж байгаа. Харин цаашид баяжмалаа хайлуулж цэвэр зэс үйлдвэрлэх, зарим ордоос дагаж гарах алт, мөнгийг ялгах, дараагийн шатны металл хийцүүд болон эцсийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд хөгжих боломжууд байна.
Хачирхалтай нь, бид энэ боломжоо боомилсон хуультай болчихсон.
Өнгөрсөн 2024 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа, хэн нэг хүн хайгуул хийж нөөц тогтоогоод түүнийгээ ашиглах компани байгуулбал компанийнхаа 34 хувиас илүүг өөрөө эзэмшихийг хориглосон заалт нэмчихсэн. Тухайн ордын баялгийн 34 хувь биш, ажил хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх компанийн 34 хувийг шүү дээ. Орд газар буюу газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Нэмээд дээрээс нь нөөцийн төлбөрийг дэлхийд байхгүй 20 хувиар тогтоосноор орлогоо нэмж болох, хөгжих хамгийн боломжтой салбараа бид өөрсдөө царцаачихсан байна.
-Та үүнийгээ жаахан тодруулж өгөхгүй юу. Ер нь энэ бүхэн хөрөнгө оруулагчдад нөлөөлөх үү?
-Нөлөөлнө шүү дээ. Жишээлбэл, хэн нэгэн их хэмжээний мөнгө гаргаад хэдэн жил хайгуул явуулж, метр тутмаас дээж авч, эрдсийн хүдрийн тархалтыг тодорхойлж, гадаад дотоодод олон мянган шинжилгээ хийж, эдийн засгийн ашигтай хэсгийг нь ялгаж хүдрийн биет үүсгээд, нөөцийг нь тодорхойлоод, тэрийгээ батлуулсан гэж бодъё. Гэтэл Монгол Улсын хуулиар тэр нөөцийг нь “стратегийн ач холбогдолтой” гэж тодорхойлж ч магадгүй, тодорхойлохгүй ч байж магадгүй. Хуулийн заалт нь өөрөө яаж ч магадгүй юм шиг нэг тийм заалт. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэсэн байдаг. Юуг ч “нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой” гэж үзэж болно. Ингэхээр, таны тогтоосон нөөцийг улстөрчид өөрсдийнхөө үзэмжээр “стратегийн орд” гэж тооцоод оролцоог чинь 34 хувиар хязгаарлах боломжтой гэж уншигдаж байна. Дахиад “Засгийн газартай хэлэлцээрт орвол 34 хувийн хязгаарлалт үйлчлэхгүй” гэсэн бас нэг заалт бий. Өөрөөр хэлбэл, компанийнхаа хэдэн хувийг эзэмшихээ улстөрчидтэй наймаалцана гэсэн үг. Шударга хэлэлцээр байж болно, гэхдээ хулгай, авлига ч бас байх боломжтой. Хуулийн заалт нь өөрөө төрийн өмчийн оролцоо заавал байна, эсвэл Засгийн газарт нөлөөлж байж ажилла гэсэн агуулгатай. Бизнес хийх гэхээр заавал улстөрчидтэй зөвшилц гээд байхаар эрүүл, чөлөөт бизнесүүд биднээс, Монголоос дайжиж байна. Нэмээд зэсийн нөөцийн төлбөрийн хэмжээг 20 хувь гэж хэт өндөр тавьснаар Монгол руу ирэх хөрөнгө оруулалтыг бодит байдал дээр хориглосон байна. Нөөцийн төлбөрийн хэмжээ олон улсад янз бүр, БНХАУ-д жишээ нь 3-10 хувь байдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэр яг одоо 21.6 хувийн АМНАТ төлж байна. АМНАТ-ын энэ хэмжээг улсын үйлдвэр гээд хүчээр тулгачихсан. Гэтэл Оюу толгой тогтворжуулалтын гэрээтэй учраас таван хувь төлдөг. Яагаад заавал ингэж улстөрчидтэй тохиролцож байж татварын түвшин ялгавартай тогтож, заваарч байх ёстой юм. Яагаад ойлгомжтой, ил тод тогтоож болдоггүй юм бэ. Цагаан суварга, Хармагтай гээд бусад төслүүд нь бүгд гайхаад хараад зогсчихсон.
Эрүүл ухаантай бизнес эрхлэгч өөр улсад нөөцийн төлбөр 5-10 хувь байхад Монголд ирж 20 хувь төлөөд заавал улстөрчидтэй нь наймаалцаж байж ажиллана гэж байх уу, мэдээж үгүй. Илэрхий ийм гажгийг яагаад залруулахгүй байна вэ гэдэг асуулт гайхшируулж байна.
-Ашигт малтмалын нөөцийн төлбөрийг яагаад ийм зөрүүтэй тогтоогоод байгаа юм бэ?
-Харин яагаад гэдгийг ойлгохгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд зэсийн үнэ 4999 ам.доллар байхад нөөцийн төлбөр тав, 5000 ам.доллар болмогц 16 хувь болчихдог. Харин өнөөгийн үнийн түвшинд энэ төлбөр 20 хувь байна. Баяжмалыг хайлуулж цэвэр зэс гарган авахад саад болдог хортой элементүүд гэж байдаг. Энэ элемент баяжмал дотор байвал торгууль төлдөг юм. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн хувьд торгууль төлдөг хэрэггүй элементүүдээс нь хүртэл АМНАТ бодож авдаг. Ингээд эцэстээ нийлбэр дүн нь 21.6 хувь болж байгаа юм. Эрдэнэтийг дээрэмдэж байгаагаа улсын үйлдвэр яах вэ, тэгээд ч төсөвт хэрэгтэй гэж боддог байж магадгүй. Гэхдээ энэ дээрэм нь шинээр хэрэгжих төслүүдийг гацааж, Монголыг дэлхийн бизнесээс тусгаарлаж, орхигдсон зэлүүд нутаг болгон хувиргаж, аж үйлдвэр хөгжих боломжийг хааж байгааг яагаад олж хардаггүйг гайхаад байгаа юм.
-Энэ бүхнийг тэгээд засаж, залруулах ажил УИХ, Засгийн газар дээр хийгдэж байна уу?
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудал олон жил яригдаж байна. Энэ удаагийн УИХ-аас ч Ажлын хэсэг гарсан. Би хүсэлт тавьж орсон. Их олон талын сонирхол ороод нөгөө шинэчилсэн найруулга нь төөрөлдөөд цаг алдаад байх шиг байгаа юм. Иймд би хэдэн гол заалт дээр нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нэмэлт өөрчлөлт дээр ажиллаж байгаа юм билээ. Тэдний саналыг агуулгаар нь дэмжинэ. Удаад байвал гишүүдийн хамтаар шахна. Явж өгөхгүй бол нэмэлт, өөрчлөлтийн төслийг нь санаачилна. Яадаг ч байсан дэлхийн түвшинд орон зайгаа эзлэх, аж үйлдвэрээ хөгжүүлэх хамгийн том боломжийг олгож байгаа зэсийн үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт татах ёстой. Яаж татах вэ гэдэг нь жинхэнэ үндэсний стратеги байх ёстой. Стратеги ярих нэрээр боломжийг, хөрөнгө оруулалтыг түлхээд байх нь харин Монголын эдийн засгийг хорлож буй хэрэг.
-Та саяхан УИХ-ын зарим гишүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн байсан. Газар дээр нь очиж үзээд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Эрдэнэт хот, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр бол Монголын уул уурхайн маш сайн жишиг. Уул уурхай бол түр зуурын зүйл, ашигт малтмал бол олборлоод дуусчих тул түүнийг дагуулж суурьшлын бүс байгуулах хэрэггүй. Гэр кемп байхад болно гэдэгтэй би тэр бүр санал нийлдэггүй. Жижиг хэмжээний орд дээр бол тийм байж болно.
Харин том орд дээр, тэгээд бүр орд газар гэхээс илүү дэд бүтцийн зангилаа болсон газар бол хот тосгоноо төлөвлөж урт хугацаанд хөгжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хийгдсэн геологи хайгуулын ажлын үр дүнд Эрдэнэтийг дахиад 50 жилээр ашиглах нөөц нэмэгдсэн. Шинээр хайгуул хийж болох илэрц бүхий талбайнууд ч бий. Ингээд 50 жилийн дараа далд уурхай руу орно. Ингэхээр Эрдэнэт бол зуун дамнасан том бүтээн байгуулалт. Зуун жилийн дараа зэс ямар хэрэглээтэй байхыг бид мэдэхгүй. Тиймээс зэсээ олборлоод дуусчих гээд байгаа юм шиг асуудалд хандах хэрэггүй. Харин зэс хайлуулах үйлдвэр, гүйцэт боловсруулах салбартаа илүү анхаарч, ашигтай энэ цаг үед хөрөнгө оруулж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, нэмүү ашиг бүтээх нь заавал хийх ёстой алхам мөн. Ингэхийн тулд цөөн хэдэн даргын “мэргэн” заавраар хэсэг эрдэмтэн, мэргэжилтэн сайн төлөвлөлт хийх нь хангалттай биш. Харин юун түрүүнд хөрөнгөө оруулсан бол ашиг олж болдог, эрсдэл багатай улс төрийн болоод татварын орчинтой байлгахад бид анхаарах хэрэгтэй юм. Энэ үүднээс Ашигт малтмалын тухай хууль дахь Монголын эдийн засгийн эсрэг түгжээнүүдийг мултлах, тухайлбал эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортолсон бол татвараас чөлөөлдөг байх зэрэг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна. Ингэж байж монголчууд бид дэлхийн хамгийн том зах зээлийн хажууд байгаа давуу талаа ашиглаж аж үйлдвэржиж, бас хангалуун амьдарч чадна.
Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байдлаар тохижуулна
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засва...
8 цагийн дараа
2025 оны “Өвлийн элсэлтийн шалгалт”-ын суудлын хуваарь гарчээ
2025 оны “Өвлийн элсэлтийн шалгалт”-ын суудлын хуваарь гарчээ. Шалгуулагчид eyesh.eec.mn сайтын “Шалгуулагчийн бул...
8 цагийн дараа
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ё...
7 цагийн дараа
Хонконгт орон сууцны хороололд түймэр гарчээ
Хонконгийн Тай По дүүрэгт орон сууцны хороололд гарсан томоохон түймрийн улмаас 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй болоод байна. Га...
7 цагийн дараа
ҮСХ: Орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


