мэдээ
Төр нь нийгмээ зориуд энэ зам руу сошиалаар хүзүүдэж чирсэн

Админ
2025 оны 12 сарын 01

Монголд ажил хийдэг хүн гэж бараг байхгүй бүгд завтай, бүгд хий эргэж байна гэхэд нэг их хилсдүүлсэн болчихооргүй болжээ.
Үүний нэг л баталгаа нь гэхэд манайхан бүх нийтээрээ сошиалд байж байдаг болсон. Гурван саяулаа сошиалд хэрэлдээд л байж байна. Сошиал дотор л тулаан болж байна. Нэг харахад, Ардчилсан нам нь ялаад алаад өгч ч байх шиг, дахиад нэг харахад Ардын нам нь ч ялагдаж байх шиг. Нүүрсний бүх хулгай нь илэрч, тендерийн бүх луйврууд нь илчлэгдэж, бүр өөрсдөө шатахуунаа ч хийчихээд ч байх шиг… Тог цахилгааны хамаарлаас ч гараад, утаа түгжрэлээсээ салаад, Улаанбаатар маань жаргалын хот ч болчихсон юм шиг болж хувирна. Үгүй бол Монгол Улс сүйрээд, газар нутгийг маань Орос, Хятад хоёр хуваагаад авчихсан ч байх шиг. Хязгааргүй хоёр туйл руу хамгийн галзуу солиотой зохиолоор шидээд л байна. Түвшин гэж бол байхгүй. Бодит ертөнц дээр нь дээрх бүх юм зүй ёсоороо биш. Зөвхөн дэлгэцэн дээр, утасныхаа араас л алалдаад байна. Бодит ертөнцийнх нь борог амьдрал зуд турхантай, хоосон ядуу, хоцрогдож туйлдсан, юу ч уншихгүй, юу ч мэдэхгүй, бүдүүлэг бохир, адал балмадаар дүүрчихсэн. Бие биенээ дайсан мэт хялайн харсан, ажил хийж мэддэггүй, ерөөсөө ажиллаж сураагүй хүмүүсээр чихэлдчихсэн. Ажил хийж байгаа, өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн, эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн цөөн хэсгээ үзэн яддаг болцгоочихсон. Энэ бүхэн ажил хийхгүй 24 цаг сошиалд уяатай байдгаас нь болж байна. Ингээд амаа ангалзуулж, дэлгэцний цаанаас дуртайгаараа галзуурцгааж суудаг ард иргэдтэй улс орон болж хувирлаа. Халамжийн бодлого амьдралынх нь хэв маягийг ингэтэл угжсан. Монголчуудаас бусад улс орны иргэд амжилт бүтээл, шинэ шинэ нээлтүүд, мөнгө олох арга замаар л өрсөлдөж байна.
Нийгмээ ийм байлгах нь улс төрдөө ашигтай байна уу даа гэж сүүлийн үед хар төрөх болсон нь нууц биш. УИХ, Засгийн газрын гишүүд нь бие биедээ танхимдаа хэлчих үгээ сошиалаар хэлдэг болсон. Сошиалд троллуудыг блок блокоор нь бэлтгэж төлөвшүүлсэн. Тэд нь зорилтот хэсгээ салам нүдэх үүрэгтэй. Яагаад, юунаас болж байгаагаа ч ухахгүй хар хүчийг өөрсдөө бэлтгэсэн.
Төр нь мэргэжлийн сонин хэвлэлээс зориуд холдуулсан. Учир нь өөрсдөд нь сошиалаар нийгмээ төөрөгдүүлж, маанагтуулж байх нь ашигтай. Залуучууд юм уншихаа больсон, бүх амьдрал ерөөсөө дэлгэц рүү орчихсон шүү гэж сурталдана. Гэтэл манайд ном хэвлэлийн салбар урьд өмнө байгаагүйгээрээ хөгжиж байгаа. Олон арван залуучууд бичиж туурвиж, хувийн театрууд цэцэглэж, үзэгчдээр бялхаж байдаг болсон. Хошин шогийн урлагаар нэг хорины турш тархидсан бол одоо үзэгчгүй болсон. Бөхийн өргөө рүү бөхөө л үзэх гэж үндэсний бөхийн үзэгчид очдог болж байгаа. Хуучин хошин шогийнхон л энэ байшинг эзэлдэг байсан. Жаахан ч гэсэн нааштай өөрчлөлт юм даа.
Төрийнхөн айлчлалдаа жиргээчдээс дагуулж явж ч байх шиг. Инфлүүнсер нэртэй нөхдүүдтэй ч ажиллаж байх шиг. Өөрсдөө зориуд сүүлийн арван жил Монголыг энэ зам руу хүзүүдэн чирсэн. Одоо яая гэхэв.
Манай ухаалаг төр эдийн засгийн хямрал тулахаар мөнгө хэвлэх ганц смарт аргаа хэрэглэдэг.
Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр инфляцийн түвшин 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд 9 хувь гарсны 2.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.9 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан,түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Татварын нийт орлого 2025 оны эхний есдүгээр сард 19.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 609 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.3 их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Харин нийгмийн даатгалын орлого 645.1 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 120.1 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 77.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 76.8 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
Инфляци нь зөвхөн төрийн мөнгөний бодлогоос хамаардаг. Тэгэхээр төв банкуудын үндсэн үүрэг бол инфляцийг зорилтот бага түвшинд барих л байдаг. Статистик мэдээгээр эдийн засгийн өсөлт жил бүр дунджаар 5-7 хувь өсөлттэй байсан бол нөгөө талдаа мөнгөний тоо хэмжээ жилд дунджаар 15-20 хувь өсөж байв. Төрийн зээл, халамжаар зах зээл рүү оруулсан мөнгө нь эдийн засгийн зүй ёсны урсгалаа боомилчихсон. Маш товчхоноор хэлэхэд, хэт их мөнгөний нийлүүлэлтээр улс орноо хэвтүүлчихсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд төрийн мөнгөний нийлүүлэлт 45 их наяд төгрөг болж хоёр дахин нэмэгдэх явцад зөвхөн мөнгө хүүлэгч санхүүгийн салбарын (банкууд, ББСБ) нийт цэвэр ашиг нь 470 тэрбумаас 2.5 их наяд буюу 5 дахин өссөн гэж эдийн засагчид ярьж байна.
Эрх баригч намынхан Шинэ хоршоо, Шинэ эргэлтийн бодлого гэх мэт есөн жорын төслүүдийг сурталдан түүн рүүгээ асар их хөнгөлөлттэй зээл олгож, банкуудын зээлийг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлсэн. Ийм бодлоготой төрд бүх овжин банкууд, ББСБ-ууд, ипотек орон сууцны бодлогоор Монголын залуусыг мохоож, мөрөөдлийг нь баллаж байгаа барилгын компаниуд, тендер, концессоор хөрөнгө оруулалт хүртдэг хэсгийнхэн хачиг шиг наалддаг. Тэд бол ашгийн төлөө хүйтэн бодлого явуулж амьдардаг хэсгийнхэн. Хувийн хэвшлийнхнийг буруутгах аргагүй. Төр нь өөрөө нэг хэсэгтэй нь хамсан өвөртөө наалдуулж явангаа хамтдаа хөлжих ор хөнжлийн бодлого тавьж өгч байхад юу гэж татгалзах юм. Тийм болохоор шууд утгаар хэлэхэд, инфляциар хөлжигчид бол энэ бүхний ард байдаг улстөрчид. МАН-ын толгойд байгаа хориод нөхөр гэхэд буруудахгүй дээ. Энэ талаар хамгийн тууштай байр суурь илэрхийлж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ж.Золжаргал. Тэр бол намдаа томдчихсон гишүүн. Эрх баригчдын хийсэн энэ урвуу бодлогыг яг түүн шиг ярих гишүүн одоогоор алга байна. Мэдээж парламент юм болохоор улс төржих юман дээрээ жав жов хэмжээний авгай хүүхэн пиг л харагдана. Эрчүүд нь яаж хүнээ энд тэнд түр байршуулах вэ, яаж гялс манас хулгай хийх вэ гээд жирэлзтэл гүйлдэж байгаа. Юун ард түмэн, юун Монгол орон манатай.
Зүй нь бол заяа ихтэйгээ гайхдаг Монголыг ядуурлаас нь гаргая гэвэл инфляциар тоглож өөрсдөдөө ашиг хийхээ зогсоох ёстой. Инфляцийг бууруулъя гэвэл өргөн хэрэглээний барааны үнээ буулгадаггүй юм гэхэд барих, цөөхөн, дөнгөж өндийх гэж ядаж байгаа, өр зээлэнд баригдаж үйлээ үзэж байгаа үйлдвэрлэгчид рүүгээ дайрч ноцохоо больцгоо. Дэмжиж гийгүүлдэггүй юм гэхэд ядаж зах зээл рүү цутгадаг мөнгөний нийлүүлэлтээ л зогсоо. Тэр чинь л Монголыг өнөөгийн зовлонт байдлаас завсарлага авахуулна. Хөнгөлөлттэй зээл гэх халхавчин дор хагартлаа баяжиж байгаа төрийн садан банкуудынхаа зээлийн тэлэлтийг зогсоо. Төрийн өмчийн компаниудын өр зээлийг зогсоож хувьчил. Хөөрхий бусад хувийн хэвшлийнхний дийлэнх хэсэг татвараа яс төлөн, буулган дороо чардайн зүтгэж байгаа шүү дээ.
Сүүлдээ улсаараа сошиалдаа баялгаа балаг болтол хараацгааж суудаг улс болон хувирлаа. Аргаа бараад л тэр байх. Улс орондоо болж буй бүх үйл явдлыг хараад байхад сүүлдээ бүх менежментийг атгаж байгаа Төрөөс л баялгийн бодлогоо салгах чухал болоод байна.
Сошиалыг Төр залж байна. Сүүлийн үед нөгөө их хулгай дээрэм, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг биш, айл гэрийн хэрүүл, авгай нөхрийн бөгсний асуудлуудыг сошиалаар халиаж, өдөрт нэг хүчирхийлэгч эрийг сошиалд цовдлох үзүүлбэр тавигддаг боллоо шүү дээ. Арай ч дээ.
Бүгдээрээ ухаалаг байя, нуруутай байцгаая. Хөнгөн савсаг байхаа больцгооё
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ
“Эрдэнэс тавантолгой” ХК арваннэгдүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулав
2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн ...
8 цагийн дараа
100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал т...
7 цагийн дараа
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг ш...
7 цагийн дараа
Гүйцэтгэх засаглал Хууль тогтоох засаглалаа ялахын цагт
Саяхан манай улсад ерөнхийлөгчийн шууд удирдлагаар Хууль тогтоох засаглалын дээр Гүйцэтгэх засаглал гарч суусан. Тэгвэл энэ явдал АН...
6 цагийн дараа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн д...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


