Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

С.Баатарсүрэн: Хөгжлийн банк дампуурах эрсдэлтэй байна, гэхдээ бид үүнийг давна

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 12 сарын 04

news-img

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэнтэй ярилцлаа.


-Та Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байна. Ер нь банкны нөхцөл байдал ямар байна вэ. Хөгжлийн банк дампуурлын ирмэгт хүрч байсан цаг үе ердөө хэдхэн жилийн өмнө шүү дээ. Одоо банкны үйл ажиллагаа, нөхцөл байдал ямар байна вэ. Ямар асуудалтай, нөгөө талаар ямар ололт, дэвшилтэй банк хүлээж авсан бэ?

-Ажил хүлээж аваад хагас сар орчим болж байна. Банкны чанаргүй зээлийн асуудал нийтэд ил болсон нь 2021 он л доо. Үүнээс өмнө нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн багц, Эрсдэлийн сангийн зардал зэрэг нь тулгамдсан асуудал болчихоод байсан. Ийм асуудлаар Монголбанк зохицуулагч байгууллагын хувиар арилжааны банкууд мөрдөж ажиллах зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоодог. Энэ дагуу Хөгжлийн банкны онцлог үйл ажиллагааны цар хүрээтэй нийцүүлэн зохистой харьцааны хязгаарлалтуудыг тусад нь тогтоосон. Ерөнхийдөө дээрх чанаргүй зээлүүдийг төлүүлэхээс үүдээд зээл олгох үйл ажиллагаа хумигдсан. Ингэснээр Хөгжлийн банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийн өгөөж, цэвэр хүүгийн маржин зэрэг үзүүлэлтүүд хасах утгатай, хүүний жигнэсэн дундаж хугацааны эрсдэл үүссэн. Тиймээс Монголбанкнаас тогтоосон энэхүү харьцаа үзүүлэлтүүдийн шаардлагыг Хөгжлийн банк хангаж ажиллах ямар ч боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой Засгийн газраас зарим тогтоол, шийдвэрүүд гаргасан хэдий ч хэрэгжээгүй нөхцөл байдалтай байна.

-Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал хүндэрсэн гэсэн үг үү. Таны өмнөх захирал З.Нарантуяа “Энэ банк санхүүгийн чадварын хувьд нэлээд хүндрэлд орчихсон байсан. Бүх үзүүлэлтийнх ихэнх нь хасах тал руугаа орчихсон. Нэг жил ажилласны дүнд өнөөдөр энэ банкийг 1.4 их наяд төгрөгтэй болгоод, төлбөрийн чадварын хүндрэлээс гаргаж өгсөн” гэж ярьсан байсан?

-Тийм ээ, хүнд байна. Эх үүсвэр татах нэг хэрэг. Эргэн төлөх баталгаагаа гарган мөнгө оруулж ирэх нь чухал хэдий ч татсан эх үүсвэрийнхээ хугацаатай уялдсан орлого олдог активтай байх шаардлагатай. Цаашлаад Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүд нь улс орны хөгжилд бодит хувь нэмрээ оруулж “Хөгжил хаана байна, Хөгжлийн банк тэнд байна” гээд явж байх ёстой. Гэтэл улс орон хөгжсөн юмгүй, банк нь өөрөө сэхээнд орсон нь зөвтгөх боломжгүй эндэгдэл юм. Банкны чанаргүй зээлийн асуудлаас улбаалан Эрсдэлийн сангийн зардал өндөрссөн. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болжээ. Энэ их хэмжээний алдагдал нь банкны эрсдэл даах чадамжийг илэрхийлэх Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шаардлагыг зөрчсөн гэж үзэхэд ч хэтэрхий зөөлдөхөөр байна. Өөрөөр хэлбэл, банкны хуримтлагдсан алдагдал Засгийн газраас дүрмийн санд оруулсан хөрөнгийг “идэж” дуусч байгаа, мөн банкны орлого олдог актив хөрөнгө царцмал байгаагаас улбаалан энэхүү хуримтлагдсан алдагдлын хэмжээ өдрөөс өдөрт өсөж байна.

-Хэцүү сонсогдож байна шүү?

-Харамсалтай нь бодит байдал ийм байна. Уг үзүүлэлт 2026 он гарахад хасах болох төсөөлөлтэй байгаа нь банкуудад тавьдаг шаардлагаар дампуурах эрсдэлд хүрснийг илтгэж байна. Гэхдээ бид ажиллана. Эрсдэлийг давна. Ер нь бол Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаатай болоход голлох хоёр үзүүлэлт чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, хөрвөх чадвар буюу бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө буцаан төлөх чадвартай байх ёстой. Энэ нь Хөгжлийн банк мөнгөн хөрөнгөтэй байх тухай асуудал юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгийн хүрэлцээ буюу банкинд алдагдал, эрсдэл үүсэхэд түүнийг хувь нийлүүлэгчдээс оруулсан хөрөнгөөр хаах чадвартай байх шаардлагатай. Энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь, эсхүл хоёулаа хүндэрсэн нөхцөлд банк татан буугдах урьдач нөхцөл бүрдчихэж байгаа юм. Нөгөө талаас, одоо байгаа нийт зээлийн багцын 57 орчим хувь буюу 1.3 их наяд төгрөгийн зээл чанаргүй ангилалд орж, хүүгийн орлого олдог актив нь хүүгийн зардал төлдөг пассиваасаа бага буюу хүүгийн жигнэсэн дундаж хугацааны эрсдэл үүсээд, активын бүтэц алдагдсан байна. Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банк өнөөдөр гадаад талд хүлээсэн өр төлбөрөө төлж байгаа ч түүнийгээ давах хэмжээний орлого олохгүй байна.

-Чанаргүй зээлийн нөхцөл байдлаас улбаалан банкны орлого олох механизмыг ажиллуулаагүй, хаачихаж гэж таны хэлснээс ойлголоо?

-Үндсэндээ тийм л дээ.

-Тэгэхээр Хөгжлийн банкийг байгаа оносон хөгжлийн төслүүд санхүүжүүлдэг болгох ямар концепц танд байна вэ. Нэгэнт ачааг нь үүрсэн хүн учраас ямар замаар явж зорьсондоо хүрэхээ тодорхойлсон байж таарна?

-Их хэмжээний алдагдлаас улбаалаад Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ туйлын хангалтгүй болсон байна. Тийм болохоор бид эхлээд банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг хэрхэн хийх вэ гэдэг дээр даруйхан ажиллах шаардлагатай байна. Үүний дараа Хөгжлийн банк ер нь цаашдаа юу хийх вэ гэдгээ нухацтай тодорхойлох, түүнийхээ төлөө ажиллах нь зүйтэй байна. Тухайлбал, хувь эзэмшигчдийн бүрэлдэхүүнд олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагуудыг оруулах замаар Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашигтай эргэн төлөгдөх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэх мэт хувилбаруудыг судалж байна. Энэ талаарх санал, санаачилгаа гаргаж хувьцаа эзэмшигч буюу Засгийн газарт хандана. Үүнийг Засгийн газар дэмжиж шийдвэр гаргавал цаг алдалгүй хэрэгжүүлнэ.

-Ер нь Хөгжлийн банк маань арилжааны банкуудыг бодвол илүү боломж эдэлдэг атлаа яагаад ашиггүй ажиллаад байдаг юм бол оо. Ер нь л байгуулагдсан цагаасаа буруу яваад байгаа гэж олон нийт ойлгодог. Таныхаар энэ юутай холбоотой байна вэ?

-Банкийг банк утгаар нь ажиллуулахын тулд дээд түвшинд нь зөв тогтолцоотой болгож, мэргэжлийн ур чадвартай баг хамт олныг бүрдүүлж байж тогтвортой засаглал бий болно. Мэдээж дээрээс нь сэтгэл зүтгэлтэй ажиллах учиртай. Ингэж байж улс төрийн байнгын нөлөө үгүй болно. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчны шинэчлэл, засаглалыг сайжруулах багагүй ажил хийх шаардлагатай гэж харагдаж байна.

-Банкны зээлийн эргэн төлөлт, шүүх хурлууд, өр барагдуулах гээд процессууд үргэлжилж байгаа гэж ойлгосон. Өр барагдуулах ажлын хэсэг ч гэж байгуулсан. Үйл ажиллагаа, ажлын явц нь ямар байна вэ. Ажлын хэсэгтэйгээ ойлголцож ажиллах нь чухал байна. Тийм үү?

-Үргэлжилж байна. Чанаргүй зээлүүдийн асуудлыг нийтэд ил зарласнаас хойш буюу улс орноороо Хөгжлийн банкны зээлийг шүүсэн. Тэр хугацаанаас хойш дахин нийтийн анхаарлыг тэр бүр татахгүй байгаа ч энэ ажил үргэлжилж байгаа. Гэвч нөгөө талаас дээр хэлсэнчлэн Хөгжлийн банк хангалттай хэмжээний орлого олдоггүй буюу царцанги байдалтай болсон. Дээрээс нь, хамгийн хүнд гэж хэлж болохоор чанаргүй зээлүүд төлөгдөлгүй үлдчихсэн байна. Эдгээр чанаргүй зээл болон уг зээлүүдэд байгуулсан Эрсдэлийн сангийн асуудал одоо Хөгжлийн банкны үйл ажиллагаанд саад тушаа болж байна.

-Хөгжлийн банкны талаар хөндлөнгийн шинжээчид “Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх нь чухал” гэж байсан?

-Том төслүүдийг л санхүүжүүлэх гэж нэлээдгүй яригддаг. Төслийн санхүүжилт гэж урт хугацаатай, ирээдүйд бий болох, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг хэлдэг. Томоохон төслүүд нь өөрөө урт хугацаанд хэрэгждэг, хэрэгжих хугацаандаа улс төрийн, ард иргэдийн, макро эдийн засгийн, инфляцийн гэх зэрэг маш олон нөлөөллөөс болж хугацаанаасаа хойшлох, төсөвт өртөг нэмэгдэх зэрэг эрсдэлтэй нүүр тулдаг. Энэ эрсдэлийг банк болон төслийн спонсорууд хүлээнэ. Ийм учраас улс орны эдийн засгийн төлөв байдалтай уялдсан эрсдэлийг тараан байршуулсан олон янзын санхүүжилтийн схемийг банк ашиглах шаардлагатай байна. Дээр дурдсанчлан цаашдаа ер нь Хөгжлийн банкийг ямар чиглэлд хөгжүүлэх нь зохистой вэ гэдгийг нухацтай авч үзэх цаг болсон байна.

-Хөгжлийн банк ер нь банк мөн үү. “Энэ бол банк биш” гэж үздэг нэг хэсэг эдийн засагчид, банкирууд байдаг. Улстөрчдийн дохио зангаагаар хөдөлдөг, хэтэвч нь болсон гэж олон нийтийн хардагтай адилхан дүгнэгдээд байх шиг?

-Аль ч улс орны Хөгжлийн банк хөгжлийнх нь түүчээ байж, төр засгийнхаа хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан бодлого явуулах зорилготой байгуулагддаг. Энгийнээр тайлбарлах юм бол улс орныхоо нэрийн өмнөөс арилжааны банкуудын чадахгүй тэр орон зайд хүрч ажиллах ёстой юм. Бусад улс орны Хөгжлийн банк дээрх үүрэг зорилгыг хэрэгжүүлээд болоод байдаг. Жишээ нь, Хятадын Хөгжлийн банкийг дурдаж болно. Тэнд Засгийн газрынхаа илүү гарсан нөөц хөрөнгийг улс орны хөгжилд оновчтой зөв зарцуулах бодлого хэрэгжүүлж маш амжилттай ажиллаж, хот тосгон босгож байна. Харин манайд түүчээ манатай, эсрэгээрээ чөдөр тушаа, саад тотгор нь гэлтэй л болгочхоод байгаа юм. Хөгжлийн банкны маань үндсэн үүрэг алдагдаж өр барагдуулах алба шиг ажиллаж байна. Бас банкны үндсэн зорилго болох ашигтай ажиллах зарчим нэгмөр алдагдсан. Нөгөө талаараа Хөгжлийн банкны маань ажилтнуудад “Энэ өр авлага барагдуулахтай холбоотой асуудлуудаар буруу шийдвэр гаргах вий” гэсэн айдас суучихсан. Тиймээс ямар нэг шийдвэр гаргахгүй тойрч гүйгээд, түүгээрээ эс үйлдэхүй гаргаад явахаас өөр аргагүй байгааг үгүйсгэхээргүй болсон байна. Тийм учраас бид энэ цаг үед хий хоосон попролтоос илүү банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг бодитоор сайжруулах, олон жил бугшсан орлого олдоггүй, чанаргүй зээл, өр авлагуудыг цэгцлэх нэн шаардлагатай арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаа юм.

-Хөгжлийн банкны засаглалын асуудал байнга хөндөгдөж ирсэн. Таны ярьснаас харахад тэрийг л хөндөж байх шиг?

-Тэгж л таарч байна. Ер нь бол Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг хангахад засаглалын асуудлыг цэгцлэх нь хамгийн түрүүнд хөндөх сэдэв мөнөөс мөн. Хөгжлийн банкийг аливаа улс төрийн зорилгоор нэр нүүр олох гэж ашигладаг, дамжин өнгөрдөг бүлэг мэт инкубаторт амь зогоож болохгүй. Тэгж хандсанаас л өнөөдрийн нөхцөлд хүрчихээд байгааг хаана хаанаа ойлгох цаг болсон байна.

-Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгах арга нь нээлттэй сонгон шалгаруулалт гэж үзэх нь элбэг байдаг?

-Зөв л дөө. Зөвхөн сонгон шалгаруулалт төдийгүй хөгжлийн санхүүжилтийн чиглэлийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татаж зөв засаглал удирдлагын тогтолцоо, санхүүжилтийн шалгарсан схем зэргийг нэвтрүүлэх нь чухал байна. Энэ асуудал нь эргээд хууль эрх зүй, тогтолцооны олон асуудлыг хөндөх учраас нэлээн ярвигтай. Гэсэн хэдий ч энэ ажлыг хийж чадах эсэхээс Хөгжлийн банкны цаашдын ирээдүй хамаарахаар болоод байгаа юм.

-Хөгжлийн банкны 2-3 захирал улс төрийн нөлөөнд орж, албан тушаалаа урвуулан ашигласан асуудалд орсон. Энэ нь хуулиасаа болж байна уу, хувь хүнтэй холбоотой асуудал уу?

-Та бод доо, Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан, тэр цагаас хойш нийт 11 удаа бүтцийн өөрчлөлт хийж, Гүйцэтгэх захирал нь ес дэх удаагаа солигдож байна. Мөн одоо маш нүсэр бүтэцтэй ажиллаж байна. Үүнийг улстөржсөн бүтэц гэж дүгнэхээс өөр аргагүй юм. Гэтэл банкны санхүүгийн үзүүлэлтүүд улам муудсаар, зээл гаргаж чадахгүйд хүрчихээд байдаг. Хэн ч хувийнхаа өмчид ингэж хандахгүй л болов уу. Гэхдээ үүнд хууль ч биш, хувь хүн ч биш тогтолцоо л нөлөөлөөд байгаа хэрэг.

-Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчтэй учраас улстөржилт их байдаг байх гэсэн хардалт бий. Ер нь банкны дархлааг сайжруулж, улс төрөөс ангид байх ямар бодлого баримтлах ёстой юм бэ. Хөгжлийн банк гэхээр ТУЗ, гүйцэтгэх удирдлага, алба хаагч мэргэжилтнүүд нь улстөрийн томилгоогоор орж ирдэг, зээлүүд нь эрх мэдэл албан тушаалтнуудын шийдвэрээр гардаг гэдэг шууд ойлголт нийгэмд бий болсон. Жишээ нь та яаж томилогдсон бэ?

-Аливаа ажил хэрэг хөрсөн дээрээ бууж хэрэгжих гэдэг л хамгийн чухал. Хэдэн арван бодлого, тодорхойлоод, хамгийн сайханд уриалаад энэ нь биеллээ олохгүй байна гэдэг тухайн ажил зөвхөн цаасан дээр буухаас гадна ёс зүй, хариуцлага, хяналт, сэтгэл зүтгэлээс хамаарахыг харуулж буй хэрэг. Амаараа мянган сайхан зүйл ярьж улс төрийн ашиг хонжоо хайгаад явах юм бол бодит байдал дээр ямар ч ахиц гарахгүй болов уу. Одоо мөрдөж буй хуулийн зохицуулалтаар “ТУЗ-ийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нь нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж хуульд заасан байна. Зохистой засаглалын зарчмаараа ТУЗ нь банкийг удирдан чиглүүлж, хөгжлийн жишигт уриалж ажиллах ёстой. Миний хувьд ямар нэг нам, эсхүл улс төрийн нөлөөгөөр энэ албан тушаалд томилогдоогүй. Санхүү, эдийн засгийн мэргэжлийг эзэмшсэн цагаасаа банк санхүүгийн салбарт анхан шат гэх юм уу, доороос нь ажиллаад ирсэн. Тийм учраас “Хөгжлийн банкны нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, цаашид хэрхэн хууль дүрэм, банкныхаа зүй ёсны голдиролд оруулах вэ” гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд ажиллах чин хүсэлтэй л ажлаа эхлүүлж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ

Өвлийн элсэлтийн шалгалт өнөөдөр /2025.12.4/ эхэллээ. Тодруулбал, Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 цагт монгол хэл...

img

7 цагийн дараа

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айл...

img

7 цагийн дараа

Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжиж байна. Айлчлалын хүрээнд ...

img

7 цагийн дараа

С.Баатарсүрэн: Хөгжлийн банк дампуурах эрсдэлтэй байна, гэхдээ бид үүнийг давна

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэнтэй ярилцлаа. -Та Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэ...

img

6 цагийн дараа

 Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна

Улс орноороо шатахуунгүй болох шахаад хэд хонолоо. Гэтэл энэ бүхнийг толгойгоороо хариуцах ёстой сайд Г.Дамдинням нь Ерөнхийлөгчийг ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд