Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Дарвийн нурууны ард чонын гүйдэл тосон суусан нь

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 06

news-img

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний ургах нарантай зэрэгцэн Ховд аймгийн Дарви суманд ирлээ. Алтайн мөнх цаст уулсын хамгийн урт орших оргил бол Сутай хайрхан юм. Говь-Алтай аймгийн Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг зэрэг сумдынхан үеийн үед ил хайрхнаа шүтэн, нутаглаж ирсэн өнө мөнхийн түүхтэй. Сутай хайрхны наана Дарвийн нуруу, Ноёны Хүрэн зэрэг өндөр хүрэн уулс дүнхийнэ. Энэ өндөр хайрхнуудаа мөн л шүтэн, залбирч нутаглаж ирсэн хүмүүс бол Ховд аймгийн Дарви сумынхан билээ. Хэдий өвлийн сар гарсан ч энэ нутаг намраараа налайж байв. Ийн тэнгэр дулаахан, тогтуун байгаа учраас сумын төв хөл хөдөлгөөнтэй байлаа. Энд тэнд мотоцикл дээр сундалдан давхих залуус дэлгүүр, байшингийн өмнө ярьж зогсох нөхөд дээрээ очин уулзаж, төд удалгүй буцаад давхих нь ямар нэгэн ажил төлөвлөн тохиролцоод явж байх шиг. Магадгүй миний ирсэн зорилготой адил зүйлийг эд ч мөн эхлүүлэх гэж байгаа болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Учир нь дээр дурдсан Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховдын Дарви, Чандмань, Цэцэг, Мөст сумдад сүүлийн жилүүдэд тоо толгой нь огцом өссөн чоно агнах уралдааныг албан ёсоор зарлаад буй. Нэг талдаа боохойн тоо толгойг цөөлөх нь малчдад тустай ажил. Харин нөгөө талдаа уг ажлыг хэрхэн зөв зохистой, оновчтой хийх арга туршлагыг хашир ахмад анчид бага залуустаа зааж сургах нэг том боломж гэж харж болохоор. Залуусын хувьд ан амьтан, байгальтайгаа хэрхэн харьцах, агнахдаа ямрыг нь яаж агнах туршлага байдаггүй. Адаглаад буу, сумтай болгоомжтой харьцах дадлыг ахмад анчид энэ үеэр л тэдэнд хэлж, зааж сургах боломж гарч байгаа юм.

Мал маллах залуу халаагүй боллоо гэж ярих малчид олон. Үүнтэй адил залуу анчин бэлтгэх боломж бололцоо ч хомс байна уу гэж бодож явтал тосож авсан анд маань гэртээ авчирлаа. Хоёулаа хэн хэнийхээ зорилгыг мэдэж байгаа учраас хаашаа яаж, хэнтэй явах вэ гэдгээ ярилцав.

Гол нь боохой хаагуур элбэг байна, саяхан аль малчны хот руу оров зэргээр мань “саарал”-тай холбоотой үйлдэл баримтуудыг цуглууллаа. Бид хоёрыг ярилцаж суутал гаднаас хижээл насны эрэгтэй орж ирэв. Энэ хүн нутагтаа нэртэй анчин хүн ажээ. Тэрээр “Боохой ч амар үедээ ялаа алах дайны амархан. Харин эв дүй нь болохгүй бол хэдэн өдөр ч барааг нь битгий хэл мөрийг нь ч олж хардаггүй, сонин амьтан шүү. Хотоос ирсэн дүү ямар буутай юм бэ” гээд надаас асуулаа. Би ч “Жижиг биш ээ, гэхдээ тийм том буу бас биш. Дурантай “223”-тай ирсэн. Хашир туршлагатай, энэ нутагтаа олон жил ан гөрөө хийж байгаа танаас заавар зөвлөгөө аваад хэдүүлээ хамт явчихаад ирэх үү” гэж гуйлаа. Харин тэрээр “Боохойг нутаг нутгийн онцлогоос шалтгаалаад агнах арга нь өөр байж болдог. Жишээ нь, манайх шиг Алтай газарт бол эрт үүрээр гүйдлийг нь тосож сууна. Түүнээс биш үргээх, хөөхөд хэцүү. Үргээлээ гэхэд тэр их өндөр уулнууд дээр яаж гарах билээ. Бүл багадна. Манайх тал гэж ярьж байгаа ч жалга, судаг, сайр ихтэй. Тиймээс хөөж буудах боломжгүй. Тэгэхээр хамгийн найдвартай, боломжтой арга нь гүйдэл тосоод суух” гэж зөвлөлөө.

Бид гурвыг ярьж суутал гаднаас дахиад дөрвөн залуу орж ирсэн нь гуч гаруй насны бидний үеийн нутгийн эрчүүд байлаа. Бүгд л сумандаа мал маллан амьдардаг залуу малчид. Энэ дундаас н.Бумбаяр хэмээх сумынхаа эмнэлэгт ажилладаг, адуу малтай чадамгай харьцдаг бор залуу байна. Морь уяна, сургана. Морьтой холбоотой бүх ажлыг л сайн хийдэг нөхөр гэв. Мөн анчин хүний удам аж. Өвөө, аав нь гээд нутаг усандаа нэртэй төртэй анчин хүмүүс байсан аж. Өвөө нь тээр жил адуунд явж байгаад боохойтой таарч. Улмаар мориороо араас нь элдэн хөөж, бүр эцээж байгаад нүцгэн гараараа боохойн хойд хоёр хөлөөс нь барьж аваад газар савж нухсан гэнэ. Хуучны хүмүүс ч чадалтай, зоригтой байсан байгаа юм шүү гээд бид тойрч суугаад ярилцлаа. Нутгийн залуусын яриагаар энэ жил боохой их ширүүн байгаа бололтой. Ер нь зүүн баруун, урагшаа, хойшоо гээд хаашаа ч явсан боохой элбэг байна гэв. Ерөнхийдөө гол руу орж мал, амьтан бариад буцаад ирсэн уул руугаа явж байна гэнэ. Айлуудын хувьд ихэнх нь богоо аваад өвөлжөөндөө буучихсан байгаа. Харин голын хөвөөгөөр адуу, үхэр, сарлаг, тэмээ зэрэг өдөр тутмын хариулга шаардагдахгүй бод мал бэлчээрлэдэг байх нь. Энэ утгаараа эзэнгүй үлдсэн бод мал руу боохой довтолчихоод буцдаг аж. Дарви сумын зүүн хойд талаар Хөвхөр гол урсдаг. Далан түрүүний талын хойд захаас эх аван урсдаг Хөвхөр голын хөндий зэгс, бут, дэрс, өтгөн өвстэй учраас бод малын хувьд диваажин л гэсэн үг. Ан амьтны хувьд ч ялгаагүй. Уг голын хөндийг дагаад зэгсний гахай хүртэл цөөн тоогоор үзэгддэг байна. Харин өдий цагт боохойн диваажин болчхоод байгаа хэрэг. Хүн багатай, мөн шөнө довтлоход өдөржин идэж хэвтсэн бодыг хөөж элдэлгүй амархан дөнгөчих орчин нь энэ голын хөндийд бүрдсэн байгаа аж. Тиймээс л Хөвхөр голын хөндийгөөс мань боохойн үйлдсэн хэргийн баримтууд өдөр болгон шахуу л шинээрээ илэрч байх нь тэр. Бага насны адуу, үхэр гэлтгүй саяхан нас бие гүйцсэн тэмээг хүртэл унагасан нь боохой элбэг болсны шинж аж. Бүр элбэг болохоороо хүнээс хүртэл дайжин, айж эмээхээ мэдэхээ больдог гэсэн хууччуулын яриаг ч бид тойрч суухдаа дурдлаа. Ингээд үзэхээр боохой хаанаас хаа хүрчхээд буцаад хаашаа явдаг нь тодорхой болох шиг. Дарви сумаас урагшаа Дарвийн нурууны ар уулнаас зүүн тийшээ гол руугаа буугаад буцаад уг нуруундаа гардаг байх нь. Ингэж яваа боохойд хамгийн эвгүй нь засмал зам гарах л байх. Учир нь Хөвхөр гол засмал замынхаа хойд талд, харин Дарвийн нуруу замынхаа урд талд бий. Гэвч хэдэн арван минутын зайтай ганц нэг автомашин явдаг замаар шөнө дөлөөр гарна гэдэг чонын хувьд харж байгаад нэг харайгаад л алга болох л ажил биз дээ гэж бодогдох шиг. Үүнээс илүү нуруунаас гол, голоос нуруу гээд өдөр болгон боохойн гүйдэг зай нь дунджаар 30-50 км гэхээр мөн айхавтар явдаг амьтан байгаа юм шүү.

Ингээд бид ярьсаар Дарвиас хойшоо Бумбат, Чандмань тал руугаа цас ихтэй, мал, амьтан цөөхөн учраас чонын гүйдэл ховор. Мөн баруун хойд буюу Алтантээлийн хөндий чигтээ тал руу шөнөөр гэрэлтүүлбэл зүгээр. Харин өглөө үүрээр баруун урагшаа Буянтын эх орж дурандах нь найдвартай гэж үзээд хоёр автомашинтай зургаан хүн явахаар ярьж тохироод амарцгаалаа.

Барааг нь харчихвал ч гэж бодсоор шөнө нойр хулжиж, хэвтсээр үүрийн 04:00 цагт тавьсан сэрүүлгээс өмнө бослоо. Хувцас хунараа өмсөөд, гарч орох чимээнээр хамт явах анд маань ч сэрлээ. Хоёул явахдаа зэхээд бусад хамт явах нөхөд рүүгээ утас цохичхоод авч явахаар урьд шөнө нь чанаад шөлөнд нь үлдээчихсэн адууны махаа гаргаж ирэн огтлов. Хөрсөн адууны мах, сонгинотой дүрлэг ч ёстой зохицсон хоол юм. Өдөржин хоол унд гэх зав гарахгүй гэж бодоод өөхтэйгөөс нь хэд хэд огтлоод үмхчихлээ. Удалгүй үүдэнд хамт явах машинтай нөхөд хүрээд ирлээ. Бүгд цайлж, хувцаслаж, буу, сум, дуран, хутгаа яг таг бүртгэчхээд хоёр машиндаа гурав гурваараа хуваагдан суугаад хөдөллөө.

Хоёр машинд хоёр л буутай. Урьд өдөр нь ярьсан шигээ сумын төвөөс урагшаа Дарвийн нуруу чиглээд хөдлөв. Хот руу чиглэсэн засмал замаар 20 орчим км яваад баруун гар талдаа уул өөд саллаа. Нутгийн залуус тас харанхуй шөнөөр ч аль замаар, замгүй байсан ч хаана явж байгаагаа яг таг мэдэх нь сайхан. “Тэрний хаваржааны дээд талаар урагшаа эргээд явчих, хэн ахын хашаа…нөгөө адуу ачдаг жалга өнгөрөөд л зам ороод ирнэ шүү дээ…” гэх мэтээр ёстой нутагтаа үзүүртэй чулуун дээр гишгүүлэх үү, өөхөн чулуун дээр явуулах уу гэдгээ ам уралдаад л замаа зааж, мэдэж явах нь гярхай гэж. Автомашины гэрэлд ганц нэг нүд орж ирсэн нь хярс л бололтой. Нүдээ өгчхөөд нээх айхавтар холдож зайлахгүй байв. Өргөн уудам уулын хормой, бэл тал шиг атлаа алсуураа өгсүүр. Анд яваа нас, бие чацуу залуучууд зам зуураа өмнө нь яаж, хаана боохойтой таарч, нухаж байснаа ярилцана. Манай машинд намайг тосож авсан анд, мөн нөгөө удам дамжсан залуу анчин Бумаа сууж явлаа. Харин нөгөө машинд хашир анчинтай хамт нутгийн хоёр залуу сууж яваа юм. Бумаа хэдхэн жилийн өмнө ангийнхаа залуучуудтай мотоциклоор боохойнд явж. Ингэхдээ буу, сумгүй, ердөө сур, цулбуур, ташууртай явж. Сундлаатай гурав, дөрвөн мотоциклтой залуучуудын хийморь, сүр нь хаачих билээ нэг том эр чонотой талд таараад хөөсөн байна. Буугүй залуучууд хөөрч хөөсөөр өнөөх муу боохойг эцэстэл нь явж. Боохой эцсэн ч буугүй залуучууд яаж алах учраа нэг хэсэгтээ олсонгүй гэнэ. Тэгэхээр нь мань Бумаа нөхөр мотоциклоороо өөдөөс нь хаазалж давхиад шууд л дайрсан гэв. Ингээд хойд дугуйгаа дамнуулаад мөнөөх боохойг дайрчхаад дээрээс нь мотоциклоороо дараад хаячхаж. Эцэж, аахилсан боохойн ам нь ангалзаад хошуу нь гарч ирэхээр нь мань нөхөр барьж явсан ташуураараа хоншоор өөд нь хүчтэй дэлсээд нухсан байна. Энэ мэтийн сонин, сонирхолтой яриа дэлгэж явсан бид суух газраа дөхлөө. Суух газраасаа нэлээд наахан зогсоод хоорондоо ярилцлаа. Нөгөө машинд суусан хашир анчин “За хэдүүлээ суух газраа дөхлөө. Бид эхлээд наана Буянтын Эрээнд очоод сууя. Харин та хэд биднээс урагшаа яваад Ярхайтад очоод суучих. Одоо 06:00 цаг болох гэж байна. Цаг гаруй хүлээгээд гэгээ орж эхэлнэ. Тэгэхээр нь шууд доошоо тал руу дурандаарай. Голоос гараад л ирнэ, цаадуул чинь” гэлээ. Бид ч нөгөө хэдээс урагшаа салаад 10 орчим км газар яваад Их Сайрын үзүүрт өндөрлөг газар очоод зогслоо. Бидний байгаа газар Дарвийн нурууны яг ар тал, Буянтын ам хэмээх уужуу том амын задгай тал, хормой, Ярхайт гэх газар юм. Мөнөөх гайхлууд шөнөөр гол орж ажлаа амжуулчхаад наашаа гарч ирэх учиртай. Бидний суусан газар болоод нөгөө хэдийн суусан газар хүртэл 10 км. Тэгэхээр бид хойшоо 10 км, урагшаа 10 км газарт боохой дурандан харна гэсэн үг. Ингээд машин дотроо чимээгүйхэн гэгээ орохыг амьсгал даран хүлээв. Өглөөний долоон цаг ч өнгөрлөө. Хэдий долоон цаг өнгөрсөн ч дуран тавих гэгээ хараахан орсонгүй. Доошоо тал руугаа харанхуй, зүүн урагшаа уулын цаанаас тэнгэр ягаарсныг эс тооцвол гэгээ орох арай л болоогүй байв. Одоо хэдхэн минут хүлээвэл орчихно оо гэж анд маань хэлж байна. Аажим аажмаар газрын баримжаа тодорч харагдсаар дуран тавих хэмжээний гэгээ орсон нь 07:30 минут байв. Гурвуулаа гараад доошоо тал руу буюу гол руу урдаас нь хойшоо чигтэй дурандлаа. Бидний байгаа газраас зүүн урагшаа жаахан дэрсэн дунд хэдэн адуу тайван идэж байна. Тэр адуунаас зүүн тийшээ дурангаа чиглүүлэхэд зургаан тооны бөхөн байх шиг. Тэр зургаан тооны бөхөнгийн наана нэг худаг бололтой дөрвөлжин амбаар байх юм. Тэрнээс холгүйхэн хоёр тэмээ байх жишээтэй. Голын наана байх автозамаар хаяа нэг машин хурдлан өнгөрч байгаа нь харагдана. Угтаа гэгээ орчихсон энэ үед мөнөөх боохойнууд аль хэдийнэ тэрхүү засмал замыг давчихсан уул өөдөөгөө буюу бидний зүг шогшиж явах учиртай. Бараг гуч орчим минут дуран тавилаа боохойн бараа харагдсангүй. Гэгээ бүр сайн нэмэгдлээ. Дээшээ уулын бэл өөд дуран тавихад Буянтын амны баруун хойд энгэрт 20 гаруй тэх, ямаа идэж байгаа бараа нь бүдэг харагдах юм. Дахиад л гол руугаа тал руугаа дурандлаа. Нөгөө хэдэн адуу, бөхөн, тэмээ, шавар тагцнаас өөр зүйлгүй л байв. Нар уулын оройгоос дээшлээд гараад ирлээ. Өглөөний нар ийн дөнгөж мандах агшинд дурандахаар юмны бараа сайн харагддаг гэж манай хоёр ярьж байна. Муу боохойг харчих санаатай нүднээсээ нулимс гартал дурандлаа, байдаггүй шүү. Нөгөө хэд яаж байгаа бол юм харсан болов уу гэж гурвуулаа хоорондоо ярилцан зогсоно. Дахиад л дурандана. Нар нэлээд өндийлөө. Голоос гарч өгссөнгүй бололтой. Ингэж байтал хойно үлдсэн нөгөө гурав машинаа унаад бидэн дээр хүрээд ирлээ. Бууцгаагаад “За юм харагдав уу. Хэдэн адуу, хэдэн бөхөн л харлаа. Боохой огт харагдсангүй. Та хэдэд юм харагдав уу” гээд харилцан нэгнээсээ асуулаа. Аль аль нь юм харсангүй. Одоо яах уу. Хашир анчин “Хэдүүлээ дээшээ яваад Алтангэрэлийн өвөлжөөний цаад орой дээр гарч урагшаа дурандъя” гэж байна. Ингээд үүрээр ирж суусан газраасаа дахиад зүүн урагшаа уул өөд өгсөж, хашир анчны хэлсэн газар луу явлаа. Их сайрынхаа хойд талыг бариад хамарлаад өгсөж байтал Бумаа “зогсоорой” гэж байна. Буугаад хартал бутны ёроолд хунгарласан цасан дээр дөнгөж саяхан явсан гурван чонын мөр олж харлаа. Хашир анчин бууж ирээд “За энэ гурав саяхан явж.

Бид хэдийн голоор нэг жалга байдаг юм. Муу хашир золигууд тэр жалгаар дээшээ өгсөөд бидний дундуур гарчхаж л дээ. Энэ мөрийг харахад бидний дуран тавих гэж байгаа газар луу буюу урагшаа чиглээд явсан байна. Хэдүүлээ ярьснаараа Алтангэрэлийн өвөлжөөний цаад орой дээр гарахад л яг таарна даа” гэж байна. Ингээд бушуухан суугаад явцгаалаа. Ямаа харагдсан энгэрийн наад хөтлөөр даваад урагшлаа. Ингээд ярьж байсан газрынхаа наана машинаа тавьчхаад дээшээ уулын орой руу алхав. Сэмээрхэн өнгийгөөд хартал сэжигтэй, хөдөлж байгаа юм харагдсангүй. Дурангаа гаргаж ирээд хартал бидний байгаа уулын зүүн бэлд гурван боохой урагшлах маягтай шогшиж байна. Ямартаа ч боохойг харлаа. Харин яаж жаахан ойртох уу гэж хоорондоо ярилцав. Эндээс боохой хүртэл ойролцоогоор гурав орчим километр зайтай болов уу гэж таамаглана. Хашир анчин нэг машинаараа доогуур нь тойръё. Нөгөө машинаараа дээгүүр нь тойроод аль болох уул руу биш доошоо тал руугаа тэр гурвыг чиглүүлье гэж байна. Ингээд дахиад хөдөллөө. Манай машин доогуур нь тойрлоо. Уулынхаа араар доошлоод, үзүүрийн дэнгээр гараад иртэл нөгөө гурав биднээс үү, эсвэл дээгүүр нь тойрсон нөгөө машинаас уу чимээ аваад доошоо тал руугаа харайлгалаа. Бид ч нэгэнт чимээ өгчихсөн учраас ил гараад араас нь хөөлөө. Гурвуулаа яг адилхан биетэй нэгнээсээ ялгагдах юм алга. Тал руу орсон боохойн араас хөөхөд зам нь цагаан учир нэг мэдэхэд л автомашинаараа бөгс нь дээр нь гүйцээд очлоо. Хэсэг зуур тулгаж хөөж байгаад автомашинаа зогсоогоод мөнөөх гурвыг явдал дунд нь буудлаа. Арай оносонгүй. Дахиад автомашиндаа суугаад араас нь хөөв. Дахиад л тулж очиж зогсоод буудна. Энэ маягаар гурван удаа тулж зогсоод, буудаад барсангүй. Дараагийн удаа зогсохгүйгээр автомашин дотроосоо буудахаар боллоо. Дурантай буугаар явдал дунд ангаа олж хараалах хүндхэн аж. Дахиад тулаад зогсож байгаад буудъя гэлээ. Ингээд тулж очтол хоёр нь дээшээ уул руугаа харайлгаад нэг нь салж, баруун тийшээ давхилаа. Бид ч машинаа зогсоогоод буулаа. Яг буухтай зэрэгцээд салаад баруун тийшээ ганцаараа явсан боохой хэсэг давхиж байснаа гэнэт зогсчихлоо. За одоо л боломж гээд буугаа машины хамар дээгүүр тохож байгаад харааллаа. Нөгөө боохой нэлээд зайдуу буюу ойролцоогоор 500 орчим метрт зогссон бололтой. Дурангийн хэрээсийг дээшээ хоёр ахиулан олийлгож байгаад дал хавсраад буудахад газар дээрээ шалчисхийгээд дээшээ хараад уначихлаа. Нам л унасан бололтой. Нөгөө машин дээшээ харайлгасан хоёр боохойн араас элдээд алга болж. Бид унагасан нөгөө боохой руугаа машинтайгаа дөхөөд очлоо. Яг л барьснаараа дал хавсраад сум ороод гарсан байна. Ингэж буудахаар уушги дайрагдаж, ямар ч хөдөлгөөнгүй унадаг жамтай. Босгоод, ирүү амыг нь ангайлгаж, үс сорыг нь гараараа элж үзлээ. Биеийн хувьд айхавтар том биш юм. Соёо нь бүрэн гарсан, элэгдсэн зүйлгүй, мөн бага зэрэг бор, шар өнгөр тогтсоныг нь харвал 7-8 настай боохой байсан бололтой юм. Боохойгоо унагаасан залуучууд ганц нэгээрээ зургаа даруулж, яаж хөөж тууж, буудсан талаараа ярилцаад зогсож байтал нөгөө хоёр боохойг хөөсөн машин хүрээд ирлээ. Машинаас хашир анчин бууж ирээд “Нөгөө хоёр бартаа руу ороод алга боллоо. Та хэдийнэ нэгийг унагасныг нь мэдсэн болохоор араас нь тэгж явсангүй” гэж байна. Гурвуулаа дээшээ уул руугаа зугтахгүй энэ нь яагаад ганцаараа тал руугаа салчихав аа гэж асуув. Мань анчин “Боохой чинь ухаандаа амьтан л даа. Энэ нөгөө хоёрыгоо бодоход арай хөгшин нь байх. Нэгэнт буудуулна гэж мэдсэн болохоор залуу хоёроосоо өөрөө салаад зогссон байх л даа” гэж байна. Энэ ярьсан зүйл үнэхээр үнэн бол мөн ч айхавтар ухаантай амьтад юм. Хөгшинөөрөө өөрөө буудуулж, залуу чоноо зугтаалгаж байна гэдэг чононоос гарах л ухаан байх даа гэж бодлоо. Юутай ч хоёр өдрийн хөөцөлдөөн, тэвчээр алдагдтал дуран тавиулсны эцэст малын дайсан гэгдэх боохойноос нэгийг Дарвийн нурууны ар, Буянтын амны доод хормойноос ийн унагалаа. Баруун Алтай нутагт нэг ч гэсэн боохойг малчны хот руу оруулахгүй болсон ч цаана нь хэдэн мянгаараа өсөж, үржиж байна. Тэр болгоныг нь анчин агнаад дуусна гэж байхгүй биз ээ. Хонь бүрэн, чоно цатгалан байх болтугай…

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш физик, монгол хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөнө

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-д Монгол хэл бичгийн хичээлээр эхэлсэн. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын...

img

8 цагийн дараа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны...

img

7 цагийн дараа

Өнөөдрийн байдлаар нийт 35450 тонн шатахуун импортолжээ

Манай улс 2025 оны 10 дугаар сард нийт 205700 тонн шатахуун импортолсон бол 11 дүгээр сард 211.461 тонныг импортолжээ. Тэгвэл 12-дуг...

img

7 цагийн дараа

Дарвийн нурууны ард чонын гүйдэл тосон суусан нь

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний ургах нарантай зэрэгцэн Ховд аймгийн Дарви суманд ирлээ. Алтайн мөнх цаст уулсын хамгийн урт орши...

img

7 цагийн дараа

Г.Отгонбаяр: Бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ

Авто-Механик инженер Г.Отгонбаяртай цахилгаан машины талаар ярилцлаа. -Дэлхий нийтээрээ цахилгаан машиныг хэрэг-лээнд нэвтрүүлж байн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд