мэдээ
Тухайн асуудлаар мэргэжлийн биш бол инфлүүнсер хийж, контент бэлтгэж, бараа үйлчилгээг сурталчлахыг хориглох хэрэгтэй

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 12 сарын 05

Энэ цаг үед нийгэмд хамгийн их нөлөө үзүүлж буй хүмүүс бол инфлүүнсерүүд. Тэдний үг үйлдэл, санал бодол нь дагагчиддаа хүчтэй нөлөө үзүүлдэг учраас маркетинг болон сурталчилгааны салбарт мөнгийг ёстой олох шиг болж байна. Нэгэнт мөнгө байгаа газар луу шинээр инфлүүнсер болох гэж зүтгэх залуусын тоо эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Нэг талдаа энэ нь дэлхий нийтэд дэлгэрч байгаа бизнес ч нөгөө талдаа үүнийг мэргэжил гэж үзээд эрх, үүргийг нь тодорхойлж, хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Саяхан манай урд хөрш Инфлүүнсерийн тухай хуулийг баталсан. Тус хуульд орсон гол заалтууд буюу инфлүүнсер, контент бүтээгчдэд тавигдах шаардлага нь ийм байна. Нэгдүгээрт, мэргэжлийн мэдлэг шаардлагатай сэдвүүд дээр контент хийх бол мэргэжлийн ур чадвар, эсвэл эрхтэй байх.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, анагаах, хууль, санхүү, боловсрол, инженер гэх мэт ухамсартай, мэдлэг шаардсан сэдвүүдээр видео, шууд яриа, тайлбар хийх бол тухайн инфлүүнсер нь үнэмлэх, мэргэжлийн сертификат, лиценз, эсвэл бусад нотолгоо үзүүлэх шаардлагатай гэж заажээ. Уг хуулийн гол зорилго нь мэргэжлийн бус хүн инфлүүнсер хийхийг хориглох юм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн салбарын мэргэжлийн хүн биш л бол тухайн салбарын асуудлаар контент бэлтгэж олон дагагчтай сошиал сувагтаа оруулахыг хориглосон гэсэн үг. Жишээ нь эмч, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй, энэ салбарын талаар ямар ч ойлголтгүй байж бусдад тийм эм, бэлдмэл сайн гэх агуулгаар контент хийж оруулахыг хуулиар хориглох аж.
Манайд ч яг ийм эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Учир нь өнөөгийн нийгэмд инфлүүнсерүүдээс болж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хүртэл хохирсон иргэд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Инфлүүнсерүүдээс болж хэрхэн хохирсон жишээ цахим орчинд үй түмээрээ байна. Монголын олон охид, хүүхнүүдийн цахим сүлжээндээ байнгын харагч инфлүүнсер Солонгон аашт буюу Х.Ананда гэх эмэгтэй нэр бүхий эмнэлэгт өөх соруулах гоо сайхны хагалгаа хийлгэж. Мэдээж дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн гоо сайхны хагалгааны өртөг өндөр л байдаг байх.
Тиймээс инфлүүнсер эмэгтэй өөрийн олон мянган дагагчтай хуудсаараа тухайн эмнэлгийн үйлчилгээг сурталчилсан бололтой. Үүнээс нь болоод түүнийг дагадаг, уриалсан болгонд нь итгэдэг нэгэн эмэгтэй тухайн эмнэлэгт очоод гоо сайхны хагалгаанд орж байхдаа харамсалтайгаар нас барсан мэдээлэл цахим сайтуудад гарсан. Х.Анандагийн хувьд фэйсбүүк нь 520 мянга, инстаграм нь 30 мянга орчим дагагчтай. Тэгэхээр түүний цахимд оруулсан контент нэг дор хэдэн мянган хүнд хүрнэ гэсэн үг. Тэр дундаа эмэгтэйчүүдийн гоо сайхны талаар зөвлөгөөг нь сонсож, дагадаг олон мянган охид байна. Х.Анандагийн хувьд гоо сайхныхаа төлөө өөхөө соруулсан байж болно. Гол нь түүнийгээ бусдад сурталчлахгүй, бусдыг уриалан дуудахгүй байх ёстой юм.
Хамгийн чухал нь Солонгон ааштын хувьд эмчийн, эмнэлгийн нарийн ширийн асуудлыг юу ч мэдэхгүй. Өөрт нь болж байвал бусад хүмүүст яаж нөлөөлөх талаар хүн юу ч мэдэхгүй, учир нь тэр эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн биш. Энэ бол инфлүүнсерүүд нийгэмд нөлөөлж байгаа маш том кейс. Хэрэв БНХАУ-д ийм кейс болсон бол тухайн инфлүүнсерийг хэдэн жил хорих, мөн хэдэн сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох байлаа. Бас өөр нэг жишээ байна. Монголын хошин урлаг болон кино уран бүтээлд олон арван дүр бүтээсэн, олны танил гавьяатууд болох Т.Бархүү, И.Одончимэг нар байна. Энэ хүмүүсийн хувьд урлагийн салбартаа л хамгийн сайн мэргэжилтнүүд байх. Түүнээс биш барилгын салбарт энэ хоёр хүн барилга яаж баригддаг, зураг төсөл нь яаж хийгддэг, ямар хэмжээний хөрөнгө шаарддаг буюу техник, эдийн засгийн үзүүлэлт гэх мэт юуг нь ч ойлгохгүй. Учир нь тэд мэргэжлийн хүмүүс биш. Гэтэл Монголд битгий хэл дэлхийд байхгүй чанартай, гайхамшигтай хороолол баригдах гэж байна, та бүхэн гэр бүлээрээ хамгийн сайхан газар амьдраарай хэмээн нэгэн барилгын компанийн сурталчилгааг олон цуврал контентоор хийсэн.
Монголчуудын хайрлаж, хүндэтгэж, уран бүтээлийг нь шимтэн үзэх дуртай хүмүүс итгэлтэйгээр, аз жаргалтайгаар тэдний контентод итгэхгүй хүн ховор л байх. Үнэхээр Т.Бархүү, И.Одончимэг хоёр шиг хэдүүлээ, гэр бүлээрээ энэ хороололд тийм байр захиалъя гээд мөнгө, төгрөгөө шилжүүлсэн хүмүүс олон гарсан. Харамсалтай нь сурталчлаад байсан хороолол нь ашиглалтад орох битгий хэл барилга барих эзэд нь нүүрсний хулгайчаараа цоллуулан хууль хяналтын байгууллагын хаалгыг татах болсон. Хатуухан хэлэхэд, Т.Бархүү, И.Одончимэг хоёрын үгэнд итгэж, нөлөөнд нь автсан иргэд эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм. Тэгэхээр инфлүүнсерүүдийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх хэрэгтэй байна. Жишээ нь, үүргэвчтэй аяллын Г.Ганхүү аялал, жуулчлалтай холбоотой, тэр оронд очоорой, энэ оронд ийм компани аятай сайхан явуулж байна гэсэн сурталчилгаа хийвэл хэн хүнгүй зөв сонголтоо хийгээд явж болохоор байгаа биз. Т.Бархүү, И.Одончимэг хоёр урлагийн салбарын талаар ямар нэгэн контент хийвэл түүнийг дагагчид дотор олон мянган урлагт хайртай, урлагийн сургуульд сурах, урлагаар явах сонирхолтой хүмүүс мэдээж бий. Тэгвэл тэр хүмүүст л тустай үйл болно.
Энэ мэт инфлүүнсерүүд өөрсдийнхөө мэддэг, чаддаг, мэргэжлийнхээ дагуу аливаа контентоо бэлтгэж байх нь энэ нийгэмд л ашигтай. Түүнээс биш мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг сайн, сайхнаар дагагчдадаа харуулаад байх нь нэг талдаа ёс зүйгүй үйлдэл юм. Нөгөөтэйгүүр ютүб, инстаграм, фэйсбүүк, тикток зэрэг платформуудад олон дагагчтай, үзэлт, хандалт өндөртэй инфлүүнсерд тухайн платформоос бүтээсэн контентынх нь үзэлт, хандалтын тооноос шалтгаалж урамшуулал, хувь, ашиг олгодог. Өөрөөр хэлбэл, инфлүүнсерд цалин олгодог гэсэн үг.
Тухайлбал, 100 мянган саб-тай ютүб сувагтай хүн байлаа гэж бодъё. Тэгвэл түүний оруулсан бичлэгийг багадаа 100 мянган хүн үзнэ. Ингэснээр тухайн сувгийн сарын үзэлт хэд байна, түүгээр нь ютүб урамшуулал олгоно гэсэн үг. Ерөнхийдөө 100 мянган дагагчтай ютүб сувагтай хүн сард ойролцоогоор 200.000-1.5 сая төгрөгийн орлого олох боломжтой юм. Тэгэхээр инфлүүнсерүүдийг контент цацаж байгаа сувгаасаа цалин авдаг ажилчид гэж ойлгох ёстой. Нэгэнт цалин авч ажил хийж байгаа бол хариуцлага мөн үүрэх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ инфлүүнсер бол хэн нэгэн хүний дураараа хийдэг ажил биш гэж үздэг болсон байна. Үүний нэг тод жишээ нь, Хятад улсад саяхан батлагдсан Инфлүүнсерийн тухай хууль юм. Манайх ч гэсэн ийм хуультай болох хэрэгтэй байна, УИХ-ын гишүүд ээ. Хэрэв инфлүүнсерүүдийг эрх дураар нь ингээд орхивол Багшийн дээд төгссөн, вакцин эсэргүүцдэг эмээгээс эхлээд ард түмний хайр, хүндэтгэлийг татсан олны танил хүн бүхэн мөнгөний төлөө мэддэггүй салбараа мэддэг юм шиг танд итгүүлж, таны эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаар чинь хүртэл тоглох аюул улам илүү нэмэгдэхээр байна.
Тэр эмээгээс болж хэдэн хүн нас барсныг мэдэх хүн бий юу. Бас вакцин хийлгээгүйгээс болоод хэдэн хүүхэд өвчилж ямар их эдийн засгийн гарлага гарсныг тооцож үзвэл яах вэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй мөртлөө ард түмний амь нас, эд хөрөнгөөр тоглодог инфлүүнсер гэх эдгээр хүмүүсийг хязгаарлах хэрэгтэй.
Мал өвөлжилт Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар хүнд байна
Энэ сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулав. Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны ө...
8 цагийн дараа
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон анхны амжилтын эзэн, олимп, дэлхийн хос медальтан Данзандаржаагийн Сэрээтэр
Угсраа, уран мэхт Улсын харцага Төв аймгийн Лүн сумын 5 дугаар багийн нутаг “Тойн хүр” гэдэг газар малчин ард Данзандаржаагийн ууган...
8 цагийн дараа
Татварын энэ бүх дарамтыг “үйлдвэрлэсэн” хүн нь УИХ-ын гишүүн Б.Заяабал
Ноднин жилийн УИХ-ын сонгуулийн дүнгийн дараа хэд хэдэн хүнийг овоо ажил хйих болов уу хэмээн ард түмэн харж, ярьж байсны нэг нь Б.З...
7 цагийн дараа
Тухайн асуудлаар мэргэжлийн биш бол инфлүүнсер хийж, контент бэлтгэж, бараа үйлчилгээг сурталчлахыг хориглох хэрэгтэй
Энэ цаг үед нийгэмд хамгийн их нөлөө үзүүлж буй хүмүүс бол инфлүүнсерүүд. Тэдний үг үйлдэл, санал бодол нь дагагчиддаа хүчтэй нөлөө ...
7 цагийн дараа
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт ш...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд


