мэдээ
О.Зундуйдорж: Ирэх оны нийслэлийн төсөвт торгуулиар 192 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 12 сарын 05

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржтой ярилцлаа.
-Нийслэлийн ирэх 2026 оны төсөв өнөөдөр батлагдах гэж байна. Сөрөг хүчний төлөөлөгчийн хувьд төсөвтэй холбоотой ямар байр суурьтай байна вэ?
-Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь төвлөрч, эдийн засгийн 70 хувь нь буцалж байна. Гэтэл нийслэлийн төсөв санхүү, үйл ажиллагаа, төр захиргааны байгууллагуудын иргэдэд үйлчилгээ үзүүлж буй хандлага, мэдээлэл үнэхээр муу. Яагаад гэвэл Улаанбаатар хотод хоёр сая гаруй иргэн ажиллаж, амьдарч, зорчиж, худалдан авалт хийж, татвар төлж байгаа. Маш том татварын таатай нөхцөлийг бүрдүүлэхдээ гарамгай байна. Харин буцаагаад иргэддээ тэр хэмжээний үйлчилгээ үзүүлдэггүй. Бүх юм цахимжсан гэдэг хэрнээ бичиг цаасны зардал, хүнд суртлууд нь нэмэгдээд байгаа зэрэг асуудал маш олон. Жишээлбэл, 2026 оны нийслэлийн төсөв бонд болон бусад төсөвтэйгөө нийлээд 5.4 их наяд төгрөг. Эндээс Туулын хурдны зам дээр 800 тэрбум төгрөг тавигдсан. Сэлбэ дэд хотын урсгал зардалд 1.2 их наяд төгрөг төсөвлөсөн. Гэтэл 2022, 2023 онуудад нийслэл 1.3 их наядын төсөв баталж байсан бол өнөөдөр даруй гурав, дөрөв дахин нэмэгдсэн. Гэтэл тэр хэмжээгээр иргэд нийслэл хотод сэтгэл ханамжтай үйлчилгээ авч, ногоон байгууламжийн хүртээмж сайжрахгүй байна. Нөгөөтэйгүүр дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл иргэд заавал автомашинаа унахгүйгүйгээр өөр бусад тээврийн хэрэгслээр зорчихыг хүсдэг. Харамсалтай нь төр тэрийг нь дэмжихгүй байж түгжрэлгүй, утаагүй хот болъё гээд байдаг.
-Утаанаас салах шийдэлд хэдэн төгрөг төсөвлөв?
-Ирэх жилийн төсөвт утаанд зориулж мөнгө тавиагүй. Өмнөх жил агаарын бохирдлыг бууруулахад 226 тэрбум төсөвлөж коксжсон түлш авсан. Бид өөрсдөө үйлдвэргүй болохоор сайн чанарын нүүрсээ Хятадад хямд үнээр зардаг. Харин буцаагаад коксжсон хортой, илчлэггүй нүүрсийг Улаанбаатарын иргэдэд шахаж байгаа нь аюултай. Нийслэлд өнөөдөр агаарын чанарыг албан ёсоор олон улсын шинжилдэг үндэсний лаборатори ч байхгүй. Бид амаараа орж, хамраараа сорж буй агаарыг хэмжиж чадахгүй. Хэмжиж буй ганц үзүүлэлт нь хүний амь нас. “Тэдэн дуудлага ирлээ. Тийм хүн нас барлаа” гэдэг мэдээллээр шийдвэр гаргагчид мэдээлэл өгч байна. Үнэн хэрэгтээ улстөрчдөд нэг хүн нас барвал уй гашуу, арван хүн нас барвал тоо, 2000 хүн өөд болбол статистик болж хувирч байна л даа. Тэгэхээр хүнлэг бус байгаа биз. Тэдгээр нас барж байгаа хүмүүсийн тохиолдол тэдний хувьд тоо болж байна. Тийм болохоор харгис шийдвэрүүд гаргаад байгаа хэрэг. Үүний ард ашиг сонирхол байгаа гэж хардаж байна. Мөн Улаанбаатар хотын бугшсан олон асуудлын дунд иргэд мэддэггүй нэг асуудал бий.
– Тэр нь юу юм бэ?
-Энэ бол автомашины ачилтын компаниуд. Дандаа ардаа улс төрийн эзэнтэй. Шахааны бизнесүүд байдаг. Энгийн иргэдийн автомашиныг 60 мянган төгрөгөөр ачаад авч явчихаад хохирол учруулдаг. Жирэмсэн, хөхүүл, өндөр настай гээд амьдралын ямар ч шаардлагаар тухайн газарт машинаа тавьж болж байна. Тэгвэл заавал энэ албадлагын арга хэмжээг авахаас илүүтэйгээр торгох арга хэмжээ авч болно шүү дээ. Гадаадын орнуудын жишиг дээр зөндөө л аргачлал байдаг. Тухайн машин хэд хэдэн удаагийн торгуулийн хуудас наалгасан байвал зорчих эрх, онооноос нь хасах системийг сайжруулах ёстой. Гэтэл эд хөрөнгөд нь халдаж, эвдэх халдлага зөвхөн Улаанбаатарт байна. Нийслэлд өнөөдөр нийтдээ 50 байршилд 31200 орчим нийтийн зориулалттай автомашины зогсоол байгаа. Улаанбатаатар хотын төв цэгүүдэд өдөр болгон нэг цаг нь 2000-5000 төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолоос улсад татвар очдоггүй. Зөвхөн тухайн компани болон давуу эрхээр тэр зогсоолыг эзэмшиж байгаа нөхдүүд ашиг хийж байна. Ашиг олж байгаагаасаа ААНОАТ л төлж байгаа. Энд цэвэр далд эдийн засаг явж байна. Танил талаараа давуу эрх эдэлж байна гэсэн үг. Нийслэлийн замын хөгжлийн газар автозамыг сайжруулах тал дээр төсөв бүрдүүлж чадахгүй байгаа. Тодорхой шалтгаан энэ. Нэг жилийн хугацаанд хүмүүсийн ажлын арга барил, хийж буй зүйлүүдийг нь харлаа, анзаарлаа. Гэтэл зөвхөн томилогдсон даргадаа таатай байдал үүсгэдэг, иргэдэд үйлчлэх сэтгэл байхгүй. Сандал суудалтайгаа яаж удаан хугацаанд байх вэ гэдэг дээр л ажил хийдэг болохоос биш иргэдийн амьдралд хөрсөн дээрээ шинэчлэлт сайжралт хийлгэе гэдэг сэтгэл байхгүй. Ер нь Улаанбаатар хотод 10-15 жил ажилласан туршлагатай гээд байгаа удирдлагууд бодлого биш боломж хайсан нь маш их байна. Зөвхөн дарга нарыг л өөрчлөх ёстой.
-Ингэхэд хот ирэх оны төсвийн орлогоо яаж бүрдүүлж байгаа юм бэ?
-Их сонин, сонин орлого бүрдүүлж байна л даа. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 134 тэрбум төгрөг. ААНОАТ нэг их наяд 116 тэрбум. ХХОАТ 63 тэрбум төгрөг. Татварын бус орлого буюу торгуулийн орлого 192 тэрбум төгрөг байх жишээтэй. Нийслэлийн өмчийн асуудал дээр бас асуудлууд байдаг. Улаанбаатар хотын иргэдийн өмчийг өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан, хувьдаа завшсан, олон жил татвар төлөөгүй, үйл ажиллагааны орлогыг менежментийн шинэчлэл загвар өөрчилсөнтэй холбоотойгоор дур зоргоороо өөрчилдөг, зориулалтын бусаар ашигласан зүйлүүд маш их байгаа. Хамгийн ойрхон жишээ нь “Өргөө” зочид буудал байна. Энэ мэтчилэн нийслэлийн өмчлөл дээр бүртгэлтэй маш олон газруудаар МАН-ын хуучин удирдлагууд шагналаа авдаг. Тэрүүгээрээ бизнесийн үйл ажиллагааг сайжруулдаг. Олон жил намдаа үнэнч байсныхаа төлөө бусад нь хулгай хийх бололцоог нь өөгшүүлсэн хандлага сая илэрч байгаа юм.
-Хот шиг хот болохын тулд яах ёстой вэ?
-Татварын төлөгчдийн бүрдүүлж буй нийслэлийн төсвийг эргээд иргэд олон нийт хянадаг байх системийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот буюу орон нутгийн сонгууль гээд байдаг. Сонгуулийн тухай хуулинд хотын даргын сонгууль гэж явах ёстой. Хотын даргыг Улаанбаатар хотын иргэд сонгох нь зөв. Тэрнээс хэдэн хүн хайрцаглаад хотын дарга болдог энэ байдал биш юм байна. Одоогийн нөхцөл байдал дээр НИТХ Ардчилсан тав, Ардын нам 40 суудалтай. Мэдээллийн эрс тэнцвэргүй байдалтай байна.
-МАН сонгуульд нэг ч татвар нэмэхгүй гэж гарч ирчихээд амлалтаасаа ухарсан. Татварын дарамт бизнесүүдэд яаж хүндээр тусаж байна вэ?
-Татварын дарамт иргэн, аж ахуйн нэгжүүдэд маш хүндээр тусаж байгаа. Гуравхан жилийн өмнө нийслэл хотын төсөв 1.3 их наяд төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр урсгал зардал нь 1.3 их наяд төгрөг болжээ. Энгийн аж ахуйн нэгжүүдийн орлого нь энэ хэмжээгээр нэмэгдсэн бил үү. Тийм хэмжээний үйлчилгээнүүд авсан уу. Хяналт шалгалт нь ихэссэн байна. Дарга таалагдахгүй, эсвэл тухайн шаардлагад нийцэхгүй, журмыг биелүүлэхгүй бол маш ихээр дарамталдаг, шахдаг, боодог. Бид ковидын үеэс ч хэцүү үе рүүгээ шилжиж байна шүү дээ. Өнөөдөр мөнгөний чанар муудаж байна. Худалдан авах чанар жилээс жилд дордож байна. Их хурал бодлогоор системийн шинэчлэл хийхгүй бол болохгүй байна. Хяналт шалгалтаа маш сайн хийх хэрэгтэй байна. Ерөөсөө нийслэлийн асуудалд парламентын гишүүд тэр дундаа нийслэлээс сонгогдсон гишүүд, анхаарал тавьдаггүй.
Өнөөдөр бид нийслэл хотын албан татвар хоёр хувь өгч байгаа. Хоол идлээ, ус уулаа бүх үйлчилгээнээс хоёр хувийн татвар төлдөг. Үүн дээр юу хийгдэж байгааг хэн ч мэддэггүй, анзаардаггүй. Автомашины татварыг нэмэхтэй холбоотойгоор бид “Үе шаттайгаар нэмж болдоггүй юм уу. Шууд тав дахин нэмнэ гэдэг нь юу гэсэн үг вэ. Сонгуулийн өмнө та нар юу гэж амлалаа даа. Одоо яагаад ингэж гэнэтийн бэлэг барьж байгаа юм бэ” гэж өчнөөн дуугарсан боловч олонхоороо түрээд баталчихсан. Ер нь сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах аргаа олчихож.
-Нийслэлд шинээр тавигдах замуудад хэдэн төгрөг төсөвлөсөн байна?
-Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 12 байршилд 50 км автозамыг шинээр барина. 33 км замыг шинэчилж, хоёр байршилд явган хүний гүүрэн зам тавина гэсэн. Туулын хурдны зам 2025 онд гэрээгээ байгуулж, ажлаа эхлүүлсэн. 2026 онд автозам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлнэ.
-14 мега төслөөс хоттой хамаатай төслүүд хэрэгжихээр байна уу?
-Яг үнэндээ Ардын намын сэтгэсэн 14 биш, 24 мега төсөл бий. Үүний 10-аад нь нийслэлд харьяалагдаж байгаа. Сэлбэ, Туулын хурдны зам хоёр л явж магадгүй. Бусад нь явахгүй. Дулааны станцуудын хувьд ТЭЗҮ боловсруулах ажлууд л хийгдэж байна. Төсөв байхгүй. Монгол Улс өөрөө мөнгөгүй болчихлоо л доо. Улс төрийн шийдвэр гэдэг маш чухал. Тухайн хүний манлайлал. Гол юмаа барьж авч чадахгүй, дэмий зүйл рүү асар их мөнгө цутгаж байна. Улаанбаатар хотын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодит зорилго нь юу вэ гэдгийг эрэмбэлж чадахгүй байна шүү дээ. Ажлын байрыг тогтвортой болгох, цалингийн системийг шинэчлэх хэрэгтэй. Ер нь системийн шинэчлэлүүдийг эрх баригчид хийж чадахгүй байна. Иргэд цаг хугацаагаа хамгийн их алдаж байна. Төвөгтэй байдлаас хожиж, татвар төлөгчдийн мөнгийг шимэгчилдэг, эсвэл түүгээрээ ашиг хонжоо хайж байгаа удирдлагууд нийслэлээр дүүрэн байна шүү дээ. тэднийг маш сайн аудит хийгээд буулгахыг нь буулгаад, сайжруулахыг нь сайжруулаад залуу толгойнуудыг тавимаар байна. Өнөөдөр хотыг ширэнгэн ой болгочхоод ногоон байгууламжид төдөн төгрөг тавья даа гээд яриад сууж байгаа хүмүүсийг хараад ой гутаж байна. Ногоон байгууламжийг сүйтгэхдээ мөнгө авч байна. барихдаа бас мөнгө авч байна. Эд нар иргэдийн зовлонгоор зооглоод гаршчихаж. Өнөөдөр нийслэл хотын иргэд маш их мэдээллээр өлсөж байгаа. Төлөөлөгчөөр сонгогдоод нэг жил гаруй хугацаанд надад мэдээлэл нь хязгаарлагдмал ирж байхад энгийн иргэд бүр таг байгаа шүү дээ.
Нэмж хэлэхэд, 14 мега төсөлд трамбай, метроны ажлууд бий. Энд ТЭЗҮ боловсруулсан мөнгөөр л угааж байна. Цаас үйлдвэрлээд асуудал шийдэгдэхгүй. Асуудлыг ул суурьтай шийдэх хэрэгтэй. Нийгмийн шаардлагаар Засгийн газар, УИХ гээд бүх шатны шийдвэр гаргах түвшинд нэгдсэн ойлголттой, үндэснийхээ эрх ашгийг нэгт тавьж байж, нийтийн эрх ашиг хангагдана. Тэрнээс хэн нэгэн хүн өглөө босоод мэргэн ухаан дээрээ метро барина гээд магадгүй 2028 оны сонгуульд нэг нүх ухаад ажил эхэллээ гэж хэлэх байх. Гэхдээ үүнд итгэж болохгүй. Нийслэлийн төсвиийг харахаар үйл ажиллагааныхаа эрэмбэ дарааг орхигдуулсан байгаа нь үнэхээр харамсалтай. Туулын хурдны замд гэхэд 800-гаад тэрбум төгрөг өнөө жил тавигдаж байна. Ажил эхлэхээсээ өмнө 200-гаад тэрбум төгрөгийг шилжүүлэх юм шиг байна. Тендерт шалгарсан компаниуд өөрийн хөрөнгөөрөө 30 хувь эхлүүлчихээд гүйцэтгэлээрээ санхжүүлт авдаг. Яг үндэсний хэмжээний компаниуд дээрээ дабель стандарт гаргадаг хандлага таалагдахгүй байна. Иргэд үүнийг ерөөсөө мэдэхгүй. Нийслэл болон дүүргийн үйл ажиллагаануудыг анзаардаггүй. Бүх шийдвэрүүдийг Их хурал, Засгийн газар гаргадаг гэж ойлгодог. Бага шатандаа маш их юм бий. Хан-Уул дүүрэг гэхэд 210 тэрбум төгрөгийн төсөвтэй. Гэтэл 3000 хүрэхгүй санал авсан хүн 280 мянган иргэнийг төлөөлөөд НИТХ-д сууж байх жишээтэй.
-Нийслэлийн харьяа байгууллагуудад төсөвлөсөн хөрөнгүүдийн талаар сонирхуулахгүй юу?
-Бизнес инновацийн газарт 2.7 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ үйл ажиллагаа хяналт гэж байхгүй. Улаанбаатар хотын дөнгөж бизнес эхлүүлж буй компаниудын хэд нь зах зээлд нэвтэрсэн юм, ямар, ямар үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой бус. Энэ 2.7 тэрбум төгрөг бол зүгээр л хэн
нэгэн даргыг эрхлүүлж байгаа мөнгө. Мөн Бодлого судалгаа шинжилгээний зардал гэж дөрвөн тэрбум төгрөг тавьсан. Энэ байгууллага ямар тодорхой судалгаа хийдэг юм, ямар бодлого гаргадаг юм. Хэдэн материалууд ирдэг юм. Яг бодитоор иргэдээс санал авдаг юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй. Гэтэл зарим дарга нар нь шийдвэр гаргахад хоёр санал ирсэн гээд яриад байж байх жишээтэй. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэн, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжид 526 сая төгрөг төсөвлөсөн. Гэр хороололжуулах гээд байгаа юм уу, гэр хорооллоосоо салаад орон сууцжуулах гээд байгаа юм уу гэдэг бодлого байхгүй. Метроны ажил дээр өнөө жил 17 тэрбум төгрөг тавьсан. Энэ бол зөвхөн зөвлөх үйлчилгээний мөнгө. Өөрийн гэсэн толгой, боловсон хүчин байхгүй учраас хэн нэгэнд өгч байна. Ийм маягаар эрх баригчид зүгээр л мөнгө хийж байгаа гэж харагдаж байна.
Хотын мэрийг дуудахад ирдэггүй дарга нар бий. Тэд бол есөн дүүргийн Засаг дарга нар. Ардаа хамгаалалттай, улс төрийн дэмжлэгтэй болохоор хотын даргыг дуудахаар ирдэггүй биз. Ийм том толгйтой, вакумжсан, амьдралаас тасаргчихсан хүмүүс иргэддээ яаж очиж ажиллах вэ дээ.
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн тө...
8 цагийн дараа
Украиныг дэмжих шийдвэрийн эргэн тойронд…
Брюссельд энэ сарын 3-нд НАТО-ийн гишүүн улсууд чуулж, Украины асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав. НАТО-ийн тэргүүн Марк Рютте сэтгүүл...
7 цагийн дараа
Чингис хаан Үндэсний музей Ватиканы Апостолын номын сан хооронд “Санамж бичиг” байгууллаа
Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаасээ эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зү...
7 цагийн дараа
О.Зундуйдорж: Ирэх оны нийслэлийн төсөвт торгуулиар 192 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна
НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржтой ярилцлаа. -Нийслэлийн ирэх 2026 оны төсөв өнөөдөр батлагдах гэж байна. Сөрөг хүчний төлөөлөгчийн х...
7 цагийн дараа
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга засаглаад сууна гэж байхгүй
Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Таны хувьд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын да...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


