Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

М.Тулгат: Төсвийн алдагдал нь бизнесүүдэд очих санхүүжилтийг төр булаах нөхцөл рүү түлхдэг

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 04

news-img

АН-ын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч М.Тулгаттай ярилцлаа.


-Татварын бодлого гэдэг улс орны хувьд амин чухал асуудал. Энэ бодлого буруу явбал улс балардаг гэж ойлгож байгаа. Таны хувьд манай улсын татварын бодлого хэрхэн явж байна вэ?

-Татварын бодлого үнэхээр амин чухал гэдэг нь үнэн. Сүүлийн жилүүдэд нэг зүйл тод мэдрэгдэж байна. Татвар ихсээд, харин төрийн үйлчилгээ, иргэдийн амьдралын чанар сайжирсангүй. Миний харж байгаагаар өнөөдрийн татварын бодлого хөдөлмөрлөж, баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа идэвхтэй, бас албан ёсоор компаниа байгуулаад, татварт мэдүүлээд явж байгаа хэсгийг шахдаг, дарамталдаг. Харин албан бус бизнес эрхэлдэг, ямар ч бүртгэлгүй, татвараас зайлсхийдэг хэсэг, эсвэл хөрөнгөө зүгээр “дарчихсан”, олон байр, оффис түрээслээд үл хөдлөхийнхөө бодит үнэлгээнд зохих татвар төлдөггүй хэсгийг хайхрахгүй өнгөрөөдөг тогтолцоотой. Далд эдийн засгийг шахах юмуу үргүй зардлаа танахын оронд татвар төлөгчдөөс бүр илүү авах амархан замыг сонгож ирсэн гэж хэлж болно. Төрийн өмчит компаниуд, төсвийн байгууллагуудын хяналтгүй үрэлгэн зардал дээрээсээ эхлэх ёстой байтал хамгийн түрүүнд иргэд, бизнес рүү орсон.

-Сүүлийн 10 жил нэг нам дангаараа засаглалаа. Энэ хугацаанд татвар хэдэн хувь нэмэгдэв гэдгийг хэн хүнгүй л мэдэрч, мэдэж байна. Нэг талдаа татвараа нэмж байгаа бол нийгмийн асуудлаа шийдэж байх ёстой. Гэвч эсрэгээрээ татвар нэмэгдээд амьдрал улам дордож, иргэдийн төрөөс авах үйлчилгээ хүндэрсээр л байх шиг. Энэ утгаараа татвар төлсөн иргэд адаглаад ямар эрх эдлэх ёстой юм бэ?

-2016 оноос хойш МАН дангаараа олонх болж, бодлогоо тогтвортой явуулах бүх боломжийг атгаж ирлээ. Гэтэл энэ хугацаанд хувь хүний орлогын татвар шаталж нэмэгдсэн, нийгмийн даатгалын ачаалал өссөн, жижиг дунд бизнесийн мөрөн дээр буусан татвар, шимтгэлийн нийт дарамт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Татвар нэмэгдэж байхад эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц хүртээмжтэй, чанартай болох ёстой. Бизнесийн орчин сайжирч байвал бас ойлгоно. Гэтэл тийм мэдэгдэхүйц сайжрал гарсангүй. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид наад зах нь төрийн үйлчилгээ авах эрх, төсвийн мөнгөнд хяналт тавих, мэдээлэл авах эрх нь хангагдаж чадахгүй байна. Нийгмийн даатгал төлөөд байдаг, нийгмийн баталгаа дээшилдэггүй. Би татварын бодлогын реформыг төсвийн үргүй зардлыг, ялангуяа төрийн өмчит компаниуд дахь хулгай, үрэлгэн байдлыг цэвэрлэхтэй заавал хамт ярих ёстой гэж үздэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, төрийн өмчийг ашигладаг компаниуд өнөөдөр хамгийн тансаг машин, оффис, үр ашиггүй тендерийн үүр уурхай болсон.

-Сонгууль бүрээр нам, улстөрчид татварыг багасгана, бууруулна, шинээр татвар нэмэхгүй гэж амлан гарч ирдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд татвар шиг нэмэгдсэн нь алга. Энэ нь ард түмнээ залилж, төрийн эрх мэдэлд хүрч байгаа үйлдэл үү. Нөгөөтэйгүүр татвар нэмэхгүй гэсэн атлаа яагаад нэмээд байдаг шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Амлалтаасаа ухарч татвар нэмнэ гэдэг бол юуны өмнө улс төрийн хариуцлагын асуудал.

Ард түмнээ хуурсан эсэхийг эцэст нь сонгогчид дүгнэж байх ёстой. Миний харж байгаагаар гол шалтгаан нь, нэгт популист амлалтаар төсвөө бодит бус бүрдүүлчихээд, дараа нь алдагдлаа нөхөхийн тулд татвар нэмж ирсэн. Хоёрт, төсвийн үргүй зардал, төрийн өмчит компаниудын хэт тансаглалыг танахын оронд татвар төлөгчид рүү орох амархан аргыг сонгосоор байна. Гуравт, татварын сууриа өргөтгөж чадалгүй, НӨАТ-ын босго гэх мэт зохицуулалтаар олон бизнесийг системээс гадуур байлгаснаар цөөн хэдэн “цэвэрхэн” ажиллаж буй ААН, иргэн дээр бүх дарамт төвлөрсөн. Хэрэв сонгуулиар ялж гарч ирсэн улс төрийн хүчин сонгуулийн амлалтдаа хүрэхгүй, удаа дараа ил цагаан хууран мэхэлж байгаа бол, манай ард түмэн сонгуулийн хариуцлага тооцож чадахгүй, эрх баригч нам, улстөрчдийн толгойг илээд байна гэсэн үг.

-Монголд татвараас болж эдийн засаг тэлэхгүй, шинэ зах зээл бүрдэхгүй байна гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Засгийн газраас татварын шинэчлэл хийхэд манай улсын төсөв зарлагаа дийлэхгүй гэж байна. Тэгвэл яаж бид татварын реформ хийх ёстой юм бэ?

-Энд хоёр зүйлийг зэрэг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэгдүгээрт, одоогийн тогтолцоо жижиг, дунд бизнес, хөдөлмөрийн албан орлогын хувьд хэт хүнд байна. Нийгмийн даатгал, орлогын татвар, НӨАТ, бусад шимтгэл нийлээд үзвэл албан ёсоор хөдөлмөрлөж, ажлын байр бий болгож байгаа хэсэг дээр л бүх ачаа бууж байна. Нөгөө талаар төсвийн зарлага, халамж, алдагдал хэт хөөрөгдсөн тул зардлын реформгүйгээр татварын реформ явахгүй. Төсвийн их хэмжээний алдагдал нь хувийн хэвшил, бизнесүүдэд очих байсан зээл, санхүүжилтийн нөөцийг төр нь булааж авах нөхцөл байдал руу түлхдэг.

Би НӨАТ-ыг 10-5 хувь болгон үе шаттай бууруулж, босгыг болиулан бүх бизнесийг жигд хамруулах, орлогын татвар, нийгмийн даатгалын ачааллыг багасгаж, харин хөрөнгийн татвар буюу, үл хөдлөх болон өв залгамжлалын татваруудыг үе шаттай нэмэгдүүлэх боломжтой гэж боддог. Ингэснээр ажиллаж хөдөлмөрлөж, эдийн засагт эргэлт бий болгож байгаа хэсгээ харьцангуй дэмжиж, аль хэдийнэ хөрөнгөжиж, түүнээс улам их ашиг хүртэж суудаг, эдийн засгийн идэвхгүй, эргэлтгүй хэсэгт ачаалал өгдөг шударга, мөн баялаг бүтээгчдийг дэмжсэн тогтолцоо руу шилжих юм. Мөн татварын эдгээр шинэчлэлийн хажуугаар төсвийн үргүй зардал, төрийн өмчит компаниудын хулгай, үрэлгэн байдлыг хатуу цэвэрлэх ёстой.

-АН-ын бүлгийн дарга хувийн хэвшил, аан-үүдийг дэмжихийн тулд татварын өршөөлийн хууль санаачлахаа илэрхийлсэн. Үүнийг нь дэмжих, дэмжихгүй гээд хуваагдчихлаа. Та хувьдаа уг хууль батлагдсанаар эдийн засаг, төр, бизнесийн орчинд ямар ач холбогдол бий болно гэж харж байгаа вэ?

-Татварын өршөөлийн хууль яаж хийхээс хамаараад эрс тэс үр дүн харуулах зүйл. Эерэг талаас нь харвал, ковид, өндөр хүү, инфляцийн дарамтад орж татварын өр, торгуулиас болоод гацаанд орсон олон жижиг, дунд бизнес нэг удаа амьсгаа авах боломжтой. Мөн сүүдэр эдийн засагт байсан орлогыг ил болгож, албан системд оруулах сэдэл төрүүлж болно. Нөгөө талаас нь харвал шударга татвараа төлж ирсэн иргэн, ААН-үүдэд “төлөөгүй нь хожиж, төлсөн нь хохироод байна” гэсэн маш хүчтэй шударга ёсны гомдол бий болгоно. Дахиад өршөөл гарна гэсэн хүлээлт үүсвэл татварын сахилга бат улам суларна. Тиймээс би зарчмын хувьд зөвхөн жижиг, дунд бизнест чиглэсэн, тодорхой шалгууртай буюу хязгаартай, нэг удаагийн, цаашдын татварын реформтой уялдсан өршөөлийг л ярьж болно гэж үзэж байна. Том, улс төрийн нөлөөтэй, авлигын шинжтэй их өр, маргааныг өршөөлд хамруулж болохгүй.

-Татварын өршөөлийн хууль хэнд ашигтай, хэнд алдагдалтай, цаашид илрэх үр дагавар нь ямар байх бол?

-Богино хугацаандаа татварын өршөөл нь татварын өрөнд живчихсэн, гэхдээ бодитоор бизнес хийж, ажлын байр бий болгож байсан жижиг, дунд аж ахуйн нэгж, иргэдэд ашигтай. Тэд бизнесээ албан ёсоор үргэлжлүүлэх, зээл, санхүүжилт авах боломжоо сэргээж чадна, төсөв ч тодорхой хэмжээний бодит орлого авч болно. Харин шударгаар, хугацаандаа татвараа төлж ирсэн татвар төлөгчдийн хувьд шударга ёсны мэдрэмж алдагдах, “дараагийн удаа би ч бас төлөхгүй байя” гэсэн сэтгэлгээ үүсэх эрсдэл хамгийн том алдагдал. Урт хугацаандаа хамгийн аюултай нь өршөөл давтагдсаар байвал татварын соёл, сахилга сүйднэ, хүмүүс татварыг хууль, ёс суртахууны үүрэг гэж бус, улс төрийн наймааны хэрэгсэл гэж харж эхэлнэ. Тиймээс өршөөл ярьж байгаа бол “сүүлчийнх” гэдгийг нь маш тодорхой зааж, хуульчилж, татварын тогтолцоо, удирдлагын бодит реформтой хослуулах, шударгаар төлж ирсэн татвар төлөгчдөд ирээдүйн хөнгөлөлт, урамшуулал санал болгох цогц арга хэмжээтэй хамт хийх нь чухал.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...

img

7 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...

img

7 цагийн дараа

Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна

Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...

img

6 цагийн дараа

Кремлийн уулзалт өндөрлөв

Кремльд АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Владимир Путинтэй уулзаж, ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд