мэдээ
Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна

Админ
2025 оны 12 сарын 04

Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд шатахуун тасарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дизель түлш ховордож, ачааны буюу том оврын машинууд тээвэрлэлт, нийлүүлэлтээ хийж чадахгүй байдалд хүрсэн хэмээн жолооч нар хэлж байна. Гэтэл нийслэлийн хэмжээнд 367 шахмал түлш борлуулах цэг байдаг. Эдгээр цэгүүд нь өдөр бүр том оврын ачааны машинаар, 5-10 тонн шахмал түлшний нийлүүлэлт хүлээн авч, иргэдэд түгээдэг байна. Харин өнгөрсөн долоо хоногоос дизель түлш хомсдож, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, доголдоход хүрсэн хэмээн түлш борлуулах цэгийн ажилтнууд, иргэд хэлж байна. Тиймээс бид нийслэлийн хэд хэдэн түлш борлуулах цэгээс нийлүүлэлт, тээвэрлэлтийн бодит нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн VIII хорооны “Зүүн тасган”-ы түлш борлуулах цэгийн ажилтан: -Манай цэгийн хувьд уржигдар, өчигдөр хоёр шахмал түлшний нийлүүлэлт тасарсан. Тэгээд урьд шөнө нийлүүлэлт нөхөж ирсэн. Ер нь шахмал түлшний тээвэрлэлт нэлээд доголдолтой байх шиг байна.
Өмнө нь шахмал түлшний нөөц тасардаг байсан бол одоо тээвэрлэлт нь тасардаг болжээ. Зарим хүн шатахууны хомсдолтой холбоотой гэж ярих юм. Хэрэв дахин, дахин нийлүүлэлт тасарвал иргэдийн нөхцөл байдал хүндрэх шинжтэй. Бүтэн хоёр өдөр түлш тасарсан учраас иргэд их бухимдалтай байгаа.
Чингэлтэй дүүргийн XIII хорооны Хайлаастын уулзвар дахь “Гялгар модны зах”-ын түлш борлуулах цэгийн ажилтан: -Өнөөдрийн байдлаар манай түлш борлуулах цэг хоёр өдрийн 20 тонн түлшээ хүлээж аваагүй байна. Угаасаа шахмал түлшний тээвэрлэлт доголдолтой байгаа гэсэн. Би хувьдаа шатахууны хомсдол гэхээсээ илүү ачаалалтай байгаа юм болов уу гэж ойлгосон. Гэхдээ дизель түлш ховордож, ачааны машинууд хөдлөхгүй байгаа гэдэг нь үнэн байж мэднэ. Яагаад гэвэл би өчигдөр шатахуун авах гээд колонкийн гадаа бараг гурван цаг оочерлосон. Юутай ч өнөө орой гэхэд шахмал түлшний тээвэрлэлт бүх цэгүүдэд очно гэх мэдээ ирсэн. Хүлээж л байна.
Чингэлтэй дүүргийн VII хорооны “Хувьсгалчдын гудамж”-ны түлш борлуулах цэгийн ажилтан: -“Манай цэг дээр шахмал түлшний нийлүүлэлт тогтмол ирж байгаа. Бусад цэг дээр нийлүүлэлт тасарсан гэсэн. Одоогоор манайд ямар ч асуудал үүсээгүй. Гэхдээ маргааш нийлүүлэлт тасрах эрсдэлтэй байна. Бусад газрууд хоёр, гурван хоногийн 10-20 тонн түлшээ одоо хүртэл авч чадаагүй байгаа шүү дээ. Дизель түлш хомсодсон учраас тээвэрлэлт зогссон гэж иргэд ярьж байгаа. Угаасаа жижиг суудлын автомашинаар шахмал түлшний тээвэрлэлт хийхгүй шүү дээ. Тэгэхээр дизель түлшний нийлүүлэлт тогтворжсоны дараа шахмал түлшний тээвэрлэлт хэвийн болно гэсэн үг үү. Жаахан сонин асуудал юм.
Чингэлтэй дүүргийн XV хорооны “Жаргалант”-ын түлш борлуулах цэгийн ажилтан: Өнөө орой шахмал түлшний нийлүүлэлт ирнэ гэсэн. Хүлээгээд л сууж байна. Өчигдөр шахмал түлшний нийлүүлэлт ирээгүй. Ямар асуудал үүссэнийг нь сайн мэдэхгүй байна. Иргэд үнэхээр бухимдалтай байгаа.
Чингэлтэй дүүргийн X хорооны “Дэнжийн 1000”-ын түлш борлуулах цэгийн ажилтан: -Өчигдөр нэлээд орой түлшний нийлүүлэлт ирсэн. Харин өнөөдөр ирсэнгүй. Утсаар залгаж асуухад орой гэхэд очно гэсэн. Ер нь шахмал түлшний тээвэрлэлт жаахан доголдсон гэх сураг гарсан шүү. Иргэд дизель түлш тасарсан учраас шахмал түлш түгээдэг ачааны машин хөдлөхгүй болсон гэж ярьж байна. Нэг асуудал нь нөгөөгөө хөлдөө чирэх юм гээд нэлээд бухимдалтай байгаа. Хэрэв үнэхээр шатахууны асуудлаас үүдэлтэй бол дараа дахин ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Шатахуун хомсдох бүрд шахмал түлшний тээвэрлэлт доголдоно гэсэн үг үү.
Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны “Мандал овоо” дахь түлш борлуулах цэгийн ажилтан: -Сүүлийн таван өдөр шахмал түлшний нийлүүлэлт оройтож ирсэн. Өмнө нь өдөр, эсвэл өглөө эрт ирдэг байсан юм. Өчигдөр гэхэд шөнийн 22:00 цагийн үед ирсэн. Тэгээд нэг цаг орчим шахмал түлшээ борлуулж байгаад хаасан. Өнөөдрийн таван тонн түлшний нийлүүлэлт одоогийн байдлаар ирээгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн II хорооны “Орбит” дахь түлш борлуулах цэгийн ажилтан: Манай цэгийн хувьд шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа. Гэхдээ өнөөдөр биш ч маргааш нийлүүлэлт тасрахыг үгүйсгэхгүй шүү дээ. Зарим шахмал түлш борлуулах цэгт нийлүүлэлт тасарсан гэсэн. Хэрэв түлш ирэхгүй удвал иргэд яах болж байна вэ. Өвлийн хүйтэнд юугаа түлж дулаацах вэ. Ялангуяа нялх хүүхэдтэй, хүнд өвчтэй, ханиад томуутай хүмүүсийн хувьд хүндхэн тусна шүү дээ. Түлш ирэхийг хүлээсээр байгаад хүүхдүүдийн ханиад хатгаа болбол хэн хариуцах вэ гээд асуулт их байна даа.
Сонгинохайрхан дүүргийн XXVIII хорооны “Сансар” түлш борлуулах цэгийн ажилтан: Сүүлийн хэдэн өдөр дандаа оройтож ирж байгаа. Зарим түлш борлуулах цэгтэй харьцуулахад манайд нийлүүлэлт тасраагүй. Хамгийн гол нь хэт оройтож ирж байна. Үүнд нь иргэд ч бухимдалтай байгаа. Дөрвөн цаг орчим түлэх түлшгүй хүлээгээд сууна. Тэгэхээр иргэд бухимдах нь аргагүй шүү дээ. Мэдээж, тээвэрлэлт хийхэд асуудал гарч байгаа байх. Гэхдээ иргэд хөлдөх, даарах эрсдэл үүсээд байна. Тиймээс дизель түлшнийхээ нийлүүлэлт, нөөцийг нэмэгдүүлдэг ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Сүүлийн гурав, дөрвөн сар шатахуун хомсодсон. Дизель түлш жаахан ховордоход л ийм асуудал үүсч байна. Тэгвэл дизель, бензин гээд шатахуун бүхэлдээ хомсодвол нийслэлийн гэр хорооллынхон хөлдөхөд бэлэн байна шүү дээ.
Чингэлтэй дүүргийн XIII хорооны Хайлаастын уулзвар дээрх “Гялгар модны зах”-ын оршин суугчид: -Манай хороонд хоёр өдөр шахмал түлш тасарсан. Иргэд өвлийн хүйтэнд түлш ирсэн үү, үгүй юу гээд 30, 30 минутын зайтай цэгүүд дээр очиж асуудаг. Эсвэл түлш борлуулах цэгийн ажилтныхаа утас руу байнга залгаж асууна. Сүүлдээ түлш борлуулах цэгийн ажилтнууд утсаа ч авахаа больсон. Хоёр дахь өдөр нь хөлдөж, үхэлтэй нь биш гээд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн түлш борлуулах цэгүүдээр явж үзлээ. Харамсалтай нь ганц шуудай нүүрс ч олж чадаагүй. Мөн “Шахмал түлш борлуулах” групп дээр хоёр шуудай сайжруулсан нүүрс зарна гэх зарын дагуу яриад залиланд өртлөө. Гэр хорооллын иргэдийн нөхцөл байдал ийм л байна үнэн. Одоо бидэнд хөлдөж үхэх л дутуу байна.
Ийм асуудал үүсэх болсон шалтгаан нь дизель түлшний хомсдол гэж байгаа юм. Арай тэнэг үү. Дизелийн хомсдол нь шахмал түлшний тээвэрлэлт, нийлүүлэлт доголдоход хүргэсэн гэсэн үг. Тэгэхээр дизелийн нөөц тогтворжсоны дараа гэр хорооллын иргэд гэрээ дулаацуулах түлштэйгээ золгох болж байгаа юм. Хэн энэ асуудлыг шийдэх ёстой юм бэ.
А.Даваадулам
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...
7 цагийн дараа
Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...
7 цагийн дараа
Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна
Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...
6 цагийн дараа
Кремлийн уулзалт өндөрлөв
Кремльд АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Владимир Путинтэй уулзаж, ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



