мэдээ
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон анхны амжилтын эзэн, олимп, дэлхийн хос медальтан Данзандаржаагийн Сэрээтэр

Админ
2025 оны 12 сарын 05

Угсраа, уран мэхт Улсын харцага
Төв аймгийн Лүн сумын 5 дугаар багийн нутаг “Тойн хүр” гэдэг газар малчин ард Данзандаржаагийн ууган хүү болон 1943 оны хонин жил төрсөн Сэрээтэр 1965 онд 22 насандаа улсын наадамд шууд зургаа даван чимэгтэй начин цол хүртэж, улмаар 1966 онд дахин 6 давж, 1967, 1973, 1981 онд 5 давсан, 2004 онд “Улсын харцага” цолоо Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн, хурдан шаламгай барилдаантай, барьцгүй хөлд орох, давхар хамах, хавсрах, өмсөх, тахимдан харвах, суйлах зэрэг олон мэхийг даацтай хийдэг манай улсын үндэсний бөхийн нэгэн алдартан билээ.
Д.Сэрээтэр харцага бол МУГД, МУАБ Солийн Магсар багшийн нь хэлснээр “Монголын бөхчүүд чөлөөт бөхөөр хэрхэн барилдахын үлгэрийг үзүүлсэн” бөх агаад өөрийн гарамгай эзэмшсэн монгол бөхийнхөө энэ олон сайхан мэхээр дэлхийд гайхуулж, гадаадын өрсөлдөгчдөөрөө “тоглож”, тэднийг чухам л “машиндаж” явсан, олон олон анхны амжилтын эзэн бөлгөө.
Д.Сэрээтэр олимп, дэлхий, олон улсын дэвжээнээ…
Цагдаагийн албан хаагчаар ажиллаж байсан 19 настай Д.Сэрээтэр 1962 онд Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүн болж, 1974 он хүртэл 12 жил шигшээ багийн тамирчин байхдаа хаана, хэзээ хэрхэн барилдаж, ямархан амжилт үзүүлж явсан тухай нь тогтон өгүүлэхийн учир байна. Энэ агуу бөхийн тухай бичин суугаа надад төрсөн шиг уншин суугаа танд ч бас “Ямар агуу бөх вэ, ямар бахдам амжилт вэ” гэсэн бахархалтай зэрэгцэн “Гэвч яагаад?” гэсэн эргэлзээт бодол өөрийн эрхгүй төрнө гэдэгт итгэлтэй байна.
Д.Сэрээтэр нь 1963 оны МБАТ-ний II спартакиад болон 1965 оны анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд тус тус жиндээ анх түрүүлэхийн хамт 1964 оны Германд болсон тэмцээнд 52 кг-д Ч.Дамдиншарав, 57 кг-д Б.Сүхбаатар нарын хамт алтан медаль хүртсэн нь манай улсын олон улсын тэмцээнээс авсан анхны алтан медаль бөгөөд 1964 онд Японы Токиогийн зуны XVIII олимпийн наадамд анх удаа эх орноо төлөөлөн оролцсон анхдагчдын нэг билээ.
Түүний барилддаг жин 70, 74 кг. Энэ жин хамгийн хэцүү жин. Учир нь дэлхийн хамаг л алдартан энэ жинд бусад жингийнхнээс илүү олон байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн эрчүүдийн дундаж жин.
Одоо түүний гайхалтай амжилтуудын тухай баримт түшин өгүүлье.
- Д.Сэрээтэр 1965 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы бөх И.Хориучтай 6 дугаар байрыг хуваан эзэлж багтаа шагналын 0.5 оноог авсан нь ДАШТ-ээс анх удаа авч байгаа манай багийн анхдагч оноо төдийгүй Монголын Улсын баг дэлхийн шилдэг эхний зургаан байранд шалгарах зам мөрийг нээж өгсөн түүхэн гавьяатай бөх мөөн. Энэхүү түүхт үйл явдлаас хойш манай улсын баг тамирчид дэлхийн шилдэг зургаан багийн эгнээнд хэдэнтээ жагсаж байсан нь бахархалтай.
- Одоогийн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 1968 онд тэр үеийн ЗХУ-ын 16 Бүгд Найрамдах Улсын шигшмэл бөхчүүдээс гадна Иран, Турк, АНУ, Болгар зэрэг орны шилдэг бөхчүүд оролцсон “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг олон улсын тэмцээнд манай бөх Д.Сэрээтэр алтан медаль авахдаа тус тэмцээний өмнөх оны аварга, эзэн орны бөх Н.Хохашвилийг давхар хамж ордог дархан мэхээрээ өргөж гаргаж ирээд далаар нь тавин цэвэр ялах мөчид чих дөжиртөл хашгиралдаж байсан олон мянган үзэгчид хэсэгхэн зуур ялаа нисэхэд ч сонсдом нам жим болсноо үзэгчдийн соёлын харуулан гэнэт алга нижигнүүлэн ташиж, хашгиралдан баяр хүргэсэн гэдэг. Энэхүү нэр хүндтэй, чансаа өндөртэй том тэмцээнд гадаад орны бөхчүүд тоотойхон хүртдэг алтан медалийн анхныхыг Монголын тамирчдаас Д.Сэрээтэр бөх маань ийнхүү дуулиантайхан хүртсэн нь манай улсын их спортын түүхэнд цоо шинэ хуудас болсон юм.
- Энэ түүхэн онцгой амжилтыг үзүүлснээс хойш ердөө хоёрхон сарын дараа олон улсын тэмцээний чансааны хоёрт эрэмбэлдэг Болгарын “Дан-Колев”-ын тэмцээнд гарамгай ялалтуудыг хийж, улмаар шигшээ барилдаанд Олимп, Дэлхийн аварга, Олимп, Дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт, дэвжээний эзэн бөх Е.Вылчевийг ялах бүрэн боломжтой байсан боловч дэвжээний эзэн орны бөхтэй оноогоо луйвардуулан байж тэнцээд, уг тэмцээний анхны алтан медалийг анх эх орондоо авчирчээ. Хожим энэ тэмцээний удаахь алтан медалийг манай алдарт бөхчүүд болох Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов нар хүртсэн түүхтэй.
- Д.Сэрээтэр Монгол Улсын баг тамирчид дэлхийн аваргад шагналт байр эзлэх анхны оноог авч, 1968 онд дэлхийд бөхийн чансааг тодорхойлдог өмнө өгүүлсэн хоёрын хоёр том тэмцээний анхны алтан медалиудыг хүртсэн бол мөн ондоо Мехикогийн Олимпод эхний учраагаа оноогоор, 2, 4 дүгээр тойрогт өрсөлдөгчөө 57 сек, 1 мин 52 сек-д цэвэр ялж, 3 дугаар тойрогт Туркийн алдарт бөх Дэлхийн аваргын хүрэл медальт бөхийг 6:1 оноогоор ялан тус Олимпоос Монгол Улсын анхны (энэ олимпоос манай дөрвөн бөхийн хүртсэн дөрвөн медаль бүгд анхны медаль) хүрэл медалийг хүртэж, Монголынхоо ард түмнийг баярлуулсан түүхэн гарамгай амжилтыг үзүүлсэн мөнхийн гавьяатан билээ.
- Д.Сэрээтэрийн бас нэг онцлог том амжилт нь 1970 оны ДАШТ-ээс Монголын тамирчдаас цорын ганц хүрэл медалыг авсан явдал бөгөөд энэ нь Монголын бөхчүүдийн ДАШТ-ээс авч буй хоёр дахь медаль байсан юм. Анхны хүрэл медалийг 1967 онд манай домогт бөх Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат хүртэж байлаа.
- Д.Сэрээтэр 1971 оны ДАШТ-д одооны дүрмээрсэн бол торолгүй түрүүлсэн юм. Тэрээр Дэлхийн аваргын мөнгөн медальт Ираны М.Фархандустай тэнцэж, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга бөх Францын Д.Робин, Японы Н.Танака, Германы В.Ничке, Румыны Л.Амбруш нарыг дараалан ялж, нэг ч ялагдаагүй боловч манай бөх шагналт 6 дугаар байранд орж, манай бөхтэй оноолт таараагүй ЗХУ-ын бөх Ю.Гусев (түүнтэй манай Сэрээтэр нэг ялж, нэг тэнцсэн удаатай) түрүүлж, манай бөхөд ялагдсан Л.Амбруш мөнгө, тэнцсэн М.Фархандус хүрэл медаль авсан түүхтэй. Ялсан бөх нь медаль ч үгүй үлдэж түүнд ялагдсан бөхчүүд медаль хүртсэн энэ хачин байдал нь тэр үеийн “Олон улсын бөхийн барилдааны дүрэм”-ийг өөрчлөхөд хүргэснээр Олон улсын бөхийн холбоо (FILA) ялагдаагүй бөхийг цаашид хохироохгүйн үүднээс арга буюу дүрмээ тэр тэмцээний дараа өөрчилжээ.
Тэр үед бөх бүр барилдаанд оролцохдоо “торгуулийн” гэх 6 оноотойгоор барилдаж эхлэх бөгөөд цэвэр ялбал торгуулийн оноо хасагдахгүй, харин оноогоор ялбал нэг оноо, тэнцвэл хоёр оноогоо алддаг дүрэмтэй байсан тул нэг удаа тэнцэж, дөрвөн удаа ялсан манай бөхийн торгуулийн оноо дууссан байна. Хэрэв тэр цагт өнөөгийн дүрэм байсан сан бол Д.Сэрээтэр гуай маань яах аргагүй л манай улсын анхны Дэлхийн аварга болох байсан юм.
- Манай бөхийг дэлхийн алдарт бөхчүүд хэрхэн үнэлж байсан нь түүний хэн болохын тодорхойлолт мэт санагдана. ОХУ-ын бөхийн голомт болсон Дагестан улс Хасавюрт хотдоо жил бүр болдог олон улсын тэмцээний үеэр дэлхийн сор бөх, бөхийн зүтгэлтнүүдийг урьдаг сайхан уламжлалтай бөгөөд 2005 онд болсон энэ уулзалтын үеэр Олимпын хошой аварга, Дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Леван Тедиашвили уг тэмцээнд хүндэт зочноор оролцсон Адуучийн Басхүүд хандан “Басхүү, би танай Д.Сэрээтэрийг Дэлхийн аварга болоогүйд маш их гайхдаг, тэр бол ерөөсөө төрмөл Дэлхийн аварга бөх шүү дээ, үнэхээр гайхалтай бөх, барилдаан нь зүгээр л машин гэсэн үг” гэж хэлсэн удаатай.
Бас түүнд ялагдаж явсан дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт бөх Францын Д.Робин “Монголын Сэрээтэрийн барилдааныг би ерөөс ойлгож чадалгүй хоёр удаа яах ч аргагүй ялагдсан даа” гэж өгүүлсэн байдаг. Энэ хоёр алдарт бөхийн үг Д.Сэрээтэрийн ямархан алдарт бөх, одооныхны хэлдгээр чөлөөт бөхийн чухамхүү “Од” байсныг илэрхийлнэ.
- Манай бөхчүүдээс ДАШТ-ий дэвжээн дээр дэлхийн аварга бөхийг (Францын бөх Д.Робин) ялсан анхны бөх бол мөн л Д.Сэрээтэр гуай маань байлаа.
- Улсынхаа дэвжээнд тэрээр Монгол Улсын 7 удаагийн аварга, Монголын бүх ард түмний Спартакиадын хоёр удаагийн аварга, Улаанбаатар хотын таван удаагийн аварга, Улаанбаатар хотод зохиогдсон социалист орнуудын армиудын бөхийн чөлөөт барилдааны дөрвөн удаагийн аварга бөх билээ.
Д.Сэрээтэрийн ажил, амжилт, гавьяа, шагнал
Олимп, Дэлхийн хос медальтан, улсын харцага Д.Сэрээтэр 1973 онд Улсын Багшийн Дээд Сургуульд суралцан дүүргэж, НАХЯ-ны “Цэргийн Дээд Сургууль”, “Хилийн цэргийн сургууль”, “Дотоод хэргийн их сургууль”, Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын дээд сургууль, “Аварга”, “Их шавь” сургуулиудад бөхийн багш, арга зүйч, Биеийн Тамир Спортын Улсын Хороонд улсын дасгалжуулагч, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар улсад 50 гаруй жил ажилласан бөгөөд түүний олон мянган шавь нарын дундаас үндэсний бөхийн төрлөөр Улсын дархан аварга нэг, аварга нэг, Улсын арслан дөрвөн, Улсын гарьд нэг, Улсын заан гурав, Улсын харцага дөрөв, Улсын начин 25 төрсөн бөгөөд чөлөөт бөхийн төрлөөр ч олимп, тив дэлхийд нэр алдраа дуурсгасан олон алдартан төрөн гарсан юм.
Тэрээр 1998 онд “Боловсрол судлалын магистр”-ын зэрэг хамгаалж, 2001 онд дэд профессор, 2002 онд ахлах багш, 2006 онд Боловсролын Их Сургуулийн “Хүндэт профессор”, 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын багш” цол хүртсэн нь Монгол Улсын спортын түүхэн дэх анхны багш-дасгалжуулагч юм. Тодруулан хэлэхэд түүний “Ардын багш” цол бол түүний багш дасгалжуулагчийн хөдөлмөр, төрүүлсэн шавь нарын тоо, чанарыг үнэлсэн үнэлгээ юм.
Одоо Монгол Улс Олимп, Дэлхий, Олон улсын дэвжээнд дэлхийн алдарт бөхчүүдийг алмайруулан, Дэлхийн бөхийн дүрмийг нь өөрчлүүлэн од мэт гялалзаж байсан алдарт бөхийнхөө хөлс дуслуулсан олон жилийн нөр хөдөлмөрийг хэрхэн үнэлэн, тэр сайхан бөхөө хэрхэн урамшуулж байсныг сонирхъё.
Монгол улс 1963 онд “Спортын мастер” цолоо, 1968 онд өмнө өгүүлсэн ёсоор “Тбилиси”, “Дан-Колев”-ын тэмцээнд дараалан түрүүлэхэд нь “Гавьяат мастер” цолоо олгоод, 1968 оны Олимпийн их наадмаас анхны хүрэл медаль хүртээд ирэхэд нь “Алтан гадас” одонгоороо шагнажээ. Гайхалтай нь 1970 онд ДАШТ-ээс хүрэл медаль аваад ирэхэд нь, 1971 онд монгол бөхийн ид хавыг харуулан тав ялж, дэлхийн бөхийн дүрмийг өөрчлүүлээд ялагдалгүй ирэхэд нь хүний урманд “Сайшаалын үнэмлэх”- ч өгсөнгүй ажээ. Харин 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн наадам, Иран улсын эзэн хааны нэрэмжит тэмцээний мөнгөн медалийг тус тус авахад нь “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.
Төгсгөлд МЧБХ-оос асуух асуулт, Төрөөсөө гуйх гуйлт
Өмнө өгүүлснээс үзвэл Монгол Улс Данзандаржаагийн Сэрээтэр гэдэг алдарт бөхийнхөө ДАШТ-ий болон Олимпын их наадмын ХОС ХҮРЭЛ медаль хүртсэн амжилтыг өдгөө хүртэл зүй ёсоор, бусдын адил үнэлээгүй байна.
Эхний асуулт: “Яагаад энэ вэ?”
Хоёрдахь асуулт: “Түүний чөлөөт бөхийн амжилт бусдынхаасаа илүү юу гэхээс дутуугүй бус уу?”
Гурав дахь асуулт: Монголын төр, Олимпийн наадмаас анхны медаль хүртсэн дөрвөн бөхийнхөө хоёрт (харамсалтай нь нэг хүрэл медалийн эзэн Төмөрийн Артаг хэмээх алдарт бөх хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн) нь “Хөдөлмөрийн баатар” цолоо хайрласан мөртөө яагаад Д.Сэрээтэр гуайгаа үлдээгээд байна вэ?
Төрөөсөө гуйх гуйлт: Олимп, Дэлхийн дэвжээнд олон аавын хүүгийн хүрээгүй амжилтыг үзүүлэн төрийнхөө Алтан соёмбот далбааг хоёронтоо мандуулсан ХОС МЕДАЛИА гялалзуулан наяын өндөр босгыг даваад ануухан сайхан яваа Д.Сэрээтэр гуайгаасаа одоо дахиад Олимп, Дэлхийн медаль хүлээгээгүй л бол “Өмнөх нийгэм, өмнөх төрийн алдааг залруулан энэ сайхан бөхдөө “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоо хайрлаач” хэмээн МЧБХ алдарт бөхийнхөө тодорхойлолтыг албан ёсоор Төрдөө өргөн барьсан гэдэгт итгэн алтан Төрөөсөө доор мэхийн гуйя.
МУСГЗ Довдонгийн Данзан,
МУАБ Адуучийн Басхүү
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад...
8 цагийн дараа
Мал өвөлжилт Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар хүнд байна
Энэ сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулав. Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны ө...
7 цагийн дараа
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон анхны амжилтын эзэн, олимп, дэлхийн хос медальтан Данзандаржаагийн Сэрээтэр
Угсраа, уран мэхт Улсын харцага Төв аймгийн Лүн сумын 5 дугаар багийн нутаг “Тойн хүр” гэдэг газар малчин ард Данзандаржаагийн ууган...
7 цагийн дараа
Татварын энэ бүх дарамтыг “үйлдвэрлэсэн” хүн нь УИХ-ын гишүүн Б.Заяабал
Ноднин жилийн УИХ-ын сонгуулийн дүнгийн дараа хэд хэдэн хүнийг овоо ажил хйих болов уу хэмээн ард түмэн харж, ярьж байсны нэг нь Б.З...
7 цагийн дараа
Тухайн асуудлаар мэргэжлийн биш бол инфлүүнсер хийж, контент бэлтгэж, бараа үйлчилгээг сурталчлахыг хориглох хэрэгтэй
Энэ цаг үед нийгэмд хамгийн их нөлөө үзүүлж буй хүмүүс бол инфлүүнсерүүд. Тэдний үг үйлдэл, санал бодол нь дагагчиддаа хүчтэй нөлөө ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



