мэдээ
Ардчиллын “Анхны 13”-т Монгол Улсын баатар цол олгоё

Админ
2025 оны 12 сарын 10

Ардчиллын “Анхны 13” гэхээр монголчууд бүгд мэднэ. Ерэн оны Ардчилсан хувьсгал бол нийгмийг огт өөр нийгмээр сольсон түүхэн үйл явц. Хувьсгалаар хийгддэг зүйл. Үүний манлайд явсан нэр бүхий 13 хүнийг одоо ярьж эхэлцгээе. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Зориг, Дарь.Сүхбаатар, Д.Энхбаатар, Ц.Энхтүвшин, Д.Сосорбарам, Б.Билэгт, Д.Баасан, Д.Нинж, С.Амарсанаа, “Малыш” Б.Энхтүвшин, Д.Нямсүрэн. Эдгээр 13 хүний ихэнх нь сэтгүүлчид. Үүнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. XX зуунд хийгдсэн дийлэнх хувьсгал ихэнхдээ сэтгүүлчид, оюутны масс дээр төвлөрсөн. Монголд ч 1989, 1990 оны хувьсгалт жагсаал цуглаанууд нийгмийн энэ хэсгийн нуруун дээр явсан юм. Нэрлэж байгаа нь энэ 13 болохоос тэдэнтэй яг энэ зэрэгцэхүйц хувьсгалд оролцсон олон зуун хүмүүс бий. Тэдний манлайд сэтгүүлчид, зохиолчид, зураачид, жүжигчид, шашины зүтгэлтнүүд… онцгой байр суурьтай байлаа.
Ямар нийгэмд амьдарч байгаад ямар болсныг он цаг өнгөрөх тусам улам тод томруунаар үлдээх ёстой. Тэгэхгүй бол мартана. Тиймийн тулд ерэн оны Ардчилсан хувьсгалын манлайд явсан эдгээр нэр бүхий 13 хүнд “Монгол Улсын баатар цол” олгоё гэж байгаа юм. Эндээс Ардчилсан хувьсгалын түүхэн ач холбогдол, үнэ цэнийг дахин шинэ шатанд гаргана. Ингэхгүйгээр ийм л эрх чөлөөт нийгэмд байсан юм шигээр сэтгэх, бодох, тийм үзэл суртлын явуулга ч Монголын нийгэмд хүчтэй явагдаж байна. Санжаасүрэнгийн Зориг биш, Жамбын Батмөнх гуай Ардчилсан хувьсгалыг хийсэн шигээр кино, уран бүтээл хийгдэж эхэлсэн нь байж болохгүй зүйл. Энэ нь явсаар эцэстээ Оросуудын дэмжлэгтэйгээр Ардчилсан хувьсгал хийгдсэн юм шиг болж мэдэх нь. Их ойрхон байгаа үйлдэл шүү. Тийм болохоор АН сэргэж байгаа энэ цаг үед АРДЧИЛЛЫН ТҮҮХ-ийг амьд гэрчүүд байгаа дээр нь бөхөлж авъя.
Ардчиллын түүх Монголын Ардчилсан Холбооноос албан ёсоор эхлэх ёстой. Гэхдээ… гэхдээ 1989 оны арванхоёрдугаар сарын 6-ны Эрдэнэтийн цуглаан, арванхоёрдугаар сарын 7-ны Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнуудын цуглаан бол үнэхээр эр зоригийн дуудлага, Монголын нийгэмд сэрүүлэг болсныг дурдах ёстой. Тэд ардчиллын анхдагч дуу хоолойнууд мөн. Ингээд хоёр гуравхан хоногийн дараа буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн гадаа хийж, Олон намын систем тогтоох, Хүний эрхийг дээдлэх, Бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан хийх, Хэлмэгдэгсдийг цагаатгах, Хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох… зэрэг 13 зүйл шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан юм. Энэ бол Ардчилсан хувьсгалын албан ёсны эхлэл байлаа. Энэхүү цуглааны түүхэн зураг, бичлэг дээр Ардчиллын эдгээр 13 баатар, бусад хувьсгалч нөхдийн бүгдийнх нь дүрс бий. Энэ бол эр зориг, шинэчлэл өөрчлөлтийн гайхамшигт дүр зураг байлаа.
Анх удаагаа зөвшөөрөлгүй хийсэн энэ цуглаанд 300 шахам хүн сайн дураараа, эр зоригоороо ирж оролцсон нь бүгд баатрууд юм. Энэхүү түүхэн цуглаан дээр л домогт “Хонх” хамтлаг, ардчиллын алтан хараацайнууд С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр алдарт “Хонхны дуу”-гаа дуулсан нь Ардчилсан хувьсгалын сүлд дуу болон мөнхөрчээ. “… Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ
Хонхны дуу зоригийг бадраа…” гэж.
Өдгөө энэхүү Ардчиллын анхны 13 хүнийг нийгэмд элдвээр хэлж зүхэж байна. Энэ нь Ардчиллыг мохоож буй эхний үйлдэл. Тэднийг маш ихээр гутаан доромжилж байна. Ардчилсан хувьсгал хоёр дахиа хийгдэхгүй. Энэ 13 хүн дахин гарч ирэхгүй. Тэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хийх ёстой цагт нь хийх ёстой ажлаа хийсэн. Өнөөдөр тэдэнд атаархагсад олширч. Үгүйсгэгчид үнэхээр их болж. Тэр үеийн өлсгөлөн зарлагсад, өнөөдрийн өнцгөөр байдаг л нөхөд мэт харагдана байх. Ёстой хуцаж байгаа юм шүү, тэрхүү 1990 оны гуравдугаар сарын 7-нд МоАХ-ны 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарласан нь шууд амь өрссөн тулаан байсан юм. Тэдэнд үхэл нэг алхмын зайд байсан. Улс төрийн өлсгөлөнд оролцогчдын тоо нэмэгдсээр 9-ний өдөр гэхэд 33 хүн болсон байдаг. Өлсгөлөн зарласан хурц тэмцэлд Ш.Нина гэж ганцхан эмэгтэй оролцсон нь түүхэнд үлдэж. Жишээ нь, тэр зоригт бүсгүй өнөөдөр хаана явна. Магадгүй хотын аль нэг дүүрэгт даруухнаар ач зээгээ асраад сууж байгаа байх. Хэзээ ч, хэнд ч энэхүү гайхамшигт түүхээ ярихгүй сууж байж мэднэ. Монголын ардчилагчид гэж ийм л хүмүүс байдаг. Яг энэ Ш.Нина шиг Монголын шинэ нийгмийн төлөө, өнөөдрийн энэхүү эрх чөлөөт нийгмийн төлөө чөмгөө дундартал, нервээ бартал зүтгэсэн Монголын Ардчилсан Холбооны олон зуун партизанууддаа гүнээ мэхийе. Монголын ард түмэн нэгэн цагт Та бүгдийн өмнө хүндэтгэн мэхийх болно.
Монголын Ардчилсан Холбооны жагсаал цуглаануудын анхны уриа дуудлага, барьсан лоозонгууд нь бол “Айвал бүү хий, Хийвэл бүү ай”, “Шинэ цаг ирлээ, Сэрцгээ”, “Монголчууд мориндоо” гэсэн том том лоозонгууд байлаа. Түүхэн гэрэл зургуудаас харж болно. Энэ бүх уриа лоозон хэнд хаяглагдаж байсныг одоо судлаачид дүн шинжилгээ хийх цаг болсон. Шулуухан хэлэхэд, тэр үеийн ЗХУ-ын удирдагчдад, одоогийн оросуудад зориулсан байсан юм шүү. Цаанаа тийм утга учиртай байсан юм. Тухайн үед өөрийгөө яая гэж байсан оросууд тухайлан анзаараа ч үгүй байх. Ерэн оноос хойших нийгмийн үйл явц, улс төрийн шийдвэрт ардчилсан хувьсгалын анхдагчид чадлын хэрээр үргэлжлэн оролцсон. Төрд ажилласан. Үүргээ ч биелүүлсэн. Их, бага хувьчлалын үр дүнд нийтээрээ ядуу байсан монголчууд банкинд барьцаалах өөрийн гэсэн хөрөнгөтэй болсон. Энэ мэт өчнөөн үр дүнг ярьж бичиж болно. Тэр үед хойд хөршийн удирдагчийн ихэнхдээ халамцуу байсан нь Монголыг тогтож анзаарах сөхөөгүй байлгасан ч юм уу. Тэр үүлэн чөлөөний завсарт Монголын ардчилагчид боломжоороо Монголоо босгосон. Зах зээлийн зөв хөрс суурийг бүрдүүлсэн. Эргээд л хойд талд удирдагч солигдсоноор нөлөө нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгааг товчлон анхааруулаад өнгөрье.
Өнөөдөр, ерэн оны ардчилсан хувьсгалын удирдагчдыг нийгэмд муухай харагдуулах үйл явц, үзэл суртал, сошиал дайралтууд, тролл хаягууд бүгд хаанаас эхтэйг учир мэдэх хэсэг гадарлах болжээ. Өнөөдөр Ардчилсан нам илт сэргэж байна. Энэ нь Монголын ард түмэнд хэрэгтэй. Одоо АН эв эеийг хичээх хэрэгтэй. Ингэж чадвал ирэх хоёр сонгуульд ялалт байгуулах нийгмийн сэтгэл зүй бүрджээ. Үүнд итгэлтэй байж болно. Сүүлийн жилүүдэд энэ улс орны хувь заяа хэрхэн өөрчлөгдсөнийг Та бид бүгдээр харлаа, шанг нь хүртлээ. Одоо МАН-аас юу хүлээх юм. Зүгээр л нэг талдаа гарч цааш алхахаа ард түмэн ойлгосон. Тэдний сонголт АН шүү.
Энэ бүх өөрийнхөөрөө жаргаж, зовох гайхамшигт эрх чөлөөг авчирсан ерэн оны ардчилсан хувьсгалын удирдагчид болох Ардчиллын “Анхны 13” хүнд “Монгол Улсын баатар цол”-ыг олгож, АН-ын цаг үеийг тал нутагт эхлүүлсэн шиг эхлүүлье ээ.
П.ХАШЧУЛУУН
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан бөгөөд өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаа...
7 цагийн дараа
Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завджээ
Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2025.12.09-ний 21:00 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал ру...
7 цагийн дараа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.10/ ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудлууд: “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” З...
7 цагийн дараа
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...
7 цагийн дараа
Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа
Төрийн албаныхан ажил зогссон талаараа дээр дооргүй ярьж байна. Учир нь Сангийн яамнаас цаг тухай бүрд нь баталж, гаргаж өгөх ёстой ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


