мэдээ
КОЙКА, Рафаэл Интернэйшл байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлангийн хурал боллоо

Админ
2025 оны 12 сарын 09

-“ҮГИЙН АУДИО МЕТР ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА”-МОНГОЛ СТАНДАРТ БОЛОВСРУУЛСАН, СОНСГОЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧНЫГ САЙЖРУУЛСАН ЗЭРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД СТАНДАРТ НЭВТРҮҮЛСЭН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ-
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA) болон Рафаэл Интернэйшнл байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл” (2023–2025)-ийн хүрээнд 3 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнг танилцуулах үр дүнгийн тайлангийн хурал 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.
Энэхүү төсөл нь КОЙКА болон Рафаэл Интернэйшнл байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төсөл бөгөөд Монгол Улсын иргэдийн сонсголын эрүүл мэндийг сайжруулах, сонсгол бууралтыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжсэн. Рафаэл Интернэйшнл нь үр дүнгийн тайлангийн хурлын үеэр төслийн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлууд, гарсан үр дүнг танилцуулж, Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх, тогтвортой сонсголын шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд цаашид ч хамтран ажиллах эрмэлзлээ дахин нотоллоо.
Монголын сонсголын шинжилгээний орчны сайжруулалт, стандарчлал
Тус төсөл нь 2023–2025 онд 3 жилийн хугацаанд хэрэгжихдээ Монгол Улсад сонсголын шинжилгээний орчны чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр олон талын үр дүнд хүрсэн.
Төслийн гол үр дүн
- Үгийн аудио метр шинжилгээний үгийн жагсаалтыг боловсруулж, “Үгийн аудиометр шинжилгээ хийх арга” Монгол стандартыг боловсруулж дуусав.
КОЙКА, Рафаэл Интернэйшнл, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Стандарт хэмжил зүйн газар хамтран монгол хэлний онцлогт тохирсон стандарт үгийн жагсаалт болон “Үгийн аудиометр шинжилгээ хийх арга” Монгол Улсын стандартыг боловсруулж дууслаа. Ингэснээр Монгол Улсад үгийн аудиометр шинжилгээний нэгдсэн стандарттай болсон түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.
- Улсын болон дүүргийн эмнэлгүүдийн шинжилгээний орчныг сайжруулав.
Төслийн хүрээнд улсын гурван төв эмнэлэг(3-р шатлалын эмнэлэг) болон гурван дүүргийн эмнэлэгт(2-р шатлалын эмнэлэг) сонсголын шинжилгээний төхөөрөмж, сонсголын бүхээг (booth), темпанометр (Impedance Meter) зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлж, эмч мэргэжилтнүүдэд сонсголын онолын сургалт болон тоног төхөөрөмжид тохируулга хийх (Calibration)-ийн сургалт зохион байгуулснаар сонсголын оношилгооны чанар, нарийвчлалыг сайжрууллаа.
- Эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сонсгол судлалын вебинар сургалт зохион байгуулав.
2, 3-р шатлалын эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч, сонсгол зүйч эмч нарт зориулсан сонсгол судлалын цуврал вебинарыг амжилттай зохион байгуулж, монголын залуу мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэв.
- Сурагчид болон насанд хүрэгчдэд сонсголын эрт илрүүлгийн шинжилгээ хийв.
Улаанбаатар хотын хэмжээнд ойролцоогоор 3,000 орчим өсвөр насны сурагч, 1,200 гаруй насанд хүрэгчдэд сонсголын эрт илрүүлгийн шинжилгээ болон сонсгол бууралтын тархалтын судалгаа хийж, дүүрэг бүрийн сонсголын эрүүл мэндийн бодит нөхцөл байдлыг тодорхойллоо.
Рафаэл Интернэйшнл нь энэхүү үйл ажиллагаагаар Монгол Улсын сонсголын шинжилгээний суурь дэд бүтэц, оношилгооны хүртээмж, стандартад суурилсан шинжилгээний орчныг сайжруулж, иргэд илүү нарийвчлалтай, найдвартай сонсголын шинжилгээ хийлгэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна.
“Монгол Улсын эрүүл мэндийн салбар бие даан хөгжих суурийг бэхжүүлсэн чухал алхам”
Рафаэл Интернэйшнлийн гүйцэтгэх захирал Сун Жон Хуа хэлэхдээ: “Энэ төсөл нь Монгол Улсад сонсгол бууралтыг эрт илрүүлэх, мөн сонсголын аппарат болон сэргээн заслын үйлчилгээний чанарыг сайжруулахад томоохон хувь нэмэр орууллаа. Ялангуяа сонсголын шинжилгээний стандартыг боловсруулах болон эмч, мэргэжилтнүүдийг сургах үйл явц нь Монгол Улс өөрөө өөрийнхөө эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг удирдан зохицуулах суурийг бүрдүүлсэн гэдгээрээ онцгой ач холбогдолтой” хэмээн онцлов.
Энэхүү үр дүнгийн тайлангийн хурлаар КОЙКА болон Рафаэл Интернэйшнл байгууллагууд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тогтвортой хамтран ажилласан загварыг танилцуулж, сонсгол бууралтын эрт илрүүлэг зэрэг хүртээмж, хөрөнгө оруулалт дутагдалтай эмнэлгийн тусламжийн эмзэг чиглэлд хэрэгжүүлсэн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэлээ.
“Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төсөл (2023–2025)” нь KOICA-тай хамтран хэрэгжүүлсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл юм.
Олон тооны бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завджээ
Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2025.12.09-ний 21:00 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал ру...
8 цагийн дараа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.10/ ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудлууд: “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” З...
8 цагийн дараа
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...
8 цагийн дараа
Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа
Төрийн албаныхан ажил зогссон талаараа дээр дооргүй ярьж байна. Учир нь Сангийн яамнаас цаг тухай бүрд нь баталж, гаргаж өгөх ёстой ...
7 цагийн дараа
Ардчиллын “Анхны 13”-т Монгол Улсын баатар цол олгоё
Ардчиллын “Анхны 13” гэхээр монголчууд бүгд мэднэ. Ерэн оны Ардчилсан хувьсгал бол нийгмийг огт өөр нийгмээр сольсон түүхэн үйл явц....
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



