Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Ардын эмч П.Шижээ: Нас ная хол гарсан ч Тонхил сумынхаа эмнэлэгт 55 дахь жилдээ ажиллаж байна

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 12 сарын 10

news-img

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Ардын эмч Павдайн Шижээтэй Говь-Алтай аймгийн Тонхил суманд нь уулзаж ярилцсанаа хүргэе.


-Таныг чинь Алтайдаа аргамжаатай, Сутайдаа суудалтай хүн гэдэг. Та бол хөдөө буйдхан суманд, уулын сууринд эрүүл мэндийнд манаанд бүх л насаараа сууж байгаа ахмад эмч. Тан шиг сумын эмнэлэгт ажиллаж байгаа Ардын эмч цолтон ховор байх шүү?

-Тэртээ далан онд одоогоос бараг жараад жилийн өмнө тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн 140 гаруй эмч тангараг өргөж, Эрүүлийг хамгаалах яам шинэ залуу эмч нараа эх орныхоо өнцөг булан бүрд амуу тариа шиг цацаж билээ. Миний бие Говь-Алтайд, тэр тусмаа цаст цагаан Сутайн Усан Зүйлийн хүрээний Тонхил суманд хуваарилагдан очсон. Их эмч С.Гувираа гуайгаас ажлыг нь авч байлаа. “Шинэ эмч ирнэ гэж дуулдаад байсан, сайн хүү байна. Мориор ирдэг залуу хүний зам нь өлзийтэй байг” гэж нэг нь ерөөж байхад, хатуу ширүүн харьцаатай, ууртай догшин хүн байна гэнэ лээ гэж нөгөө нэг нь хэлж байсан. Тэр үед ард иргэдийн ахуй соёл дорой, усанд ордоггүй, бие өвдлөө гээд бараг гудамжинд үзүүлэх гэнэ. Эмнэлгээр үзүүлэхгүй, гэрээр дуудна.

Ёстой л Шижээ хүү ширүүн шүү, шилийг нь хазаж ажиллуулаарай гэсэн яриа гарахад “Хүний нутаг ч хэцүү юм даа, хүлээн байж байж дасна даа” гэж бодсоор нэг л мэдэхэд бараг нэгэн жаран өнгөрсөн байх юм. Монголын нэртэй мэс засалчдын нэг П.Долгор багш маань “Чи залуу хүн, уул нь нийслэлийн аль нэг эмнэлэгт ажиллаад надтай эхэлсэн мэргэжлийн холбоогоо үргэлжлүүлээд явсан бол гайгүй мэс засалч болох дөр олсон юмсан. Хуваарь нь хөдөө гарсан бол одоо яая гэхэв. Алтайд очоод учир байдлаа ойлгуулаад аймгийн төвд суурьшин, мэс заслаар дагнан оролдвол олон хүнд буян болно, багш нь итгэж байна” гэж хэлж билээ. Тэгтэл тухайн үеийн аймгийн дарга нар миний саналыг үл ойшоон Тонхил руу “цөлсөн”. Гэвч өнөөдөр би төрсөн нутаг шигээ энд идээшиж Тонхилын Шижээ эмч хэмээн улс даяар овоглогдож явна. Хүний хувь заяа гэдэг сонин юм шүү.

-Ард олонд Цагаан Долгор гэж алдаршсан П.Долгор эмч таны багш байжээ. Багш нарынхаа тухай, мөн оюутан ахуй цагаа дурсахгүй юу?

-Тийм ээ, миний багш Цагаан Долгор буюу Пэлжээгийн Долгор гэж Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавьяат эмч, мэс засалчдын жинхэнэ домог болсон эрдэмтэн профессор байлаа. Багш маань “Ходоодыг тайрахад нойр булчирхайн шүүдэс өөрчлөгдөх нь” сэдвээр Москвад дэд эрдэмтний зэрэг, “Өрцөн дотор байрласан элэгний бэтгийг оношлох, эмчлэх нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, “Монголын эрдэмтэн нөхөр Долгор бэтгийн мэс заслын эмчилгээнд шинэ эргэлт авчирлаа” гэж дэлхийд үнэлэгдсэн. Долгор багшаас гадна Лооройн Шагдар гэж чих, хамар хоолойн нэртэй эмч, эх барих эмэгтэйчүүдийн талаар онцгой мэдлэг эзэмшүүлсэн Хөдөлмөрийн баатар Балдангийн Жав гээд алдарт багш нар байлаа. Баянбилэг, Дугарсүрэн, дотрын алдарт Бямбажавын Рагчаа багш, Ичинхорлоо, Даваацэрэн гээд анагаахын шинжлэх ухааны алдарт багш нараар хичээл заалгасан бид азтай оюутнууд. Цагаан толгой, Бэлэн далай, Номгоны САА-д яруу найрагч Тоомойн Очирхүү, Их хурлын гишүүн асан эмч, яруу найрагч Г.Зуунай, гавьяат эмч Ч.Нямдарь, доктор профессор Г.Цэрэндаш, эмгэг анатомич Б.Нацагдорж нартай хамт явж байв. Очирхүүгийн шүлэг “Оюутан ахуй цагаа дурсана” дууг бидний үеийн оюутан Машлай маань дуулахад оюутан цаг минь нүдэнд харагддаг. Очирхүү бид хоёр чинь 1944 оны мичин жилийн зуднаар саахалтын газар төрсөн хүмүүс.

-Та багадаа мухар олгой тусч, хүндэрч балрахаа алдсан байдаг. Тэгээд эмч болохоор шийдсэн гэдэг?

-Би чинь Говь-Алтайн Бугат суманд төрсөн хүн. Төгрөг сумын дунд сургуулийн тавдугаар ангид байхад мухар олгойн хурц үрэвслээр өвдөж багш нар, ангийнхандаа хэлэлгүй хоёр хоног яваад гурав дахь хоногоос болохоо байж эмнэлэг бараадсан. Энэ өвчлөлөөс болж эмч болохоор шийдсэн гэдэг маань үнэн юм. Оюутан байхдаа Долгор багш, Даваацэрэн багш, мэс засалч Сэлээ нарыг дагалдан хичээлээс гадуур орой үдэш өнөө л мухар олгой огтолж хаях ажилдаа шамдан суралцаж мэс заслын тасагт мухар олгой горьдож босоо суугаагаар хонож явсан үе бий. Олгойтой хүн ирвэл бараг инээмсэглэн угтах нь холгүй юм болно. Ингэж явсаар сургууль төгсөхдөө нөгөө муу олгойгоо огтлоод хаях энүүхэнд болж, цаашаа хэвлийн хөндий нээх мэс засалд оролцон хэвлийн хөндийн хурц ба архаг үрэвсэлтэй өвчний талаар онол практикийн сайн ойлголттой болсон. Багшийн маань “Гайгүй мэс засалч болох дөр олсон юмсан” гэж харамсдаг нь ийм учиртай. Нэгэнт аймгийн удирдлагууд хөдөө ажиллуулах шийдвэр гаргасан тул хөдөөгийн тулгамдсан байдлыг анзаарахад төрөх, нярайн асуудал байсан. Миний бие 1974 онд Нэгдүгээр төрөхөд багш Дамбадорж, Жав, Шижирбаатар, Дунгаамаа нарын удирдлагаар эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшиж 1978, 1984 онуудад мэргэжил дээшлүүлж Тонхил сумандаа эх барих эмэгтэйчүүдийн эмч, сумын их эмчээр 55 жил тасралтгүй ажиллаж байна. Тухайн үед хөдөө суманд жилдээ 170-180 эх төрж байсан. Одоо бол суманд төрөлт багасаад 30 гаруй хүн л жилдээ төрж байна. Тэгэхдээ аймгийн төвд өндөр хяналтад төрж байгаа. Суманд тэгж төрдөг үе өнгөрчээ. Ингэж л жилдээ 180 хүүхэд эх барьж авч 1980, 1981 оны Аймгийн Хөдөлмөрийн хошой аварга болж явлаа.

-Таныг бол их Алтайн тэр тусмаа Тонхил, Сутай хайрхны бурхан эмч гэдгийг бүгд мэднэ. Танай сум чинь Алтайн нурууны гол олон уул даваатай, үндсэндээ уулын суурин. Хэцүү бэрхийг туулж ирснээ эргэж нэг харвал амаргүй л дүр зураг үзэгдэнэ байх?

-Дуудлаганд тэмээгээр, мориор явж байлаа, мотоцикл, трактороор явж байлаа. Арай л илжиг, үхэр унаагүй. 1971 онд Алтансоёмбо бригадад хүнд өвчтэй хүүхдийн дуудлага ирж Жанцаншарав эмч бид хоёрыг тэмээгээр явуулсан. Сумаас 100 км хол газар. Хүрч чадахгүй замдаа хээр хонолоо. Үүр цайлгаад цаашаа хөдөллөө. Жанцаншаравын малгайг салхи аваад явчихсан. Шаравтаа дэгтийгээ малгайны оронд өмсгөөд явж байлаа. Эм тариануудаа өвөртөлчхөөд тэр хол зам, Алтайн өндөр уул давааг тэмээгээр мориор давж явлаа. Ингэж л хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж залуу насаа цастай эмээл, цантай моринд ханилуулж өдөр шөнийг мэдэлгүй явлаа даа. Тонхил сумын Алтансоёмбо багийнхан Монгол Алтайн нуруугаа өгсөж хаваржаад, давж зусаад, эргэж намаржаад говьдоо очиж өвөлжинө. Өвөл, хавартаа Алтайн нурууны даваанууд цасанд хаагдана. Энэ үед Алтансоёмбо багийнханд эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд Ховдын Цэцэг сумын Их Бага Улаан даваагаар давж Алтансоёмбын бүх өрх айлаар ороод Бугат, Төгрөг сумын Хөх даваа, Мааньтаар ирэхэд 1200 км зам туулдаг. Энэ урт замыг яаж товчлон түргэн тусламжийг шуурхай болгох вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явлаа. Хавар, намартаа аз үзэж Алтайг давах гээд чонын улиан дунд айх гайхах зэрэгцэн хээр хонож явсан минь олон. Тэглээ гээд гандаж гундсан ч үгүй, халширч халирсан ч үгүй хамт олноороо, олон сайн бага эмч нараараа бахархаж ирсэн байна. Ер нь тэгээд “Хүн хүнээ түшиж л амьдардаг юм.

-Та ингэж ярихгүй бол өөр хэн ингэж ярихсан билээ. Тонхилд тантай холбоотой домог шиг яриа зөндөө л сонсогддог. Ганц нэгхэн дурсамж хэлэхгүй юу?

-1986 онд Тонхилын Алтайн оргил бригадад тарваган тахал гарч долоон хүн өвчиллөө. Тахлын голомтод орж өвчтөнөө эмчлэх нь миний үүрэг. Нутгийнхан “Хайран эмч минь. Үхлийн голомт руу өөрөө гүйгээд орчихож” гэлцэн хайрлаж харамссан байдаг. Голомтод долоо хоногийн туршид өдөр шөнөгүй ажиллаж зургаан хүнийг үхлээс аварч эмчийн тангаргаа нэр төртэй биелүүлж явсан удаа бий. Би бас буруудаж явсан толгой. Далаад оны эхээр ирэхэд суманд жилдээ 200 орчим эх амарждаг байлаа. Сумын их эмч биш яг нарийндаа эмэгтэйчүүдийн эмч боллоо. Эмчид хүмүүс сэтгэлийн үгээ хэлнэ л дээ. Зарим нь эмч минь тус болох арга байна уу, хүүхэд, шээстэй гудас хоёроос би салахаа болилоо гэж амихандаа жирэмслэлтийг зогсоох арга чарга байна уу гэж аминчлан асуудаг байсан. Арван хэдэн хүүхэдтэй ахимаг насны хүн тэгэхээр нь арга сэдэж үндсэндээ тэр хүний эрүүл мэнд, аж амьдрал, санаа бодлыг нь харгалзан аборт хийгээд орхисон чинь хэрэг бишдэж, дээрээс зэмлүүлж, сандарч байлаа. Цаг үе хатуу байж.

1978 оны арваннэгдүгээр сарын эхээр Монгол Алтайн нурууны өндөр даваанууд цасанд хучигдлаа. Алтайн нурууны өвөрт отроор байдаг Алтансоёмбо багийн нэгэн малчны хүүхэд тун тааруу гэх цахилгаан ирлээ. Хүний амь, хүүхэд гэсэн зүйл толгойд бууж жолоочдоо тийшээ хурдан явъя гэж хэллээ. Зам товчлох санаатай Шатадын давааг өгслөө. Цас хайлж мөстөөд халтиргаа гэдэг аюул, дугуй халзан нэг л биш дээ. Яах ийхийн зуургүй машин шарваж ард хоёр дугуйн дээрээ тогтон урд хоёр дугуй агаарт хөндийрөн сэнс шиг эргэж байгаа юм. Би шалавхийн бууж сураар машинаа давуулан шидэж бугуйлдаад, холгүй байх авдар шиг дөрвөлжин цагаан чулуунд хэд хэд давхарлан уяж аргамжин тогтоолоо. Тэр чулуу таараагүй бол Монгол Алтайн нуруунд нисэж үхэх байлаа.

1980 онд Дүгэрсүрэнгийн Бямбажав гэж эмэгтэй ихэс нь урьтаж ховхроод хамаг цусаа юүлчихдэг юм. Хүн чинь таван литр цустай байдаг бол нэг литр цус үлдсэн үү үгүй юү, манай эмч нар, Бадамрагчаа, Даваацэрэн нар маань маш түргэн арга хэмжээ авсан байсан. Намайг очиход эх ухаангүй байсан. Ухаан оруулахын тулд тохирох бүлгийн цус донороос авч гурван литр орчмыг хийгээд амьгүй ургийг мэс засал хийж авсан. 48 цагийн дараа эх ухаан орсон. Тэр хүн одоо 70 орчим настай эрүүл амьдарч байна. Цагаан Долгор багш манай суманд очоод тэр хүний сториг үзчихээд “Би хэрвээ мэддэг бол Шижээ минь чамд анагаахын докторын зэрэг олгочихмоор байна” гэж хэлж байсан. Энэ мэт бэрхтэй дурсамжийг алийг хэлж барахав.

-Нас 80 хол гарсан хэрнээ цагаан нөмрөгөө тайлаагүй, сумынхаа эмнэлэгт ажиллаж байх юм. Ямар дуусч өгдөггүй алба бэ, өөрийн эрхгүй бахархал төрөх юм?

-Монгол Улсын мэдрэлийн өвчин судлалын анхны доктор профессор Г.Лодонгийн суурийг нь тавьсан Тонхил сумын эмнэлэгтэй хувь заяагаа холбоод 55 жил болсон байна. Надаас аймаг нийслэлд ирэх болоогүй юу гэж асуухад нь ганц чемодантай суманд ирээд таван хүү, олон ач, зээтэй боллоо. Төрсөн нутаг Бугат, тэлсэн нутаг Тонхил би хаачих вэ дээ гэж мушийж байсан удаатай. Энэ л сумын эмнэлэгтээ хувь заяагаа холбосноор би гурван том ажил хийсэн гэж боддог. Нэгдүгээрт, Тонхил сумандаа 500 сая төгрөгөөр хоёр давхар, халуун хүйтэн устай эмнэлэг улсын хөрөнгөөр бариулж өгсөн. Хоёрдугаарт, хамт ажиллаж байсан 11 бага эмч АУДС, ЭМШУИС-ийг төгссөн. Тэдний гурав, дөрөв нь дандаа том улсууд байна. Жишээлэхэд, Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов байна. АУДС-ийн захирал Алтайсайхан байна. Анагаах ухааны доктор Даваацэрэн, Чойжамц гэсэн хүмүүс байна. Гуравдугаарт, Тонхил сумын эмнэлэг миний ажил амьдралын талаар “Сумын эмч” гэдэг долоон бүлэг баримтат уран сайхны киног бүтээлгэж түүхэнд мөнхөлсөн. Зохиолыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн гуай бичиж, гавьяат О.Соёлт гуай найруулж олны хүртээл болсон. Миний ажил, амьдралаар төлөөлүүлж жинхэнэ сумын эмчийн дүр төрхийг гаргасан.

Таны хэлснээр би сумынхаа эмнэлэгт ажиллаж байна. 44 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хэдий ч сүүлийн 10 жил цалин хөлсгүй өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар ажиллаж байна. Машин явуулаад Шижээ эмчийг аваад ир гэхэд би яваад очно. Харин өнөө жилийн нэгдүгээр сараас аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын удирдлагууд эмчийн хүрэлцээ муу байна гээд сумынхаа эмнэлэгт албан ёсоор орон тоотой, хамт олонтойгоо ажиллаж байна.

Ингэхэд нас 80 хол гарсан ч 55 дахь жилдээ ажиллаж байна даа.

 

Ярилцсан Н.Гантулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ардын эмч П.Шижээ: Нас ная хол гарсан ч Тонхил сумынхаа эмнэлэгт 55 дахь жилдээ ажиллаж байна

Монгол Улсын Хүний гавьяат эмч, Ардын эмч Павдайн Шижээтэй Говь-Алтай аймгийн Тонхил суманд нь уулзаж ярилцсанаа хүргэе. -Таныг чинь...

img

7 цагийн дараа

Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэ...

img

7 цагийн дараа

2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүл...

img

7 цагийн дараа

“Тээшний вагон”-оор ачаа тээвэрлэхэд ямар асуудал үүсээд байна вэ

Эрээн хотоос Улаанбаатар хот руу вагоноор ачаа тээвэрлэхэд ямар хүндрэл үүсдэг талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс тодрууллаа. Худ...

img

6 цагийн дараа

АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалга...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд