мэдээ
З.Энхболд: Хариугүй жоохон хоолны мөнгө, дизель түлшнээс болоод том мөнгөө Монгол Улс алдчихаад байна

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 12 сарын 11

УИХ-ын Хянан шалгах түр хороо Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад асуудалтай холбоотойгоор нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголыг өчигдөр явууллаа. Энэхүү сонсголд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, З.Энхболд, Д.Лүндээжанцан нар болон тухайн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Д.Тэрбишдагва, Н.Батбаяр, С.Баярцогт, Х.Бадамсүрэн, Б.Батбаяр, Ч.Хүрэлбаатар нарын олон хүмүүс гэрчээр дуудагдан оролцож, түр хорооны гишүүдийн асуусан асуултад хариуллаа.
Тухайлбал, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал: -Анхны хөрөнгө оруулалтын гэрээг 2007 онд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Тэр үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан та нарын нөхөд уг хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор зарчмын ямар шаардлага барьж байсан бэ. Тэр дундаа зээлийн хүүтэй холбоотой асуудлууд хэрхэн хэлэлцэгдэж байсан юм бэ. Та бүхэн ямар чиглэл өгч байсан бэ. 2009 оны аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж байсан. Энэ өдрийн өмнөх өдөр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байсан баримт байна.
Уг хурлаар ямар зөвлөмж, ямар тэмдэглэл гарсан талаар тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан хүмүүс тодорхой хариулж өгнө үү.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: -Гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх асуудлуудыг харьцангуй сайн мэднэ. Бидний хувьд М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь мөн С.Баярыг Ерөнхий сайд байхад нь уг асуудлыг анхаарч авч хэлэлцэж байсан. Аль ч үед нь бид энэ асуудлыг авч хэлэлцэхдээ Монгол Улсын эрх ашгийг хатуу барьж ирсэн. Үүний нэг тод жишээ нь энэхүү баялаг Монголын газар нутагт байгаа учраас уг төслийн 51 хувийг бид үнэ төлбөргүй, өр зээлгүй авна гэдэг саналыг барьж байсан. Харин Рио Тинто үүний эсрэг буюу бид энэхүү ордыг олж нээсэн учраас Монголын талд шууд 51 хувийг өгөх хүндрэлтэй байна гэсэн. Бидний хувьд үүнд нь уян хатан хандсан. Эхлээд та нар дийлэнх хувиа авч болно. Гэхдээ явандаа Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэдэг зүйлийг л тавьж байсан.
УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан: -2010 онд гаргасан номондоо “Сэтгэл зовоож, чөмөг дундалж байж шийдсэн асуудал нь яах аргагүй энэхүү гэрээ байсан” гэж бичсэн байна. Тухайн үед нэг нам ҮАБЗ-тэйгөө нийлээд ч энэ том асуудлыг дангаараа шийдэж чадахгүй гэдгээ ойлгосон. 2007 онд М.Энхболдын Засгийн газрын үед орж ирсэн төслийг ярилцах гээд бараагүй. 2008 оны эдийн засгийн хямрал тулчихсан үед ганц Эрдэнэт үйлдвэрээс гадна өөр хэд хэдэн саалийн үнээтэй байхгүй бол болохгүй гээд энэ асуудал руу бүгд орсон. Мөн тэр үед парламентын засаглалын дархлаа бас харагдсан гэж боддог. Тухайн үед УИХ-д энэхүү төсөл ингэж танилцуулагдаж байсан. Засгийн газрын тооцооллоор Монголын төр 34 хувийг эзэмших хувилбарыг сонгох тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт ноогдох өгөөж нь тэр үеийнхээ үнэ цэнээр 74 хувь, нэрлэсэн үнээр 53 хувь, харин 34 хувийг эзэмшихгүй хувилбарыг сонгох тохиолдолд Засгийн газарт ноогдох өгөөж нь тэр үеийн үнэ цэнээр 66 хувь, нэрлэсэн үнээр 41 хувь гэсэн ийм зүйлүүдийг бидэнд танилцуулж байсан. Гэтэл тухайн үед бидэнд танилцуулагдаж байсан зардлаас өнөөдөр харахад өчнөөн дахин нэмэгдчихсэн зүйлүүд л гараад ирлээ. Тэр үед хоёр тэрбум ам.доллар гэж байсан бол одоо 20 гаруй тэрбум ам.доллар болчихсон байх жишээтэй.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: -Ямар зарчим баримталсан бэ гэж байна. Үндсэндээ бид ганцхан л зарчим баримталсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хуулийг хатуу баримтална гэдэг ганцхан зарчим л байсан. УИХ-ын зүгээс 40 дүгээр тогтоолоороо нэмэлт нэг зарчим гаргаж ирсэн. Тэр нь гэрээг ил тод явуулах байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ авч хэлэлцэх ёстой. Харин үүнийг дагаад хувь нийлүүлэгчийн гэрээний жижиг төсөл даган орж ирсэн байдаг. Үүнийг Засгийн газар авч хэлэлцээд шийдээд явах ёстой гэсэн чиглэл УИХ-аас өгч байсан. ҮАБЗ-ийн аравдугаар сарын 5-ны хуралдааныг асуулаа. Энэ хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт асуудал оруулсан. Аравдугаар сарын 5 гэдэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч солигдсон үе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлыг анх удаа авч хэлэлцсэн хурал байлаа. Уг хурлаас ганцхан зүйлийг шийдэж, тогтоож өгсөн байгаа. Энэ нь Оюу толгойг Монголын Засгийн газар Айвенхоу Майнз-тай хийсэн гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэж шийдсэн. УИХ-аас Засгийн газарт гэрээ байгуулах зөвшөөрөл олгосны хоёр сарын дараа гарсан шийдвэр шүү. Харамсалтай нь дараа нь харж байхад УИХ болон Монгол Улсын хуулийн нэлээд олон зүйл заалтыг үл хэрэгссэн байдлаар уг гэрээ хийгдсэн байгаа юм. Тиймээс энэ асуудлыг одоо шалгах хэрэгтэй шүү.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Мордохын хазгай гэдэг шиг гэрээ эхнээсээ буруу болсон. Хууль зөрчсөн стандарт бус Засгийн газар байгуулж зориуд энэхүү хууль бус гэрээг байгуулсан. Хууль бус Засгийн газар байгуулснаар болж буй бүх зүйл стандартгүй явсан. Энэ утгаараа 2009 оны Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гарсан шийдвэр маш зөв шийдвэр байсан. Миний хувьд тухайн үед ТЭЗҮ нь боловсруулагдаагүй төсөл оруулж ирж байгаа нь буруу шүү гэж үзэж байлаа. Үнэхээр ТЭЗҮ нь байхгүй, харин сүүлд нь нөхсөн ийм асуудал гарсан гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр ТЭЗҮ-гүй төсөл хэлэлцээд баталчихсан гэсэн үг. Ийм байж болохгүй.
Сангийн сайд асан С.Баярцогт: -Зарим нь зэрэгцэж сууж байгаад зөндөө худлаа ярьж байна. Тийм болохоор би баримт авчирдаг юм. Надад 2007 оны УИХ-д өргөн барьсан төсөл байна. Үүнд хувь нийлүүлэгчдийн гэрээ байгаа. 2009 оны хоёрдугаар сард өргөн барьсан гэрээнүүд бүгд байна. Энэ бүгд УИХ-ын архивт байгаа материалууд шүү. УИХ хоёр удаа хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэд яаж нийцүүлсэн бэ гэдэг дүгнэлт. Эдийн засгийн тооцоо үндэслэл бас бий. 57 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг харуулсан материал ч байна. Түрүүн С.Дэмбэрэл гуай хэлж байна. ҮАБЗ 2009 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хурлын тэмдэглэл, үүнд яаж нийцүүлсэн бэ гэдэг тэмдэглэл. Хөрөнгө оруулалтын гэрээг харьцуулсан харьцуулалтыг гишүүдэд бас тарааж байсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээг бас харьцуулсан материал нь надад байгаа. УИХ-д өөрлөгчдөөгүй эх хувилбараар нь тарааж байсан. Олон нийтэд мөн нийт хэвлэлийнхэнд тараасан. ҮАБЗ рүү би хуралдахад нь өөрөө барьж орсон гэрээний хүчин төгөлдөр хувилбар. Хүлээн зөвшөөрч байвал зөвлөмж гаргаж өгөөч гэж хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: -Оюу толгойн гэрээ бол өөрсдөдөө маш том ашиг авч биднийг басамжилж, доромжилсон том хулгай, луйвар шүү гэдгийг хэлье. Хэн, хэнийг ашиглах уу гэж цагийн хүлээж отож байгаад энэхүү гэрээг хийсэн. Ямар хүнийг төрийн тэргүүн болгох уу, хэнийг нь өөрсдийнхөө талд оруулах уу гэдгээ эртнээс мэдэж, төлөвлөж ажилласан. Харин энэ гэрээнд манайхнаас хэн ч анхаарч олигтой ажлаагүй шүү. Энэ гэрээг хийсэн, энэ том зууны луйврыг гардан хийсэн хүмүүс энэхүү сонсголд сууж байна. Хамгийн гол нөхөр нь энэ С.Баярцогт сууж байна.
УИХ-ын дарга асан З.Энхболд: -16 жил өнгөрсөн байна. Энэ утгаараа дүгнэлт хийх цаг болсон. Хувь нийлүүлэгчийн гэрээг тухайн үед гишүүдэд тараасан гэдэг бол худлаа шүү. Тараагаагүй учраас би шаардаж авсан. Гэхдээ нууц гээд өгөхгүй байсан. Ямар хуулиар нууцад оруулсан бэ гэж заргалдаж байгаад авсан. Хөрөнгө оруулалтын гэрээ тухайн үеийн УИХ-аар орж сайшаагдаж байлаа. Миний хувьд 2007 болон 2009 оны гэрээг буруу гэж үзэж байсан. 2007 оны гэрээг яагаад буруу гэж үзсэн бэ гэхээр тухайн үед Оюу толгойд бараа нийлүүлж байгаа бүх компанийг татвараас чөлөөлнө гэж байсан. Гэтэл тухайн үеийн Оюу толгойн хөрөнгө манай эдийн засгийн тал хувь болчихсон байлаа. Тэгэхээр Оюу толгойд зорилсан татвар төлдөггүй татварын алба, бусад нь Монголын эдийн засагт татвар төлдөг ийм гол шалтгаанаар буцсан юм. Ч.Хүрэлбаатарын ярьж байгаа зүйл бүгд ор үндэслэлгүй худал зүйл шүү. Маш сайн гэрээ байсныг буцаачихлаа гэж байна лээ. 2009 оны гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолоор “за” гэж дарсан байдаг. Гэхдээ 34 хувиа эхлээд үнэгүй авна, яваандаа 51 хувьд хүргэнэ гэсэн ойлголтойгоор кнопдсон шүү. Гэрээний нэр нь хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгаа. Яагаад хөрөнгө оруулалтын гэсэн гэхээр Рио Тинтог хөрөнгө оруулна л гэж бодсон. Түүнээс биш зээл өгнө гэж огт бодоогүй. Хэрэв зээл өгнө. Тэр нь 12 хувийн хүүтэй гэсэн бол тухайн үеийн УИХ-ын гишүүд энэхүү гэрээг огт зөвшөөрөхгүй байх байсан.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди: -Хянан шалгах түр хороо байгуулж, ажиллаж байгаа нь Монголын парламентын ардчиллыг хөгжүүлэх, парламентын төгөлдөршилтийг сайжруулах, УИХ-ын нэр хаягаар хэлэгддэг, УИХ хянан шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна уу гэдэг шүүмжлэлийг даван туулахад их чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн бадрангуй ойлголттой сууж байна. Миний Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2005 онд өндөрлөсөн. Оюу толгойн гэрээ болон бусад асуудлууд надаас хойно хийгдсэн учраас энд миний оролцоо байхгүй юм. Миний хувьд энэхүү сонсголд оролцож байгаа нь Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр ажилласантай холбоотойгоор энэхүү нээлттэй сонсголд оролцох үүрэг хүлээж байна гэж ойлгосон. Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхад УИХ-аас Оюу толгойн талаар гаргасан тогтоолууд бидний ажил үүрэг гүйцэтгэхэд их тус нэмэр болж байсан гэдгийг л хэлэх байна. Ялангуяа Монголын эрх ашиг хөндөгсөн үед УИХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдэг шаардлагыг бид тавьж, нүүрээ тахалдаг байсан. Тиймээс УИХ-ын гишүүд, удирдлагуудад талархах учиртай юм.
УИХ-ын дарга асан З.Энхболд: -Ажилчдын хоолыг нь Баярцогтын компани, дизель түлшийг нь Санжийн Баярын найзын компани, Петровис 1, 2 нийлүүлж байсан. Петровисын захирал Давааням нь Санжийн Баярт 10 сая төгрөгийн хахууль өгөөд, Америкт 10 байшин аваад, ялаа авсан нөхөр шүү дээ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй улсуудаас болоод менежментийн төлбөрт Монгол Улсын авсан бүх татвараас илүү мөнгө өнөөдрийн байдлаар төлчихөөд байгаа юм. Хариугүй жоохон хоолны мөнгө, хариугүй жоохон дизель түлшнээс болоод ийм том мөнгөө Монгол Улс алдчихаад байгаа юм. УИХ ийм юманд хариуцлага тооцохоос ажлаа эхлэх хэрэгтэй.
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
25 дахь удаагийн өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026”, 34 дэх удаагийн зуны олимпын наадам “Лос-Анжелес 2028” хаяанд ирээд бай...
40 минутын өмнө
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай ар...
1 цагийн өмнө
Тэжээл болон гурилын импортын татварыг тэглэх тогтоолыг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын г...
2 цагийн өмнө
УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, и...
3 цагийн өмнө
Наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацвал дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрс...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



