мэдээ
Б.Даваасүрэн: Удахгүй нийслэлийн махны зах зээлийг хүнсний аюулгүй байдалд бүрэн нийцүүлнэ
ХАЯНХЯРВААГИЙН БАТТӨГС
2018 оны 11 сарын 04

1
Өчигдрөөс E-MART-ийн сүлжээ дэлгүүрээс худалдан авах махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйн тухай мэдээлэл авах боломж нээгдлээ. “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ” төслийн хүрээнд дээрх боломж бүрдсэн юм. Энэ талаар ХХААХҮЯны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэнгээс тодрууллаа.
-Мах худалдан авахдаа үүх түүхийг харах боломж яаж нээгдэв?
-Мал аж ахуйн салбарт нэг хуулиар зохицуулагдаж байсан асуудлыг хоёр хуулиар зохицуулах шаардлагатай болсон. Нэг нь “Малын генетик нөөцийн тухай”, нөгөө нь “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан. “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулиар малын чанар, аюулгүй байдлыг зохицуулах зорилготой. Эдгээр хуулийн хүрээнд малаа бүртгэлжүүлэх, малын мах малчны хотоос гараад хэрэглэгчийн гар дээр хэрхэн очихыг хянах боломжтой болно.
-Өнөөдөр бүх мал бүртгэлтэй болж чадсан уу?
-Бүгд бүртгэлтэй болж чадаагүй. Мал бүртгэлжүүлэх ажил 2011 оноос эхэлсэн ч алдаа, оноо гарсан. Гэхдээ дэлхийн түвшинтэй харьцуулахад дунджаас дээгүүр байгаа. Өнөөдөр бүртгэлжүүлэлтийг боловсронгуй, хялбар болгох ажил явагдаж байна. Малчин, малын мэргэжилтэн, худалдан авагч, үйлдвэрүүд аль болох богино хугацаанд зардал багаар мэдээлэлтэй болох боломж бүрдэнэ. Өнөөдөр байгаа 66 сая малаа бүгдийг бүртгэлжүүлэхгүй. Эхний ээлжинд цөм сүрэг, үржлийн болон хээлтэгч малыг бүртгэлд оруулна. Түүн дотроо үхэр сүргийг бүгдийг имжүүлнэ.
-Бүртгэлд ороогүй малаа зарах шаардлага гарвал яах вэ?
-Малын эмч дуудлагаар очиж ээмэгжүүлнэ.
-Ээмэгжүүлэх, имжүүлэх нь ямар ялгаатай вэ. Төлбөрийг хэн хариуцах вэ?
-“Малын генетик нөөцийн тухай” хуулиар төлбөрийг малчид хариуцахаар заасан байгаа. Гэхдээ бид шинэ юм хэрэгжүүлж байгаа учраас эхний ээлжинд төлбөр дээр уян хатан хандана гэж төлөвлөсөн. Одоохондоо төсөл хэрэгжүүлж байхад үйлдвэрүүд төлбөр хийж байна. Үнэ нь 800-1000 орчим төгрөг. Бод малд им, бог малд ээмэг зүүж байгаа юм. Гэхдээ бод малд ээмэг зүүж болно. Харин адуунд чип суулгаж байгаа.
-Үүх түүх нь харагдсан мах авахын тулд би юу хийх ёстой вэ?
-Эхний ээлжинд та гар утсан дээрээ “Мал эмнэлгийн үйлчилгээ” гэсэн аппликейшныг татна. Тэгээд E MART-ын сүлжээ дээр очиход худалдаж байгаа махнууд дээр зураасан бар код тавьсан байгаа. Утсаараа түүнийг уншуулахад 1-2 секундын дараа худалдан авах махны тухай мэдээлэл гарч ирнэ.
-Яг одоо болох уу?
-Дэлгүүрт очоод шалгаж болно.
-Түүхээс юу харж болох вэ?
-Аль аймгийн хэний мал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг мэдээлэл, бүртгэл гарч ирнэ. Бүртгэлд орсон байна гэдэг нь тухайн малын мах эрүүл гэдгийг малын эмч баталгаажуулсан гэсэн үг. Тухайн мах бар кодгүй бол малын эмч баталгаа өгөөгүй гэсэн үг гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.
-Бар кодыг хуурамчаар үйлдэхгүй гэсэн баталгаа бий юу?
-Би маш олон янзаар туршилт, шалгалтыг явуулсан. Технологи өндөр хөгжсөн учраас хүн бүр дураар хийгээд байх боломжгүй юм билээ. Тэр бүү хэл хэн сервирт орох нь хүртэл нарийн хяналттай. Программыг өндөр мэргэжлийн хүмүүс удирдаж байгаа.
-Энэ мах хаагуур зарагдах вэ?
-Өнөөдөр E-MART-ийн сүлжээгээр, маргаашаас бас өөр газрууд нэмэгдэнэ. Удахгүй Номин тэргүүтэй том супермаркетуудаар зарагдана. Энэ төслийн хэрэгжилтийн туршилт арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл явагдана. Дараа засах, нэмэх юу байгаа нь харагдах байх.
-Супермаркетууд ажиллагааны зардал гээд үнэ нэмчихгүй байгаа?
-Тэдэнд баталгаатай орлого орж ирэх учир үнэ нэмэх тухай ярихгүй л дээ. Төсөл хэрэгжиж жигдэртэл үйлдвэрүүд ээмэгний үнийг хариуцахаар болж байна.
-Малчдад ямар ашигтай юм бэ?
-Хүмүүс эрүүл хүнс рүү тэмүүлдэг болсон. Ээмэгтэй махыг үйлдвэрүүд авна. Үйлдвэрүүдийн баталгаатай махыг супермаркетууд авна. Иргэд эрүүл махтай газрыг зорино биз дээ. Малчид ченжүүдэд биш. Үйлдвэрт өгөх давуу талтай.
-Цаашдаа бусад хүнсний аюулгүй байдлыг ийм аргаар хянах боломж бий юу?
-Бууз, баншны мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хянах боломжийг судалж байна.
-Одоохондоо хүнсний захуудаас гарал үүсэл нь тодорхойгүй махаа идэж л байх уу?
-Эхний ээлжинд дэлгүүрүүдээр зарагдана. Яваандаа хот руу орж байгаа маханд хяналт тавина. Шинэ зүйл учраас нэг өдөр Монгол даяар хэрэгжихгүй л дээ. Та санаж байгаа бол гар утас эхлээд Улаанбаатарт, дараа нь аймгуудад, сүүлд нь сумдад орсон. Тийм маягаар өргөжнө. Систем бол хөгжиж байна. Анх бүртгэл хийж эхлэх үед малыг тус бүрээр нь гараар оруулдаг байсан. Одоо апплейкшнээр бүх хөдөлгөөний хянаж болно. Тэр сумаас төдөн мал тийм машинаар гарсан гэх мэт нарийн мэдээллүүдийг шууд авна.
-Малчны хөрөнгийг бас шууд тоолоод явна гэсэн үг үү?
-Тийм. Дорж гуай өнөөдөр сүлжээгээр 300 хонь зарлаа гэхэд малын “А” данснаас шууд хасагдаад явна.
-Экспортод гарах махыг яах вэ?
-Энэ системээр хянагдана. Бидэнд гадныхан хорио цээрийн дэглэмээр хориг тавьдаг. Харин өнөөгийн байдлаар өвчлөл харьцангуй буурлаа. Энэ түвшиндээ барьчихвал экспорт хийж болно л доо. Одоо махны экспорт квотгүй байгаа. Яваандаа Засгийн газраас квот тогтооно.
-Яагаад?
-Шинжлэх ухааны үндэстэйгээр сүргийн бүтцээ сайжруулах шаардлагатай. Өнөөгийн байдлаар хонь, ямааны экспорт илүү зөв гэж үзэж байна.
-Өнгөрсөн жил махны холбооныхон малыг сар хашиж байгаад экспортод гаргах хашаа барьж байгаа тухай ярьж байсан.
-Апартамент гэдэг юм л даа. Малыг 45 хоног хашиж, эмчээс эхлээд бүх мэргэжилтнүүдийн хяналтад байлгаж байгаад гадагш гаргах зориулалттай хашаа. Энэ ажил хийгдэж байгаа.
-Малын шим ашгийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар хаана, ямар мал үржүүлэхийг заана гэсэн яриа байна.
-Засгийн газар дээшээ харж сууж байгаад “Тэр малыг тэнд үржүүл” гэхгүй л дээ. Мэргэжлийн байгууллагуудын саналаар л шийдвэр гаргана. Учир нь малчид дам сургаар сайн үүлдэр, угсаа гэж тэжээгээд сүргийн бүтцээ эвдээд байгаа юм. Үүнээс болоод малын чанар муудаад тоо толгой нь өсөөд байгаа байхгүй юу.
-Хүнсний зах дээр юм шахсан, вакцины үлдэгдэлтэй мах зардаг тухай мэдээ байсан. Тэр мах үүх түүхтэй махтай холилдохгүй гэсэн баталгаа байна уу?
-Махны үйлдвэрүүд, сүлжээнүүдтэй бид хатуу тохироо хийж байна. Ийм асуудал гаргавал хатуу хариуцлага тооцно.
-Малын тоо баталгаатай бол тоогоор хянаж болно биз дээ?
-2003 онд нүд харж тоолдог байснаа больсон. Зарим малчид зээл авах зорилгоор ахиу тоо гаргадаг гэсэн хардлага бий. Зарим УИХ-ын гишүүд нүд харсан тооллого явуулах санал гаргадаг.
-Сум бүрт нэгж бий юу?
-Өмнө нь Мал эмнэлэг үржлийн тасаг гэж гурван хүнтэй салбар байсан. Одоо хоёр хуваагдаж, нийтдээ таван хүнтэй болсон.
-Мэргэжилтэн хүрэлцэх үү?
-Хүртээмж муутай байгаа.
-Яаж хангах вэ?
-Өмнөх үеийн ХАА-н техникум төгссөн иргэдэд эчнээгээр бакалаврын зэрэг олгож байгаа. Мөн бакалавр зэрэгтэй байж худалдагч, хамгаалагч хийж байгаа залуусыг 2.5 жилээр мэргэжил эзэмшүүлнэ.
-Хөдөө очоод амьдралын баталгаа юу?
-Хуульд тодорхой заагаад өгчихсөн.
-Хөдөө ажиллах хүсэлт ирж байна уу?
-Цөөн ч гэсэн ирж байна.
-Мэргэжлийн хүсэлтээ хаана гаргах вэ?
-Манай байгууллагад.





Ерөнхийлөгч яагаад чуулган руу оров?
УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 23:20 ц...
7 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд бару...
6 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Алмасын цав”-д юу болов?” нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Очирбат...
6 цагийн дараа
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа
Эл өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын 42 гишүүн бүгдээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалсныг түүх гэрчилнэ. Яг үнэндээ х...
4 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зу...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд