Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Ард нийтийн санал асуулгын тухай болон Сонгуулийн хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ

trend

img

2015 оны 11 сарын 22

img

1

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар мэдүүлээд байлаа. Санал асуулгын хуулийг УИХ-аас 1995 онд баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй. Харин одоо өөрчлөлт оруулахгүй бол энэ цаг үед хоцрогдоод байгаа гэдгийг Байнгын хорооны хурал дээр Н.Батбаяр гишүүн хэлж байсан билээ. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Ард нийтийн санал асуулгын хуулиа эхлээд баталчихъя. Гэхдээ санал асуулгыг ерөнхий авах гээд байна гэж яриа үүсээд байна. Үүнийг тодотгож болохгүй юм уу.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: -Ерөнхий асуултаар явуулахад тохиромжгүй байна, тодорхой асуудлаар явуулъя гэвэл УИХ шийдэх боломжтой. Хэлэлцүүлгийнхээ явцад тодруулчихаж болно.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: -Ардчилсан нам дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй. Бусад улс төрийн намуудыг зөвшилцөлд уриалах хэрэгтэй. Чи эх орны дайсан гэхгүйгээр аминд тулсан хуулиа өөрчлөх нь тулгамдсан асуудал. Том зорилго, том үйл ажил гэж ойлгож байгаа юу.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: -Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар ярихын өмнө Эрдэнэт, Дарханы иргэд чуулганы үйл ажиллагаатай танилцаж байгаа нь их бэлгэдэлтэй дэмбэрэлтэй юм хэмээн хариулсан.

Харин санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Бурууг Үндсэн хуулиас хайгаад байгаа. Үндсэн хуульд буруу байхгүй, буруу улс төрийн намуудад байгаа. Ард түмнээс санал асуух гэж байгаа бол Улс төрийн намуудын хуулиа ярих ёстой. УИХ-д Сонгуулийн тухай дөрвөн хууль орж ирчихээд маргалдаад байна. Тэгэхээр энэ намууд гаднаас хандив авдаг байх ёстой юм уу, байшин сав эзэмших ёстой юм уу гэдгийг асууж болно. Ард түмнээс төр үүсэлтэй юм. Төрийн дээр ард түмэн байгаа. Намуудад хандив өгөх үү, нам өмчтэй байх уу үүнийгээ яримаар байна. Үндсэн хууль хэдэн настайг ард түмэн хэлээд өгөх байх. 1945 оны аравдугаар сарын 20-нд санал асуулга явуулсан, үр өгөөжөө одоо ч өгч байна. 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг тухайн үеийн шилдэг сэхээтнүүд баталж байсан. Зөв хэрэгжүүлж байна уу, буруу хэрэгжүүлж байна уу гэдэг л асуудал байгаа. Тэгэхээр намуудын асуудлыг оруулаач ээ.

УИХ-ын дэд дарга Л.Цог: -Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацааны хувьд эргэлзээтэй болсон нь үнэн. Төсөл санаачлагч өөрөө ойлгож байгаа биз. Үндсэн хуулийн өөрчлөлтийг давхар яриад байгаа биз. Энэ бидний зүрхэнд орсон байна. Давхар дээлтэй асуудал өчнөөн юм болж байна. Энийг ярьсан бол их зөв байсан. Өөрчлөх нь бол зөв, гэхдээ өнөөдөр биш.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Хуулийг өөрчлөх бол Үндсэн хуулийн өөрчлөлтгүйгээр хэлэлц. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг балмад юмнаасаа татгалз. 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг яаж хийх вэ гэдгийг тодорхой заачихсан. Энэ хуулиа уншаагүй байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал асуулгаа тодорхой болго гээд заачихсан.

Төлөөллийн ардчилал чинь УИХ. Юм шийддэггүй УИХ-аар яадаг юм. Улс төрийн намын тухай хуулийг ард түмнээс асууна гэж юу байдаг юм бэ. Санал асуулга гэдэг юмаар, ард түмнээс асууна гэж жүжиг тавьдгаа боль. Миний цаад талд хичнээн мянган сонгогчийн санал бий. Ингэж УИХ-ыг хүчгүйдүүлж, ард түмэндээ хайртай болж жүжиг тавих хэрэггүй гэсэн юм.

Харин дараа нь Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. УИХ-д сонгуулийн тухай дөрвөн хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хууль, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байгаа. Эдгээр хуулиуд дээр тус бүрт нь санал хураалт явуулах ёстой гэж Хууль зүйн байнгын хороон дээр үзэж байсан. Энэ ч утгаараа тус бүрт нь санал хураалт явуулсны дараа УИХ дахь нам эвслийн бүлгүүдээс “том” Ажлын хэсэг гарган Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах юм.

Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Р.Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн хуулийн төсөлд санаатай юм уу, санаандгүй байдлаар орхигдсон байна. Монголын ард түмэнд төрийн эрхээ барьж, хэрэгжүүлэхэд тус дэм болдог, сонголт хийхэд нөлөөлдөг том зэвсэг бол сонин. Гэтэл сонгуулийн сурталчилгаанд сонин оролцохгүйгээр хуулийн төсөл хийгдсэн байна. Сонин бол айлаас айл руу, сумаас сум руу, багаас баг руу очдог том зэвсэг. Сонин бол хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэг. Гэтэл өнөөдөр сонгуулийн сурталчилгаанд сонинг оролцуулахгүйгээр хийсэн байна. Хуулийн төслийн 83, 84-т радио, телевиз, интернэт орчинд сонгуулийн сурталчилгаа хийнэ гэсэн байна. Сониноор сонгуулийн сурталчилгаа хийхгүй гэж шууд бичээгүй ч 71.5-аараа бусад арга хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэдэг нь үндсэндээ сониноор сурталчилгаа хийхийг хориглосон гэсэн үг. Та бид өдөр тутам ширээн дээрээ тавьж мэдээлэл авдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч зэвсэг болсон сониныг сонгуулийн сурталчилгаанаас хасчихаад бид юу бодож суух юм. Хэн гэдэг ухаантан ийм санал гаргасныг гайхаж байна. Эсвэл шивэхдээ орхиж шивээд алдаа гаргасан байх гэж бодож байна. Тиймээс энэ алдааг заавал засах ёстой шүү.

Хоёрдугаарт, энэ 76 гишүүн өөрсдийгөө энэ Их хуралд дархлах гэсэн сонирхол байна уу гэж харагдаж байна. Өмнө нь сурталчилгааны хоног 45 байсныг 21 хоног болгосон. Одоо 14 хоног болгох нь. Хэрэв шинэ хүмүүс орж ирвэл ард түмэндээ яаж танигдах юм. Сонголтоо хийх тэр эрхийг чинь хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь өгдөг юм. Яагаад үүнийг хязгаарлаад байгааг асуухгүй байж чадахгүй нь. Үүнд хариулт өгөөч.

УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч Р.Бурмаа: -Сурталчилгааны үйл ажиллагааны 78.2 дээр “гурван хэвлэлийн хуудас сонин” гээд байгаа. Тиймээс өдөр тутмын болон орон нутгийн сониноор гаргах боломжтой. Нэр дэвшигч болон нам эвсэл өөрийн хэмжээнд таарсан сониноо гаргах боломжтой байгаа. Эсвэл тухайн сонинтой гэрээлээд тарааж өгөх материалаа тэр сониноор хийж өгч болно. Тиймээс сониноор сурталчилгаа хийх гэдэг нь хасагдаагүй байгаа. Хугацааны хувьд өмнөх сонгуулиудын жишгээр хийсэн. Сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэг гарсны дараа хугацааг нь нэмэх үү гэдгийг шийднэ гэлээ.

Д.Сарангэрэл гишүүн харин хэлэлцүүлгийнхээ шатанд тэгвэл сонин гэдэг үгийг оруулж өгөхийг хүсэхэд Р.Бурмаа гишүүн “Таны саналыг оруулж тусгах боломжтой” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Сонгууль бүрээр л Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх юм. Үүнтэй зэрэгцээд Улс төрийн намын тухай хуульд оруулах өөрчлөлтөө хэлэлцээд явж болохгүй юу” хэмээн асуухад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барина. Өргөн барьсны дараагаар хэлэлцээд явна” гэсэн юм. Харин О.Баасанхүү гишүүн өөрийнхөө өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин бусад хуулийн төслүүдийг дэмжихгүй. Миний оруулж ирсэн төсөл хамгийн сайн хувилбар нь гэж байсан юм. Өргөн баригдсан хуулийн төслүүд тус бүрт нь санал хураалт явуулахад гишүүдийн олонхи хэлэлцэхийг нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн.

Харин үдээс хойших хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулсан юм. Үдээс хойших чуулганы хуралдааны эхэнд найман гишүүн сууж байсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Оюун, С.Одонтуяа нар Ерөнхий сайдаас асуулт асуулаа. Харин хоцорч орж ирсэн С.Бямбацогт гишүүн асуулт асуумаар байна гэсэн ч З.Энхболд дарга цагтаа орж ирж кнопоо дарахыг анхааруулав.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдаас “2016 онд орлогоо нэмэгдүүлэх тал дээр төсвийн албан хаагчдын оффисын талбайг багасгавал яаж байна. Хэмнэлт эндээс эхэлбэл ямар вэ. Нэг хүүхдийн цэцэрлэгийн стандарттай холбогдуулж зарим оффисыг хүүхдийн цэцэрлэгт өгвөл яаж байна. Төрийн үйл ажиллагаа явуулж байсан зарим оффисыг цэцэрлэг болгосон нь үр дүнгээ өгсөн. Төрийн албан хаагчид өрөөндөө хэр тансаглаж байна вэ. Аудит оруулан шалгаж өгөөч” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ жилийн төсөв батлахтай холбогдуулаад бид тодорхой хэмжээний байгууллагуудыг зохицуулах асуудал орсон. Оффисын стандарт талбайн асуудлыг шийднэ. Он дуусахаас өмнө энэ асуудлыг шийднэ. Агентлагуудыг нэгтгэхтэй холбоотой оффисын асуудал ч яригдаж байгаа. ТӨХ, ЗГХЭГ-ын албан тушаалтнуудад үүрэг өгсөн” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Оюун “Цэвэр агаар сан”, “Агаарын бохирдлыг бууруулах сан”-г татан буулгасан ч үйл ажиллагаа нь үргэлжилнэ гэсэн. Энэ онд хэдэн удаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хуралдсан бэ. Та Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга хүн. Ирэх онд агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлэх төсөвт “0” төгрөг тусгасан. Агаарын бохирдлыг бууруулахын тулд газ хийг нэвтрүүлнэ гэсэн юу болж байна вэ. Өнгөрсөн өвөл утааны нарийн ширхэгтэй тоос 39 хувиар буурсан. Өмнө нь байх ёстой хэмжээнээсээ тав дахин их байсан бол одоо 2-3 дахин их байна. Энэ мэтчилэн багасгаад явах боломжтой” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ жилийн төсөв дээр агаарын бохирдолтой тэмцэхэд тав орчим тэрбум төгрөг тусгасан. Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороо хуралдаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв алхам хийжүүлэх, орон сууцжуулах асуудал. Энэ жил төсөвлөсөн таван тэрбум төгрөг дээрээ үндэслээд бодлогоо үргэлжлүүлээд явна. Байгалийн хийн, нүүрснээс гаргах хийн үйлдвэр байгуулна. Нүүрснээс хий боловсруулах асуудал технологийн үйл ажиллагаа нэмж шаардагдаж байгаа. Байгалийн хий нь Таван толгойн бассейнд түшиглэнэ. Жижиг хийн үйлдвэрүүдээ байгуулна. Шахмал түлшний үйлдвэр асуудлуудаа шийдсэн байгаа. 10 орчим мянган өрхөд шахмал түлшийг татаастай шилжүүлнэ. Энэ жилээс цахилгаан халаагуураар дэмжих үүднээс шөнийн цагийн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна” гэсэн юм.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 95.7 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуулийн төслийг салбарын яам руу шилжүүлснээр зарим асуудал бүрхэг болж, зарим заалт хасагдсан талаар тайлбар сонссон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бухимдаж, “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, энэ салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулсан. Гэтэл хассан, бүрхэгдүүлсэн гэсэн хариулт өгч байгаа чинь юу гэсэн үг юм. Хариуцлагагүй тайлбар хийлээ” хэмээн Эрүүл мэндийн яамныхныг шүүмжлэв. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эрүүл мэндийн яам эзэнгүй байна. Сайд нь байхгүй, дэд сайдыг нь цомхотголоор хасчихсан. Төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй. Авлигатай тэмцэх газраас хэнийг хэзээ дуудах бол гээд сууж байгаа. Эмнэлгүүд нь бензиний зардал байхгүй, шаардлагатай боох материалын үнэ мөнгө нь байхгүй ийм л нөхцөлд байна. Бодит байдал энэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай гээд амин чухал хуулийг хэлэлцэж байхад Эрүүл мэндийн яамнаас нь хүн байхгүй, Засгийн газар анхаарал тавьдаггүй. Ийм хүнд нөхцөлд хууль хэлэлцэж болж байгаа юм уу. Ядахнаа яамныхныг сэтгэл санааны хувьд тогтвортой болго. Шинэ сайдаа томил. Ерөнхий сайд яагаад энэ асуудалд санаа зовдоггүй юм бэ. Хуулийн төслийг дэмжиж байгаа” хэмээлээ. Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэнээр холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэн байна. Тэдний 20 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 80 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжгүй. 60 хувь нь эрэгтэй бол 40 хувь нь эмэгтэй. Эдгээрээс хэдэн хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна вэ. Жил бүрийн улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн зардлыг суулгаж өгснөөр хичнээн хүний ажлын байрыг шийдвэрлэж чадах вэ, асуудлыг шийдвэрлэж чадах санхүүжилт мөн үү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тодорхой ажил зохион байгуулдаг төрийн бус байгууллагыг урамшуулах заалт төсөлд туссан уу” гэхэд С.Эрдэнэ сайд “7.3 тэрбум төгрөг бол шаардлагатай тооцоо. Хөрөнгө оруулалт, урсгал зардлыг санхүүжүүлэх тооцоо гараагүй. Энийг хийхийн тулд бизнес сургалт судалгааны төвийг байгуулах шаардлага байгаа. Тэгж байж хэрэгцээ шаардлагаа тодорхойлно. Орон нутагт зориулсан сургууль, цэцэрлэг барих, ажлын байр бий болгох чиглэлээр ажил эхлээгүй. Орон сууц, нийгмийн хангамжийн хувьд бололцоотой нь 10 хувь, боломжгүй нь 90 хувь. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах талаар заалт ороогүй. Судалгаа хийх ёстой. Яг ямар урмшуулал хүртээвэл үр дүнтэй байх вэ. Татварын юм уу, төрийн байгууллагад ямар төрлийн урамшуулал олгох юм бэ гэдгийг судалгаатай оруулж ирэх ёстой гээд оруулаагүй. Анхаарч байгаа. Гол зорилго бол хамт олонд нь түшиглэсэн орчин нөхцөлийг хангахад чиглэж байна” гэж хариулсан юм. Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Э.ЭНХ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УИХ НДШ-ийн дампуу бодлогыг цэгцэлж чадах уу?

Эргэн тойрноо харахаар нэг л тийм гунигтай байгаа биз. Уг нь бүгд л торго тосонд умбасан, жаргаж зугаалсан, тэр бүх өдрүүд зуны сайх...

img

8 цагийн дараа

Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улс...

img

7 цагийн дараа

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 11-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэгл...

img

7 цагийн дараа

“Их хурд-10” хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унажээ

“Их хурд-10” хурдан морины уралдаан Хүй 7 худагт 2025 оны  наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, хурдан морин...

img

7 цагийн дараа

Х.Баасанжаргал: Хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүдээс авч байгаа нь Үндсэн хуулийн зөрчил

Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийг хангах Үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд