редакцийн-нийтлэл
Р.АЛТАНСҮХ: “Одоо чи тогло” гээд Бооёод халаагаа өгсөн
Даваанямын Даваасүрэн
2013 оны 10 сарын 31
1
“Үхлийн симфони” хэмээх аймшгийн
кино нээлтээ хийх гэж байна. Тус киноны найруулагчаар “Шинэ үе” продакшны жүжигчин,
соёлын тэргүүний ажилтан Р.Алтансүх ажиллажээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа
хүргэе.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Таны
хийсэн дэлгэцийн шинэ уран бүтээл бэлэн болжээ. Хэзээ нээлтээ хийх гэж байна?
-Баярлалаа. Би “Оюунлаг” продакшнтай
хамтарч “Үхлийн симфони” гээд адал явдалт, аймшгийн кино бүтээлээ. Киноны маань
нээлт маргааш “Тэнгис” кино театрт болно.
Нээлтийн ажиллагаандаа бэлдээд завгүй л явна. Манай “Шинэ үе” продакшн орой бүр
19.00 цагаас тоглолттой байгаа. Тэгэхээр өдөр нь киноныхоо нээлтэд оролцоод, шууд
л тоглолтондоо орохоор төлөвлөөд л байж байна.
-Та хошин урлагийн жүжигчин. Гэтэл
таныг дэлгэцийн бүтээл, тэр дундаа аймшгийн кино хийсэнд хүмүүс гайхаж байна?
-Харин зарим хүмүүс надаас өөрөө инээдмийн
жүжигчин байж яагаад аймшгийн кино хийв гэж асууж байгаа. Зөвхөн хошин урлаг гэлтгүй би өөрийгөө кино, драмын
жүжиг гээд олон төрөлд сорьж, өөрийн нөөц бололцоогоо гаргахыг хүсдэг. Тиймээс
аймшгийн кинонд хүч үзээд алдъя гэж бодсон. Нэг хайрцагт баригдаад байхыг хүсдэггүй.
-Саяхан аймшгийн гэх тодотголтой
хэд хэдэн кино театруудад гарч эхэллээ. Таны уран бүтээл эдгээрээс ямар ялгаатай
юм бэ?
-Киноны зохиол. Энэ киног Английн
үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төлөөлөгч болох Шотландын зохиолч Роберт Луис
Стивенсоны “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Уг зохиол үнэхээр гайхалтай.
Нэг орон зайд олон үйл явдлыг гаргаж, сонирхолтой үйл явдлууд ар араасаа хөвөрдөг.
Энэ нь үзэгчдийг зохиолын турш өөрийн эрхгүй хөтөлж чаддаг. Манай уран бүтээл ч
мөн адил орооцолдсон олон үйл явдлыг тусгасан. Гэхдээ хоорондоо маш нарийн логикоор
холбогддог. Киноны үйл явдал зуслан дээр өрнөдөг юм. Бараг 300 гаруй хүүхэд тоглосон.
Мөн МУГЖ Мэндбаяр, Борхүү зэрэг олон сайхан жүжигчид тоглосон. Хүн аймшгийн кино
үзэхээрээ айж байсан ч хөтлөгддөг шүү дээ. Тийм л кино болсон гэж бодож байгаа.
-Ихэвчлэн гадны зохиолоос сэдэвлэж
кино хийх юм. Манайдаа мундаг гэгддэг кино
найруулагчид Монголд сайн зохиол байхгүй гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг
вэ?
-Миний энэ удаа сонгосон зохиол бол
сонгодог, дэлхийн хэмжээний бүтээл. Ер нь сайн зохиол тухайн уран бүтээлчийг задалж
өгдөг. Мэдээж сонгож авсан зохиолоо үзэгчдэд хүргэж, чанартай уран бүтээл болгохын
тулд найруулагч маш их зүйлийг судалж, өөрийгөө олон талаас нь задлах шаардлагатай
болно. Зохиолтойгоо, зохиолчтойгоо танилцана. Тэр хүнээс асар их ажиллагаа шаардана.
Эцсийн шатандаа сайн зохиол найруулагчаа аваад явчихдаг. Монголын зохиолчдыг
бүр муу гэж байгаа юм биш шүү. Гэхдээ дэлхийн хэмжээний зохиолтой зууралдаж байж
л нэг алхам ч гэсэн урагшилна.
-Тэгэхээр та их ном уншдаг хүн
байх нь ээ?
-Яахав уншина. Надад 4000 орчим ном
бий. Бага байхын л ном унших дуртай хүүхэд байсан. Богино өгүүллэг унших дуртай.
Тэр үед чинь уран уншлагын олон тэмцээн, уралдаан болно. Сургуулийнхаа урлагийн
үзлэгээр өгүүллэг уншина. Бид ном уншиж
байж л задарна. Одоо ч гэсэн тайзан дээр ямар дүрийг, яаж гаргавал дээр вэ гээд
номноос л судална ш дээ.
-Та чинь “Утгын чимэг” гээд уран
уншлагын наадамд нэлээд дээгүүрт орж байсан санагдаж байна?
-Би нэгдүгээр курсээсээ эхлээд бараг
долоо, найман жил “Утгын чимэг” болон өөр олон наадамд өгүүллэг уншиж явсан юм байна.
Анх нэгдүгээр курст байхдаа “Утгын чимэг”-т
ороод өгүүллэг уншлаа. Тухайн үед хэн тоохов дээ. Дараа нь нэлээд олон жил дараалж
ороод овоо туршлагатай болж гуравдугаар байрт орлоо. Удалгүй түрүүлдэг боллоо.
Тэгж байж л овоо Аранзан нарт тоогдож, энэ чинь бас сүрхий юм байна гэсэн бодол
төрүүлж билээ.
-Өөрөө шүлэг бичдэг байв уу?
-Шүлэг бичээд сүйд болохгүй. Мундаг
зохиолчдын бүтээлийг нүдэнд харагдтал уншиж үзэгчдэд хүргэнэ гэдэг надад үнэхээр
сайхан санагддаг байсан. Тэгээд ч уран уншлагын тэмцээнд бэлдэхэд ганцаараа амар
санагддаг байсан. Хаана ч ном гаргаад уншаад явсан хэн ч саад болохгүй, өөрөө л
дүрдээ орно. Тэртэй тэргүй өөр хүнтэй хамт бэлдье гэхээр хотын хүүхдүүд хөдөөний
намайг ямар тоох биш. Ганцаараа өөрөө өөрийгөө нээнэ гэдэг хамгийн үр дүнтэй арга.
-Хотын хүүхдүүд таныг гадуурхдаг
байсан хэрэг үү?
-Гадуурхаад сүйд болохгүй ч сүрхий
нийлдэггүй байсан. Би ихэвчлэн ном уншина. Тухайн үед Төв номын санд өдрийг өнгөрөөнө.
Тийм болохоор хөдөөний оюутан миний хаана, юу хийж явах нь тэдэнд ямар ч хамаагүй
шүү дээ. Энэ ингээд явж л байдаг юм гэнэ биз. Багаар театрчилсан маягийн юм бэлдэхээр
юу гэж л уриалгахан тоглож өгөв гэж.
-Та чинь Баянхонгор аймгийн хүн
байх аа. Бага нас чинь хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй
юу?
-Тийм ээ. Миний аав, ээж Баянхонгор
аймгийнх. Би Галуут суманд төрсөн. Одоо аав маань хөдөө мал маллаж байна. Харин
ээж маань тэтгэвэртээ гарчихсан. Надтай хамт амьдарч байгаа. Миний бага нас нүүдлийн
шувуу шиг л өссөн гэж хэлж болно. Ээж бага ангийн багш хүн л дээ. Тухайн үед ээжийг
нэг суманд нэг л жил болгоод өөр суманд хуваарилдаг байсан гэсэн.
-Яагаад?
-Яахав. Ээжийн ам дуугүй байдаггүй
байсан байхгүй юу. Ардчилсан үзэлтэй хүн. Тухайн үеийнхээ нийгэмд болохгүй, бүтэхгүй
байна гэсэн юмаа шууд хэлчихдэг байсан юм билээ. Тэгээд дарга нар нь наад хүн чинь
нэг газар удах юм бол хүмүүсийн тархийг угаана гэж тэгдэг байсан юм байлгүй. Сумаас
сум дамжаад явахдаа хүүхдүүдээ ямар хаяад явалтай биш чирээд л явна. Миний хүүхэд
нас тэгж л өнгөрсөн дөө. Бас мал маллана.
-Одоо нутагтаа очиж байна уу?
-Ажил ихтэй болохоор сүүлийн хэдэн
жил очсонгүй. Хааяа тоглолтоор явахаараа л очдог болж дээ.
-СУИС-д хэзээ орсон юм бэ?
-1994 онд санагдаж байна. Аймагт
шалгалт өгч тэнцээд СУИС-д найруулагч, жүжигчний ангид орж байсан юм. Манай ангид
анх нэлээд олон хүүхэд байсан. Тэгсэн зургаан охин, гурван банди л сургуулиа төгссөн. Одоо ч тэр хэд маань урлагт үнэнч явна. Найруулагч
Энхбаяр манай анги. “Хайр харуусал”, “Тавилан” гээд олон сайхан кино найруулсан.
Драмын найруулагч Наранбаатар байна. Харин охидоос УДЭТ-ын жүжигчин МУГЖ Урнаа.
Хүүхэлдэйн театрын Өнөрөө гээд бүсгүй байна.
-1998 онд драмын жүжгээр шилдэг
эрэгтэй дүрийн шагнал авч байсан санагдаж байна. Тэр ямар учиртай наадам байсан
юм бэ?
-Аан. Тэр чинь дөнгөж сургуулиа
төгсдөг жил. Дэлхийн сонгодог зохиолын шилдэг дүрийн уралдаан болсон юм. Тэр тэмцээнд
драмын жүжигчид өрсөлдсөн. Би Шиллерийн
“Дээрэмчин” жүжгийн Франц муурын дүрээр шилдэг эрэгтэй дүрийн шагнал авч байсан
юм байна. Мэдээж тухайн үед үнэхээр их баярлаж, хөөрч байсан. Шилдэг эрэгтэй дүр
авна гэдэг тухайн үед ховорхон завшаан шүү дээ. Тэгээд би нэг хэсэг Хүүхэд, залуучуудын
театрт ажилласан. Дараа нь хоёр жил гаруй Радио, телевизийн сургуульд багшиллаа.
Тэгээд л хошин урлагт орсон доо.
-Анх хэзээ хошин урлагийн тоглолтод
орж байв?
-Анхны шоу тоглолт “Амь амиа бодоорой”
гэдэг нэртэй шоу тоглолт байсан. Амбий, Бооёо, Хүрлээ гээд шижигнэсэн сайхан залуус
хамтарч шоу тоглолт хийж билээ. Тэр үеийн сайхан найзууд маань одоо ч “Шилдэг өнгө”,
“Шинэ үе”, “Х-Түц” гээд өрх тусгаарлаад
хошин урлагтаа үнэнч зүтгэж, хошин урлагийг авч явж байна.
-Жүжигчид эмэгтэй хүний дүрийг
бүтээхэд хүнд гэдэг юм билээ. Таныг харахаар хадам ээж, ааштай эмэгтэй хүний дүрийг
их гаргууд бүтээдэг санагддаг?
-Эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээхэд
үнэхээр хэцүү. Олон ч эмэгтэй хүний дүрд тоглож. Ялангуяа 2000 оны эхээр хадам ээжийн
дүрд их тоглож. Хүнд ч их хүрсэн юм шиг байгаа юм. Дүрийг нь олон удаа бүтээсэн
учраас эмэгтэй хүний занг сайн мэддэг гэж хэлэхгүй. Эмэгтэй хүн бол маш эмзэг, нарийн
мэдрэмжтэй, цэцэг шиг хүмүүс. Их нууцлаг. Тийм болохоор эмэгтэй хүний дүрийг
их цэвэрхэн гаргах хэрэгтэй. Ер нь аливаа жүжигчид ээж, эхнэр, охины дүрийг тайзан дээр сайхан гаргах ёстой. Эрэгтэй дүрийг
бол яахав дээ бүдүүн тоймын дүрсэлж болно. Гэхдээ тайзны соёл гээч юм байдаг. Архичин
хүнийг ч тэр.
-Хадам ээж, ааштай дүрд тоглоод
байхаар ээж тань эвгүйцэх үе бий юу. Хэр санагддаг бол?
-Зүгээр ээ. Анх би хадам ээжийн дүрд
тоглодог байснаа болиод “Одоо чи тогло” гэж Бооёод халаагаа өгсөн. Дандаа нэг дүрд
тоглоод байвал үзэгчдэд ч гэсэн уйтгартай шүү дээ. Нэгэн хэвийн. Тиймээс бид ярилцдаг.
Ямар дүрийг одоо хэн тоглох нь зүгээр вэ гэж. Харин ээж маань тэр болгон тоглолт
үзээд байж чаддаггүй. “Март-8”-ны баяраар дагуулж тоглолт үзүүлнэ. Тэгж тоглосон
байна, ингэчихсэн байна гээд байдаггүй. Харин эхнэр, охин хоёр маань сайн ойлгоно
шүү.
-Эхнэр тань ямар ажил эрхэлдэг
хүн бэ?
-Манай эхнэрийг Тунгалагтуул гэдэг.
Эдийн засагч хүн. Охин арван настай. Ёстой жүжигчин болохгүй гэдэг нөхөр дөө.
-“Хунгийн сүүлчийн дуу” кино таны
амьдралын тухай өгүүлдэг гэж ярьдаг. Уг нь А.П.Чеховын зохиол биз дээ?
-А.П.Чеховын зохиолоос сэдэвлэсэн
кино. Угаасаа л уран бүтээлч хүний ар гэрийн амьдралыг авч явна гэдэг эхнэр хүнд
хэцүү. Тиймээс уран бүтээлч хүний амьдралыг
л тусгахыг хүссэн. Гол дүрийн эмэгтэй бол яг л манай эхнэртэй ааш, араншин төстэй,
байгаа байдал нь мөн адилхан болсон доо.
-Нэг хэсэг таныг бор дарсанд орсон
гэж хүмүүс ярьдаг. Үнэн юм уу?
-Тийм яриа байдаг л юм. Архи уудаггүй
хүн гэж байхгүй байх. Байсан ч цөөхөн гэж бодож байна. Бидний ажил үнэндээ сархадгүй
урагш явахгүй шүү дээ. Аливаа арга хэмжээ, уран бүтээлийн нээлт, баяр ёслол дээр
тойрон хүрээлэгч уран бүтээлийн нөхөд маань ганц хоёр хундага авчих гэнэ. Ямар
хүний баяр дээр ирчихээд ярвайгаад байлтай биш хааяа нэг татна. Жаахан халамцдаг
ч юм уу. Бид нар чинь олны танил ухаантай юм болохоор тийм үед харсан хүмүүс цааш
ярина. Тэрнээс айхтар живээд, амьдралаа алдсан юм бол байхгүй. Харин сүүлийн гурван
жил би ерөөсөө архи уусангүй. Юун амсах манатай нойр булчирхай өвдөөд тостой хоол
идэж чадахгүй, явчих гээд байдаг болсон. Ер нь тэгээд сайн, муу хэлүүлсээр байгаад
тоохоо ч больсон доо.
-Та нарыг хошин урлагаараа хүмүүст
танигдчихаад, одоо дахиад болсон болоогүй кино гэж мөнгөний төлөө явж байна гэх
шүүмжлэл бий…
-Киноноос ашиг олно гэдэг маш хүнд.
Ямар ч төрөөс ивээл, тусламж дэмжлэг байхгүй. Монголоос бусад улс, орон кинонд
их ач холбогдол өгч, төрөөс нь анхаардаг.
Гэтэл манай төр кино бүтээлийг бүр тоохгүй хаячихсан. Ийм уналтад орчихсон үед
амийг нь таслахгүй авч явж байгаа уран бүтээлчдэд би баярладаг. Тайз амархан гэж
байгаа юм биш шүү. Ядаж төрөөс дэмжээд зураг авахад шаардлагатай обьектоо чөлөөлөөд
өгчихдөг, уран бүтээлчидтэйгээ хамтарч ажилладаг баймаар санагддаг. Жүжигчин
бол миний сонирхдог ажил. Хийх ёстой ажил бол найруулагч. Миний тархи хэр сэтгэж,
би юу хийж чадахаа ямагт сорьж, уран бүтээлээр хурцалж байх болно.
Д.ДАВААСҮРЭН
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө DNN.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тус...
8 цагийн дараа
Нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн ...
7 цагийн дараа
Булган аймгийн Баян-Агт суманд 3.5 магнитудын газар хөдөлжээ DNN.mn
Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км-ийн зайд өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 3-ны 11:32:44 цагт газар хөдө...
7 цагийн дараа
С.Бямбахорлоо: Төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар эдийн засагт яаж эерэг нөлөөлдгийг “Эрдэнэс Таван толгой”-оос харж болохоор байна DNN.mn
СЭЗИС-ийн доктор, профессор С.Бямбахорлоотой ярилцлаа. -Энэ онд Монгол Улсын эдийн засаг ямар байхаар байна вэ? -Манай улсын хувьд а...
7 цагийн дараа
Монгол сонгины үнэ буурчээ DNN.mn
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд