мэдээ
Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг аль нэг дарга, намд таалагдах гэж гаргаж болохгүй

Э. Энхболд
2017 оны 1 сарын 10

1
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэхээр боллоо. Ноднин нэг хуулиар бүх сонгуулийг явуулахаар болчихоод ийм хурдан өөрчлөх шалтгаан юу байсан юм бол?
-2015 онд өмнөх парламентын үед УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэгтгэн нэг болгоё гээд Монголын Сонгуулийн тухай хууль гэж баталсан. Энэ хуулиар бүх сонгуулийн хуулийг зохицуулах концепци гарч, нэгтгэн нэг хууль болгосон. Уг хуулийн хүрээнд УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан.
Уг хууль практик дээр хэрэгжээд эхлэх үед хуулийг хэрэгжүүлж буй болон хуульд хамрагдаж буй хувь хүн, албан байгууллагын зүгээс маш их гомдол ирсэн. Ялангуяа хуулийг голлон хэрэгжүүлэгч Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн байгууллагуудын зүгээс хууль хэрэгжихэд УИХ, орон нутгийн сонгуулийн ялгааг сайн гаргаж өгөөгүй, зарим зүйлийг орхигдуулсан, сонгуулийн онцлогийг бага тусгаснаас шалтгаалан сонгууль явуулахад хүндрэл гарсан гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс эдгээр хуулиуд тус тусдаа байвал илүү үр дүнтэй юм байна гэсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталъя гээд нэр бүхий гишүүд энэ сонгуулийн хуулийг өргөн бариад байгаа. 1993 онд анх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж гарч анхны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байлаа. Түүнээс хойш найман удаа өөрчилсөн. Энэ удаа шинээр бие даасан хэлбэртэй орж ирж байгаа юм. Нийтдээ 14 бүлэг 104 зүйлтэй шинэ хууль орж ирсэн.
-Энэ хуулийн онцлог нь юу юм бэ?
-Өмнөх хуулиудад гарсан алдаа, оноог тунгаасан. Ялангуяа нэгдсэн хууль байх хүрээнд бий болсон хүндрэлийг засч сайжруулах тал дээр нь түлхүү анхаарсан.
-Танай намынхан чинь зөвхөн өөрийнхөө намаас нэр дэвшиж байгаа хүнд тааруулсан хууль батлах гээд байгаа юм биш үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотойгоор Үндсэн хууль болон бусад хуулиудад тодорхой заалтууд байдаг. 45-аас дээш насны, сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гээд заачихсан. Ерөнхийлөгчид хэн нэр дэвшүүлэх вэ гэдгийг ч тодорхой заагаад өгчихсөн юм. Энэ нь парламентад суудалтай намын хүрээнд л хамаарна. Дээд шүүхийн холбогдох тайлбар нь хүртэл гарчихсан байгаа. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын парламентад суудалтай гурван улс төрийн хүчнээс нэр дэвшинэ.
-Бие даагчийн хувьд аль нэг намд элсвэл тухайн намаас нэр дэвшүүлэх боломж бий юү?
-Бие даан УИХ-ын гишүүн болсон С.Жавхлан аль нэг намд орвол парламентад суудалтай гэж үзэхгүй гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, тэр намаас нэр дэвшүүлэх эрхгүй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өмнө нь бидний 20 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн хуулиудтай үзэл баримтлалын хувьд ойролцоо. Гэхдээ илүү боловсронгуй болсон заалтуудыг суулгаж өгсөн.
Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр сонгогч гэж хэнийг хэлэх вэ, сонгогчийн шилжих хөдөлгөөн ямар байх вэ, иргэний шилжих хөдөлгөөн ямар байх вэ гэдгийг хооронд нь хольж хутгах, ойлголтын зөрүү гарсан. Ялангуяа сонгуулийн нэгдсэн хуультай болсны дараа илүү тод ажиглагдсан л даа. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг чинь УИХ, орон нутгийн сонгуулиас ялгаатай юм. Учир нь хоёр шатлалтай явдаг. Ард түмнээс санал авч сонгогдсон хүн, УИХ-аар орж баталгааждаг. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг хүнийг сонгодог тул гадаадад байгаа иргэд саналаа өгөх эрх нь энэ хуулиар нээгдэж байгаа. УИХ, орон нутгийн сонгууль чинь мажоритар системээр явагдаж байгаа тул гадаадад амьдарч буй иргэд тухайн тойрогт нэр дэвшигчдэд санал өгөх асуудал нь хаалттай байлаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар бид нээж өгч байх жишээтэй.
-Цэргүүдийн асуудал бас хөндөгдөөд байсан уу?
-Хилийн цэрэгт алба хааж байгаа иргэдийн сонгуулийг хэрхэн өгүүлж, сонгогчоор яаж бүртгэх вэ гэдэг асуудал шийдлээ ололгүй үлдсэн байсан. Гэх мэтчилэн олон асуудлууд байсан тул Сонгуулийн Ерөнхий хороо, сонгууль зохион байгуулж буй байгууллагууд холбогдох судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтийг харгалзсан. Тухайлбал, өмнө нь сонгуулийн нэгдсэн хууль гаргахдаа сонгуулийн хуульд хэдийд нэмэлт, өөрчлөлт оруулах вэ гэдэг хаалтыг хийж өгөөгүй байсан. Өмнө нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт хийхийг хуулиар хориглож байсан. Хүний эрхийн тухай үндэсний хөтөлбөрт ч гэсэн сонгогчдын эрх ашгийг дээдлэх үүднээс сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчөлт оруулахыг хориглож байсан ч өмнөх Их хурал сонгуулийн санал өгөх өдөр хүртэл бараг өөрчлөлт хийсээр байгаад орж ирсэн. Тиймээс энэ удаагийн хуулиар 150 хоногоор хязгаарлаж байна. Нэг үгээр хэлбэл, сонгууль болохоос таван сарын дотор ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож байгаа. Энэ нь эрх барьж буй юм уу, аль нэг улс төрийн хүчинд давуу талыг бий болгохгүй байх, сонгох, сонгогдох эрхэд сөргөөр нөлөөлж байна гээд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хязгаарлаж байх жишээтэй. Гэх мэтчилэн нэлээд олон асуудлыг энэ хуулиар тодорхой болгосон.
Сонгуулийн тов зарлах, сонгуулийн санал авах өдрийг зарлах асуудлыг хоёр удаа Их хурлаар оруулж тусдаа тогтоол гаргаж байсныг болиулж байгаа. Энэ мэтчилэн процедурын болон үйл ажиллагааны зохицуулалтуудыг хийж өгсөн. Сонгуулийн ерөнхий хороогоор дамжигдан хийгдэж байсан эрх мэдлүүдийг задалж, ойлгомжтой болгож өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг бүхэлд нь аваад үзэхээр өмнө нь манайд мөрдөгдөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн суурин дээр өнөөдөр үүсээд буй алдаа оноог тусгасан юм. Аливаа сонгуулийн хууль сонгогчийн эрх ашгийг дээдэлсэн, сонгогчдод нэн ойлгомжтой, сонгогчийн сонгох, сонгогдох эрхээ хангахад чиглэгдсэн байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг аль нэг дарга, намд таалагдах гэж гаргаж болохгүй. Эсвэл тэдний эрх ашигт нийцүүлсэн хууль гаргаж болохгүй л гэж байгаа юм.
Сонгуулийн хууль чинь ардчиллын амин сүнс болсон эрх зүйн баримт бичиг. Тэр утгаараа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангасан, нийтийн эрх ашгийг дээдэлсэн хууль гараасай гэж хүсч байна.
-Гэхдээ оны өмнөхөн хуулийн төслийг өргөн барьчихаад нэгдүгээр сарын 15-ны дотор багтааж батална гэдэг чинь бушуу туулай борвиндоо баастай гэгч болох гээд байгаа юм биш үү?
-Хуулийн төслийг боловсруулах явцад парламентад суудал бүлэгтэй намууд болох АН, МАН-ынхан ярилцаж, намуудын төлөөллийг багтаан хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс хуулийн төсөл аль аль бүлэг дээрээ дэмжлэг авсан болохоор хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Парламентын шатандаа сайтар ярилцсан болохоор хууль хугацаандаа батлагдах боломжтой.
-Гэхдээ Ардчилсан намын бүлгийн дарга хэвлэлийн хурлын үеэр хуулийн төсөл ирээгүй гэдэг зүйлийг мэдэгдсэн. Тэр утгаараа чуулганаар хэлэлцэх боломжгүй гэж байсан л даа…
-Энэ хуулийн төсөл арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн баригдсан. Бүх гишүүдэд и-мэйлээр болон цаасаар тараагдсан. Тиймээс АН, МАХН, бие даагч гээд ялгаад байсан зүйл байхгүй байлгүй дээ. Хуулийн хүрээнд л явах байх.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тов хэдийд зарлагдах вэ?
-Хууль батлагдсаны дараа товыг зарладаг. Эхлээд хуулиа баталчихъя. Монголчууд нэг үеэ бодоход шат шатны сонгуулийг явуулаад сурчихлаа. Тэр утгаараа сонгуулийн ардчилал манайд хэлбэржин тогтож байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгын давхар явуулчих хэрэгтэй байгаа юм. Ард түмэн нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэвэл хийх хэрэгтэй. Монголчууд маань үгүй гэх юм бол тэгээд цэг тавиад хаах цаг нь болсон.





М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ танхайрч, бусдыг хутгаар сийчсэн тухай мэдээлэл олон нийти...
1 цагийн өмнө
Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм
Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн гол...
3 цагийн өмнө
“Ulaanbaatar Music Festival 2025” задгай талбайн фестиваль болно
Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Fes...
3 цагийн өмнө
Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг эмя-д хийлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгий...
3 цагийн өмнө
М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Т.Тулга нарын бөхчүүд ДАШТ-д оролцохоор Хорватыг зорилоо
2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд Хорват Улсын Загреб хотод болох юм. Э...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд