Нээлтийн арга хэмжээнд Монгол, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон БНАСАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.
Сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нар бат бэх үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг даван туулж эдүгээ 70 нас хүрч байна. Монгол Улс БНАСАУ-тай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, бие биеийн бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анд нөхөр болсон юм. Манай хоёр улс Солонгосын дайны хүнд хэцүү жилүүдэд Элчин сайдын яамдаа харилцан нээж байсан түүхтэй. Монгол Улс, БНАСАУ-тай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид ч хөгжүүлэхийн төлөө байна” хэмээн онцлов.
Элчин сайд О Сын Хо “Монгол Улс болон БНАСАУ нь олон улсын тавцанд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсөн нь манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн бөгөөд тэр цагаас эдүгээ хүртэлх 70 жилийн хугацаанд манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт бэхжин хөгжиж ирлээ. Манай ард түмний Аугаа их жолоодогч нөхөр Ким Ир Сен амьд сэрүүн байхдаа хоёр удаа Монгол Улсад айлчлан Монгол Улсын үе үеийн удирдлагатай хамт Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэх үндсийг тавьж өгсөн юм” гэв. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнүүдийг хоёр талдаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.