Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 24

Валютын ханш

value

онцлох-нийтлэл

Х.Баттулга: Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм

trend

img

2018 оны 7 сарын 11

img

68

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж:

“Наадамчин олон монголчууд аа,

Манай улсад морилон ирсэн гадаадын жуулчид, анд нөхөд өө

Монголын төрт ёсны их цэнгэл – МОНГОЛ НААДАМД тавтай морилно уу.

Бидний өвөг дээдэс нэн эртнээс морьдынхоо хурдыг, биеийнхээ хүчийг, харааныхаа хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалж яваагийн тод илрэл нь МОНГОЛ НААДАМ юм. Түүх сөхвөл бөх барилдаж, үзэгчид тойрон баясч буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9 мянга гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай байдаг юм байна. Энэ бол наадам лавтай 9 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай болохыг харуулсан тод баримт юм.

Дэлхийн олон улс үндэстнүүд хуран цуглаж, цэнгэн баясахдаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорих эрмэлзэлтэй байдгаас спортын цэнгээн наадмууд үүсч, уламжлал болсон гэж үздэг. МОНГОЛ НААДАМ бол нүүдэлчин ард түмнүүдийн хувьд эртний грекийн Олимпийн наадмаас дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирсэн билээ.

Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн. Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна.

Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа.

МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн билээ. Монголын дуу гэвэл моторын дуу биш морьтон ардын гайхам соёл, урлаг болохыг хүрэлцэн ирсэн зочид, жуулчид минь дэргэдээс нь харж, мэдрээсэй гэж монгол наадамчид хүсэж байна.

Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчид, анд нөхдөдөө Монгол наадмын мэндийг тусгайлан дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай аялж, ихийг үзэж хараарай. Ахин дахин ирж байгаарай. Монголчууд та бүхнийг хэзээд найрсгаар хүлээн авах болно.

Ингээд Үндэсний их баяр цэнгэл – МОНГОЛ НААДАМ эхэлж байгааг Та бүхэнд дуулгая.

Морьд бүхэн хурдан байг, сум бүр мэргэн тусаг, бөх болгон бяртай байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол наадам өнөд оршиг ээ.

Өлзий жаргалан үүр уртад нэмэгдэх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж дууссаны дараа Төрийн есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор эхлэв. Төргийн тэргүүн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

8 цагийн дараа

Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ

Энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 5 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chas...

img

8 цагийн дараа

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна. Т...

img

7 цагийн дараа

Иранд өгсөн цохилтын эргэн тойронд

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гурван байгууламжид нэгэн зэрэг, хамгийн гол нь газрын гүнд байрлах Фордо цогцолборт н...

img

7 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.23/ 10:00...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд