мэдээ
Д.Доржпүрэв: Орон нутгийн сонгуулийн өмнөхөн хэрэг үүсгэн шалгаж, эцэст нь үнэн мөнийг нь тогтоосон

ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ
2020 оны 3 сарын 10

1
Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвтэй ярилцлаа.
-Коронавирусийн тархалттай холбоотойгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Иргэд чадах чинээгээрээ дэглэм сахиж, хандив тусламж өгч, хамтран ажиллаж байна. Таны хувьд ч хандив тусламжийг түүчээлэгчдийн нэг боллоо. Яагаад хандив өгөхөөр болов?
-Коронавирус орчин цагийн хар тахал л болчихлоо. Нийтдээ 90 гаруй мянган хүнд тархсан байгаа талаар өнөөдөр мэдээлж байна лээ. Манай хил залгаа, ойр орчмын бүхий л улс оронд гарлаа. Үүнээс үүдэж Монгол Улсад санхүү, эдийн засгийн хүндрэл гарч байна. Тиймдээ ч найз нөхөд, гэр бүл, ажиллагсад гээд 70 орчим хүн нийлж хандив цуглуулахаар шийдэж, 20 сая төгрөгийг цуглуулсан. Энэ мөнгөөр маск, нэг удаагийн хувцас хэрэгслийг авах гэсэн боловч мэргэжлийн хүмүүс биш учир олж сонгоход бэрх юм билээ. Иймд мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө сонгосон нь зүйтэй болов уу гэж үзээд бэлэн мөнгийг нь хандивлахаар шийдсэн.
-Цөөнгүй иргэд Эрүүл мэндийн яаманд хандив тусламж үзүүлж байна. Монголчуудын зовох цагт нэгэндээ дэм тус болдог сайхан чанар алдагдаагүй юм байна гэж баярлаж, бахдах хүмүүс ч байлаа.
-Үнэн. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” ч гэж бид хэлдэг шүү дээ. Ер нь бид өөр, өөрсдөдөө л анхаарал халамжтай байхгүй бол биднийг хэн анхаарах билээ дээ. Бид чинь цөөхүүлээ. Тэр утгаараа ч манай ажилчид, найзууд энэ хандивын үйл ажиллагааг маш уриалгахнаар дэмжсэн. Хэрэв дэмжээгүй бол 20 сая төгрөг босгоно гэдэг чамгүй ажил шүү.
-Коронавирус Монгол Улсад илрээгүй байгааг янз бүрийн хүчин зүйлстэй л холбож тайлбарлаж байна. Таны хувьд юу гэж харж байна вэ?
-Байгаль цаг уурын онцлогоосоо болж байгаа юм болов уу гэж харж байна. Монголоос гадна Казахстан, Узбекистан, Тажикистан зэрэг улсуудад тархалт харагдахгүй байгаа юм. Тиймээс газар зүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдал дээрээс нь хэрэглэж байгаа хоол хүнснээсээ ч болдог байж магадгүй. Нөгөө талаараа төрийн байгууллагуудаас хөл хорио тавих тал дээр сайн ажиллаж, үр дүн нь ийн гарч байгааг ч үгүйсгэхгүй. ДЭМБ-ын цахим хуудас руу өглөө бүр орж үзэж байгаа. Харахад хүн маш ихээр бөөгнөрдөг, их олон нисэх онгоцны буудалтай, том арга хэмжээ зохион байгуулдаг, аялал жуулчлал их хөгжчихсөн газруудад өргөн тархацтай байна. Европт л гэхэд Франц, Итали, Азид БНХАУ, БНСУ, Японыг нэрлэж болно. АНУ-д нөхцөл байдал хэвийн байснаа сая дэгдээд л эхэлчихлээ.
-Таны хувьд одоогоор ямар алба хашиж байна вэ?
-Би дэд сайдын алба хашихаасаа өмнө бизнес хийж байсан. Төв аймгийн Ардчилсан намын даргаар 10-аад жил ажилласан байна. Түүнээс хойш дөрвөн жил гаруй юм хийсэнгүй. Өнгөрсөн жилээс эхлээд хувийнхаа ажил руу орж байна даа.
-Эргэн улс төрд хөл тавих уу. Сонгууль дөхсөн энэ үед ямар бодолтой байгаа вэ?
-Нэг зүйлийг онцлоход хандивын ажил бол сэтгэлийн юм шүү. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж хүсэх байна. Хандивын аян үргэлжлэн дэлгэрч байгаад баяртай байна.
Яахав сонгуулийн тухайд харж л байна. Их хурлын сонгуулиар би Төв аймагт гурван удаа нэр дэвшсэн, удаалж байсан.Миний хувьд сонгуульд орно гэдгээ эцэслэж шийдсэн юм алга. Улс төрд залуучууд, идэр насныхан оролцдог, идэвхтэй байх хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн идэвх сайн байхгүй бол бид хөгжихгүй. Энэ үүднээс нь ч хүмүүс улс төрийг анхаарч ярьдаг. Мөн улстөрчдийн сайн, муу, сайхан, муухай, хувийн амьдралыг сонирхож хардаг, шинждэг. Шалтгаан нь тэд маань сонголт хийх учраас.
-Хандивын үйл ажиллагааг тань сайшаахын хажуугаар саар зүйлсийг ярих нь ч байна. Таныг Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын санхүүжилтээс нэг сая ам.долларыг банк бусаараа дамжуулан авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгасан. Энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болсон юм уу?
-Би төрийн алба хашиж байсан. Дэд сайд бол төрийн өндөр албан тушаал мөн. Би хариуцаж байсан ажилдаа хайнга хандаж байгаагүй. Улс орондоо хэрэгтэй ажлуудыг хийж бүтээчих юмсан л гэж зорьж ажилласан. Олон төсөл хөтөлбөрүүд дээр ажил үүргийнхээ дагуу хяналт тавин ажилладаг байсны нэг нь энэ төсөл. Тэдгээр төслүүдийн үр дүнд бид өнөөдрийг хүртэлх эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэж чадсан. 2016 оны сонгуулийн дараагаар буюу орон нутгийн сонгуулийн өмнөхөн л хэрэг үүсгэж шалгасан. Тэр үед төрийн зүгээс шаардсан бүхий л бичиг баримтуудыг гаргаж өгч, шалгуулсан. Шалгасны эцэст хохирсон хүн, хуулийн этгээд байхгүй юм байна гэж үзээд 2019 оны тавдугаар сард хэргийг хаасан. Энэ талаарх шийдвэрийг надад бичгээр ирүүлсэн.
Одоо цагт мэдээллийн үнэн зөв, худал буруу гэдгийг ялгахад бэрх болчихож л дээ.





Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд зааса...
8 цагийн дараа
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртг...
8 цагийн дараа
Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
2025 оны тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцуулж байна.
...7 цагийн дараа
Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазарыг сонгожээ
Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль өнөөдөр боллоо. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар тодорч,...
7 цагийн дараа
Генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд