мэдээ
Э.Төрмандах: Би хоолойныхоо чадлаар аархана гэж боддог

Э. Энхболд
2025 оны 7 сарын 17

1

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэсүрэнгийн Төрмандахтай ярилцлаа.
–Дуучин Э.Төрмандах гэж их аархсан хүн явна гэж дууллаа?
-Та миний дуулсан “Аархал” дууны тухай яриад байна уу.
–Харин тийм. “Аархал” дуу болон таны тоглолтын тухай л ярьж байгаа минь энэ?
-Тийм байж. Би чинь 2011 онд “Зүүдний шувуу шиг бүсгүй минь” гэдэг нэртэй анхны бие даасан тоглолтоороо ард түмэнтэйгээ уулзан золгож байлаа. Тэр цагаас хойш хоёр жил гаруйн хугацаанд уран бүтээлээ хийж яваад өнөөдөр, маргааш хоёр өдөр “Аархал” хэмээх бие даасан тоглолтоо хийхээр боллоо.
–Тоглолтоо яагаад “Аархал” гэж нэрлэсэн юм бэ?
-“Аархал” хэмээх уран бүтээл маань миний дуунууд дотор ихээхэн орон зай эзэлж, жин дарах бүтээл болсон. Монголын ард түмэн Азийн цээжин дээр төрсөн буянтай улсууд гэж боддог. Миний хувьд Монгол хүн болж төрсөндөө аархаж, омогшиж, бадарч явах учиртай гэж санадаг юм. Аархал гэдэг зүйл Эзэн Чингэсийнхээ үеэс байсан гэж боддог шүү. Тийм болохоор нэг үдэш ч гэсэн ард түмэнтэйгээ аархаж, омогшиж өнгөрүүлье гэж санаад тоглолтоо ийн нэрийдсэн учиртай.
–Таны бодлоор аархал гэж юу вэ. Зарим нэг давилуухан нөхдүүд аархал гэдгийг дээрэлхэх гэдэг утгаар хэрэглээд байх шиг санагдах юм?
-Яг энэ тухай би уулзсан хүмүүстээ аархал гэж чухам юу болох тухай санал солилцон өөрийнхөө бодлыг хэлж л явна. Аархал гэхээр манай зарим залуус архидан согтуурч янз бүрийн авир гаргаж явахыгаа хэлээд байх шиг байгаа юм. Аархал гэдэг тэс өөр ойлголт шүү дээ.
–Таныхаар юу нь өөр гэж?
-Монгол эрсийн судсанд омогшил бардамналын цус буцалж байдаг. Бид цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг омогшиж чаддаг. Манайхан эвлэрч чаддаг, буруу омогшлоосоо болж бүр бутарч байсныг түүх гэрчилнэ. “Аархал” дуугаа би яагаад цээжээ дэлдэж дуулдгийн учрыг хэлэх үү.
–Бололгүй яахав?
-Монголчууд зөв аархаж чадвал дэлхийд гарна. Бид өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, хийж чаддаг бүхнээрээ аархаж явах хэрэгтэй. Монголын ард түмэн аархахгүй юм бол өөр хэн аархах юм бэ. Өөр нэг гадны нөхөр ирчихээд аархаад явна гэж бодохгүй байна. Тэдний зүрх сэтгэлд монголчууд шиг омогших гень байдаггүй биз гэж боддог шүү. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар найз маань Глинкийн уралдаанд түрүүлчихээд ирэхээр нь би “Монголчууд бид бусад орныхноос юугаараа өөр юм. Дэлхийн дуучид ямар байна. Бид тэднээс юугаараа илүү, юугаараа дутуу байна вэ” гэж асуухад “Тэдний дэргэд бидний зүрх сэтгэл шал өөр юм байна. Бидний сэтгэл уярах цагтаа уярч, бадрах цагтаа бадарч байдаг. Тэд бол хэвэнд цутгасан мэт санагдлаа” гэж билээ. Энэ бол үнэн. Монголчууд уяхан сэтгэлтэй, бардам байдаг нь энэ сайхан хээр тал, байгалийн үзэсгэлэн гоо, дуулаад баршгүй газар нутаг биднийг хүн чанартай болгодог юм болов уу гэж санадаг шүү. Гэхдээ манайхан аархал гэдгийг зөв талаас нь хардаг болжээ. Надтай уулзсан хүмүүс аархалын тухай өөр өөрийнхөөрөө ярьж буйг сонсоод тэгж итгэх болсон. Нэг уяачтай уулзахад л “Тэсийн гол, Гал шарын унага надад байгаа, Аргамагийн тоос дээлэнд минь байгаа” мэт санагдаж байна гэж хэлдэг.
–Таны хувьд уран бүтээлээрээ аархаж байна гэж ойлгож болох уу?
-Өнөөдөр ингээд бодож суухад “Аархал” дууг дуулах их хувь заяа надад байжээ гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би хоолойныхоо чадлаар аархана гэж боддог.
–Сүүлд хийсэн таны уран бүтээлүүд “Аархал“, “Талын хөх чоно” гэхчлэн эрэмгийн өнгө аястай уран бүтээл байх болж. Дуулах дуугаа та өөрөө ингэж сонгоод байгаа юм уу?
-Миний хоолойд тааруулан зарим уран бүтээлчид дуугаа хийдэг бол заримыг нь би өөрөө сонгож авдаг. Яагаад иймэрхүү хурц шийдэлтэй уран бүтээлүүд гараад байна вэ гэхээр нэгд миний өөрийн хүсэл зорилго зүрх сэтгэл минь надаас ийм уран бүтээлийг шаардах болсон. Гэхдээ заавал эрэмгий дуу гэлтгүй сайхан уянгын дуунууд ч мөн тасархай шүү дээ. Зарим үед эр хүн өөрийн омогшлыг бадрааж явах нь зөв гэдэг утгаараа ийнхүү сонгоод байгаа. Эдгээр дуунуудаас гадна “Эх орон эрчүүдээр дутна”, “Монгол минь ганцхан”, “Нарны орон” гэх мэт эх орон, хань ижил, аав, ээж, үр хүүхдээ хайрлан дуулсан дуунууд бүгд миний уран бүтээлд багтсан байдаг. Дуучид сэдэвт баригдалгүй бүх төрлөөр дуулах учиртай гэж боддог. Би “Чонын хийморьтой эр хүн” дуундаа клип хийх гээд баатрын дүрд найзыгаа тоглуулсан юм. Мань эр мэргэжлийн жүжигчин хэрнээ асгартал уйлчихдаг байгаа. Дараа нь яав ийв гэтэл “Баатар хүн яагаад уйлж болдоггүй юм. Баатар хүн яагаад инээж болдоггүй юм. Баатар гэхээрээ эрэмгий зоригтой хүдэр хүн байх ёстой юм уу. Баатар хүн ч гэсэн ээжээс төрсөн байж таараа. Ханилсан ханьтай байж таараа. Тийм болохоор нинжин сэтгэл гарахгүй яах юм бэ” гэж билээ.
–Гэхдээ нийтийн дуучид нэг хайрцагт багтаасан мэт эх орон, хань, хайр, аав, ээж гэсэн сэдвийн хүрээнд эргэлдээд байх шиг санагддаг шүү?
-Монголын үндэсний урлаг бол уртын дуу, ардын дуу морин хуур юм. Нийтийн дуу бол ардын дууны араас залган гарч ирсэн урлаг гэж ойлгодог. Нийтийн дуу гэдэг эх орон, нийгмийн сайн сайхныг, аав, ээжээ хайрлан дуулах учиртай гэж боддог. Би нийтийн дууг урлаг хэвээрээ байгаасай хэмээн хүсдэгээ ч нуугаад яахав. Нийтийн дуунаас бусад урсгал, чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй дуучид дуу гэдгийг үгээ хэлэх индэр гэж ойлгодог болсон. Харааж зүхсэн, гутаан доромжилсон янз бүрийн дуунууд их байна. Урлаг нь урлагаараа байх ёстой гэж боддог. Эртнээсээ л манай уртын болон ардын дуучид тайзан дээр гараад ийм байна, тийм байна гэж хараал хэлж дуулж байгаагүй. Өнөө цагт монгол ахуй амьдрал алдагдаад эхэллээ гээд байгаа. Тэгвэл энэ монгол ахуйг нийтийн дуучид бид л ард түмэндээ мартагдуулахгүй дуулж байх болно. Нийтийн дуунд машин, байшин дуулаад нэг их өөрчлөлт гарахгүй биз дээ. Дуу гэдэг өөртөө маш их зүйлийг агуулж, тээж явдаг өв юм.
–Нийслэлийн иргэд нийтийн дууг хөдөөний урлаг гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Харин нийтийн дууг хөдөөний урлаг гээд байгаагийн учрыг ойлгодоггүй юм. Үүнд ч санаа зовдоггүй. Монголын ард түмэн хэзээнээсээ нүүдэллэж ирсэн хөдөөний ахуйтай хүмүүс шүү дээ. Хөдөөнийхөн л мах иддэг гэдэг. Улаанбаатарынхан бүгд тэгээд мах иддэггүй хэрэг үү. Их хотын гээд байгаа тэр хүмүүс цагаан хоолоо идээд явах нь яасан юм. Нийтийн дуучдыг хөдөөнийх гэхээр нь харин ч би баярладаг.
–Яагаад?
-Хөдөөний бид чинь морин дэл дарцаглаж уудам талыг алдалж өссөн болохоор, айраг цагаанд умбаж өссөн болохоор хотынхноос харин ч эрүүл саруул хүмүүс гэж ойлгодог. Адуу дэлдэж өссөн бидэн хэнээс дутуугүй эр чадал бүрдсэн байдаг юм. Нийтийн дууны урлагт хүч үзэж яваа бидэн цаашдаа гэгээн зам мөрөө үлдээх хэрэгтэй. Бидний үеийнхэн дөнгөж урлагт хөл тавьж байна.
–Өнөөдөр залуу дуучдын дууг нүдээ аниад сонсоход үнэндээ хэн дуулаад байгаа нь ялгарахаа байлаа. СУИС–ийн хэдэн багш нэг арга барилаар заадаг болоод жил бүр ийм дуучид төрөөд байна уу?
-Багш нарт ямар ч буруу байхгүй ээ. Багш гэдэг өөрийнхөө мэдэх зүйлийг шавь нартаа заадаг. Шавь нар нь уран бүтээл хийгээд эхлэхээр янз бүрийн уран сайханч нөхдүүд дуурайж уран бүтээл хийх болж. Нэг сайхан уран бүтээлийг сонсож байгаад караокед орон дуулж үзэнгүүтээ цаашид би дуулж болох юм байна гэж бодоод маргааш нь нэг студид ирээд аранжровшик хийлгээд дуулж байгаа дуучин биш уран сайханчид маш их болсон байна. Тэр дууг нь ФМ, телевизүүд нь ч явуулаад байх юм. Энэ мэтчилэн зүйлсээс нийтийн дууны нэр хүнд унаад байгаа хэрэг л дээ. Миний зүгээс СУИС-ийн оюутан дүү нартаа сайн уран бүтээл хийгээрэй гэж хэлдэг. Дуучид өөрсдийн гэсэн дуулалтын арга барилтай болох хэрэгтэй. Хэрэв эхнээсээ тэгээд явчихсан бол нийтийн дууны нэр хүнд өнөөдрийнх шиг унахгүй байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарыг олны танил болсон цагаас хойш нийтийн дуучид олширсон. Монголчууд бүгд л нийтийн дуу дуулдаг. Тийм болохоор тэднээс ялгарах ганц хувь дуучин гэдгээ мэдрүүлэх нь чухал.
–Нийтийн дуучид ам бариад байгаа болохоор бусад урсгал чиглэлийнхэн нь дургүй байдаг гэсэн?
-Хамгийн ам барьдаггүй дуучид чинь нийтийн дуучид юм шүү дээ. Учир нь тэрхүү дуучид ихэнх нь ногоотой шөлийг идэж, мэргэжлийн сургуулийг нь төгссөн болохоор ам барих шаардлага байдаггүй. Харин үглэж бариад байдаг нөхдүүд гүйж харайж дуулдаг хирнээ яасан амьсгааддаггүй юм бэ гэж боддог. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан удахгүй дуучдад шалгалт хийнэ гэж дуулсан. Тэднийг яагаад алга болчихов. Бушуухан ирээд шалгаад өгөөсэй гэж хүлээж байгаа. Хэрэв энэ мэтчилэн шалгуур тавиад эхлэхэд хэн нь хэн бэ гэдэг нь ил тод болно.
Дуучид энд тэнд дуулахад хөгжим техник нь болохгүй байна гэж үглэцгээдэг л дээ. Тийм л юм бол гадагшаа яваад техник тоног төхөөрөмж нь хөгжсөн газруудад очоод дуулж болно шүү дээ. Хэн ч хориг тавиагүй. Хэрэв тэгж чадахгүй юм бол байгаа орчиндоо зохицоод дуулах хэрэгтэй. Тэр нь өөрөө дуучны үүрэг болчихож байгаа юм. Удахгүй ам барина гэдэг асуудал цэгцрэх байх гэсэн бодолтой байгаа. Нийтийн дуучдын тоглолтыг үзсэн хүмүүс хэн нь ам бариад байгааг ялгаж салгадаг болсон байна лээ.
–Таны хувьд ам барьж байв уу?
-Ам барьж үзээгүй гэж худлаа хэлээд яахав. Оюутан ахуй цагтаа сайн мэдэхгүй дуугаа ам бариад дуулчихдаг л байсан. СУИС-ийг төгссөн цагаасаа хойш ам бариагүй. Би тухайн уран бүтээлээ тайзан дээр дуулахаараа илүү дуулдаг болохоор ам барих шаардлага ч байдаггүй.
–Сүүлийн үед уран бүтээлийн хулгай хэрээсээ хэтэрлээ. Нэг аятайхан шүлгийг мөрийг нь аваад өөр шүлгээс нэг мөрийг нь туугаад, ая зохиож буй хүмүүс нь ч мөн ялгаагүй тийм болчихож…
-Адилхан дуунууд байхын алийг тэр гэх вэ. Гэхдээ хөгжмийн зохиолчид хүний хөгжмөөс нэг тактыг хулгайлж болно гэдэг юм билээ. Хүмүүс ичих нүүрээ элгэндээ наачихаагүй бол одоо хулгай хийх нь гайгүй болчих байлгүй дээ. Миний уран бүтээл дээр ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.
–Үнэхээр үг, ая нь зохиролдсон дууг үнэ хаяж худалдан авч байв уу. Хэрэв байгаа бол үнийг хэлэхгүй юу?
-Миний хувьд үнэ мөнгөөр дуу авч байсан түүх байдаггүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолчид маань өөрсдөө аваад ирчихдэг юм.
–Гэргий тань дуучин шүү дээ. Эхнэртэйгээ хамтарч уран бүтээл хийж байв уу?
-Гэрийн минь баганыг түшин, тулганд гал бадраасан гэргийг минь О.Гансувд гэдэг. СУИС-д манай дээд курст суралцдаг байсан юм. Эхнэр маань уртын дууч мэргэжилтэй. Гэргийтэйгээ хамтарч уран бүтээл хийж байгаагүй ч эхнэртээ зориулан “Ганцхан чамайгаа” гэсэн дууны үг, аяыг нь хийж бэлэг барьж байлаа. Энэхүү дууг эхнэр маань тоглолтын үеэр дуулахаар болсон. Цаашид гэргийтэйгээ дуэт дуулах бодолтой байгаа.
–Багадаа таныг шаггүй барилддаг байсан ч дуучин болчихсон гэж дуулсан…
-Барилддаггүй монгол хүүхэд гэж юу байхав. Би багадаа үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Тийм ч муу барилддаг байсангүй. Сумынхаа наадамд барилдан түрүүлсэн ч удаатай. Тухайн үед суманд түрүүлсэн бөхөд цол олгодоггүй байлаа. Хэрэв цол олгодог байсан бол өдийд сумын заан цолтой нөхөр дуулж явахгүй юу.
Сүүлийн үед ерөөсөө барилдаагүй. Уран бүтээлдээ л цаг заваа зориулж явна. Барилдахгүй болохоор бөхийн өргөөнд очиж бөхчүүдийнхээ гайхалтай уран барилдаануудыг л үзэх юм даа.
–Таныг нийтийн дуучдаас их хуралд төлөөлөл байх хэрэгтэй гэж ярьдаг гэж дуулсан. Улс төр сонирхоод байна уу?
-Улс, төр, нийгэм болоод Монголын эд баялгийн тухай бодохоор сэтгэл эмзэглэдэг зүйл олон байдаг. Монголчуудын эрх ашигт нийцэхгүй асуудлууд, улс төрийн эрх мэдэлтнүүдийн хийж буй зарим үйлдлүүдийн талаар бодохоор онцгүй зүйлс их байдаг шүү дээ. Иймээс энэ бүхнийг зөвөөр залруулах нинжин сайхан сэтгэлтэй урлагийнхнаас нэг хоёр хүн улс төрд гарах хэрэгтэй гэж бодогддог юм.
Э.ЭНХБОЛД





Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
Ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ. Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж,...
2 цагийн дараа
Улаанбурханаар өвдсөн нэн хүнд 2 хүн байна
Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс хүргэлээ. Долдугаар сарын 16-ны байдлаар батлагдсан тохиолд...
1 цагийн дараа
Наадмын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн амь насаа алджээ
Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн...
4 минутын дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сары...
1 цагийн өмнө
Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд