Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрах боломж Монголын хөдөөд байна

trend

Э. Хүрэлбаатар

img

2025 оны 1 сарын 04

img

1

news-img

Дөлгөөний энгэрээс урагш хараа сунгахад цэлийсэн  шаргал тал. Шим нь толгой руугаа орсон өвс буцаж буй цагийн эрхээр тогоотой сүүний цөцгий шиг л шар­галтан намрын хонгор салхинд найган ганхана. Тэртээ зүүн дороос ба­раан морьтой хүн айсуй. Гүүн зэлнээс залуу хосууд гурван хувин дүүрэн
саам дамжлан алхаж явна. Мөн шувууд хаашаа ч юм бэ зэллэн нисч байв. Ийм л дүр зураг намаршин буй хөдөөнөөс  хараг­дана.

Их үдийн алдад гэ­рийн эзэн Д.Цэрэндорж гуайтай хамт хонинд морд­лоо. Уяан дээр нь зээрд, алаг зүсмийн хоёр морь байна.
Тарган бай­гаа дээр нь одоо хөнгө­рүүлж хүчийг нь тогтоож, хавар унах гэж барьж авсан морьд гэнэ. Хө­дөө­нийхөн үүнийгээ морь шарлуулах хэмээн ярь­даг билээ. Ингээд гэрийн зүүн хойд талын толгод руу явцгаалаа. Морины уяан дээрээс мордоход л агь,
таанын үнэр хамар цоргих. Замдаа бид хоёр ам хуурайгүй яриад
л яваад байгаа. Ноосны урамшуулал мөнгөө авч байгаа
юу гэхэд “Өө тэрийг манай эхнэр л авч байгаа байх, би сайн мэдэхгүй. Ер нь тэрийг авсан аваагүй болоод л байдаг юм. Хотын хүмүүсийг хараад байхад махандаа л байдаг цалингаа барьж байгаа улсууд юм. Ченжүүд бид­нээс мах хямд үнээр авчихаад цааш нь
өндөр үнэтэй өгөх юм. Махны бизнесийг ченжүү­дээс салгах төрийн бодлого дутаад байх юм. Бид махаа мах зардаг хүмүүст шууд өгчихдөг, тэр нь багахан үнэ нэмээд худалдан авч байгаа хүн­дээ шууд өгчихвөл болох юм. Ингэж чадвал хотын хүмүүс цалингаа маханд биш өөр хэрэгцээт зүйлдээ зарцуулах байх гэж бодогддог юм” гэв. Ийнхүү ярьж явсаар толго­дынхоо орой дээр гараад ирлээ. Хаашаа л харна шаргал тал цэлийн хараа булаах
ажээ. Тал дунд адуу, үхэр, хонин сүрэг тайван гэгч нь налайх юм. Бандгай гуайн хонь баруун энгэ­рийг барин идээ­шилж байна. Цаг агаарын мэдээ­гээр удахгүй цас орж, бага зэрэг хүйтрэх гэж байгаа гэдгийг Д.Цэрэн­дорж гуай ярив. Түүний хэлж буйгаар
одоо бага зэрэг цас орох нь газарт нэн хэрэг­тэй зүйл гэж байна. Хатсан өвсөнд чийг өгөхөөс гадна намрын хайлган цагаар мал усанд явж тарга тэвээр­гээ алдаад байхгүй. Цаг агаар эрт хүйтрэхээр мал өвөл бээрэхгүй өлчир байдаг гэсэн. Тэдний амь­жиргааны
гол эх үүсвэр нь бог мал. Бог малдаа хонь олон. Тэдний хонь Баянцагааны илүү нугаламтай,данхан сүүлтийн үүлдрийн хуц жил бүр тавьдаг гэсэн. Харин ямааг Увс аймгийн Өлгий сумын хар ухна тавьсан. Ноолуур сайн гардаг том биетэй учир Увс аймгаас нүүж ирсэн айлаас ухна худалдан авчээ.

БУХИМДАХ ЗҮЙЛГҮЙ АМЬДРАЛ
Д.Цэрэндоржоос хөдөө дутаг­дах гачигдах зүйл байна уу гэж асуулаа. Тэрээр хэсэг дуугүй суун бодож байснаа “Хөдөө дутагдах
гачигдах зүйл юу л байв гэж. Хэрэг­лээ бага шүү дээ. Сүүлийн үед залуус хот руу дайжих болж. Хүн чадлаа мэдэж, боломжоо харж амьдрах орчноо сонгох учиртай юм. Үүнийг л өнөөгийн залуус мэдэхгүй байна. Эртхэн эхнэр, хүүхэдтэй болоод амьдралын мөрөө хөөсөн залуус бол хөдөөд сайхан амьдарч бололгүй яахав. Монголын хөдөө гэдэг чинь цэвэр агаар, цэвэр хүнс, амгалан тайван орчин шүү дээ. Наад зах нь эрүүл мэндээ боддог хүнд хот гэдэг чинь уурын зуух л болчихоод байна шүү” гэв. Үнэхээр түүний хэлснээр хөдөө нутаг сайхан. Монголд хямрал болох гэж байна. Ам.долларын үнэ нэмэгдэж байна гэх зэрэг зүйлс малчдад огт хамаагүй. Бас цалин бага, зарлага их байна. Автобус унаа, ус цахилгааны мөнгө зэрэг  аар саар зүйлээс бүр ангид. Дур­тай цагтаа хотноосоо хонь төхөөрч тарган мах идчихээд, үнэтэй
эд зүйлс хэрэглээд л явж байна. Цаг агаар тогтуун өвс, ногоо элбэг байвал жаргалтай, дэлгэр байж чадна. Хөдөөд ямар ч бухимдал алга. Зөвхөн хөдөлмөрлөж түүний үр шимийг хүртсэн хүмүүс. Харин хотод дээд сургууль төгсөж, мэргэж­лээрээ ажиллаж чадаагүй барилга дээр туслахаар ажиллаж, бор хоногийг хүний эрхээр  өнгөрөөж буй  залуус олон бий. Тэд барил­гын туслах хийгээд мөрөөдөөд байгаа сайхан амьдралдаа хүрнэ гэдэг бүтэшгүй мэт. Харин мал маллаад түүнийг өсгөж чадвал хэнээс ч дутахааргүй сайхан амьд­рах боломж энд байх шиг хэмээн ярив.

МАЛЧДЫНХАА НИЙГМИЙН ДААТГАЛЫГ
ТӨЛДӨГ АЖИЛ ОЛГОГЧ МАЛЧИН

Мал нь хоёр мянгаас дээш гарсан малчид доороо 2-3 малчин айлтай болчихсон байна лээ. Тэднийгээ цалинжуулаад бас хоол ундыг нь даачих аж. Хонь, үхрээ таслаад гэрийнхээ ойролцоо мал­чин айлуудаа буулгачихаад өглөө болгон машинтай очиж заавар зөвлөгөө өгсөн шиг л амьдардаг юм байна. Д.Цэрэндорж
гуайнх мөн л гурван малчинтай юм билээ. Мал­чин айлуудынхаа гэрийн эзэн болоод эхнэрийг нь цалинжуулаад бүр нийгмийн даатгалыг нь хүртэл төлдөг гэж байгаа. Үүнийгээ яваан­даа
нас өндөр болохоор өөрсдөд нь хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна лээ. Өнгөрсөн жил гэхэд Төв аймгийн Баянцагаан суманд өвөл, хавар малыг нь харж өгдөг хоёр айлд цалингаас нь гадна мал тасалж өгчихөөд иржээ. Д.Алтан­гэрэл, Дармаа гэх хоёр айлд нэгэнд нь 50 эм хонь, нөгөөд нь 30 хонь, ямаа өгсөн
байна. Гэхдээ малыг хүн шиг л хайрладаг хүнд мал өгөхгүй бол сайн санаад өгөхөөр маргааш нь хот руу мөнгө болгох гээд махлаад аваад явчихдаг хүн ч байдаг хэмээн ярьж суув.

Ийнхүү хонины бэлчээр дээр хэсэг яриа өрнүүллээ. Бандгай надтай элдвийн зүйл ярьж суухдаа ийш тийшээ дурандаад байх. Тэгс­нээ “Өглөө хүүгийн олохгүй байсан хүрэн азаргатай адуу тэнд л байна. Пүрэв хэдэн хонио хариулаад явж байна” гэх мэт малаа, байгаль, ойр орчмоо бүртгэнэ. Хонь тогтуун байгааг харсан болохоор гэр рүүгээ явлаа. Тэр үеэр том хүү Батзаяа өглөө олоогүй адуундаа явжээ. Тиймээс бид хоёр гүү татах ажилд томилогдлоо. 40 гаруй унага татав. Ихэнх гүү нь сүү сайтай юм. Удалгүй хувин дүүрээд, том саванд юүлэх ажээ. Энэ үеэр хотоос
хүүх­дүүд нь ирцгээсэн юм. Тэд гэртээ орж, айраг уучихаад аав, ээжийнхээ түлээг бэлдэж,  өгөхөөр явцгаалаа. Баруун талд байх
уулнаас бургас олж ирэх гэнэ. Мөн усны том цэн­хэр савуудыг нь дүүргэхээр хоёр нь явлаа. Гэрийн эзэгтэй тогоо нэрж байлаа. Нэрмэлийн жалавчны ус халахаас өмнө үхрийн зэлэн дээ­рээ очиж үхрийн баас дэлгэх юм. Намрын шар аргал бэлдээд авчих­сан байхад мод шиг л асна. Намаржаан дээр байхад цас орлоо гэхэд түлшгүй гэж муухай царайлахгүй. Мөн аймгийн төвд байх хамаатнууддаа намар, өв­лийн түлшийг бэлдэж өгнө хэмээн Пунцагдулам эгч энэ тэрийг хийх  зуураа ярина.

Гэрийн эзэд удахгүй Баянца­гаан орж өвөлжөөгөө янзалж өнгөр­сөн өвөл хураасан аргалаа хураах юм гэнэ. Амралтын өдрүү­дээр
хүүхдүүд нь ирсэн болохоор хадсан  өвсөө өвөлжөө рүүгээ зөөх гээд мундахгүй олон ажилтай. Пунсалдулам эгч саяхан л зэлэн дээр үхрийн баас дэлгээд зогсож байсан ч аль хэзээний гэрийнхээ үүдэнд ирээд ааруул тавьж байгаа харагдав. Хэзээд нь амжуулдаг юм гэмээр дэлгэцтэй ааруул гэр дээр эрийтэл нь тавьчихсан
байх аж. Мөн тэднийх том гэртээ бяслаг шахаж байлаа. Ус, модонд явсан хүүхдүүд ч удалгүй ирлээ. Ойрхон байх уулнаас цөөн хэдэн бургас олж иржээ. Том хүү Ц.Батзаяа ч адуунаас ирлээ. Аавынхаа гэрт орж ирснээ нэг найз руугаа залгаж байгаа бололтой
суурин утсаар ярив. “Чиний алдсан гээд байгаа гурван адуу чинь ямар зүстэй билээ. Аан цэгээн дэлтэй шарга үрээ байна лээ. Нөгөөх нь хүрэн адуу байсан бараг мөн юм
биш үү” гэв. Тэгснээ “За тэгвэл адуу гарга­хаар хүрээд ир. Хамт явж харах уу” гэж нэг найзынхаа адууны сургийг гаргаж өглөө. Тэгснээ гэрээсээ хонины арьс гаргаж ирээд гэрийн­хээ ард байх шүүтэй сав руу хийж байгаа харагдлаа. Өвөл өмсөх сэгсүүргэн дээлнийхээ арьсыг шүүдэж байгаа нь энэ аж.  Харин бусад нь гүү саах цаг арай болоогүй байгааг ашиг­лаж, хотоос ирсэн хүүхдүүдтэй дэмбээдэх аж. “Дэмбээ манан даа тавын манан зургаа байна” гээд… үзэж
тарлаа, нөгөө­дүүл чинь. Би ч  юу дутахав гэсэн шиг дунд нь суугаад л тэдэнтэй дэмбээдэв. Намрын өдий цагт хөдөөнийхөн их
ажлынхаа хажуу­гаар найрлаж, бас дэмбээднэ. Ийнхүү нэг өдрийг жирийн нэг малчин айлд өнгөрөө­лөө. Ямартай ч бидний очсон айл амьдралд дарлуулалгүй, харин ч давж гараад даацтай амьдарч болж байгаагийн жишээг тэднээс олж харлаа. Үүнийг гэрийн
эзэн “Хэрэвзээ бид хотод байсан бол цалингаас цалингийн хооронд царай алдаад сууцгааж байх байсан биз” хэмээн ярьж байсан юм. Зарлагаа давсан орло­готой, гэрийн эздийн
яриагаар бол зарлагагүй орлоготой амьдарч байгаа эгэл өрх айлын амьдралын зах зухаас сурвалжлахад ийм байна.

Нар баруун тийш  хэвийж, бүлээн элчээ түгээх ажээ. Тэртээд харагдах өндөр уулс халиун бугын зоо шиг шаргалтан байна. Бүх зүйл нарны өнгөтэй болчихсон мэт шаргал. Зүүн уулын энгэрээр хонин сүрэг тааваараа идээшлэх үед гэрийн эзэдтэй дахин уулзах ерөөл тавин нийслэлийн зүг хөдөллөө. Ай даа, Монголын  налгар намар мөн ч сайхан юм аа.

Э.ХҮРЭЛБААТАР

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнгөрсөн долоо xоногт 61 гал түймрийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.30-2025.01.05/  нийслэлийн 6 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаа...

img

8 цагийн дараа

М.Амгаланбаатар: Хувийн хэвшил төрийг бодвол хурдан шуурхай, чанартай, менежментийн хувьд дэвшилтэй DNN.mn

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал М.Амгаланбаатартай ярилцлаа. -Танд шинэ оны мэнд хүргэе. Манай сонины энэ оны хамгийн...

img

8 цагийн дараа

“Бүсгүй” кино энэ сарын 16-наас кино театруудаар гарч эхэлнэ DNN.mn

“Хурд” хамтлаг “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. “Хайрлагдсан эмэг...

img

8 цагийн дараа

Хивэг 25 килограмм нь 23.375 төгрөг байна DNN.mn

Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2025.01.06/ мэдээллийг хүргэж байна. Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/ Хорголжин 40 кг...

img

7 цагийн дараа

Хэрэгтэн болгох амархан буюу хуурамч чат DNN.mn

Шинэ оны эхний өдрүүдэд хамгийн дуулиантай хүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан гуай тодорч байх шиг ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

иргэн

ЦЭВЭР АГААР, ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭЭД ӨӨРТӨӨ АЖЛЫН БАЙР ГАРГААД , СЭТГЭЛ АМГАЛАН ТАЙВАН, СТРЕССГҮЙ , ТАВ ТУХТАЙ АМЬДРАХ БОЛОМЖ ҮНЭХЭЭР ХӨДӨӨ Л БАЙДАГ. МАЛ МАЛЛАХ, ГАЗАР ТАРИАЛАН , ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХЭЭС ЭХЛЭЭД ХИЙХ АЖИЛ ЗӨНДӨӨН БНА. ХАРАМСАЛТАЙ НЬ БИД ДЭНДҮҮ ЗАЛХУУ, БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭНД ХЭТ ДАСЧЭЭ…

Онцлох нийтлэлүүд