Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

М.Амгаланбаатар: Хувийн хэвшил төрийг бодвол хурдан шуурхай, чанартай, менежментийн хувьд дэвшилтэй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 06

img

126

news-img

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал М.Амгаланбаатартай ярилцлаа.


-Танд шинэ оны мэнд хүргэе. Манай сонины энэ оны хамгийн эхний дугаарт та голлох ярилцлагын зочноор уригдаж байна. Учир нь, нийгэмд хүлээлт үүсгэсэн тодорхой төслүүд танай төвөөр дамжин хэрэгжих юм байна гэж ойлгосон. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж яг юуг хэлээд байна вэ?

-Олон улсад нийгмийн шинжтэй дэд бүтцүүд болон төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн оролцоотойгоор, тэдний санхүүгийн эх үүсвэрээр хийдэг болоод олон жил болж байна.

Өнөөдөр дэлхийд алдартай Boeing, Starlink бол төр хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ. Солонгосын Samsung, Японы Mitsubishi motors, АНУ-ын Microsoft, Германы BMW гээд төр, хувийн хэвшлийн түншлэлээр боссон, амжилттай яваа компаниуд олон бий. Ардчилал хөгжсөн улсуудад тогтворжсон, нийгэм эдийн засаг дахь үүрэг нөлөө нь ч тодорхой болчихсон харилцаа. Харин манайд бол харьцангуй шинэ ойлголт, шинэ сорилт. Монгол Улс 2024 оны нэгдүгээр сараас эхэлж төр, хувийн хэвшлийн түншлэлийн орон зай, хууль эрх зүйн орчинг бүрдүүлээд байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар түншлэлийн хүрээнд бариад, өөрсдөө 30 хүртэлх жилийн хугацаанд ашиглаад, тэндээсээ санхүүжилтээ буцааж олоод, гэрээний хугацаагаа дуусахаар төрд шилжүүлж өгөхөөр болж байгаа нь төрийн мөнгөөр нийтийн шинжтэй дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээ хийдэг байсан асуудалд тодорхой хэмжээний дэвшил гарч байгаа юм. Концессын хууль тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ төсөвт ачаалал өгдөг байдал нь ялгаагүй байсаар байсан. Тэгвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих төслүүд нь төсөвт дарамт болохоос илүүтэй төсвийн ачааллыг хөнгөвчилж өгч хэрэгжихээрээ онцлогтой юм. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдгийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хэлнэ гэж хуулиар тодорхойлсон.

-Эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг төр шахаж, хумьж байна гэх шүүмжлэл сүүлийн жилүүдэд их гарах болсон. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье.

-Жилээс жилд тэлж буй төсвийн зарлага нь эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг шахаж байгаа тухай судлаачид их ярих болсон. Энэ нь бодит үнэн. Өмнөд хөрш БНХАУ төсвийн зарлага нь ДНБ-тэй харьцах харьцаа түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэхэд 29.5 хувьтай байна. Манай улсын хувьд олон жилийн турш 30 хувьтай явж ирснийгээ дундаж харьцаа гэж үздэг. 2025 онд энэ харьцаа 37 хувьтай байх таамагтай байна. Үүн дээр төрийн өмчит компаниудын зах зээл дэх оролцоог аваад үзвэл 60-70 хувь руу дөхнө гэж үздэг. Үлдэж байгаа 30-40 хувь нь төрөөс хамааралгүй хувийн хэвшлийн орон зай болж үлдэж байна. Энэ бол чөлөөт зах зээлтэй оронд том эрсдэл. Эдийн засгаа эрүүл бус бүтэцтэй болгож буй хэлбэр. Үүнийг ардчиллын онолчид, дэлхийд тэргүүлэх судлаачид маш олон талаас нь өнө удаан жилийн турш судлаад туршаад, нотолчихсон. Ийм ч учраас төр бодлогоор хувийн хэвшлийн эдийн засаг дахь оролцоог хамгаалах, хангах үүднээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Төр өөрөө хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бүтээн байгуулалт хийдэг, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж үйлчилгээ үзүүлдэг бус, харин төр хувийн хэвшлийн оролцоог хангаж, хувийн хэвшлийн тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлж, илүү чанартай үйлчилгээ, бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр хийлгэдэг болж байгаа нь Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн онцлог. Энэ бол том дэвшил.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хууль батлагдсанаар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн зорилт бодит амьдрал дээр хэр нийцэж байна гэж та боддог вэ?

-Нийгэм, цаг үеийн шаардлагаар, олон улсын сайн жишгийн дагуу гарч ирсэн хууль гэж хэлж болно. Эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг тэлэх, төсвийн зарлагын дарамтыг багасгах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, нийтийн шинжтэй дэд бүтцийг цаг алдалгүй хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран бүтээн байгуулна гэдэг өөрөө манай өнөөдрийн нийгэмд нэн хэрэгтэй зүйлс. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хойш мөрдөгдөж байна. Мэдээж нийтийн шинжтэй энэ томоохон төслүүдийн бүтээн байгуулалт хагас жилийн дотор хэрэгжээд биеллээ олдог зүйл биш. Зөв, чанартай түншлэлийн гэрээ байгуулж, тухайн төсөл хэрэгжиж эхлэх хүртэл тодорхой цаг хугацаа зарцуулагдана. Манай Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулагдаад богино хугацаа өнгөрч байгаа ч хуулийн хүрээнд төслүүд эхнээсээ орж ирэн судлагдаж байна. Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн судалгаа, шинжилгээг хууль журмын хүрээнд боломжит хугацаанд нь мэргэжлийн баг, мэргэшсэн зөвлөхүүдийг ажиллуулан тодорхойлдог. Үр дүнг харахад хараахан болоогүй байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилтийг олон улсын сайн жишгийн хэмжээнд хангаж ажиллахыг манай төвийн хамт олон зорин ажиллаж байна.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын сайн жишээнээс дурдвал?

-Манай улсад нэвтрүүлж болох, олон улсад амжилттай хэрэгжсэн төр хувийн хэвшлийн түншлэлийн загваруудаас дурдъя. Сингапур дэд бүтцийн төр, хувийн хэвшлийн төслүүдийн амжилтаараа алдартай. Чилийн эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн төслүүдийн туршлага нь Монголд үнэтэй сургамж өгч чадна. Эрүүл мэндийн салбар нь 100 хувь ашгийн байж болдоггүй, 100 хувь халамжийн байж болдоггүй. Хөрөнгө оруулалт, үр ашгийн хажуугаар нийтийн эрх ашиг, бүгд найрамдах зарчмыг зайлшгүй шаарддаг салбар. Тэгвэл Чилийн загвар нь гэрээний нөхцөл, гүйцэтгэлийн хяналт, оролцогч талуудтай харилцах чухал ач холбогдлыг тодорхойлж чадсан загвар. Их Британи улс боловсролын байгууламж болон үйлчилгээний чанарыг сайжруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг үлгэр жишээ ашигласан. Жил бүр улсын төсвөөр сургууль, цэцэрлэгийн барилга барих өнөөгийн загвар нь урт хугацаандаа хөрөнгийн ба боловсон хүчний менежментийн хувьд том ачаалал, эрсдэл дагуулж байна. Хүн амын өсөлт ч аяндаа буурах хандлагатай ба хөдөөд эзэнгүй, менежментгүй үхмэл хөрөнгүүд олноор хаягдах талтай.

Тэгвэл Их Британи боловсролын барилга байгууламжийг төлөвлөх, барих, засварлахад хувийн хэвшлийг оролцуулсан туршлагатай. Эрсдэлийн хуваарилалт болон гэрээний менежментийн арга барилд дүн шинжилгээ хийж нэвтрүүлэхэд сайн жишээ болох юм.

-2025 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар ямар төслүүд хэрэгжих вэ?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, хөгжлийн яамны бодлогын баримт бичиг зэрэгт тусгагдсан 140 гаруй төсөл байна. Эндээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой гэж үзэж байгаа 30 орчим төсөл бий. Үүнээс гадна хувийн хэвшил болон тухайн орон нутаг өөрөө санаачлаад төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлж болно. Тэгэхээр хувийн хэвшил өөрөө эдийн засгийн үр өгөөжтэй, нийгэмд хэрэгтэй гэж үзсэн төслүүдээ хэрэгжүүлээд явах боломжийг нээж өгснөөрөө энэ хууль нэн онцлогтой байгаа. Одоогийн байдлаар хувийн хэвшлийн зүгээс санаачилсан төсөл хуулийн хүрээнд түншлэлээр хэрэгжих боломжтой эсэхээ тодорхойлуулж байна. Жишээлбэл, Мөрөн-Улиастайн авто зам, баруун босоо чиглэлийн 1400 км авто болон төмөр замын төслүүд, аймгуудын дулааны станц, нисэх онгоцны буудал, төмөр сэргээгдэх эрчим хүчний төслүүд судлагдаж байна. Нийслэл болон улсын төсвөөс сүүлийн гурван жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймагт хуулийн хүрээнд түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжтой. Аймаг, орон нутгуудад хуулийн танилцуулга, хамтран ажиллах санал хүргүүлж байна. Хуулиар олгосон боломжийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтад багтааж чаддаггүй аймаг, орон нутагтаа тулгамддаг нийтийн шинжтэй дэд бүтэц болон төрийн үйлчилгээний ажлуудаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийх боломж гарч ирж байна. Жишээ нь, аймаг орон нутгуудад тулгамддаг нэг асуудал нь дулааны хангамжийн асуудал байдаг. Манай орны хувьд дулааны цахилгаан станцтай аймаг хуруу дарам цөөн. Тэгвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд аймаг, орон нутаг төслөө өөрөө санаачлан орж ирж хэрэгжүүлэх боломжтой болж байна.

-Өмнө нь концессын гэрээгээр төр, хувийн хэвшил хамтардаг байсан. Концессын гэрээ байгуулаад үр дүнд хүрээгүй олон төсөл бидэнд бий. Цаашид юун дээр илүү анхаарах шаардлагатай вэ?

-2010 оноос хойш Концессын тухай хууль хэрэгжсэнээс хойш 2024 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд 270 орчим төслийг концессоор хийх гэж оролдож байсан юм билээ. Түүнээс 60 гаруй төсөл Засгийн газартай гэрээ байгуулаад, хэрэгжсэн. Мэдээж энэ төслүүд нийгэмд өөрийн үүргийг гүйцэтгэж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад явж байна. Сайн тал нь 60 орчим төсөл хэрэгжсэн байна. Сөрөг тал нь энэ 60 орчим төслийн эргэн төлөлт төсөвт хүндрэл учруулж байна. Цаашдаа ч төлөгдөөд явна. Энэ нь төсөвт ачаалал дарамт үүсгэж байна гэсэн үг. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төслүүд төсөвт ямар нэгэн дарамт үзүүлэхгүй. Аливаа зүйл өмнөх зүйлээсээ туршлага сууж, улам чанаржиж байдаг. Концессын хуулийн гашуун туршлагаас үүдэн энэ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль илүү чамбайрч, мөн олон улсын сайн жишгийн дагуу төслүүдийг хэргжүүлэхийг илүүтэй зорьсон. Концесс бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг төрлийн хэлбэр юм. Өмнөх туршлагатай холбоотойгоор шинэ хуулиар барих-шилжүүлэх хэлбэрийг хориглосон. Энэ нь тендерээс ямар ч ялгаагүй болж байгаа юм. Бусад бүх төрлийн түншлэлийн хэлбэрүүдийг нэвтрүүлэхийг хичээснээрээ давуу талтай.

-Олон улсад зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх буюу DBFOM төрөл зэрэг түншлэлийн гэрээний олон төрөл байна. Манай улсад ямар ямар төрөл нь хэрэгжих боломжтой вэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нийт 10 төрлийн түншлэлийн гэрээний хэлбэрийг зааж өгсөн. Үүнд, зураг төсөл, төсөв боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх, барих, шилжүүлэх, ашиглах, барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх, барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх, түрээслэх болон түрээслүүлж төрийн үйлчилгээг үзүүлэх, ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх, сэргээн засварлах, эзэмших, ашиглах, шилжүүлэх, удирдлагыг хэрэгжүүлэх, төслийн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон түншлэлийн гэрээний бусад төрлүүд байна хэмээн зааж өгсөн. Түншлэлийн гэрээний төрлийг илүү олон сонголттой, боломжит хувилбаруудтай болгож өгсөн нь тухайн төслийн онцлогт тааруулан ашиглах боломжийг нээсэн. Хувийн хэвшлийнхэнд маань төртэй хамтрах, түншлэх тал дээр болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Учир нь, манай улсад Засгийн газрын дундаж наслалт тийм ч өндөр байдаггүй. Гэхдээ урт хугацааны гэрээ байгуулах, мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын бодлого нь аль нэг улс төрийн нам харгалзахгүй улс орныхоо эрх ашгийн талд зогсож, энэхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг аль болох тогтвортой, найдвартай байх тал дээр анхаарч боловсруулсан гэдгийг энд онцолмоор байна. Улс төржиж болдог сэдэв, болдоггүй сэдэв гэж бий. Жишээ нь, бид үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нэн түрүүнд гадны улсаас хамааралгүй болох ёстой салбар маань эрчим хүч юм. Өнөөдөр өвлийн ид ачааллын үедээ бид тогоо хязгаарлалтын аргаар буюу иргэдийн тогийг хэсэгчлэн тасалж, оргил үеийг өнгөрөөж байна. Манай улс нар, салхины орон. Дэлхийн чиг хандлага сэргээгдэх, ногоон эрчим хүч рүү хэдийнэ орсон. Эрчим хүчний дутагдлаа нөхөж, улмаар эрчим хүчний экспортлогч орон болохыг зорьж, хувийн хэвшилтэйгээ төр түншилж, энэ салбарт зөв төслүүдээ хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгарч буй гол сорилтуудын талаар ярихгүй юу?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль маань хэрэгжиж эхлээд эхний жилээ үдэж байна. Манай төв байгуулагдсанаар эхний төслүүд судалгаа, шинжилгээ, үнэлгээнийхээ түвшинд явж байна. Хувийн хэвшил, иргэд олон нийт, аймаг орон нутгийнхан маань хуулийн талаарх ойлголт нь хараахан бүрэн болоогүй, таньж мэдээгүй асуудал тулгарч байна. Жишээлбэл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлье гэсэн төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхэнд хуулийн талаарх ойлголтыг лавшруулан өгөх ажил гарч ирж байна. Мөн гадны хөрөнгө оруулагчдын хувьд хууль нь, түншлэлийн гэрээ нь тогтвортой байх уу гэх мэт эргэлзээнүүд байгаа нь ажиглагдаж байна. Одоогийн байдлаар энэ хоёр төрлийн асуудал тулгарч байна. Нэгдүгээрт, хуулиа таниулах, байгууллагаа сурталчлах, хуулийн дэд бүтцийг танилцуулах ажлуудыг манай төвөөс цаг алдалгүй хийхээр төлөвлөөд явж байна. Хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, энэ хуулийн, гэрээний тогтвортой байдал, итгэл төрүүлэх асуудалд анхаарч ажиллаж байна.

-Төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар ямар үр дүнд хүрнэ гэж тооцож байгаа вэ?

-Хамгийн гол зорилго бол нийгмийн шинжтэй дэд бүтэц, төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна. Төсөвт үзүүлэх дарамт багасна. Төр өөрийн тодорхой чиг үүргүүдийг хувийн хэвшлээр хийлгэснээр төрийн үйлчилгээний хандлага, стандарт сайжирна гэсэн хүлээлттэй байна. Өнөөдөр улсын эмнэлэг болон хувийн эмнэлгүүдийн үйлчилгээ асар их ялгаатай байгааг иргэд ярьдаг. Тэгвэл түншлэлийн төслөөр хэрэгжсэн эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтыг тухайн хувийн хэвшил нь гэрээний хугацаандаа ашиглах явцдаа өөрсдийн орчин үеийн байгууллагын соёлоо тэнд суулгана. Энэ нь цаашлаад улсын шинж чанартай эмнэлгүүд мөн тэр соёлд суралцана гэж бодож байна. Үйлчилгээний салбар болон байгууллагын засаглал зэрэг дээр хувийн хэвшлийн эерэг соёлыг төрд нэвтрүүлэх нэг том алхам гэж бодож байна. Энэ нь нийгмийн стрессийг бууруулах нэг хүчин зүйл болох юм.

-Улсын хөгжилд дорвитой түлхэц болоосой гэсэн олон нийтийн хандлага бол байна. Энэ хүлээлтэд хүрэх болов уу?

-Төр хамгийн муу менежер гэсэн ойлголт байдаг. Хувийн хэвшил мэдээж төрийг бодвол хурдан шуурхай, чанартай, менежментийн хувьд хамаагүй дэвшилтэй байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжсэн төслүүд урьд өмнөх төслүүдээсээ илүү чанартай, илүү хүртээмжтэй, үйлчилгээ нь илүү түргэн шуурхай байна гэдэгт итгэлтэй байна. Нэмээд нэг зүйл хэлэхэд, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн гол зохицуулалт нь өмнөх Концессын хуулийн зохицуулалтаас авлига, албан тушаал, сонирхлын зөрчлөөс ангид байх боломж олгож байгаагаараа гол давуу талтай. Энэ давуу талыг биелүүлэн ажиллахыг, улсын хөгжилд түлхэц болсон хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэхийг манай баг хамт олон зорин ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье ээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шу...

img

39 минутын дараа

Иргэн энэ оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлнө DNN.mn

2025 оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхтэй холбоотойгоор эхний гурван сарын шимтгэлээ төлөх хөгжүүлэл...

img

1 минутын өмнө

Цаан сүрэг 166 толгойгоор цөөрчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ. 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн э...

img

21 минутын өмнө

Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр бо...

img

1 цагийн өмнө

ЦЕГ: Машин мөргөж, ухаан алдсан жолоочоос согтолт, мансууруулах бодис илрээгүй DNN.mn

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд “Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл м...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

12324

Amjilt

Онцлох нийтлэлүүд