мэдээ
Б.Санчир: Амьдралыг үнэнчээр туулж, зоригтой байхад л амьдрах утга учир аяндаа бүтдэг

Админ
2025 оны 8 сарын 02

1

Философич, сэтгэл судлаач Б.Санчиртай амьдралын утга учрын талаар ярилцлаа.
-Амьдрал гэж яг юу вэ, амьдралын утга учир юунд оршдог вэ гэх асуултыг хүн бүр өөрөөсөө асуудаг байх. Амьдралын утга учир чухам юу болохыг философийн үүднээс хэрхэн хардаг талаар ярилцаж болох уу?
-Амьдрал гэж юу вэ, амьдрахын утга учир юу вэ гэх асуултууд бол хүн төрөлхтний хамгийн эртнээс тавьсаар ирсэн, хамгийн гүн, хамгийн хариу нь тодорхойгүй асуултуудын нэг. Тэдгээрт өгдөг хариулт нь ч хувь хүн, цаг үе, соёл, шашин, итгэл үнэмшлээс шалтгаалан өөр байх авч, философийн үүднээс авч үзвэл дараах хэд хэдэн өнцөг ажиглагддаг.
ХХ зууны философид хүчтэй нөлөө үзүүлсэн “экзистенциалист” сэтгэгчид буюу тухайлбал Жан-Поль Сартр, Альбер Камю нар амьдралд урьдчилан тогтсон утга учир гэж байхгүй, харин хүн өөрөө амьдралдаа утга учрыг бий болгодог гэж үздэг. Харин Сартрын хэлснээр, “Оршихуй нь мөн чанараасаа урьтан оршдог.” Өөрөөр хэлбэл, бид эхлээд оршдог, амьдардаг, харин амьдралын утга, зорилгоо явц дунд өөрсдөө бүтээдэг. Энэ нь нэг талаар эрх чөлөөг өгч байгаа мэт боловч нөгөө талаар хариуцлагыг ч давхар агуулж байгаа. Альбер Камю “Сизифийн тухай домог” зохиолдоо амьдралын утга учрыг эрэлхийлэх хүний оролдлого, энэ орчлонгийн хоорондын зөрчлийг “абсурд” хэмээн тодорхойлсон. Гэвч Камюгийн үзэлд энэхүү “утгагүй мэт” байдал нь амьдрахаас татгалзах шалтгаан биш юм. Эцэст нь, философи амьдралын утга учирт тодорхой, ганцхан хариу өгдөггүй. Харин харж буй өнцгөөс шалтгаалан амьдралын утга учир нь урьдчилан тогтоогдсон зүйл биш учраас хүн өөрөө утга учраа бүтээдэг. Тэр утга нь хайр, гэр бүл, уран бүтээл, мэдлэг, эсвэл туулж буй тэмцэл, зовлон дунд ч оршиж болно. Амьдралыг үнэнчээр туулж, зоригтой байхад л амьдрах утга учир аяндаа бүтдэг гэсэн үг. Хамгийн гол нь утга учир гэдэг нь бидний эрэлхийлэлд бус, өдөр бүр амьд явж, амьдралыг мэдэрч буйгаа ухамсарлах мөч бүрд өөрөө оршиж байдаг юм.
-Ер нь хүн юунд зорьж тэмүүлдэг юм бол?
-Энэ асуулт “амьдралын зорилго юу вэ” гэдэгтэй салшгүй холбоотой. Эрт цагийн философичдоос эхлээд өнөөгийн сэтгэл судлаачид хүртэл хүн юунд үнэхээр хүсэж, тэмүүлж амьдардаг вэ гэдгийг тайлбарлахыг хичээж ирсэн байдаг. Мэдээж хүний хүсэл эрмэлзэл, цаг үе, нийгмийн орчноос хамааран өөрчлөгддөг.
Үүнийг философийн үүднээс авч үзвэл Аристотель хүний амьдралын туйлын зорилго бол “эвдемония” гэж үзсэн. Энэ нь энгийнээр хэлбэл, сайн сайхан, утга учиртай амьдрал гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хүн ёс суртахуунтай, ухамсартай, зорилготой амьдрах үедээ л жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ гэж тэр үздэг байсан.
Хүн юунд тэмүүлдэг вэ гэдэг асуултад ганц үнэн хариулт байхгүй. Сэтгэл судлаач Виктор Франкл “Амьд үлдэхээс илүү амьдралдаа утга учир олох нь хүний цорын ганц хүсэл” гэж үздэг байсан. Түүний “Хүн амьд үлдэхийн тулд бус, амьдрахын утга учрыг олохын төлөө амьдардаг” хэмээх тэмдэглэл нь ч бий.
-“Амьдрах ямар ч утга учиргүй байна” гэж гомдоллодог хүмүүс байдаг. Мэдээж өвчин, үхэл хагацал үзсэн хүмүүс зовдог, шаналдаг. Үүнийг гэтлэх, даван туулах нь амьдралын бас нэг том сорилт юм шиг. Үүнийг сэтгэл судлал талаас хэрхэн тайлбарлаж болох уу?
-Амьдрах утгагүй мэт санагдах тэр мэдрэмж бол хэн бүхэнд нэг бус удаа тохиолдож болох зүйл. Ялангуяа амьдралд гэнэтийн цохилт буюу өвчин, осол, салалт, санхүүгийн хүндрэл гэх мэт зүйл тохиолдох үед энэ мэдрэмж илүү гүнзгийрнэ. Үүнийг сэтгэл судлалд дараах шалтгаанаар тайлбарладаг. Нэгдүгээрт, хүн амьдралынхаа тодорхой үед амьдралынхаа утга учир, зорилго, үнэ цэнд эргэлзэж, “Би яах гэж амьдарч байгаа юм бол?” гэх асуултыг өөрөөсөө асууж эхэлдэг. Үүнийг экзистенциал хямрал буюу амьдралын утга учир алдагдах хямрал гэж нэрлэнэ. Энэ үед сэтгэл зүй өөрчлөлтөд орж, урьд нь итгэж байсан зүйлс буюу шашин, хайр дурлал, ажил мэргэжил, гэр бүл нь хангалтгүй мэт санагдаж эхэлдэг.
-Ингэхэд Сократ, Платон гэх мэт философчид зөв сайхан амьдрах талаар юуг чухалчилдаг байсан юм бол?
-Сократ хэлэхдээ “Өөрийгөө тань, дотоод сэтгэлээ эргэцүүл.
Энэ бол зөв амьдрах эхлэл“. Хүн муу зүйл хийхдээ муу гэж мэддэггүй, харин мэдлэггүйдээ тэгдэг” хэмээн үздэг. Тиймээс ёс суртахуунтай амьдрахын тулд мэдлэгтэй байх шаардлагатай гэж сургадаг байв. Сократ хүний зорилго бол сэтгэлийн ариун, шударга, зөв байдлыг хөгжүүлэх гэж үздэг байсан. Харин Платон “Сайн сайхныг таньж, сэтгэлийн бүх хэсгийг зохиролтой байлгах нь зөв амьдрахуйн үндэс” гэж үздэг байсан. Хүн зөв амьдрахын тулд мэдлэг, сэтгэл, хүсэл гурвыг зөв харьцаанд байлгах ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, зөв амьдрахын тулд оюун ухаан нь сэтгэл, хүсэл хоёрыг удирдах ёстой гэж тайлбарладаг байсан.
-Бид сүүлийн үед нэгнээ үргэлж шүүмжилж, аливаа зүйлийг сөргөөр харах болсон. Ийм хандлагыг хэрхэн задалж стрессгүйгээр харах ёстой юм бэ. Шалтгаан нь юу байна вэ?
-Энэ хандлагын сэтгэл зүйн шалтгаанууд гэвэл нэгдүгээрт, нөгөө л нэг өөртөө хангалтгүй байх мэдрэмж. Сошиал орчинд байнга бусдыг харьцуулж, шүүмжлэх нь өнөөгийн нийгэмд хэвийн л нэг үзэгдэл болчихсон. Нөгөө талаар стресс ихсэх үед хүний сөрөг хариу үйлдэл ил болж эхэлдэг. Эдгээр хүмүүс өөрийгөө үнэлж чадахгүй учраас бусдыг шүүмжилж өөрийгөө хамгаалдаг гэсэн үг. Ер нь “Сайн сайхан, гэгээлэг амьдрах” гэдэг нь зөвхөн аз жаргалтай байх төдий биш харин ухаалаг, сэтгэл хангалуун, ухамсартай, эерэг амьдрахыг хэлдэг.
Г.БАЛГАРМАА





Тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны бүлэг этгээдүүдийг баривчиллаа
Энэ оны долдугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-...
5 цагийн дараа
Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо
Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...
4 цагийн дараа
Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно
2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...
3 цагийн дараа
Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...
2 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд