Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Г.Мөнхбаяр: Олон улсын физикийн олимпиадаас алтан медаль авах цаг ойрхон байгаа

trend

Админ

img

2025 оны 8 сарын 02

img

36

news-img

Олон улсын физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван сурагч тавуулаа медаль хүртэж эх орондоо ирсэн билээ. МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батбаяр, тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Ичинбат нар мөнгөн медаль хүртсэн бол Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнх-Оргил, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Азжаргал, Абсолют-Элит сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхтөгс нар хүрэл медаль хүртсэн юм. Монголын багийг МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, тус тэнхимийн багш М.Отгонбаатар нар ахалж явсан билээ.

Г.Мөнхбаяр нь 2019 оноос хойш олон улсын физикийн олимпиадад Монголын багийг ахалж оролцож байгаа юм. Түүнтэй ярилцлаа.


-Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцсон сурагчид бүгдээрээ медаль хүртсэн гэдэг сайхан мэдээ байна. Та сэтгэгдлээ хуваалцана уу?

-Манай улс 1999 онд анх олон улсын физикийн олимпиадад ажиглагч статустай оролцож, судалж байсан. 2000 оноос эхлэн баг бүрдүүлж оролцож байна. Ноднин Монгол Улсаа төлөөлж явсан таван сурагч маань Иранд болсон олон улсын олимпиадаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай ирсэн. Энэ жил манай улсаас таван сурагч шалгарч оролцоод тавуулаа медальтай ирсэн. Олимпиадад оролцож чадахгүй хоцорч байгаа маш олон сурагч бий. Тэд маань ч олимпиадаас медаль авах бүрэн боломжтой. Манай улсын тухайд олимпиадын бэлтгэл сургалт, физикийн сургалтын чанар өндөр түвшинд очсон. Бид олон улсын олимпиадаас бүгдээрээ мөнгөн медаль авдаг болох, цаашилбал алтан медаль авах хэмжээнд очих зорилго өвөртлөн бэлтгэлээ хийж байна.

-Олимпиадын бэлтгэл хэзээнээс эхэлсэн бэ. Мөн шалгаруулалт хэдэн хүүхдийн дунд явагдсан талаар тодруулбал?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн нэрэмжит олимпиадууд эхэлсэн. Уг олимпиадад 6-12 дугаар ангийн 1000 гаруй сурагчид оролцсон.

Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг 12 дугаар ангийн төрөлд оролцсон сурагчдаас шалгаруулж авдаг. Гурван нэрэмжит олимпиад, физикийн хотын болон улсын олимпиад, Азийн физикийн олимпиад зэргийн нийлбэр дүнгээр олон улсын физикийн олимпиадад оролцох таван сурагчийг шалгаруулдаг. Олимпиадад оролцох сурагчид маань дөрөвдүгээр сараас нэгдсэн журмаар бэлтгэлээ хийж эхлээд, тавдугаар сард болсон Азийн физикийн олимпиадад оролцож, үргэлжлүүлэн олон улсын олимпиадын бэлтгэлээ шууд эхэлдэг. Энэ жил тавдугаар сарын 14-нөөс энэ сарын 9 хүртэл МУИС-д бэлтгэлээ хийлээ.

-Энэ жилийн олимпиад урд жилүүдээс юугаараа онцлог байв?

-Олон улсын физикийн олимпиад хоёр өдөр явагддаг. Туршилтын хоёр, онолын гурван даалгавартай. Туршилтын даалгавар нь маш олон асуулттай. Энэ жил туршилтын даалгавар амархан болов чиг хэтэрхий их байснаараа онцлог байлаа. Өмнөх жилүүдэд сэдэв нь жаахан хүнд ч хийх даалгаврууд нь энэ жилийнхээс харьцангуй цөөн байсан. Онолын тухайд өмнөх жилүүдээс хүндэвтэр гурван бодлого ирсэн. Хүнд хэдий ч мэдэхгүй сэдэв байгаагүй. Гол нь цагтай уралдаж хийдэг учраас цагтаа амжих асуудал байсан.

-Уг олимпиадад хэчнээн улсын хэд орчим сурагчид оролцсон бол?

-Энэ жил 84 улсын 415 сурагч 240 орчим багш дасгалжуулагч, нийт 1033 хүн энэ олимпиадын туршид оролцсон. Нийт 94 улс оролцсоноос тав нь ажиглагчийн статустай оролцсон.

-Ихэвчлэн ямар орнууд тэргүүлдэг вэ?

-АНУ, БНХАУ, ОХУ бол хамгийн топ орнууд. Цаашилбал, Хонг-Конг, Сингапур, Тайвань, БНСУ, Япон, БНЭУ гэхчлэн орнууд тэргүүн эгнээнд явдаг. Эдгээр улсаас оролцож буй сурагчид ихэвчлэн алтан медалийн эзэд болдог. Энэ жил оролцсон 415 сурагчаас 33 нь алтан медалиар энгэрээ мялаалаа. Энэ жил хамгийн топ сурагч Солонгосоос, хамгийн топ онолын бодлого бодсон сурагч Хятадаас, хамгийн топ туршилтын ажил хийсэн сурагч Румынаас тодорлоо. Манай сурагчид алтан медальд ойрхон байсан. Бэлтгэлээ сайн хийвэл 33 алтан медальтанд багтах бүрэн боломжтой. Энэ жил АНУ-ын багийн таван сурагч тавуулаа алтан медаль, БНХАУ болон БНСУ-ын багаас тус бүр дөрвөн алтан медаль хүртсэн.

-АНУ, БНХАУгэдэг асар олон хүн амтай улс. Үүнтэй харьцуулахад манай улс сайн оролцсон байна шүү дээ?

-Тийм. Олимпиадад оролцсон 89 багийг медалийн чанараар нь жагсаахад Монгол Улс 22 дугаар байрт бичигдсэн. Чех, Казакстан, Англи, Монгол гэсэн дөрвөн улс 22 дугаар байр эзэлсэн. Огт медаль аваагүй, шагналт байранд ч ороогүй 20 орчим орон бий.

-Манай улсын сурагчид олон улсын физикийн олимпиадаас алтан медаль авах хугацаа хэзээ ирэх бол?

-Энэ жил бид алтан медаль авна гэсэн зорилготой Францыг зорьсон. Алтан медаль авчих болов уу гэсэн сурагч маань энэ жил жаахан азгүйтээд хүрэл медаль авсан. Чамлахаар чанга атга гэж ирэх жил дахиад оролцох боломж байгаа. Алтан медаль авах цаг маш ойртчихсон байгаа. Энэ жил оролцсон таван сурагчийн гурав нь ирэх жил дахин оролцох боломжтой. Бидэнд алтан медаль их ойрхон байгаа гэж харж байна. Энэ жил олимпиадад оролцсон таван сурагчийн хоёр нь гурван жил дараалан, хоёр нь хоёр жил дараалан, нэг нь анх удаа оролцсон. Тэд маань оролцох бүрдээ медаль авч байна.

-Ер нь энэ тэмцээнд хэддүгээр ангийн сурагчид оролцох эрхтэй байдаг юм бэ?

-12 дугаар ангийн олимпиадын төрөлд оролцох ёстой байдаг. Энэ төрөлд арав, арваннэгдүгээр ангийн хүүхэд ч өгсөж орж болно. 2023, 2024 онд аравдугаар ангийн хүүхэд уг олимпиадад оролцож байсан.

-Физикийн шинжлэх ухааныг сонирхдог, олон улсын физикийн олимпиадад яваад үзчих юмсан гэсэн хүүхдүүдэд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Олон улсын физикийн олимпиадаас гадна Азийн болон Европ тивийн физикийн олимпиад гэж бий. Энэ жил бид анх удаа Европ тивийн физикийн олимпиадад оролцсон. Ингэхдээ орон нутгийн хүүхдүүдийг голчилж оролцууллаа. Олон улсын физикийн дунд ангийн олимпиад гэж болдог юм. Ирэх жилээс тус олимпиадад оролцох сонирхол байна. Физикийн хичээлийг сонгон судалж буй хүүхдүүд багаасаа хичээл, бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй. Олон улсын олимпиадад оролцож буй сурагчид маань зуны амралтаараа амардаггүй. Хүүхдүүд гадна тоглож байхад сургууль дээрээ хичээл, туршилтаа хийгээд сууж байдаг.

-Эх орноо төлөөлөн олон улсын физикийн олимпиадад оролцсон сурагчдыг Төр, засгийн зүгээс хэрхэн урамшуулж байгаа вэ?

-Олон улсад зохион байгуулагддаг байгалын ухааны олимпиадад оролцсон, амжилт гаргасан сурагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр хүлээн авч уулзаж, шагнал гардуулдаг. Жил болгоны шагналын хэмжээ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, алтан медаль авсан сурагчыг 10 сая, мөнгөн медальтныг долоон сая, хүрэл медальтныг дөрвөн сая, шагналт байранд шалгарсан бол нэг сая орчим төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог. Мөн дэлхийн топ 100 их сургуульд тэнцвэл Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 100 хувь үнэ төлбөргүй суралцах боломжтой. Ерөнхийлөгч өөрийн биеэр сурагчидтай маань уулзаж байгаа нь маш том дэмжлэг. Энэ уулзалт есдүгээр сарын эхээр болдог. Түүнчлэн физикийн шинжлэх ухааныг дэмждэг хувь хүн, албан байгууллагууд сурагчидтай уулзаж, гарын бэлэг гардуулж шагнадаг уламжлал сүүлийн жилүүдэд тогтож байна. Өмнө нь дэмжлэг урамшуулал төдийлөн байгаагүй.

Г.Батбаяр: Физикийн онол, хуулиудыг цээжлэх гэхээсээ илүү ойлгох хэрэгтэй

МУИС-ийн харьяа “Байгал эх” лицей сургуулийн төгсөгч Г.Батбаяр гурван жил дараалан олон улсын физикийн олимпиадад оролцсон аж. Г.Батбаяр элсэлтийн шалгалтаа математик, физикийн хичээлээр өгсөн бөгөөд физикийн хичээлээр 800 оноо авсан байна. Тэрбээр энэ намраас МУИС-ийн физикийн тэнхимд суралцах юм. Түүнтэй ярилцлаа.


-Мөнгөн медаль хүртсэн сэтгэгдлээ хуваалцна уу?

-Сэтгэл маш өндөр байна. Энэ олимпиадад анх аравдугаар ангид 15 настайдаа оролцож, хүрэл медаль авч байсан. Энэ жил гурав дахь жилдээ оролцож байна. Ноднин жил хүрэл медаль авсан амжилтаа ахиулсан болохоор сэтгэл хангалуун байна. Олимпиадад 21-аас доош насны хүн оролцож болдог. Эхний жилдээ олимпиадад орохын өмнө бас олимпиадын үеэр нэлээн сандарч байсан. Бодлого бодох үедээ улам их сандарсан.

-Олимпиад туршилт, онол гэсэн хоёр даалгавартай юм билээ. Та алинд нь илүү дуртай вэ. Энэ жилийн олимпиадын даалгаврууд хэр байв?

-Эхэндээ онолдоо сайн байсан. Сүүлдээ хоёуланд нь жигд сайн болсон. Энэ жилийн даалгаврууд өмнөх жилүүдтэй харьцуулахад хүнд, ажиллагаа нь их болсон байсан.

-Улсын физикийн олимпиадад хэдэн жил оролцсон бэ?

-Есдүгээр ангиасаа эхлэн тасралтгүй оролцсон. Уг олимпиадаас ес, арванхоёрдугаар ангидаа алтан медаль, арваннэгдүгээр ангидаа мөнгөн медаль хүртэж байсан. Эхний жилдээ оролцож медаль авсан минь маш их урам зориг өгсөн.

-Физикийн шинжлэх ухааныг сонирхон судлах болсон шалтгаан тань юу байв?

-Физикийн хичээлээ наймдугаар ангиасаа улам гүнзгийрүүлэн судалж эхэлсэн. Үүнд гэр бүлийн нөлөө их байсан. Аав маань надад энэ чиглэлийг санал болгосон юм. Долдугаар ангидаа МУИС-ийн нэрэмжит “Бага сорил”-д оролцсон минь миний анхны физикийн олимпиад.

-Физикийн онол, хуулиудыг яаж тогтоовол үр дүнтэй вэ. Физикийг судлахын сайхан нь юу вэ?

-Физик нь байгал дээр болж буй бүх үзэгдлийг тайлбарлаж болдог салбар учир судлахад сайхан байдаг. Онол, хуулиудыг цээжлэх гэхээсээ илүү ойлгох хэрэгтэй. Аливаа томъёоны цаадах учир зүйг нь ойлгочихвол томъёонууд аяндаа цээжлэгдчихдэг.

-Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Би сайн физикч болох зорилготой.

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Энэ оны долдугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-...

img

5 цагийн дараа

Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо

Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...

img

4 цагийн дараа

Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно

2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...

img

3 цагийн дараа

Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд

Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...

img

2 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд