онцлох-нийтлэл
Зарим худалдааны төв хичээлийн хэрэгслийн хямдрал зарласан ч сэлүүхэн байна

2015 оны 8 сарын 10

1
Наадмын дараа намар гэдэг шиг наймдугаар сар гарангуут “Хичээл эхэллээ”, “Дэвтэр, цүнх юу билээ. Хаана, ямар үнэтэй байна” гэсэн яриа айл бүрт өрнөдөг. Учир нь энэ сард эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах том ажилтай. Жил бүрийн наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд худалдааны төвүүд, дүүргүүдэд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Гэхдээ тэр үед олон хүн бужигнаад, сонголт хийхэд түвэгтэй байдаг зовлон ч бий. Харин өчигдөр зах, худалдааны төвүүдээр явж сурвалжлага хийхэд хичээлийн хэрэгсэл худалдаж байгаа лангуу, хэсгүүд хүн цөөнтэй, сэлүүхэн байлаа.
“Оргил” худалдааны төвд үзэсгэлэн худалдаа эхэлжээ
Гуравдугаар хорооллын эцэс дэх “Оргил” худалдааны төвд өнгөрсөн долдугаар сарын 27-ноос “Бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа-2015” эхэлжээ. Тэднийх наймдугаар сарын 10-ныг хүртэл “campap”,”maped”, “m&g” зэрэг бичгийн хэрэгсэлдээ онцгой хямдрал зарласан гэнэ. Гэхдээ яг хэд байгаад хэдэн төгрөг болж хямдарсан нь тодорхойгүй харагдсан. Цүнх, үзэгний сав зэргийн үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг нэмэгджээ. Харин дэвтрийн үнэ өнгөрсөн оныхтой адил байв.
Худалдааны төвд хүн багатай, сэлүүхэн байна лээ. Тиймээс худалдагчид нь үйлчлүүлэгчдэдээ сонголт хийхэд зөвлөж, харьцуулалт хийх боломжийг олгож харагдсан. Бага насны хүүхдээ дагуулсан залуу хос тор дүүрэн дэвтэр авч байв. Тэдний том хүү нь гуравдугаар ангид орох аж. “Манайх нялх хүүхэдтэй болохоор хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө том хүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж явна. Дэвтэр, үзэг бал харьцангуй хямд байна. Харин цүнх сонголт багатай, үнэтэй юм. Ямар ч байсан хоёр хайрцаг дэвтэр авчихлаа. Цүнхийг нь дөхүүлж байгаад авна” гэсэн юм. Тэд хүүгийнхээ хичээлийн бэлтгэлийг хангахаар 200 мянган төгрөгтэй гарсан тухайгаа яриад ийм хэмжээний мөнгөнд бэлтгэл хангагдчих юм байна гэж тооцоолж байгаагаа хэллээ.
“Оргил” худалдааны төвд Малайзын “Campap” брэндийн 12 хуудастай нимгэн дэвтэр 145 төгрөгийн үнэтэй байна. Зузаан цаастай, хавтас нь зурагтай бол 210 төгрөг болох аж. Хайрцгаар нь авбал 62500 төгрөг болох юм байна. Цаашлаад 24 хуудастай бол 290, 32 хуудастай нь 350, бүр 96 хуудастайг авбал 850 төгрөгийн үнэтэй байв. Зургийн дэвтэр хуудасны тоо, хуудас нь салдаг, салдаггүйгээсээ хамаараад 410-1080 төгрөгийн үнэтэй. Нотны дэвтэр 420-600, өнгийн цаас 400-780 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа.
Үзэгний савны тухайд 1000 төгрөгөөс эхлээд 10 мянга хүртэл төгрөгөөр зарагдаж байна. Охидынх бол барби хүүхэлдэйн дүрстэй, зурагтай, ягаан улаан өнгөтэй өхөөрдөм сав их байна. Хөвгүүдийнх машины дүрстэй, хүүхэлдэйн баатрын зурагнуудтай юм. Энгийн загвартай нь ч байна. Арван мянган төгрөгийн үнэтэй үзэгний сав дотроо бал, өнгийн будаг, тэмдэглэлийн дэвтэр, үзүүрлэгч, баллуур гээд цогц хэрэгсэлтэй. Олон тасалгаатай, нээгддэг загвартай юм. Ийм үзэгний сав шинэ загварынх гэдгийг худалдагчид онцолж, үйлчүүлэгчид ч их сонирхож харагдлаа. Өнгийн будаг, баллуур, будаг, харандаа брэнд өнгө загвараасаа хамаараад өөр, өөр үнэтэй. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг худалдаж авч байгаа хүмүүсийг анзаарахад будаг, бал, өнгийн цаас гээд дагалдах хэрэгслүүдийг 40-50 мянган төгрөгт багтаагаад авчихаж байгаа бололтой юм.
“Оргил” худалдааны төв зарим цүнхэндээ 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ. Цөөн тоотой үлдсэн цүнхээ хямдруулж байгааг худалдагч нь тайлбарласан. Нэг талдаа үүрдэг цүнх 14 мянгаас хямдраад долоон мянган төгрөг болжээ. 35 мянгын цүнх 21 мянган төгрөг болсон байв. Нэгдүгээр ангийн хүүхдэд бариулмаар хөнгөн, жижгэвтэр үүргэвч 21 мянган төгрөгийн үнэтэй харагдсан. Дугуйтай загвар нь 71 мянгаас эхлээд 90 гаруй мянган төгрөгийн үнэтэй ч байв. Цүнх материалын чанар, өнгө загвараас хамаараад 7-95 мянган төгрөгийн үнэтэй харагдана лээ. Худалдагч “Одоо бол бүх загвар байгаа. Наймдугаар сарын 10 гэхэд шилэгдээд дуусчихдаг юм” гэж байсан.
“Нарантуул”-ын худалдаачид сэтгэл дундуур байна
“Нарантуул” худалдааны төвийн бичгийн хэрэгсэл зардаг лангуу үйлчлүүлэгчгүй шахам байв. Лангуу түрээслэдэг эмэгтэй “Өдийд наймааны оргил үе байдаг байсан. Гэтэл хүмүүс нэгдсэн үзэсгэлэн худалдаа хүлээгээд байх шиг байна. Энэ жил худалдан авагч алга. Түрээсээ арай гэж төлж байна” гээд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Малайз, польш, монгол дэвтэр мөн л ширхэг нь 150 төгрөгөөс эхлээд 900 төгрөгийн үнэтэй байлаа. Үзэг бал, харандаа, будаг нь “Оргил”-ынхтой үнэ адилхан юм.
Харин цүнхний тухайд сонголт ихтэй юм. Сурагчийн цүнх том жижгээсээ хамаараад 10-80 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил даавуун материалтай, хөнгөн цүнх ихэвчлэн зарагдаж байгааг худалдагч ярьсан. “Нарантуул” захад цүнхний наймаа хийдэг С.Батбаяр “Энэ сарын 15-наас шинэ бараа ирнэ. Монголчууд цагийг нь тулгаж байж хөдлөх юм. Хичээл эхлэх дөхөхөөр урд ч цүнхний үнэ нэмэгдчихдэг. Тэгээд бид дагаад үнээ нэмэхээс аргагүй болдог. Өнгөрсөн жилийн загварууд хямд байгаа. Гэхдээ энэ жил хүмүүс хөнгөн, барихад эвтэйхэн цүнх их авч байна. Өнгөрсөн жил түрдэг, том овортой, зурагтай цүнх их зарагдсан. Энэ жил энгийн үүргэвч, даавуун материалтай цүнх ихэвчлэн зарагдлаа. Шинээр ирэх загварууд маань ч тийм байна” гэсэн юм. Цүнх сонирхож явсан эмэгтэй “Манайх сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй. Хичээлийнх нь бэлтгэлийг бага багаар хийе гэж бодоод явж байна. Өнөөдөр нэг цүнх авчихаад, ирэх долоо хоногт өөр нэгийг авбал нэг дор их зарлага гаргаж байгаа нь мэдэгддэггүй юм. Гэхдээ хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэлд бараг 500-гаад мянган төгрөг орчихдог” гэж ярилаа.
Улсын их дэлгүүрт үзгэн балны үнэ 2999 төгрөгөөс эхэлж байна
“Нарантуул” худалдааны төвөөс Улсын их дэлгүүрийг зорилоо. Дэлгүүрийн тавдугаар давхарт бичгийн хэрэгслийн төрөлжсөн хэсэг бий. Одоогоор үзэсгэлэн худалдаа тэнд нээгдээгүй байсан. Тэнд үзгэн бал 2999 төгрөгөөс дээш үнэтэй байв. Харин запас нь 999 төгрөгийн үнэтэй. Үзэгний сав охидынх 9999-13999 төгрөг, хөвгүүдийнх 3999-9999 төгрөгийн үнэтэй харагдсан. 12 хуудастай дэвтэр 279 төгрөг, 48 хуудастай бол 899 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Хүүхэлдэйн киноны баатрын зурагтай, буддаг тэмдэглэлийн дэвтэр 13900 төгрөгийн үнэтэй. Ийм дэвтэр бусад худалдааны төвд харагдаагүй. Бичгийн ширээний иж бүрдэл буюу үзэг балны сав, хайч зэрэг 9999 төгрөг. Цүнхний хувьд материал ч, загвар ч бусдаас өөр харагдана лээ. Хажуудаа үүрдэг цүнх 44900, үүргэвч бол 89900 төгрөг гэх мэт үнэтэй. Энд үйлчлүүлэгч мөн л сэлүүхэн байна. Гадаад голдуу иргэд үйлчлүүлж харагдана лээ. Тэдний хувьд ихэвчлэн цүнх худалдаж авч байсан.
Зах, худалдааны төвүүд дэх бичгийн хэрэгслийн худалдаа ийм байна. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэг их нэмэгдээгүй ч сэлүүхэн, үйлчлүүлэгч цөөнтэй байсан. Дүрэмт хувцасны тухайд энэ сарын дундуур нэгдсэн журмаар худалдаанд гарах аж.
Ц.Өрнөх
Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж





“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч х...
8 цагийн дараа
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1106 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
8 цагийн дараа
Монголын оюутны 2025 оны сагсан бөмбөгийн лиг амжилттай болж өндөрлөлөө
Энэ жилийн оюутны лигт 32 Их, дээд сургуулийн нийт 1124 оюутан залуус долоон сарын турш өрсөлдлөө. Лигийн эрэгтэйчүүдийн аваргын алт...
8 цагийн дараа
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэн, шалгаж байна
Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар шууд дамжуулалт хийх үеэрээ мар...
7 цагийн дараа
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы (2025.04.25)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаа...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд