мэдээ
Д.Хишигбаатар: Түймэр гарахад ОБЕГ-ын удирдлагад аюулгүй ажиллагааг хангаж, хохирол багатай унтраачих хүн байхгүй

Админ
2025 оны 5 сарын 02

37

Гал түймэртэй тэмцэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл комиссар, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Хишигбаатартай ярилцлаа.
-Та онцгой байдлын салбарт хэдэн жил ажилласан талаараа ярихгүй юу?
-Миний үндсэн мэргэжил бол галын аюулгүй байдлын мэргэшсэн инженер. Би галын байгууллагад 18 настайдаа орж, гал сөнөөгчөөр гурван жил ажилласан. Хуучнаар ЗХУ-ын Дотоод явдлын яамны харьяа “Галын инженер техникийн дээд сургууль”-ийг галын аюулгүй байдлын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд 1983-1986 он хүртэл “Галын аюулаас хамгаалах газар”-т сургалт, суртал ухуулга хариуцсан байцаагчаар гурван жил ажилласан. Дараа нь Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны орон тооны нарийн бичгийн даргаар дэвшиж, галын албаны залуу дайчидтай тулж ажилласан.
1990 онд улс орон зах зээлийн эдийн засагт шилжин газар сайгүй өөрчлөлт шинэчлэлт өрнөж, хуучин дарга нараа ихэнхийг нь өөрчилсөн. Тэр үед би Галын аюулаас хамгаалах газрын орлогч, УБ хотын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга байсан. 2008 онд тэтгэвэртээ гарч, үүнээс хойш хувийн хэвшилд 15 жил галын аюулгүй байдлыг хариуцсан албаны даргаар ажилласан. Галын байгууллагаас урьдчилан сэргийлэх, унтраах ажилд өөрийн ухамсарт амьдралынхаа 48 жилийг зориулсан байна. Гал сөнөөгчөөс эхлээд бүх шатанд нь ажиллаж байлаа.
-Хуурайшилтын үе болж, ой хээрийн түймэр нэмэгдэж байна. Жишээ нь, саяхан Богд ууланд гал түймэр гарлаа. Энэ үеэр ОБЕГ-т ашигладаг нисдэг тэргийг Булган аймаг руу сайд, дарга нар авч явсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Үүнийг онцгой байдлын ахмад ажилтны хувьд хэрхэн харсан бэ?
-Гал түймэр гамшиг ослыг биеэр мэдэрсэн хүн л зовлонг нь мэднэ. Түүнээс биш гал сөнөөгчийн дамжаа ч төгсөөгүй мэргэжлийн бус хүмүүс мэдэх ч үгүй, мэдрэх ч үгүй. Уг нь УОБК хуралдаж, хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дөрвөвдүгээр сарын 10-наас арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл ногоон бүсэд аялал зугаалга, ажил үйлчилгээ явуулахыг хориглосон энэ үеэр бие бүрэлдэхүүн хувийн бэлтгэлээ ханган, техник хэрэгслээ бэлэн байлгах үүрэгтэй. Харамсалтай нь энэ дүрэм журмаа удирдах дарга нар нь өөрсдөө дагаж мөрддөггүй. Сая Богд ууланд гарсан түймрийн үеэр нисдэг тэргийг дарга нь аваад явсан гэдэг мэдээлэл гарсан. Өндөр үнээр авсан техник хэрэгслээрээ дарга нарыг зөөх ёсгүй шүү дээ. Шуурхай ажиллагаанд бэлэн байж, гал түймэр унтраах хүч хэрэгслийг зөөж байх ёстой. Хэрвээ энгийн иргэд тэр нисдэг тэргийг нь аваад явсан бол ажил амьдралгүй болж, хуулийн хариуцлага хүлээлгэх байх. Харин дарга нар бол өөр шүү дээ. Ер нь үнэнийг нь хэлж, дутагдлаа арилгаад анхаарч ажилла гэдгийг дээд шатны дарга нар сонсох их дургүй байдаг. Одоогийн ажиллаж байгаа ОБЕГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа томилсон. Дэд дарга нарыг сая Шадар сайд томилсон. Сайжруулах биш, эсрэгээрээ муутгасан. Тэдгээр татуургыг нь бодоод айдаг биз. Энэ муухай тогтолцоог орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй байна. Энгэрээ цоолж цол аваад, дарга болохын донтой хүн маш их болсон байна. Яагаад гэвэл хариуцлага хүлээдэггүй учраас айхаа байчихсан.
-Онцгой байдал бол улс оронд гал түймэр, гамшиг осол хаана ч болсон бэлэн байх ёстой хариуцлагатай, маш том үүрэг хүлээсэн салбар. Гэтэл сүүлийн жилүүдэд гал түймрээс болоод онцгой байдлын маш олон алба хаагч амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарах боллоо. Гэтэл яагаад энэ алдаагаа давтаад байна вэ?
-ОБЕГ-ын удирдлагад объект, ой хээрийн түймэр гарахад бие бүрэлдэхүүний аюулгүй ажиллагааг хангаад, гал түймрийг хохирол багатай унтраачих хүн байхгүй. Үнэнийг хэлэхэд, ийм хүмүүсийг энэ хариуцлагатай албанд чадна гээд ажиллуулж байгаа нь, гал түймэр гарахад онцгой байдлын бие бүрэлдэхүүн амь эрсдэж байгаа нь төрийн бодлогын буруу. Үүнд Ерөнхий сайд, Шадар сайд нар хариуцлага хүлээх ёстой. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нь байтугай гал түймэрт бүслэгдвэл өөрсдийгөө ч аварч чадахгүй хүмүүсийг томилсон байхад хэнтэйгээ хариуцлага тооцох вэ дээ. Бүгд өөрсдийнх нь багийн хүмүүс. Харин энэ хүмүүсээс болж олон аврагч, гал сөнөөгчид бүү эрсдээсэй билээ.
-Онцгой байдлын салбарыг удирдаж, хяналт тавьдаг дарга нар өмнө гарсан осолдоо дүгнэлт, үзлэг шалгалт хийхгүй байна гэсэн үг үү?
-Ажил хариуцсан хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хэнтэй, юуны учир хариуцлага тооцох вэ гэдгийг тэд өөрсдөө мэдэхгүй. Хоёрдугаарт, өөрсдөө гаднаас хүн олж ирээд томилчихсон учраас өөртөө хариуцлага хүлээлгэлтэй нь биш. Тэрнээс биш мэргэжлийн хүн бол ямар алдаа гаргав, ямар арга хэмжээ аваагүйгээс хүний амь нас эрсдэв гэдгийг гал унтраах разбор хийх явцдаа л тодруулна. Разбор гэдэг нь тухайн гал түймрийг хэрхэн унтраав гээд алдаа оноогоо ярилцаж дүгнэлт хийхийг хэлдэг. Хэрэв ингэвэл өөрөө ч алдаагаа ойлгож, дахин алдаа гаргахгүйн төлөө мэрийнэ. Сүүлийн үед тэрийгээ хийдэг эсэхийг мэдэхгүй байна.
-Гал түймрийн аврах ангиуд техник, тоног хэрэгслийн хувьд хангамж нь хэр байдаг юм бол?
-Техник хэрэгслийн хувьд 2000 оноос эхлэн эрс сайжирсан. Гэхдээ тэрнийхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж чадаж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг дарга алга. Зүйрлэж хэлбэл, сувилагчдад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж авч өглөө. Тэрийгээ сувилагч маань бүрэн ашиглаж чадаж байгаа эсэхэд хяналт тавиад, алдаа гаргавал зааж сургаад, удирдах дарга байхгүйтэй адил. Би дунд, доод шатны дарга нарыг хэлээгүй. Тэд бол ганцхан дээд даргын тушаал шийдвэрийг л дагана. Түүнээс биш энэ нь зөв, тэр нь буруу гээд зоригтой хэлэх дарга ховор байна шүү дээ. Хэдийд нарийн мэргэшсэн дарга нар удирдаж эхэлнэ, тэр үед л дээрх зөрчил дутагдал арилна. Тэрнээс биш мэргэжлийн биш хүн юун дээр алдаж байгаагаа ч мэдэхгүй. Зааж чиглүүлээд өгөх чадвартай боловсон хүчин хомс байгаа учраас яриад байгаа дутагдал хэзээ ч арилахгүй. Эхлээд тогтолцооны гажгаа засах шаардлагатай.
Чухал албан тушаал дээр зөвхөн мэргэжлийн хүнээ томилоод, тэдэнтэй хариуцлага тооцож чаддаг болсон цагт л гал түймэр гамшиг ослын тоо буурч, бие бүрэлдэхүүн амь эрсэддэг явдал зогсоно доо. Үнэндээ тэгээд явах зоригтон алга. Хэрэв яривал ажил албанаасаа халагдана гээд айдаг. Ядахдаа ухамсартай хүмүүс бол би чадахгүй юм байна гэж хэлж болно доо. Тэгтэл шахаж шаардах хүн ч алга. Манайд хамгийн аюултай юм нь юу гэхээр үнэн юм хэлсэн хүнд их дургүй. Ийм тогтолцоотой газар чинь аюулгүй байдлыг хангаж байна гэж хэлж чадахгүй.
Г.БАЛГАРМАА





Увсын эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг 2 дахь удаагаа ажилттай гүйцэтгэлээ
“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан...
7 цагийн дараа
2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байн...
6 цагийн дараа
Хөвсгөл аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 11:57:29 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлт Хөвсгөл...
6 цагийн дараа
Элчин сайд Буанган АмЧамын Вашингтон хотод хийх DoorKnock айлчлалд хамтран оролцоно
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын Америкийн Нэгдсэн Улсад 5 д...
5 цагийн дараа
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй, Говь-Алтай, Завхан, Архан...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд