мэдээ
ТҮЦ эрхлэгчид: Амьдрах гээд ядаж байгаа ард түмнийхээ хоолноос яагаад зулгаагаад байдаг юм бэ, Нямбаатар аа!

Админ
2025 оны 5 сарын 02

49

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжид нөлөөлж байна гэх шалтгаанаар ТҮЦ-нүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Улаанбаатар хотод 1400 орчим ТҮЦ байдгийн 80 орчим хувийг одоогоор нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Үүнийг ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэж, өчигдөр Хүний эрхийн үндэсний комиссын үүдэнд суулт зарлаад байна. Энэ үеэр ТҮЦ эрхлэгчдийн байр суурийг сонслоо.
Н.Наранбулаг: Бидний гудамжинд гар гээд байгаа юмуу, гуйлгачин бол гээд байгаа юмуу
-Хэдэн жил ТҮЦ ажиллуулж байна вэ. Таны ТҮЦ-ийг уржигдар ачих гээд ирсэн гэсэн?
-Би ТҮЦ ажиллуулаад 14, 15 жил болж байна. Дүүгийнхээ гэр бүлд бага ч болов туслах санаатай, зүгээр сууж байхаар гээд дүүтэйгээ хамт ТҮЦ ажиллуулдаг. Уржигдар манай ТҮЦ-ийг ачих гээд бөөн цагдаа ирээд, баахан бужигнасан. Олон хүний ач буянаар л ТҮЦ-ээ арай ядан авч үлдлээ. 30 гаруй цагдаа, хоёр машин ирсэн байсан. Яагаад ачих гээд байгаа юм бэ гээд үнэн учраа хэлэхэд учир зүггүй дайраад л байсан. Ганцхан миний эрх ашиг хөндөгдөөгүй. Маш олон хүний ар гэр, амьдрал яригдаж байгаа асуудал шүү дээ. Хотын дарга аа, яагаад амьдрах гээд ядаж байгаа ард түмнийхээ хоолноос хороогоод байгаа юм бэ. ТҮЦ ачих гээд бужигнаж байхад ТҮЦ-ний дээрээс хоёр гурван хүн унаж бэртсэн
Тэр хүмүүс юу болсон юм бүү мэд. Энд ирсэн хүмүүс лав бүгд шөнө нойргүй хоносон байх.
-Таны хувьд ТҮЦ-нээс өөр ажил хийх боломж бий юу?
-Байхгүй. Би чинь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай. Намайг хүн ажилд авахгүй шүү дээ. Би чинь нэг гараараа сандал түшиж явдаг юм. Хүмүүс голоод намайг ажилд авахгүй. ТҮЦ-ний худалдагч хийхээс өөр би юу ч хийж чадахгүй. Дүүгийн долоон хүүхэд, ээжтэйгээ гээд бид гэртээ 12-уулаа амьдардаг. ТҮЦ ачигдчих юм бол яаж 12 хүнийг хоолтой нь залгах юм бүү мэд. ТҮЦ-ний худалдагчдыг гудамжинд гар гээд байгаа юм уу, гуйлгачин бол гээд байгаа юм уу, ерөөсөө ойлгохгүй байна. Заримдаа үг ч эвлэхгүй, хоолой дээр юм тээглээд болохгүй байна. Ард түмнийхээ амьдралыг мэдэрч ойлгооч ээ, Нямбаатар аа.
Ч.Тунгалагтамир: Амьдрахад үнэхээр хэцүү байна
-Танай ТҮЦ-ийг хэзээ ачсан бэ. Энэ хугацаанд өрхийн хэрэглээгээ яаж зохицуулж байна вэ?
-Миний хувьд 1995 оноос хойш 30 гаруй жил ТҮЦ ажиллуулж байна. 80 хувийн групптэй, ажил хийх чадваргүй. Ганцхан ТҮЦ ажиллуулдаг байсан. Өнгөрсөн сард ТҮЦ-ээ ачуулсан. Өглөөгүүр цагдаа нар орж ирээд, шууд намайг түлхэж гаргасан. Айсандаа ухаан алдаад, нэг сэрсэн хажууд эмч ирсэн байсан. Би эгч, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Эгч маань бие нь өвддөг болохоор эм тарианы мөнгө ч байхгүй болчихоод, аргаа барсандаа хашаа байшингаа зарсан. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Цагдаа нар намайг өрөвдсөндөө ТҮЦ-ний бараагаа би өөрөө авч үлдсэн.
Бараагаа аваад гадаа зогсъё гэхээр ТҮЦ-ний барааг гадаа заруулахгүй гэсэн. Бараагаа бүгдийг нь зээлээр авдаг болохоор хүмүүс өр ширээ нэхээд амар заяа үзүүлэхгүй юм. ТҮЦ-ээ ачуулсан, түр азнаж бай гэхээр ойлгох нь ойлгоод, ойлгохгүй нь загнаж аашлаад л байж байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс ээ, бидний амьдралыг ойлгоод, иргэдээ сайхан амьдруулдаггүй юм аа гэхэд битгий хоолноос нь хороо л доо. Бид туйлдаж байна шүү дээ.
-Та өөр ажил эрхлэх боломжтой юу?
-Боломжгүй шүү дээ. Одоо бол биеийн байдал тааруу байгаа. Би чинь нэг унахаараа 3-4 хоног тасралтгүй унадаг. Даралт хэлбэлзээд 180-аас буудаггүй болохоор байнга эмчийн хяналтад байдаг. Ажлын байртай болгоё, мөнгө төгрөг өгье гээд биднийг хуурах гээд байна. Хуучин газраа ТҮЦ-ээ ажиллуулаад зогсмоор байна. Тэгвэл сэтгэл санаа арай гайгүй болох байх.
С.Отгондулам: Төр дээрэм хийж, бизнес эрхлэгчдийнхээ бүх боломжийг хааж байна
Монголын худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн С.Отгондуламтай ярилцлаа.
-Ямар шалтгаанаар ТҮЦ-нүүдийг нүүлгэн шилжүүлсэн юм бол. Та бүхэнд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 1400 орчим ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 1100 орчмыг нь нүүлгэсэн байна. Тэгэхээр бараг 80-аад хувийг нь нүүлгэсэн гэсэн үг. Манай холбоо бол хуулиа дагая гэсэн байр суурьтай байгаа. ТҮЦ ачилт 2015 оноос эхэлсэн. 2022 онд батлагдсан Худалдаа үйлчилгээний нийтлэг журам дээр ТҮЦ гэдэг үг орсон. Тэгэхээр ТҮЦ байж болно гэдгийг нийтлэг журмаараа хэрэгжүүлж өгсөн хэрнээ тэрнээс хойш зөвшөөрөл гаргаж өгөөгүй. Ийм байдлаас болоод өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсч байна. Хамгийн гол нь бүх дүүрэгт шаардах хуудсыг нэгээс гурав хоногийн хугацаатай өгсөн. Гэтэл Үндсэн хуульд заасан төрийн байгууллагуудаар өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг бидэнд өгөөгүй. Эхлээд бидэнд захирамжаа танилцуулах ёстой байсан. Тэр захирамжийг бид уншаад, ямар хууль зөрчөөд байгаагаа эхлээд мэдэх ёстой. Төрийн байгууллага өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжаа тайлбарлаад, та нар газрын тухай хуулийн ийм ийм зүйлийг нь зөрчиж байна, тийм учраас ингэж холдуул, эсвэл шүүхэд хандаж болно гэсэн шаардлагыг бидэнд тавих ёстой байсан. Гэтэл тийм шаардлага огт тавихгүйгээр шууд шаардах хуудас өгөөд л, албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Бид гэмт хэрэгтэн биш. Гэмт хэрэгтэн дээр л албадлагын арга хэмжээ авдаг. Бид бол жижиг дунд бизнес эрхэлж байгаа жирийн иргэд. Үүн дээр гомдолтой байна. Хуулиараа бол захирамж гараад, дараа нь сонсох ажиллагаа явуулах ёстой. Би дураараа зохиож яриагүй, хуульдаа ингэж заасан байдаг. Монгол шүүх давсан эрх мэдэлтэй Х.Нямбаатар гээд нэг хүнтэй болсон байна. Х.Нямбаатар нэг өдөр гудмаар явж байхдаа лайв хийгээд л ТҮЦ-нүүдийг ачуулна гээд ачиж эхэлсэн. Энэ юу гэсэн үг юм бэ. Үүнийг зохион байгуулалттай ажил гэж хардаж байгаа. Яагаад гэвэл автобусны буудлуудаа Францын нэг компанийн нэр дээр 2015 оноос хойш түрээсэлсэн юм байна. Гэтэл одоо нөгөө компани нь автобусны буудлаа авмаар байна гээд шахаад эхэлсэн юм билээ. Монгол хүн бизнес хийхээр нийтийн эзэмшлийн зам талбай болчихдог юм байна. Энэ бол ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл.
-ТҮЦ эрхлэгч нар ихэвчлэн ахимаг насны, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Гэтэл тэр хүмүүс одоо ямар ч ажил хийх боломжгүй болчихлоо шүү дээ?
-Төр дээрэм хийж, жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ бүх боломжийг хааж байна. Зүгээр ажлаа хийж байсан хүмүүсийн ажлыг булаагаад авчихсан. Яагаад гэвэл ТҮЦ эрхлэгчид бол дандаа 60 нас гарсан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Тийм учраас халамж авна, горьдоно, эсвэл 1990 он руу буцаад зарим нь задгай худалдаа руу орсон байна. Энэ нь хэнд ашигтай вэ. Дараагийн сонгуулиар бүх хүнд 100 мянган төгрөг тараагаад, дахиад саналаа худалдаж авахаа бодож байна. Бас CU, GS25-ын лобби орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл автобусны буудал дээрх ТҮЦ алга болчихвол бүх орлого тийшээ л орно. Найман нэрийн дэлгүүр орон сууцны хороолол дунд л байдаг. CU-ийн урилгаар бүх дүүргүүдийн худалдаа үйлчилгээний дарга нар Солонгос руу аялчихаад ирсэн. Тэнд мэдээж Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ гэж яриагүй нь тодорхой. CU-д ямар ашигтай байх вэ л гэж ярьсан байх.
-ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр санал болгосон гэсэн. Энэ тухай ярихгүй юу?
-Х.Нямбаатар даргын хувьд ажлын байр санал болгосон гээд өөрийгөө их гоё харагдуулж байна лээ. Нарантуул зах дээр бид очоод асуусан. 1000 гаруй ТҮЦ эрхлэгч бүгд Нарантуул руу очих боломжтой юу. Хэрвээ бид тийшээ очвол тэнд байгаа худалдаачид хаачих юм бэ. ТҮЦ-ний оронд та нар яв гэх юм уу. Утгагүй байгаа биз. Хамгийн аймшигтай нь хотын захирагчийн ажлын албаны орлогч гэж хүн биднийг хүлээж авч уулзаад, ТҮК-иас ажил санал болгосон. Энэ бол доромжлол. Хотын дарга аа, та ТҮЦ эрхлэгч нарынхаа судалгааг хийгээгүй байна. Ямар хүмүүстэй харьцаж байгаагаа, юу санал болгож байгаагаа ойлгоогүй байна. Иргэдийнхээ хууль мэдэхгүй байгааг далимдуулж, доромжилж байна. 1000 ТҮЦ-ийг ачиж, 1000 хүн ажилгүй болсон боловч нэг хүний цаана таван хүн байгаа. Монголд гадаад хүн худалдаа эрхэлж болдог, харин монгол хүн болдоггүй юм байна. Монгол хүн болж төрсний ял шийтгэл юм уу. Ямар ч ардчилал алга. Газар нь нийтийн эзэмшил байж болно, хөрөнгө нь биднийх шүү дээ.
Г.БАЛГАРМАА





Увсын эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг 2 дахь удаагаа ажилттай гүйцэтгэлээ
“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан...
5 цагийн дараа
2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байн...
5 цагийн дараа
Хөвсгөл аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 11:57:29 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлт Хөвсгөл...
4 цагийн дараа
Элчин сайд Буанган АмЧамын Вашингтон хотод хийх DoorKnock айлчлалд хамтран оролцоно
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын Америкийн Нэгдсэн Улсад 5 д...
4 цагийн дараа
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй, Говь-Алтай, Завхан, Архан...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд