редакцийн-нийтлэл
Хамгийн олон ямаатай Баацагаан сумынхны буйд амьдрал (үргэлжлэл)

Э. Хүрэлбаатар
2013 оны 5 сарын 17

1
Баацагаан сум
Баацагаан
суманд мянган хоньтой малчин байхгүй гэнэ. Харин мянган ямаатай малчин найм байдаг
гэнэ. Сумын хэмжээнд дөрвөн мянга гаруй адуутай юм билээ. Сүүлийн гурван жил аймгийн
наадамд Баацагаан сумын уяачдын хурдан хүлгүүд түрүү, айрагт багтах болжээ. Нутгийн
малчид хурдан удмын адуутай болж Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг руу жилийн
дөрвөн улиралд тасралтгүй явах болсон нь олон ямаатай болсонтой холбоотой гэж уулзсан
малчид ярих юм. Ер нь нутгийн иргэдийн ярианы сэдэв нь ямаа. “Тэднийх олон сэрхтэй
юм билээ. Оройн бууцны Жамсрангийн ямаа их ноолууртай байна” гээд л хоорондоо ярих
ажээ. Сүүлийн үед Баацагаан сумын малчид
цагаан ямаа өсгөх бодлоготой байгаа шалтгаан нь бүгээн ноолуур өндөр үнэтэй
байгаатай холбоотой. Цагаан ямааны ноолуурыг сумын төвийн ченжүүд 59 мянгаар
авч байхад хар, улаан ямааны ноолуур 52 мянган төгрөг байх аж.
Хар
бараан зүсмийн ухна ямаандаа тавьсан айл байхгүй. Бүгд л Шинэжинст сумын залаа
цагаан ухнын төлийг тавьдаг байна. Удахгүй Баацагаан сумын малчид тэр чигтээ цагаан ямаатай болж магадгүй гэдгийг
сумын Засаг дарга Ж.Ганбат онцолж байв. Малчдын ихэнх нь ноолуурынхаа мөнгийг өр
зээлэндээ өгөөд үлдсэнийг банкинд хадгалдаг байна. Баацагаан сумаас хотод байртай
болсон хэд хэдэн малчин бий гэнэ. Сумандаа
хамгийн олон мал тоолуулсан малчид гэвэл Г.Батдамба 1591, Д.Бат-Эрдэнэ 1515, М.Батмөнх
зэрэг малчид ар араасаа цуврах ажээ. Ц.Саранбаатар гэх залуу 90 адуу тоолуулж сумын
хамгийн олон адуутай малчнаар тодорчээ.
Баацагаан
сумынхны сонирхуулах өөр нэг зүйл гэвэл гурван мянга гаруй хүн амын мянга гаруй
нь ямар нэгэн байдлаар улсаас тэтгэвэр, тэтгэмж авдаг юм байна. Ихэнх нь өндөр настны тэтгэвэр, 80 гаруй жирэмсэн эмэгтэй сар бүрийн
нэмэгдэл хоол тэжээлийн мөнгө, хүүхдийн 20 мянган төгрөгийг 300 гаруй хүүхэд, тэгээд
хөдөлмөрийн чадвараа алдсаны мөнгө, хэвтрийн болон түүний асран хамгаалагч нар
нийлээд 70 гаруй хүн улсаас тэтгэмж авч байгаа юм билээ. Сүүлийн үед оюуны хомсдолтой нь тогтоогдсон 30 гаруй хүн
бүртгэгдээд байгаа гэсэн. Энэ нь гурван мянга гаруй хүн амтай суманд өндөр үзүүлэлт
гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Хот аймгаас ирсэн дарга нарт ховлож хэл
ам хийж байгаад улирал бүр хоол тэжээлийн талон авдаг, бүр өвлийнхөө түлэх түлээний
мөнгө 150 мянган төгрөгийн дээр бусад тэтгэвэр, тэтгэмж аван хүүхдийнхээ мөнгөөр
архи авч уугаад сууж байдаг хүн ч цөөнгүй гэсэн.
Хөдөлмөрийн
насны ажилгүй иргэн 275 бий гэнэ. Ажилгүй
залууст хавар ямаа самнаж мөнгөтэй болох ажил бий. Нэг ямааг 1500-2000 мянган төгрөгөөр
самнадаг гэсэн. Бусад сумыг бодвол нутгийн малчид хямд үнээр ямаа самнуулдаг аж. Баацагааныг тойрсон
суманд 5000 төгрөгөөр ямаа самнадаг гэсэн.
СУМАНД
АЖИЛД ОРОХ ГЭЖ БАЙГАА ХҮНИЙ АР ГЭР СОНГУУЛИЙН НАСНЫ ОЛОН ХҮНТЭЙ БАЙХ ЁСТОЙ
Монголд 20 жилийн өмнө
эхэлсэн Ардчиллын түүчээ тус суманд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сая нэг юм
сэвэлзжээ. Нутгийн иргэд анх удаа Ардчилсан намын гишүүн залууг сумынхаа Засаг
даргаар сонгоод байгаа нь энэ. Мөн долоон багийн хоёр багт Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёр хүнийг
сонгожээ. Аймгийн ИТХ-д мөн л Ардчилсан намаас нэр дэвшсэн залуу гарчээ. Өмнө нь
гэр бүл, хамаатан садны хүмүүс Баацагаан сумыг удирдаж байсан аж. Одоо ч гэсэн түүний
улбаа үргэлжилсээр байна. Сумын ИТХ-ын дарга Л.Цэцгээ, түүний нөхөр Б.Наранбаатар
Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байна. Л.Цэцгээгийн дүү Л.Цэдэн-Иш татварын
байцаагч, Отгонбаяр нь сургуулийн нягтлан, үеэл Эрдэмбаяр нь сургуулийн сургалтын
менежер, Б.Наранбаатар, Л.Цэцгээ нарын найз
нь сумын цэцэрлэгийн захирал. Саяхан нэг
хамаатнаа цэцэрлэгт нягтлангаар оруулжээ. Сумын захиргаа, эмнэлэг, сургууль зэрэг
газруудад шинээр ажилд орж байгаа хүн хэд хэдэн асуудал дээр сумын удирдлагуудын
болзлыг хангаж байх хэрэгтэй байдаг гэнэ. Тэд МАН-ын гишүүн, ах дүү, хамаатан садан
олон буюу сонгогч олонтой байх ёстой аж. Сонгуульд оролцох хүний тоо цөөнтэй, өөр
намын нөхөр Баацагаан суманд ажилд орно гэж очоод хэрэггүй гэнэ. Баацагаан сумын
малчид МАН-ыг дэмжихгүй бол болохгүй гэнэ.
Хэрэв МАН-аас өөр нам дэмжвэл төрөөс ирж байгаа тусламж үйлчилгээ болоод сумаас
иргэдэд малжуулах төсөл, бага дунд үйлдвэрийг дэмжих төсөл зэрэг аж амьдралыг нь
сайжруулах бага хүүтэй мөнгө зээлдэг төсөлд хамрагдаж чадахгүйд хүрдэг юм байх.
Оройн бууц багийнхан 2008 онд Ардчилсан намын гишүүнийг багийнхаа Засаг даргаар
сонгосон гэнэ. Тэгтэл тус багийнхан өөр багийн, нам нэгт Засаг даргад сайн ажил
хийж байгаа гээд зөөврийн компьютер, шинэ мотоцикль бэлэглэсэн байна. Харин Ардчилсан
намаас нэр дэвшсэн өөрийн багийн Засаг даргад шинэ жилээр өвлийн өвгөн бэлэг өгснөөс
өөр зүйл өгөөгүй гэх. Энэ мэт Баацагаан сумынхан хэт их улс төрждөг тухай яриаг
хэд хэдэн хүний амнаас сонсож явлаа.
“ГОВИЙН
СУМАНД ОЙН ТӨГӨЛ БАЙГУУЛНА”
Баянхонгор
аймгийн Баацагаан сум говь нутаг. Говийн буйд сумын төв зуны эхэн сард шороогоор
шуурах ажээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Монгол даяар мод тарьсан
юм. Харин Баацагаан сумынхан модны суулгац байхгүй учир мод тарьж чадсангүй гэцгээж
байв. Гэхдээ удахгүй Сэлэнгэ аймгаас улиас модны суулгац олж ирээд тарих юм гэсэн.
Сүүлийн хэдэн жил цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор эрчимтэй усалж байж ургуулсан мод
өнөө жил эрт нахиалжээ. Сумын төвийн айлууд хашаандаа мод тарьсан байгаа харагдана.
Төвийн
бүсийн аймаг суманд өдийд тариаланчид ид ажилдаа гараад байгаа. Хүнсний ногоо, улаан
буудай гээд олон нэр төрлийн зүйлс тарьдаг үе. Баацагаан суманд хүнсний ногоо тарьдаг
дөрвөн айл бий. Тэдний нэг болох Д.Хүрэлбаатарынд очлоо.
Хашааных
нь хаалгыг цохисон чинь 30 гаруй насны залуу угтлаа. Хашаандаа 300 гаруй чацарганын
мод тарьжээ. Энэ жил жимсээ өгөх гэнэ. Мөн гурван жилийн өмнө тарьсан үхрийн нүд
энэ жил жимсээ өгөх юм байх. Хоёр жилийн өмнөөс хашаандаа ногоо тарих болжээ. Уг
нь хөдөө тарьдаг байсан гэнэ. Сумын төвөөс
30 гаруй километр хол учир шатахуунаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байжээ. Тиймээс
хоёр жилийн өмнө хашааныхаа шороог ухаж гаргаад шимтэй хар шороо Баянбүрд гэх газраас
ачиж иржээ. Ийн хашааныхаа шороог бүхэлд нь зөөж ногоо ургах боломжтой хөрсөөр
солиод хашааныхаа ард талын худгийг гүний худаг болгон засаад ногоо тарьж эхэлжээ.
Өргөст хэмх, улаан лооль, лууван цэцэгт байцаа, төмс гэх зэргийн арав гаруй төрлийн
нарийн ногоо тарьжээ. Хашаандаа гурван ч хүлэмж барьсан байгаа харагдав. Хоёр хүлэмжийг
нь энд тэндээс урт төмөр цуглуулж байгаад махийлган гагнаад, гялгар уутаар бүрээд
хийчихсэн байх юм. Харин шилэн хүлэмжээ сумын төвийн хажууханд байдаг хөх шавраар барьсан байна. Баацагаан сумын төвийн
хажууханд байх ширгэсэн булгийн хөх шавар ямар ч хольцгүйгээр блок хийж болдог гэнэ.
Өнгөрсөн зун блок цохиод намар нь хуучин байшингийн цонх ашиглаж барьжээ. Тэр шилэн
хүлэмжиндээ лууван, тарвас тарьсан нь ургасан байлаа.
Д.Хүрэлбаатар
“Хаврын тариалалтаа хашаандаа хийчихээд байна. Манайх сумандаа дэлгүүр ажиллуулдаг
юм. Бас мотоциклийн сэлбэг худалдаалдаг. Дэлгүүр ажиллуулахын хажуугаар гэрийнхээ
болон ах, дүү нарынхаа хэрэгцээт хүнсний ногоог хангачихдаг. Нэг талаараа ногоо
тарих миний сонирхол. Хашаандаа машины дугуйгаар манаас хийж байгаад цэцэг тарьдаг.
Энд ургасан байгаа модноос тарьц тасдаж аваад үндэслүүлж байгаад суулгасан юм.
30 гаруй улиас модны суулгац байгаа. Тэрийгээ сумын төвөөс холгүйхэн Баянбүрдэд
суулгах санаатай. Манай гэр бүлийн хүн бид хоёр ойн төгөлтэй болох гээд байгаа юм.
Сумын төвөөс машинаар ус зөөж усалж байгаад ургуулна гээд л яриад байгаа. Ойн төгөлтэй болчихвол цөлжилтийг
бага ч гэсэн багасгах хувь нэмэр юм даа” хэмээн ярив.
Гурван
хүүхэдтэй Д.Хүрэлбаатарынх хүнсний ногоо тарьж, дэлгүүр ажиллуулж, хэдэн ямаа
худалдаж аваад айлд тавьчихсан гээд дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна.
Хөдөлмөрч залуу гэр бүлийг нутгийнхан нь магтах ажээ.
Баацагаан
сум иймэрхүү сонин сайхантай аж төрж байна. Хөгжлөөс хоцрогдоод байсан үеэ бодвол
бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа цувраад эхэлчихсэн. Нутгийн иргэдийн амьжиргааны
түвшин ч сайжирч байгааг уулзсан хүн бүр хэлж байна лээ. Ямааныхаа сүүгээр хийсэн
цагаан идээг брэнд болгохоор нутгийн малчид,
хоршоод хэд хэдэн томохон төсөл авчихжээ. Баацагааны цагаан ямааны ааруул, цөрмийг
брэнд бүтээгдэхүүн болгох юм гэсэн.
Нар
Аргалант уулын шилээр давж амжаагүй байхад бид аймгийн төв рүү хөдөлсөн юм. Говь,
хээр хосолсон энэ нутагт өвс, ногоо төө хэртэй ургачихсан зуншлага сайхан болох
шинжтэй байна.
Э.ХҮРЭЛБААТАР





УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэ...
8 цагийн дараа
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, т...
7 цагийн дараа
Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллах эрүүл мэндийн байгууллагуудыг Эрүүл ...
6 цагийн дараа
Ш. Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан
Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, “Улсын хэмжээнд долдугаар сарын 09-ний байдлаар 12 аймгийн 26 суманд у...
6 цагийн дараа
З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан
Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтси...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд