мэдээ
Засгийн газар эдийн засгийн боломжуудыг царцааж, зэс, алт, нүүрсний бодлого гацлаа

Админ
2025 оны 7 сарын 09

79

Г.Занданшатарын Засгийн газар сарын өмнө байгуулагдсан. Эхэндээ овоо хэмнэлт гамналтын зарчим яриад байсан. Гэвчиг залгаа нь нэг л биш, ойлгомжгүй болоод эхэллээ.
Засгийн газар даваа гаригт ээлжит бусаар хуралджээ. Хачин шийдэлтэй албан даалгавар гаргасан байна. Засгийн газар: Бид юу хийх вэ гэж иргэдээс асууя гэж шийджээ. Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгаварт ард иргэдээс санал авч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг энэ 100 хоногт хийж хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгахыг үүрэг болголоо гэж Хэвлэлийн алба нь мэдээлжээ.
Хэвлэлийн албаных нь мэдээллийг харахнээ уул нь хийх ажлынхаа нурууг гаргажээ. Албан даалгаварт: Бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчин хоршоологчид, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг арга хэмжээг тусгасан гэнэ.
Гэвчиг Засгийн газар энд тусгагдсан ажлуудыг хэний ч санал гомдолгүйгээр хийх л ёстой.
Хамгаас чухал нь Монгол Улсын эдийн засаг эвгүйтээд ирснийг Засгийн газар өөрөө ард иргэдэд анхааруулсан. Г.Занданшатар Ерөнхий сайд Засгийн газраа байгуулаад л: Дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд, түүний дотор Монгол Улс туулж байна. Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа. Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна. Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш бараг 1 сар өнгөрлөө.
Уул нь тэрээр ямар зам туулахаа ойлгосон байсан. Тийм учраас яаж хүндрэлээс гарахаа тооцох ёстой. Ард иргэдээс асууя гэж байгааг бодвол тэгж чадаагүй л бололтой. Шударга хэлэхэд Засгийн газар нөгөө ертөнцөөс ирсэн юм шиг цаг авч, ажил удах хэрэг байгаа юм уу. Шоудалгүй шууд эхлээд л хийх шаардлагатай ажил зөндөөн байхад. Ард иргэдийн хэдхэн хүсэлт тодорхой. Тэд: Татварын дарамтыг багасгаад өгөөч. Стратегийн ордуудаас Баялгийн сандаа хөрөнгө татаач. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулаач л гэдэг. Гэтэл нь Засгийн газар Баялгийн сангаас л гэхэд баахан дөлөмтгийн байгаа бололтой нь. Саявтархан Засгийн газар хавиас иргэдийн дунд нэг судалгаа явуулжээ. Гэсэн нь тэрхүү судалгаанд хамрагдсан иргэдийн 60 хувь нь: Өмнөх Засгийн газрыг унагасан нь Ухаа худагтай холбоотой гэж хариулжээ. Тийм учраас Засгийн газар: Ухаа худгийнхантай тохиролцож байгаад ч хамаагүй Баялгийн сантай холбоё гэдэг арга зам бодож эхэлсэн байна. Энэ янзаараа цааш яадаг бол доо.
Хамгаас харамсам нь Засгийн газар хайран 1 сарыг хайнгадуухан өнгөрөөчихлөө. Зарчим яриад байсан ч бодлого нэгийг ч гаргасангүй. Тэгж байх зуурт чуулган хаах боллоо. Өмнө явж байсан төслүүдээ өөдтэйхэн хөдөлгөөд мөнгө оруулах шийдвэрийг УИХ-аар гаргуулж амжсангүй.
Эдийн засгийн цусны эргэлтийг богино хугацаанд сайжруулах бүх боломжийг алдчихсан л харагдаад байна. Засгийн газар зэснээс, алтнаас, нүүрснээс мөнгө олох боломжтой өмнө хөдөлчихсөн төсөл төсөөллүүд дээр ажиллаагүйгээс бодлогын хэмжээний гацаанд оржээ.
Нэгт: “Онтре” гацлаа. Оюутолгойн бүлэг орд таван лицензтэй. Энэний 3-ыг нь Монголын Засгийн газар, “Рио Тинто” 2-ын эзэмшилд байдаг. 2-ыг нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре” компани эзэмшдэг. Тэр хоёр лицензэд Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 30 хувь нь багтдаг. Тэрхүү 2 лиценз “Онтре” компанийн эзэмшилд 2004 онд очсон. Гэтэл нь Монголын төр стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын 34-50 хувийг хуулиараа эзэмших эрхтэй байдаг. Оюутолгойн 5 лицензийг 5-ууланг нь ийм зарчмаар эзэмшиж, ашиглах ёстой гэсэн үг. Тийм учраас “Онтре” компанийн эзэмшдэг 2 лиценз дээр хувь эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээг яаралтай хийх хэрэгтэй болсон. Энийг амжуулж чадсангүй. 1 сарын хугацаанд энийг хийгээд чуулган хаахаас өмнө өргөн барьчихсан бол том л боломж нээгдэх байж.
Хоёрт: “Алт” гацлаа. Трампын тарифаас болж нүүрсний экспорт буурах нь тодорхой л байсан. Тэрийг алтны наймаагаар нөхөх бодлого Засгийн газраас гарсан байдаг юм. Тэр үргэлжилж УИХ-аар Алт-3 аянаа хэлэлцүүлсэн ч ард нь гарч барсангүй. Дараагийн чуулган хүртэл хойшилж байна. Засгийн газар өнгөрөгч баасан гаригт хуралдаж алтны олборлолтыг тусгай хамгаалалттай газарт явуулах уу, үгүй юу гэдгийг шийдэж чадаагүй. Энэнээс болоод УИХ-д өргөн барих тогтоол нь гацжээ. Харин УИХ-д төсвийн хэмнэлтийн тодотголтой нь хамт өргөн баригдсан Алт-3 аяны талаарх тогтоол нь Засгийн газарт чиглэл өгөх л утгатай гарах нь. Тэр нь алтны олборлолтыг бодитоор нэмэгдүүлэх эрх зүйн суурь болж чадахгүй. Тэгээд гацчихлаа.
Гуравт: Нүүрс гацлаа. Уул нь Гашуунсухайт-Ганцмодны төслөөр 80 сая тн нүүрсэнд жишиг үнэ тогтоох УИХ-ын шийдвэрийг гаргуулж, мөн Биржийн үнийг улирлын дунджаар боомт тус бүрээр тооцох зохицуулалтыг ч энэ чуулганаар амжуулсан бол нүүрсний экспорт, орлого нь бодлогын түвшинд гацаанд орохгүй байв. Өнөөдөр Ганцмод дахь нүүрс ачиж буулгах нафтын талбай дүүрч бөөгнөрөл овоорол үүссэн байна. Энэ ачиж буулгах талбайн эздийн бодлогоор л Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ хохирч байгаа. Байдал ийм болсон. Уул нь Уул уурхайн сайд энүүгээр сагс гээд сагсагнаж явахаар нафтын талбай дээр очиж зохицуулалт хийж ажилласан бол нүүрсний бодлого ингэж гацаанд орчихгүй л байж.
Ингээд жамаараа шахуу бүтчих байсан эдийн засгийн боломжууд царцаж, зэс алт нүүрсний бодлогууд гацлаа.
Гэтэл нь Засгийн газар өнгөрөгч 1 сарыг хөнгөн хөнгөн шоу маягийн арга хэмжээнүүд зохиож, зарим сайд нь лекц уншиж афоризм хэлээд, агаарын гэгддэг улс төр аялуулсаар дуусгалаа. Гадуур дотуур ам дамжиж буй албан болон албан бус мэдээллүүдээс дүгнэхэд Засгийн газрын ирээдүйг сайнаар харахад хүндхэн болж байна. Засгийн газар хэдэн Ерөнхий сайдтай нь ойлгогдохоо болилоо. 15 толгойтой… гэдэг шиг боллоо. Тэр ч бүү хэл танхим дотроосоо Засгийн газраа дэгээдчих гээд байна. Тийм сайд байна гээд бодчих. Энэ юу ч биш. Ард иргэд байтугай УИХ-ын гишүүд хүртэл Засгийн газарт легитим өгөх талаар биш: Бүтэхгүй ээ гээд толгой сэгсэрч шогшроод явдаг болжээ. Сар болоод тараа таниулж буй Засгийн газар цаашаа хэр хол, хэдий удаан явж чадах бол доо гээд байна цаагуур чинь.
Ерөнхийдөө эдгээр нь том төслүүдийг хөдөлгөх хэцүү гэдгийг нотолж буй. Тэр хэцүүг давахын тулд Засгийн газрыг УИХ-д нөлөө бүхий том намтайгаа хамтарч байгуулахаас өөр арга замгүй гэдгийг ч харуулж буй. Гэсэн нь эрх баригч нам ийм гарцаагүй арга замаас хазайж дангаараа ч биш, олигтой хамтарсан ч биш хоёрын хооронд Засгийн газрыг байгуулсан. Үр дагаварт нь том төслүүд, эдийн засгийн гол бодлогууд эхнээсээ нуран унаж буй нь энэ юм





Сөүл хотод үймээн гаргасан Монгол иргэдийг саатуулжээ
БНСУ-ын Сөүл хотын Жунгнан дүүргийн цагдаагийн газар орон сууцны гадна гадаад иргэд үймээн гаргаж, тамхи татаж байна гэсэн дуудлага ...
4 цагийн дараа
УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэ...
2 цагийн дараа
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, т...
2 цагийн дараа
Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллах эрүүл мэндийн байгууллагуудыг Эрүүл ...
1 цагийн дараа
Б.Чинбилиг: Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа. -Сүүлийн үед гар...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Зочин
Энэ Занданшатар 9 хийж чадах юм уу. дүлэгнээд л байх юм. Төрий захиргааны алмын цомхон чавдарлаг болгоно гэж ЗАСАГ нь яриад байхад харин орон нутагт нэмээд шинээр хэлтэс байгууулаа байгаа юм биш үү. Орон нутгийн ЗАСАГ нь бараг тоодоггүй ют шиг байна дөөө