Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

С.Одонтуяа: Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлсэн үеийн аавын минь сонирхолтой дурсамж

trend

Админ

img

2025 оны 7 сарын 09

img

86

news-img

УИХ-ын гишүүн, Салдангийн Одонтуяа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар манай улсад айлчилж байгаатай холбогдуулан нэгэн сэтгэлд хоногшсон түүхийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна.

Миний аав Д.Салдан Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд хүрэх үндсэн суурийг тавилцсан анхдагчдын нэг бөгөөд тухайн үед Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороон дарга, Монгол Улсын Төрийн сайдаар ажиллаж байсан юм.

Аав маань Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985) номыг хурдан редакторлаад өгөөрэй гэхэд нь би аминдаа их л хариуцлагатай, хэцүү ажил байгаа даа гэж дотроо айж, зүрхшээн бодож билээ. Тэгээд зориг гарган номын хуудсыг нэг нэгээр нь нямбайлан уншиж эхэлсэн. Гэтэл унших тусам аавын минь үг, бодол, амьдралын ухаан аль хэдийнээ төгөлдөр болж, зөвхөн компьютерт шивэх явцад гарсан ганц нэг үсгийн алдаанаас өөр засах зүйл огт байгаагүй юм.

Би оюутан ахуй цагаасаа эхлэн аавынхаа бичиг цаасны ажилд нь туслах, хамтран оролцох их дуртай байлаа. Тиймдээ ч аавынхаа улс эх орондоо зориулан хийж бүтээсэн ажил үйлсийг нь хангалттай сайн мэднэ гэж бодож, өөртөө итгэдэг байсан юм. Гэвч энэ номыг унших явцад надад огт мэддэггүй, төсөөлж ч байгаагүй олон түүхэн баримт, нарийн ширийн үйл явдалтай нүүр тулсан нь үнэхээр сонирхолтой байлаа. Ялангуяа Монгол, Японы харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан болон одоо ч ажиллаж буй хүмүүс төдийгүй, энэхүү түүхийг судалдаг эрдэмтэн судлаачид, түүхчид, оюутан сурагчдад ч хэрэг болохуйц үнэн бодит түүхийг аав минь маш нягт нямбай бичиж, дүгнэж цэгнэсэн нь бахархам санагдсан юм.

Аав маань Монгол-Японы эдийн засгийн харилцааны эхлэлийг тухайн цаг үеийн амаргүй нөхцөлд биечлэн санаачилж, хэрэгжүүлж, бодитой хувь нэмэр оруулсан хүн. Тиймдээ ч тэрээр бахархах зүйл ихтэй атлаа, гоморхож гомдоллох ч юмтай байжээ гэдгийг энэхүү номоос уншихад тодхон мэдрэгдэнэ.

Д.САЛДАН: ЭНЭХҮҮ ТОВХИМЛЫГ НИЙТЛЭХ БОЛСОН ШАЛТГААН

Ийнхүү аавынхаа номын жаахан хэсгээс бид хэрхэн Япон улстай хэлэлцээ хийж дипломат харилцаа тогтоосон тухай та бүхэндээ хүргэж байна.

Нэгд: Бараг хөрш гэж хэлж болохоор Монгол, Япон хоёр орны хооронд урьд нь аль ч хэлбэрийн эдийн засгийн хамтын ажиллагаа байгаагүй бөгөөд, зөвхөн 1972 оны 2-р сарын 24-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 2 жил шахам хугацаа өнгөрсний дараа буюу миний санаачлан боловсруулж засгийн газраараа зөвшөөрүүлж, Японы талд өгүүлсэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх Монголын талын санал” гэсэн нэр бүхий албан ёсны Ноот бичгийг өгсөн 1974 оны 1-р сарын 31-ний өдрөөс Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлсэн нь түүхэн үнэн билээ.

Хоёрт: Тухайн үед анх удаа «хөрөнгөтөн» гэгдэх оронтой, тухайлбал Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай улсын хувьд цоо шинэ зүйл байлаа. Манай улс урьд нь аль ч хөрөнгөтөн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх гэх мэтийн үйл ажиллагаа явуулж ирээгүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байв. Тэр тусмаа эл үйл явц улс төрийн байдлын хувьд түүхийн нэлээд онцлог цаг үед эхэлсэн бөгөөд хоёр талын ихээхэн өвөрмөц байр суурьтай нөхцөл байдлын дунд өрнөн гарч ирсэн юм. Энэ нь хоёр талын аль алинд нь цоо шинэ хандлага, хэлбэр, агуулга бүхий нарийн төвөгтэй сонирхолтой үйл ажиллагаа байлаа. Энэ үед намайг Японы асуудлыг дагнан эрхлүүлэхээр албан ёсоор тохоон томилсон онцгой нэгэн болсон юм. Цэдэнбал дарга: “Япон бол хөрөнгөтөн орон. Бид өдийг хүртэл нэг ч хөрөнгөтөн оронтой жинхэнэ ёсны эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байгаагүй, тийм туршлага байхгүй. Иймд зөвхөн нөхөр Салданг Монголын талаас Япончуудтай албан ёсоор уулзах, яриа хэлэлцээ хийх хүнээр дагнан тохоож шийдэх нь зүйтэй” гээд 1973 оны 3-р сарын 15-нд 61-р тусгай тогтоолыг гаргаж намайг Монгол-Японы эдийн засгийн харилцааны асуудлыг дангаар эрхлэн явуулж байхаар шийдвэрлэсэн билээ. Ингээд л миний бие Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны анхны салхийг хагалагч болсон бөгөөд энэ асуудлаар Монгол улсаа төлөөлсөн “Бүрэн эрхт-Элч” болсон юм. Манай Ноот бичгээс хойш уг үйлдвэрийг барьж дуусган ашиглалтад өгөх хүртэл даруй 7 жил 9 сар гаруй үргэлжилсэн нэлээд урт хугацааны хэлэлцээ, тохиролцооны үр дүн, шинэ загварын үйл ажиллагаа байснаараа онцлогтой юм.

Гуравт: Монгол-Японы хамтын ажиллагааны энэхүү эхлэлийн үед бидний зүгээс маш чухал объектыг сонгон авч, маш чухал шийдвэр шийдлүүдийг гарган, амжилттай хэрэгжүүлснээрээ онцгой ач холбогдолтой билээ. Ийнхүү хамтран ажилласан дэлгэрэнгүй түүх зураглал нь тус хоёр орны хамтран ажиллагаа эхэлсэн жинхэнэ түүх юм. Чухамхүү миний энэ номын гол агуулга нь үүнд оршино.

Монгол-Японы засгийн газрын хэлэлцээрт 1977 оны 3 сарын 17-нд Улаанбаатар хотноо Монголын талаас ГЭЗХУХ-ны дарга БНМАУ-ын сайд Д.Салдан, Японы талаас Япон улсаас БНМАУ-д суух элчин сайд И-Цуге нар гарын үсэг зурж бичиг баримтаа солилцож байгаа нь


Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тулгын чулуу болохоор заяагдсан, “Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулж бэлэн эдлэхүүн гаргах үйлдвэр” гэсэн төгс нэртэйгээр хэлэлцээрт орж шийдэгдсэн, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй хөрөнгийн оролцоотойгоор, Монголын барилгачдын хүчээр Улаанбаатар хотноо барьж байгуулагдсан энэ гайхамшигт үйлдвэр бол эдүгээ бидний сайн мэдэх “Говь комбинат” билээ.

Одоогийн бидний мэдэх Говь ХК-ийн үйлдвэрийн төслийн эцсийн шийдвэрлэх хэлэлцээг Элчин сайд И.Цугетэй 1975 оны 7-р сараас 1976 оны 11-р сар хүртэлх хугацаанд хийв. И.Цугетэй миний бие 1-рт: Японы Засгийн газраас өгөх буцалтгүй хөрөнгийн хэмжээг эцэслэн тохирох, 2-рт: Монголын талын шийдсэнээр тэрхүү хөрөнгөөр гагцхүү ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг нэг үйлдвэр болгон барих 2 асуудлыг эцэслэн шийдэх зорилт тавьж ажиллав.

Элчин сайд И.Цугетэй олон удаа уулзаж бүтэн нэг жил 4 сарын туршид ярилцсаны эцэст объектын хувьд эцэслэн тохирсон хэдий ч харин тэрээр буцалтгүй хөрөнгийн хэмжээ одоогоор 3.1 тэрбум иен хэвээрээ байгаа гэсээр байв. 1976 оны зун 7-р сарын эхээр би Элчин сайд Цугег гэргийн хамт хээр гарч мөөг түүе гэж өөрийн гэргий, охидууд С.Энхтуяа, С.Оюунтуяа, С.Одонтуяагийн хамт урилаа. Тэд урилгыг дуртайяа хүлээн авав. Ингээд бид Шархайн хөндийн чиглэлд Улаанбаатараас 60 км-ийн зайтай “Мөөгөн толгой” гэдэг газар очлоо. Зуны нартай сайхан өдөр таарлаа. Бид тэнд жинхэнэ Монголын бор толгодын дунд майхнаа босгож, зугаатай сайхан амарцгаав. Бид мөөг түүж, пикник хийж наргиж амарцгаалаа. Гол нь аз болж тэр үед тэнд мөөг маш элбэг байлаа. Япончууд цагаан мөөгөнд их дуртайг бид мэднэ л дээ. Элчин сайд, гэргийн хамт цагаан мөөг нэлээд их түүгээд сэтгэл өндөр байлаа.

Би нар жаргах дөхсөн үед Элчин сайдыг довын цаана мөөг түүж жаахан тусгайдаа сууя гэж дагуулж яваад өмнө нь төлөвлөж байсан зүйлээ сэтгэлийн хөөрлөөр сайхан ярьж авах боломжтой боллоо. Би: “Танай амлаж байгаа энэ 3.1 тэрбум иен чинь тэр ямааны ноолуур, тэмээний ноосны үйлдвэрийг барихад яагаад ч хүрэлцэхгүй, бид тооцож үзсэн, үүнийг наад зах нь 5.0 тэрбум иен хүргэх хэрэгтэй байна” гэж өнөө өмнөх хүсэлтээ давтан хэлж, “Ноён Салдан энэ саналаасаа огт ухрахгүй байна. Бас ч үндэстэй юм шиг байна. Ингэхгүйгээр хэлэлцээр байгуулагдаж чадахгүйд хүрч мэднэ гэж өөрийн эрх бүхий дээд газар, хүмүүстээ та очиж уулзан мэдэгдээч” гэж найз нөхрийн журмаар гуйлаа. “Ер нь хоёулаа энэ асуудлыг ийнхүү шийдээд зүйл дуусгамаар байна” гэж ч нэмж хэлэв.

Д.Салдан, гэргий Чимэддолгор, Элчин сайд И.Цуге гэргийн хамт Их Тэнгэрийн амны Засгийн өргөөний дэргэд Засгийн газрын Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа, Улаанбаатар хот 1977 он


Элчин сайд Цуге энэ яриаг маш анхааралтай сонсоод эцэст нь: “Би танай асуудлыг үргэлж дэмжсээр ирсэн. Ер нь бүхий л талаар дэмжиж, нааштай шийдүүлэх талаар ажиллана” гэлээ. Цуге бол их хүнлэг, өндөр соёлтой, Монголчуудад их элэгтэй хүн байсан. Их шударга, тууштай зарчимч дипломат, тэгсэн мөртлөө эелдэг зөөлөн зантай, үргэлж инээмсэглэж, дуу алдаж инээдэг сайхан хүн байлаа. Ийм ч учраас би түүнд гүнээ итгэж, найдаж байв. Тэрээр үүний дараахан буюу 7-р сарын эхээр Токио явсан билээ. 1976 оны 7 дугаар сарын 14-нд Элчин сайд Цуге Токиогоос буцаж ирмэгцээ надтай ирж уулзан ихэд сэтгэл өндөр доорх зүйлийг мэдэгдэв: “Би таны санал хүсэлт, үндэслэлийг Токиод Ерөнхий сайд Мики, ГЯЯ-ны сайд Мияазава, Сангийн сайд Охира нарт биеэр танилцуулж, дэмжихийг ихэд хүссэн. Үүний үр дүнд өмнө нь яригдаж байсан 3.1 тэрбум иенийг Японы Засгийн газраас таны хүсэлтийн дагуу 5.0 тэрбум иен болгохоор шийдвэрлэлээ.

Ийнхүү Элчин сайд Цуге биечлэн Токио явж манай хүсэлтийг зөвшөөрүүлж, амласан зүйлээ бүрэн биелүүлсэн дээ.

Ийнхүү 1977 оны 3-р сарын 17-нд “Японы Засгийн Газар БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, түүний оролцоотойгоор Улаанбаатар хотноо, ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Монгол-Японы Засгийн газрын Хэлэлцээр байгуулагдаж, түүнд Монголын талаас Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга, сайд Д.Салдан миний бие, Японы талаас Японы Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Итари Цуге нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

Үүгээр бидний үүсгэн санаачилж 5 жил шахам хугацааны туршид зүтгэж, чухал ур дунд хүргэсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны эхний тодорхой нэгэн үеийн үйл ажиллагаа амжилттай дууссан билээ.

Миний бие Япон хүмүүстэй анх удаа хэлэлцээний ширээний ард сууж үзэж, олон сар жилээр хэлэлцээ, уулзалт хийхдээ мэдсэн, мэдэрсэн хэдэн зүйл бол япон хүн маш ухаалаг, туйлын зарчимч, туйлбартай, өөрөөр хэлбэл хэлж, мэдэгдэж байгаа зүйл нь нэг мөрийн нэгэн утга санаа, бодлыг агуулсан, хэлж тохирсон зүйлээ хэзээ ч эргэн өөрчилж хөрвүүлдэггүй, аргалах гэсэн санаа бодолгүй хүмүүс юм гэдгийг алхам тутамдаа мэдэрч тэдэнтэй харилцаж байхдаа дотоод эргэлзээгүй болсон явдал билээ.

Япон хүмүүс бол их нөхөрсөг, хамтарч ажиллаж байгаа хүнээ ихэд хүндэтгэдэг, түүндээ их итгэл өгч, сэтгэл санааны сайхан агаар амьсгалыг бий болгодог. Миний ойлгосноор эдгээр чанар бол их зүйлийг үзсэн, их замыг туулсан, жинхэнэ бизнес, ажил хэрэгч хүмүүсийн үнэт чанар болов уу. Төлөөлөгчдийн тэргүүн ч бай, ГЯЯ-ны газрын дарга ч бай, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдууд ч бай, ердөө бидэнд ямар нэгэн ихэмсэг зан гаргадаггүй мэдэмхийрч, дайрч давшилдаггүй маш хүмүүнлэг, даруухан хүмүүс байдаг юм билээ.

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сөүл хотод үймээн гаргасан Монгол иргэдийг саатуулжээ

БНСУ-ын Сөүл хотын Жунгнан дүүргийн цагдаагийн газар орон сууцны гадна гадаад иргэд үймээн гаргаж, тамхи татаж байна гэсэн дуудлага ...

img

5 цагийн дараа

УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэ...

img

3 цагийн дараа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Техник, т...

img

2 цагийн дараа

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллах эрүүл мэндийн байгууллагуудыг Эрүүл ...

img

2 цагийн дараа

Б.Чинбилиг: Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа. -Сүүлийн үед гар...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд