мэдээ
Хуульч В.Энхтамир: Гадаадын хөрөнгө оруулагчдын газрын харилцааг Газрын тухай хуульд ч тодорхой заагаагүй DNN.mn
БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА
2024 оны 4 сарын 04
127
Хуульч, өмгөөлөгч В.Энхтамиртай газрын эрхийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Газрын тухай хууль болон газрын эрхийн харилцаатай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцож байсан юм.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэх үеэр газрыг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой маргаан дэгдэж, хуулийн төсөл гацсан. УИХ-ын нэр бүхий гишүүд газрыг ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах хуулийн төсөл санаачлан өргөн барьчихлаа. Тэд Газрын тухай хуулиар зохицуулах боломжтой гэж тайлбарлалаа. Тэгэхээр Газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчдын газрын эрхийн харилцааг яаж тусгасан байдаг юм бэ?
-Эхлээд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж юу юм бэ, Монгол Улс ер нь Үндсэн хуулиар газрын эрхийн харилцааг яаж хуульчилсан юм бэ гэдэг дүр зургийг гаргаж хэлье.
Үндсэн хуулийн зургадугаар зүйлд маш тодорхой заачихсан. Монгол Улсад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ. Арай өргөн дэлгэрээр газар эзэмших эрхийг Үндсэн хуулиар, Газрын тухай хуулиар Монгол Улсын хуулийн этгээдэд л эдлүүлдэг. Үүнээс гадна маш хязгаарлагдан нэг эрх бий.
Энэ нь газар ашиглах эрх. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.5-д төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан болзол журмаар ашиглуулж болно. Өөрөөр хэлбэл, Монголын биш гадаадын этгээдэд газрыг ашиглуулж болно гэдэг. Зөвхөн ашиглуулна, өмчлүүлж, эзэмшүүлж болохгүй гэдэг концепци. Үүнээс гадна Газрын тухай хууль бий. Үндсэн хуулийн энэ агуулгыг нэмэн дэлгэрүүлсэн хууль. Тус хуулийн 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ. Мөн 3.1.8-д нь газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээ ер нь хэрхэн тодорхойлдог юм бол оо?
-Үндсэн хуулийн заалт руу оръё. Энд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг ашиглуулна шүү гэж бичээгүй. Энэ бол 1992 оны хууль тогтоогч нарын байр суурь. Монгол Улсын одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжоор эрх үүрэг нь тодорхойлогддог, Монгол Улсад татвар төлдөг хуулийн этгээд, компани, ААН-ийг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ ер нь бид хөгжиж байгаа орон, бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлнэ, хөрөнгө оруулалтад ээлтэй эрх зүйн орчныг бий болгоно, хөрөнгө оруулалтыг татна, дэмжинэ, хамгаална гэж ярьж байгаа бол Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлээд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг ялгаварлахгүйгээр Монгол Улсын хуулийн этгээдийн нэгэн адил эзэмшүүлж болно.
Миний бие 2007, 2008 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын тухай хуулийг бичилцэж байсан хүмүүсийн нэг. Бөөн юм болоод л, бүгд ярилцаж ярилцаж, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэж л бичиж байсан. Энэ нь зөв юм байна, энэ нь олон улстай хөл нийлүүлэхэд хувь нэмэртэй гэж байр суурь нэгдээд бичиж байсан. Газрын хууль батлагдах болоход гадаадынханд газар өгөх гэлээ гээд л хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд газартай холбоод явчихдаг. Ингээд л Газрын тухай хууль дээр ийм агуулга оруулах гэхээр ямар нэгэн байдлаар оруулдаггүй. Үүний дагуу л бас ороогүй. Тэгмэгц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж баталсан. Энэ хуулийн дагуу өнөөдөр Монгол Улсад зөндөө хуулийн этгээд газар эзэмшиж байгаа.
-Таны ярьснаар бол Үндсэн хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар олгохтой холбоотой харилцааг нарийвчилж зохицуулаагүй гэсэн үг үү?
-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлнэ гээд хуульдаа биччихээр Үндсэн хуулийг зөрчихгүй, зөв юм. Яахав, ашиглуулъя гээд биччихье. Тэгэхэд бодит амьдрал дээр Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэмшчихээд байна. Учир нь хоёр л ялгаа бий. Барьцаалдаггүй, эрхээ бусдад шилжүүлдэггүй. Энэ эрхийг хүмүүс сонирхохгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай А гэдэг компани өөрийнхөө 100 хувийн мэдлийн охин компани Б-г байгуулаад Б-гийнхээ нэр дээр газар эзэмшээд явчихдаг. Одоо зөндөө бий. Хэдий болтол өөрсдийгөө бид хуурах вэ дээ.
-Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн агуулга руугаа оръё. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас газартай холбоотой харилцааг авчихвал ямар үр дагавар бий болох вэ. Сөрөг болон давуу талыг та харж байна уу?
-Хэрэв тэр хоёр гишүүнийхээр үнэхээр ашиглуулна гэж бичих гэж байгаа бол маш олон хууль тогтоомжид цогц өөрчлөлт хийх ёстой. Би газрын эрхийн харилцаагаар олон жил ажилласан, хууль бичилцэж байсан хүний хувьд эзэмшүүлэх ёстой гэж хардаг хүн. Хэрвээ “ашиглуулна” гэж байгаа бол Газрын тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд газар ашиглах эрх, хуулийн этгээдийн бүртгэл, эцсийн өмчлөгч зэрэг ойлголтуудыг холбох замаар харилцан хамаарлыг нь тогтоож чадвал жинхэнэ хязгаарлалт болно.
-Газрын тухай хуулийн 17.1.2, 18.1.6 заалтуудын тухай тодруулъя л даа. УИХ, Засгийн газрын хүрээнд газрын эрхийг шийдэх юм байна. Хэр хэрэгжих бол?
-Гишүүдийн яриад байгаа энэ заалтууд гадаадынханд түрээс, концессийн гэрээгээр ашиглуулна гэж байгаа агуулга. Энэ гэрээгээр ашиглуулах гэж байгаа бол УИХ-аар орох асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр мөнгө байхгүй, дотоодоос мөнгө босохгүй, Багануурын дулааны цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц зэрэг энэ том бүтээн байгуулалтад гаднаас мөнгө гуйх гэж байгаа бол УИХ-аар оруулаад шийднэ. Үүн дээр эрхбиш эзэмшихгүй гэх байлгүй. Үүн дээр тусгайлан шийдвэр гаргаад гадаадын хөрөнгө оруулагч А компани Багануурын дулааны цахилгаан станцыг барих концессийн эрхийг 60 жилээр олгосугай, ингээд 20 жил ашиглаад Монголын төрд шилжүүлнэ гэх мэт энэ харилцааг зохицуулах юм.
Яг энэ заалтаар одоогийн хөрөнгө оруулалтыг шийдье гэвэл бүх эрхийг УИХ, Засгийн газар шийдээд явах юм уу. Хөрөнгө оруулалт бүрийг УИХ, Засгийн газар шийддэг болчихвол “Нэг газартай болъё гэтэл танай УИХ, Засгийн газар шийддэг юм байна, дээрээс өгч байгаа газар нь эзэмшдэггүй, барьцаалдаггүй. Танайх эрүүл үү. Би мөнгөө оруулахгүй. Шаардлагатай бол газрыг цуцлахад нөхөн олговор ч өгөхгүй юм байна” гэх нь. Одоогийн хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрын заалтыг авч хаяад асуудлаа сайхан болгож байна гэвэл дахиад л 20 жилийн будлиан самуурлыг үргэлжлүүлнэ. Муухайгаар хэлбэл, сонгууль угтсан хөнгөн улс төр л хийж байна. Бид улс орон, тусгаар тогтнол гэж агуу зүйл яриад өөрөө өөрсийдөө хуураад ирсэн. Үүн дээр тодорхой улстөрчид богино хэмжээний улс төр хийгээд явж байна шүү дээ.
-Газрын харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахад давуу тал юу байна вэ?
-Хэрэв хөрөнгө оруулагчид газрыг ашиглана гэдгээ болиод Монгол Улс дахь Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил газар эзэмших эрхтэй гэчихвэл гариг ертөнцийн дүрмээр тоглоод эхэлнэ биз дээ. Мэдээж үүн дээр хязгаарлах тохиолдлууд байж таарна. Мал аж ахуй, газар тариалан, тусгай хамгаалалттай газар гэх мэт.
Ер нь манайд л өмчлөх, эзэмших, ашиглах гэж ярьдаг. Барууны орнуудад газар өмчлөх, газрын түрээс гэдэг хоёр л харилцаа байдаг.
–Хэрэв УИХ, Засгийн газрын хүрээнд шийддэг, хугацааг нь тогтоодог болчихвол хэр баталгаатай байж чадах вэ гэдэг асуудал гарна. Нөгөө талаар Газрын тухай хуульд газрын харилцааг бүрэн тусгаж чадсан уу?
-Одоо байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас энэ заалтаа аваад Газрын тухай хуулиар явна гэвэл Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ямар хугацаагаар газар ашиглах вэ гэдэг хугацааг тогтоосон зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ заалт хасагдвал стратегийн хөрөнгө оруулагчдад УИХ, Засгийн газар хугацаагаа тогтоох нь. Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд газар ашиглуулах тохиолдолд хугацааг нь ямар байх вэ гэвэл хэн ч хариулж чадахгүй. Үүн дээр нь хөрөнгө оруулах уу, үгүй юү гэдэг дараагийн асуудал үүснэ.
-Ер нь Газрын тухай хуульд энэ харилцаа тодорхой хэмжээгээр тусгагдсан байсан юм бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгах шаардлагагүй байсан юм биш үү?
-1993 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. 1994 онд Газрын тухай хууль батлагдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг хэрхэн олгох вэ гэдэг асуудал эмгэнэлтэй түүхтэй.
Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг ямар хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулах вэ гэдэг тоглоомын дүрмийг одоо ч тодорхой бичээгүй байгаа шүү. Ерөөсөө ард иргэд нь гадаадынханд газраа зарах гэж байна гэж хийрхчихдэг. Улстөрчид нь ч дагаад улс төр хийгээд явдаг л байдалтай байсаар байна.
-Тэгвэл ямар зохицуулалт боломжтой гэсэн үг вэ?
-Газрын тухай хуулийн 44.1-д СӨХ-нд газар ашиглуулах тухай бүтэн бүлэг байдаг юм. Үүн шиг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэх үү, ашиглуулах уу. Эзэмшинэ үү, ашиглана уу үл хамаараад ингэж, ингэж ашиглана. Ийм хугацаатай байна гээд Газрын тухай хууль дээр биччих ёстой юм. Гэхдээ Газрын тухай хууль дээр байхаар хийрхээд эхэлдэг. Ер нь энэ ярих их хэцүү. Ялангуяа Төрийн ордон руу ороод заавал янз бүрийн эрх ашиг хөндөгддөг.
Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хийчихсэн хэрэг. Аргаа барсан хэрэг шүү дээ. Энэ заалт ч хангалтгүй. Үүнээс илүү цогц, маш тодорхой, хугацаа нь ийм байна, магадгүй аль аль салбарт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж ашиглуулж болохгүй вэ зэргийг бичиж өгч, цогц л шийдэх ёстой. 2013 онд аргаа бараад ганц заалт оруулсан. Түүнийг нь сая сонгууль дөхөхтэй зэрэгцээд хийрхээд эхэлсэн. Дараа нь бүхэл бүтэн боловсруулаад ирчихсэн хуулийн төслөө татаж аваад араас нь ард түмэнд таалагдах гэсэн оролдлогыг л хийж байна гэсэн дүр зураг харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, хоёр хууль хоёулаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг яах юм бэ гэдэг асуудлыг бүрэн шийдээгүй. Ер нь 1992 оноос хойш бид ийм байдалтай байгаа. Уг нь Үндсэн хуулиар хориглоогүй. Дээр нь бид хөрөнгө оруулалт хэрэгтэй юм уу. Хэрэгтэй юм бол дотоодын аж ахуйн нэгжийн адил авч үзээд эзэмшүүлээд, үүнийгээ ард түмэндээ зөв ойлгуулах хэрэгтэй.
Ц.Наран-Учрал: Нүүрсний давхаргаас метан хийг туршилтаар олборлох нэмэлт гурван цооногийг ашиглалтад оруулаад байна DNN.mn
Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Тэлмэн Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Наран-Учралтай ярилцлаа. -Өмнөгов...
8 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр бар өдөр DNN.mn
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 28, Санчир гариг. Билгийн тооллын 28, Онгоц одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 08:41 цагт манда...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна DNN.mn
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх н...
7 цагийн дараа
Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, суусан “Лексус-450” машинтай иргэдийг татаж гаргажээ DNN.mn
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т орших Тээл багийн Тээлийн бирвааз гэдэг газар Сэлэнгэ ...
8 цагийн өмнө
Биеийн халууныг бууруулдаг нарны тос бүтээжээ DNN.mn
Хятадын судлаачид хүний биеийн халууныг Цельсийн 6 хүртэлх хэмээр бууруулж чадах нарнаас хамгаалах тосыг гарган авсан тухай “South C...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд