мэдээ
М.Дондогдорж: Дотоодын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд самнасан ноолуурын экспорт 60 хувиар нэмэгдсэн

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 8 сарын 12

35

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржтой ярилцлаа.
-Төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжсэн ямар бодлогууд хэрэгжиж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөдөлгөөний гол зорилт нь мал аж ахуйн гаралтай түүхий эд, ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшинг өсгөх, үнийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр нь дотроо үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын гүн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхэд зориулж эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгож байна. Тухайлбал, ноолуурын салбарын ээрэх болон эцсийн бүтээгдэхүүний чиглэлийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсруулах хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх зорилготой хөрөнгө оруулалтын зээлүүд олгосон.
Ноос, ноолуур, арьс ширний салбарт эргэлтийн зээл олгосноор үндэсний үйлдвэрүүд малчдаас түүхий эдээ худалдан авах том боломж юм. Нөгөөтэйгүүр түүхий эдийнхээ үнийг тогтворжуулах үндсэн ач холбогдолтой.
-“Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөн хэдэн жилийн хугацаанд хэрэгжих вэ. Нийт санхүүжилтийн дүн 2.1 их наяд төгрөг бил үү. Малчид болон боловсруулах үйлдвэрүүдэд ямар шууд үр өгөөж өгч байгаа бол?
-“Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөн 2.1 их наяд төгрөгийн санхүүжилттэй, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр юм. Энэ оны хувьд ноолуурын салбарт гэхэд 44 компанид 320 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Ингэснээр зах зээлд түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, үнийн уналтын эрсдлээс хамгаалж чадсан. Дотоодын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд ноолуур бэлтгэлд өнөө жил анх удаа түүхий эдийнхээ 50-иас дээш хувийг худалдаж авлаа. Нэг ёсондоо ноолуурын үнийг тогтвортой байлгахаас гадна чанарыг нь сайжруулах төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд малчдын хоршоод түүхий эд бэлтгэлийн системийг сайжруулах тал дээр хамтын ажиллагааны үр дүн нөлөөлсөн. Энэ эргэлтийн зээл зөвхөн үйлдвэрүүдийг дэмжиж байгаа хэлбэр биш. Малчдын хоршоог дэмжих, малчдын орлогыг тогтвортой байлгахад шууд үр нөлөөтэй.
-Засгийн газраас ноолуур бэлтгэлд зориулж вексель гаргасан. Энэ ажил ямар ахицтай байна?
-Ноос, ноолуур, арьс ширний салбарт хөнгөлөлттэй зээл өгөхөөс гадна санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр Монголбанк болон арилжааны банкуудтай хамтраад ажиллаж байна. Энэ жил анх удаа төв банк арилжааны банкуудтай хамтраад ноолуур бэлтгэлд вексель гаргах ажлыг зохион байгууллаа. Вексель гарах үйл ажиллагаанд арилжааны хоёр банк, хоёр үйлдвэр оролцсон. Үйлдвэрүүд маань векселиэр малчдаас ноолуур худалдаж авлаа. Цаашдаа зөвхөн эргэлтийн хөрөнгөөс гадна вексель болон бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна.
-Ноолуурын экспортод өнгөрсөн онтой харьцуулбал ямар өөрчлөлт гарав?
-Хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн зээл, вексель болон бусад нэмэлт санхүүжилтийн хүрээнд ойрын хугацаанд ноолуурын экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилттой байгаа. Өнгөрсөн жилүүдэд манай улс ноолуурынхаа 70 орчим хувийг зөвхөн угаагаад экспортолдог байсан. Энэ оноос ноолуураа самнаж гаргаж байгаа. Угаасан ноолуур экспортлохыг хориглосон. Үүний үр дүнд самнасан ноолуурын экспорт эхний зургаан сарын байдлаар 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Нөгөө талдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрүүд маань жилийн турш үйлдвэрлэл явуулах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр ажлын байр, орлого нэмэгдүүлэх өргөн боломжтой. Мэдээж үүний үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл гээд улсын төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэдгийг онцолъё.
-Төрөөс ноолуурын салбарыг дэмжсэнээр үйлдвэрүүдэд олон боломж бий болж, ажлын байр нэмэгдэж байгаа юм байна. Тэгвэл Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, ноолуурын салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Ноолуурын салбарыг хөгжүүлэхэд төрөөс санхүүгийн бодлогоос гадна гадаад зах зээлд суурилсан маркетингийн бодлогууд хэрэгжүүлж байгаа. Өнөө жил Монгол Улс анх удаа Италийн Милан хотноо загварын долоо хоногт оролцлоо. Ирэх жилээс манай улсад ноолууран бүтээгдэхүүний загварын долоо хоног зохион байгуулах талаар гэрээ хэлэлцээрүүд хийгдээд явж байна. Энэ нь монгол ноолуурыг гадаад зах зээлд сурталчлах маш чухал арга хэмжээ юм. Ер нь монгол ноолуурын гарал үүсэл, яаж бэлтгэгддэг, ямар шат дамжлагаар бэлэн бүтээгдэхүүн болж байгаа зэргийг гадаад зах зээлд сурталчлан таниулах ёстой. Энэ хүрээнд Монголын ноос, ноолуурын холбоо болон үйлдвэрүүдтэй хамтраад тодорхой ажлууд хийгээд явж байгаа. Олон улсын зах зээлд байгаль орчин, мал амьтны эрхийн асуудал зэргийг онцгойлон анхаарч үздэг болсон. Тухайлбал, малын тавлаг байдлыг хангаж байна уу. Ямаагаа самнахдаа мал, амьтнаа зовоож байна уу. Үйлдвэрлэлийн процесс нь байгаль орчинд ээльтэй юм уу зэрэг асуудлыг чухалчилж байгаа. Иймд томоохон худалдан авагчид байгаль орчинд халгүй, мал амьтны эрхийг хамгаалсан цогц үйлдвэрээс ноолууран бүтээгдэхүүн нийлүүлж байна. Цаашид ноолуурын экспортыг нэмэгдүүлэх нь зөвхөн үйлдвэрлэлийнх биш мал аж ахуйн асуудал болж байгаа юм. Тэр дундаа малын тавлаг байдал, бэлчээр ашиглалт гээд мал аж ахуйн үйлдвэрлэлийн хосолмол байдлыг хөгжүүлснээр олон улсын зах зээлд монгол ноолуурын байр суурийг нэмэгдүүлэх боломжтой. Бид гадаад зах зээлд монгол ноолуур тогтвортой гэдгийг таниулах хүрээнд Монголын ноос, ноолуурын холбоотой хамтраад хэд хэдэн ажил хийж байна. Үүний нэг нь газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болгох ажил. Монгол ноолуурын таван өнгийг холбоонд бүртгүүлснээр бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй болгох боломжтой. Одоогийн байдлаар Монгол Улс маань дангаараа таван өнгийн ноолуур бэлтгэдэг. Бусад орнуудын хувьд 90 гаруй хувь нь нэг өнгийн ноолууртай байна. Тэгвэл Монгол Улсад таван өнгийн ноолуур байдгаараа нэг ондоошил, ялгарал болж чадах юм. Тиймээс газар зүйн заалтыг бүртгүүлэх ажил хийгдээд явж байна. Ингэснээр олон улсын зах зээлд монгол ноолуурыг сурталчлахад том алхам болох юм.





Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн ам...
3 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг 7-30 хоног саатуулжээ
Цагдаагийн байгууллага 2025 оны эхний долоон сарын байдлаар 80.709 хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 288 хэргийг прокур...
3 цагийн өмнө
Уйлах нь ичих зүйл биш
“Уудам уудам гэх энэ орчлонд уйлах газар ч олдохгүй юм” гэж ярьдаг. Завгүй энэ амьдралд хаана, хэзээдээ уйлах билээ. Өглөө ажилдаа я...
4 цагийн өмнө
Т.Энхбаяр: Эрүүгийн процесс дахь хүний эрхийг хангасан хууль хэрэгжиж эхэллээ
УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...
4 цагийн өмнө
Эрээн боомтоор өдөрт 13928 зорчигч нэвтэрчээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын хилийн шалгалтын газрын статистикаас үзвэл наймдугаар сарын 9-ний өдөр тус боомтоор 13928 зорчиг...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд