Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Т.Энхбаяр: Эрүүгийн процесс дахь хүний эрхийг хангасан хууль хэрэгжиж эхэллээ

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 8 сарын 12

img

36

news-img

УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуульч, өмгөөлөгч Т.Энхбаяртай ярилцлаа.


-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар зохицуулалтууд тусгасан бэ?

-Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрхтэй холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэж чадсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, прокурор гээд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдэлсэн зохицуулалтууд орсон. Мөн өмгөөлөгчдийн эрүүгийн процессын ажиллагаанд тулгарч ирсэн зарим асуудлууд шийдвэрлэгдэж байгаагаараа энэ хууль ихээхэн ач холбогдолтой юм.

-Хууль батлагдахаас өмнө хүний эрх болон өмгөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой ямар хүндрэлтэй асуудлууд тулгардаг байв?

-Мөрдөх байгууллагууд хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авчихаад өгсөн мэдүүлэг дээр нь үндэслээд дараа нь сэжигтэн болгосон кейс өчнөөн бий. Улмаар тухайн хүнийг цагдан хорих болсон үндэслэл, нотлох баримттай өмгөөлөгч болон өөрсдийг нь танилцуулдаггүй. Яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн эхээр нь үзүүлдэггүй. Яллагдагч шүүгдэгч шүүхэд нотлох баримт гаргах бололцоогүй байдаг зэрэг олон асуудал өнгөрсөн жилүүдийн туршид хүний эрх зөрчигдөх нөхцөл болсоор ирсэн.

Өмгөөллийн тухай хуульд заагдсан зарим эрх эрүүгийн процессын хуульд тодорхой тусгагдаагүйгээс мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгчдийн зүгээс хуулийн зохицуулалтыг зөрүүтэй ойлгох, хэрэг хувилж хуулбарлан авахтай холбоотой эрх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх зэрэг санал, шүүмжлэлүүд ихээр гардаг байлаа.

Жишээлбэл, Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад хэргийн материалтайгаа танилцах гэсэн өмгөөлөгч, бусад этгээдүүдийн гар утас, таблет зэргийг дотогш нэвтрүүлэхгүй хураагаад авчихдаг байв. Тэр болгонтой өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ өмнөөс нүүр тулж, мөрдөгч, прокурор, шүүхийнхэнтэй үл ойлголцож яах ч аргагүй нөхцөлд орж мухарддаг байлаа.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ямар, ямар шинэлэг заалтууд тусгагдав. Хуучин хэрэгжиж байсан зохицуулалттай нь харьцуулж хэлж өгөхгүй юу?

-Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэдэн онцлог зохицуулалтууд тусгагдсан. Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудахгүй, гэрчийн мэдүүлэг авахгүй байхыг энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтоосон. Хэрэв гэрчийн мэдүүлэг авах үед тухайн хүнээс гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсооно. Үүнээс гадна тухайн хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг бүрэн эхээр нь мөрдөгчийн зүгээс яллагдагчид гардуулан өгдөг болж байна. Хуучин мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч болон яллагдагчийн гаргасан хүсэлтийг татгалзахдаа цагдаа, прокурор үндэслэлээ огт хэлдэггүй байсан шүү дээ. “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас татгалзлаа” гэсэн жижүүрийн хариу өгөх хандлага түгээмэл байсан. Энэ хууль батлагдсанаар хүсэлт, гомдол яагаад хангахгүй татгалзаж байгаа үндэслэлээ заавал тусгах үүрэгтэй болж байна. Тэгвэл одоо өмгөөлөгч, яллагдагч бүрэн танилцдаг, мэтгэлцээнд оролцох боломж нээгдэж байгаа юм.

-Цагдан хорих хугацаатай холбоотой ямар өөрчлөлт оров?

-Прокуророос гаргаж байгаа цагдан хорионы үндэслэлтэй өмгөөлөгч, яллагдагч танилцах, эрх тэгш мэтгэлцэх боломжтой болсон. Өмнө ямар үндэслэлээр цагдан хорих гэж байгааг танилцуулдаггүй, мэтгэлцэх боломж хязгаарлагдмал байсан.

-Өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг хуулиар яаж тогтоосон бэ. Мөн ямар төрлийн нотлох баримтуудыг хуулбарлаж авахыг зөвшөөрөх вэ?

-Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгөхийг энэ хуулиар зөвшөөрч байгаа. Бас мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг ч баталгаажуулсан. Ердийн журмаар хянан хэлэлцэгдэх хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг хамгийн багадаа ажлын гурав хоног байхаар, үндсэн хугацааг 14 хоног байхаар тогтоосон. Шаардлагатай тохиолдолд 14 хүртэлх хоногоор тухай бүр сунгах зохицуулалтыг тусгаад зогсохгүй гар утсаараа хүртэл зургийг нь авч болно. Хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоогч нар энэ талаар УИХ-ын чуулган дээр тусгайлан хэлж протоколд тэмдэглүүлж байсан.

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлаж, хувилж авах боломж бүрдсэн. Хохирогч хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлаж, хувилж авах эрхтэй.

-Энэ хуулинд өөр ямар шинэ заалтууд нэмэгдэв?

-Өмгөөлөгч нь хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авдаг болсон. Мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн. Үүнээс гадна мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, хаяг, харилцаа холбооны утасны дугаарыг ашиглан дуудаж, прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлж болно гэсэн зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд хүргүүлдэг боллоо. Цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцохыг энэ хуулиар зөвшөөрч байгаа.

Мэдүүлэг авах процессын тухайд дүрс харж ярих боломжтой технологи, мэдээллийн хэрэгсэл ашиглах боломжийг нээсэн. Энэ тохиолдолд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн оролцоог ханган дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж, хавтаст хэрэгт хавсаргана гэж хуульд заасан.

-Өмгөөлөгч хүний хувьд та энэ хуулиас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах гол баталгаа нь хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах явдал байдаг. Хуучин эрүүгийн процессын хуулиудад мөрдөн шалгах байгууллагууд, прокурор нь өмгөөлөгч нараас илт давуу эрх мэдэлтэй байсаар ирсэн. Зүй нь нийгэмд шударга ёсыг тогтооход шүүхийн өмнө яллах болон өмгөөлөх талууд аль болох тэгш эрхтэй оролцож мэтгэлцэж байх нь чухал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үе шат бүрд өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах баталгааг хангах, тэдний эрхийг нэмэгдүүлснээр Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал дээрдэхээр болж байгаад баяртай байна. Одоо өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгчид маань эдгээр өөрчлөлтүүдийг үр ашигтайгаар нэг ойлголттой хэрэглэж эхэлснээр эрүүгийн процесс дахь хүний эрх хангагдахад томоохон алхам болно гэж харж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн ам...

img

3 цагийн өмнө

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг 7-30 хоног саатуулжээ

Цагдаагийн байгууллага 2025 оны эхний долоон сарын байдлаар 80.709 хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 288 хэргийг  прокур...

img

3 цагийн өмнө

Уйлах нь ичих зүйл биш

“Уудам уудам гэх энэ орчлонд уйлах газар ч олдохгүй юм” гэж ярьдаг. Завгүй энэ амьдралд хаана, хэзээдээ уйлах билээ. Өглөө ажилдаа я...

img

4 цагийн өмнө

Т.Энхбаяр: Эрүүгийн процесс дахь хүний эрхийг хангасан хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

img

4 цагийн өмнө

Эрээн боомтоор өдөрт 13928 зорчигч нэвтэрчээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын хилийн шалгалтын газрын статистикаас үзвэл наймдугаар сарын 9-ний өдөр тус боомтоор 13928 зорчиг...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд