мэдээ
АН-ын дэд дарга Ц.Жадамбаа: Хүч тэнцүү тулаанд оролцож байсан түүх өнгөрсөн сонгуулиудад нэг ч байхгүй DNN.mn
ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2024 оны 5 сарын 15
156
Ардчилсан намын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын тухайд сонгууль болохоос хэдхэн сарын өмнө эв нэгдлээ хангаж, намын даргаа сонгож, сонгуульд багаа авч оролцох шат шатны дарга, удирдлагуудаа томилсон. Одоо сонгууль өнөө, маргаашгүй эхэллээ. Намын дэд даргын хувьд сонгуульд танай нам оролцоход бэлэн болсон гэж харж байна уу?
-Манай намын хувьд Монголын Үндэсний хэмжээний хоёр том намын нэг. Өнгөрсөн олон ч удаагийн сонгуульд оролцсон, өрсөлдсөн.
Хэдий маргаантай, эв нэгдэлгүй явсан тэр үе цаг хугацааны хувьд томоохон сөрөг нөлөөллийг үүсгэсэн ч бид эв нэгдлээ хангаж чадсан. Өнгөрсөн жил намын удирдлага, намын дэд дарга нараа сонгосон. Намын дэд дарга нарын хувьд бүс нутаг хариуцан ажиллах үүрэгтэй. Энэ бол сонгуулийн том бэлтгэл ажил. Энэ ажлынхаа хүрээнд намын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шуурхай хийж, өнөөдрийн байдлаар сонгуульд оролцоход Ардчилсан намын хувьд бүрэн бэлтгэлээ хангасан гэж ойлгож байгаа.
-Сонгуулийн өмнө танай нам дотор дахин маргаан гарах, эсвэл улс төрийн зарим хүчнээс зориуд явуулсан нөлөөнд автаж, эв нэгдлээ алдах эрсдэл үүсэх үү. Үүнээс болгоомжилж байгаа юу?
-Нийгмийн зүгээс болгоомжилсон хандлагаар Ардчилсан нам дотор дахин маргаан өрнөх вий гэсэн хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ яг нам дотор бид хамгийн дээд түвшний эв нэгдэлтэй байна. Тиймээс бидний хувьд цаашид энэ сонгуульд яаж оролцох вэ, яаж ялах вэ, нийгэм, эдийн засгийн хувьд хүнд байдалд орчихсон Монгол Улсыг яаж сэргээх вэ, яаж хөл дээр нь босгох вэ гэдэг хөтөлбөр, бодлогын үйл ажиллагаандаа бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна. Манай намын дотоод уур амьсгал нийгэмд магадгүй эв нэгдэлгүй мэт харагддаг байж болно. Гэхдээ бид нэг зүйлд бүтэн болж чаддаг. Тэр нь Монгол Улсын эрх ашиг, Монголын ардчиллын төлөө эвлэгдэж чаддаг нам. Тиймээс одоо манайд хагарал, тэмцэл, талцал гэдэг зүйл байхгүй. Эсрэгээрээ бид хамтдаа яаж ялах вэ гэдэг зорилго руугаа л анхаарлаа хандуулж байна.
-Сонгууль гэдэг бол нэг талдаа улс төрийн намуудын хоорондох өрсөлдөөн. Аливаа өрсөлдөөнөөс ялагч гарч ирнэ. Гэхдээ өрсөлдөж байгаа оролцогчид тэгш гараанаас эхлэх ёстой гэдэг. Гэтэл сонгууль дөхсөн энэ өдрүүдэд эрх баригчдыг гараанаасаа түрүүлж гарлаа гэдэг шүүмжлэлийг улс төрийн хүчнүүд хэлж байна. Ийм гараанаас танай намд ялна гэсэн итгэл ямар хэмжээнд байна вэ?
-Сонгууль болгоноор л эрх баригч нам гараанаасаа түрүүлээд гардаг. Тэр утгаараа улс төрийн намууд хүч тэнцүү тулаанд оролцож байсан түүх өнгөрсөн сонгуулиудад нэг ч байхгүй. Дандаа бид хэцүү нөхцөлд ямагт эрх баригчдын өөрсдийнх нь зохиосон, өөрсдөд нь ашигтай дүрмийнх нь дагуу л тулаанд оролцдог. Тухайлбал, өнөөгийн энэхүү томсгосон тойрог залуучуудын хувьд, шинэ улстөрчдийн хувьд хүч тэнцвэргүй өрсөлдөөний талбар гэсэн үг. Эдийн засаг, цаг хугацааны хувьд ч тэдэнд ямар ч боломж алга байна шүү дээ. Нэг үгээр хэлбэл, гарааны тэгш байдлыг олгохгүй байх нөхцөлөөр эрх баригчдын зохиосон дүрмээр л тоглох гэж байна. Спортоор зүйрлэж хэлбэл, шүүгчид нь нэг талынх байна. Тоглолт болж байгаа талбай нь тэднийх. Нэмээд өөрсдийнх нь хөгжөөн дэмжигчдийг дагуулаад зочин баг тоглож байгаа мэт л сонгууль явагдах гэж байна шүү дээ. Тэгэхээр ийм хүнд тоглолтод бид яаж амжилттай оролцох вэ гэдэг төлөвлөгөө, бодлогоо гаргаад л байж байна. Ингэхийн тулд бид юугаар өрсөлдөх вэ. Бид мөнгөөр өрсөлдөөд дийлэхгүй. Харин бидний өрсөлдөх цор ганц зүйл бол мөрийн хөтөлбөр. Бидний өөрсдийн үнэт зүйл, зарчмын асуудал байхгүй юу. Өөр бидэнд юу ч байхгүй. Нэг үгээр хэлбэл, тэнцвэртэй байдал хаана ч алга байна. Үүнийг сонгогчид болоод иргэд бүгд мэдэж л байгаа.
-Таны хэлдгээр тэнцвэртэй бус тулааны үр дүнд танай нам ялчихлаа. Ардчилсан нам гарч ирээд юу хийх юм бэ, өнөөгийн нийгэм эдийн засгийн амьдрал өөрчлөгдөх үү гэсэн итгэл нь алдарсан хүмүүс цөөнгүй байна шүү дээ?
-Яг юу хийх вэ, эсвэл мөрийн хөтөлбөр ийм, тийм гэж бид ярьж болохгүй. Энэ бол хуулиар хориотой зүйл. Ерөнхий байдлаар нь хэлье. Мэдээж богино хугацаандаа эдийн засгийг эрчимжүүлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүл-нэ. Хамгийн чухал нь чөлөөт эдийн засгийг бий болгоно. Өнөөдөр хувийн өмчийг хэт их дарангуйлж байна. Тиймээс энэ чиглэлд л бид хамгийн түрүүнд анхаарч, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болов уу.
-Бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулахад танай нам хамгийн олон дэд даргатай нам. Ийм олон дэд даргатай байсан нам байхгүй болов уу. Зарим хүмүүс ч яагаад ийм олон дэд дарга томилогдсоныг гайхдаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Та ярилцлагынхаа эхэнд асуусан шүү дээ. Ардчилсан нам сонгууль болохоос хэдхэн сарын өмнө эв нэгдлээ олсон гэж. Энэ утгаараа бидний хувьд маш богино хугацаанд сонгуулийн үйл ажиллагаанд нэн яаралтай оролцох хэрэгцээ шаардлага бий болсон, улс төрийн хувьд. Үүнээс улбаалан 15 дэд даргаар бүсчилсэн байдлаар зохион байгуулалт хийж, богино хугацаанд мөрийн хөтөлбөр боловсруулах ажлуудыг эдгээр дэд дарга нараараа удирдуулан хийсэн.
Өөрөөр хэлбэл, АН-ын нэг дарга энэ богино хугацаанд Монгол Улсынхаа 21 аймагт хүрч ажиллах боломжгүй байсан гэсэн үг. Тэгэхээр энэхүү үүрэг дэд дарга нарт оногдсон гэсэн үг л дээ. Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж л бид ийм бүтцэд орсон. Миний хувьд говийн бүс болон Баянзүрхийг хариуцсан дэд дарга гэж явдаг.
-Намын дэд дарга нарын хувьд сонгуульд ямар байдлаар оролцохоор тохирсон юм бэ. Та хэд намын жагсаалтад орох уу, тойрогт нэр дэвших юм уу. Эсвэл сонгуульд зөвхөн багаа удирдаж л оролцох үүрэг хүлээсэн үү?
-Тэгэхээр анхнаасаа дэд дарга нарыг намын жагсаалтад оруулахгүй байх нөхцөлтэйгөөр ярьсан зүйл бий. Энэ агуулгаараа дэд дарга нарын хувьд бүгд л тойрогт үзэх болов уу. Жишээ нь, миний хувьд энэ сонгуулиар Улаанбаатар хотод нэр дэвшиж өрсөлдөх саналаа намдаа өгсөн байгаа.
-Сөрөг намын гишүүд эрх баригчдын алдаа оноо болгоныг ярьдаг, дуугардаг. Тэр утгаараа таны хувьд өнгөрсөн найман жил эрх барьсан энэ намын үйл ажиллагааг ямар байдлаар дүгнэдэг вэ. Мэдээж эрх баригч намд эцсийн дүгнэлтийг ард түмэн л хийнэ шүү дээ?
-Алдаа, оноог нь дүгнэж ярихаас илүүтэйгээр ер нь аливаа улс төрийн нам төрийн эрхийг авах ганцхан шалтгаан байдаг. Иргэддээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хэрхэн эдлүүлж байна вэ, эдийн засгийн хувьд айл, өрх бүр бэхжиж чадаж байна уу, иргэдийн сэтгэл ханамжийн түвшин ямар байна гэх зэрэг хэдхэн үзүүлэлтээр л хэмжинэ. Ардын намын хувьд өнгөрсөн найман жилийнхээ тайланг хараахан тавихгүй байна. Ажлын тайлангаа тавихаас илүүтэйгээр нийгмийн оюун санааг өөр зүг рүү чиглүүлсэн пропаганда их явуулж байх шиг байна. Яг үнэндээ МАН-ын мөрийн хөтөлбөр, тайланг миний хувьд ганцхан өгүүлбэрээр л хэлнэ. Хөргөгчөө нээгээд үз. Энэ бол өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх барьсан намын хийсэн ажлынх нь бодит тайлан болно.
-Хөргөгчөө нээгээд үзтэл асаалттай ганцхан гэрэл л байлаа гэдэг шүү. Нөгөөтэйгүүр эдийн засаг өсч байгаа гэдэг. Өнгөрсөн жил гэхэд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдлээ. Тэр өсөлт нь өрхийн амь амьжиргаанд яаж нөлөөлөв гэдэг зүйлийг ярьж байна. Үүнд таны байр суурь ямар байдаг вэ?
-Эдийн засгийн өсөлт бүх салбарт бүтэн зургаараа явагдсан зүйл огт байхгүй. Зөвхөн нөгөө нэг ярьдаг уул уурхайн салбарт л бага зэргийн өсөлт бий болсон нь үнэн. Ерөөсөө Монгол Улсын эдийн засаг нүүрс, алт хоёр дээр л оршиж байна. Нүүрсний борлуулалт сайжирсан. Зэсийн үнэ өссөн. Үүнээс олж байгаа ашиг өссөн ч энэхүү өсөлт бусад салбаруудад орж наалдахгүй байгаа. Энэ ашиг бүтнээрээ халамж гэдэг зүйл рүү орж байна. Нөгөөтэйгүүр олсон хэдээ сонгуульд зарцуулаад дуусч байна. Мэдээж сонгуулийн дараа төсөв тодотгох байх. Магадгүй энэ төсвөө нөхөж олохын тулд татвар дахин нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Хэрвээ Ардын нам ялбал шүү дээ. Айлаар тооцвол байхгүй мөнгөө бусдад өгөх тухай ярьж байна. Гэтэл бид өвөл яаж амьдрах юм, намар, хавар, зун гээд улирал болгондоо асуудал яригдана. Цаашид өрхийн орлогыг яаж нэмэгдүүлэх юм, яаж ажлын байр бий болгох вэ гэдэг чинь өөрөө эдийн засгийн бодлого. Гэтэл бид нэг баяр болохоор л хамаг мөнгөө үрэн таран хийчихдэг. Ингээд амьжиргаагаа залгуулахын тулд өөр айлаас мөнгө гуйгаад явдаг. Нөгөө л нэг өр, зээл. Айл өрхүүд ч зээлээс зээлийн хооронд явж байгаа шиг улс орны эдийн засаг ч ялгаа алга байна.
-Эдийн засгийн өсөлт, нөгөө уул уурхайн баялгийн үр өгөөжийг иргэддээ хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Үүнийг та улстөрч хүнийхээ хувьд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Бид нэг л зүйл дээр итгэл үнэмшилтэй байдаг. Байгалийн баялаг бол ард түмний өмч мөн. Үүнийг хуулиар олгогдсон хүрээндээ иргэд хүртэх нь үнэн. Гэхдээ бид хэт хувийн өмч рүү халдсан, ардчиллын амин сүнс болох хүний эрх, эрх чөлөөг боомилсон бодлогын эсрэг л Ардчилсан нам зогсдог.
Бидэнд мөнгө олох өөр олон боломжууд бий. Монголын эдийн засагт уул уурхай гол нөлөө үзүүлэх салбар мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ салбарын бодлого өөрөө зөв үү гэдгээ бид дахиад эргэж харах шаардлагатай.
-Хувийн өмч рүү халддаг асуудлыг их ярьдаг. Нөгөөтэйгүүр юм болгонд төр оролцож байна, юм бүхнийг төр авдаг байдал бол хавтгайрлаа гэдэг зүйлийг судлаачид хэлдэг. Үүний эсрэг зүүний үзэл бодолтой Ардчилсан нам дорвитой яагаад дуугарахгүй байна вэ. Сөрөг хүчний үүргээ яагаад биелүүлэхгүй байна вэ?
-Дуугарах, дуугархгүй асуудал өөр. Энэ бол цаг хугацааны асуудал. Яг одоогийн байдлаар Ардчилсан намын хувьд нийгэмд болж буй бүх зүйлийг маш тайвнаар, маш анхааралтай ажиглаж байгаа. Энэ бүх зүйл хуулийн хүрээнд явж байна уу гэдэг асуудал цаана нь байдаг учраас яаран бид юм бүхний эхэнд дуугарах нь төдийлөн ач холбогдол өгөхгүй. Таны хэлдгээр төр хувийн өмч рүү халддаг байдал хэрээс хэтэрч байгаа гэдэг бол нөхцөл байдлаас нь аваад үзвэл туйлын үнэн. Тэгэхээр үүнийг энэ удаагийн сонгуулиар таслан зогсоох цаг болсон. Хэрэв эс чадваас бид хуучин нийгэм рүүгээ буцах эрсдэл өндөр болсон гэж харж байгаа.
Э.МӨНХТҮВШИН
ГССҮТ-ийн эмч нар өвдөгний тойгийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэх шинэ технологи нэвтрүүлэв DNN.mn
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний нь тойг мултралтай төрс...
5 цагийн өмнө
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 47...
6 цагийн өмнө
Үхрийн мах кг нь 14-15 мянган төгрөг байна DNN.mn
“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар ...
6 цагийн өмнө
АТГ: 10 обьектод нэгжлэг хийжээ DNN.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргий...
7 цагийн өмнө
Монголын боксчид Дэлхийн цомоос гурван медаль хүртжээ DNN.mn
Их Британийн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн болж, манай тамирчид гурван медаль хүртлээ. Тодру...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд