мэдээ
Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв DNN.mn
Админ
2024 оны 5 сарын 16
98
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль ирэх сарын 28-нд болно. Үүнтэй холбогдуулан оюутнуудаас сонгуульд хэр идэвхтэй оролцох, сонгуулийн тухай ямар ойлголттой байгааг нь сонирхлоо. МУИС, ЭМШУИС, ШУТИС, МУБИС-ийн оюутнуудын төлөөллийн мэдээллүүдийг хүргэе.
Н.Энхбилгүүн: Саналаа өгөх эсэхээ тухайн үедээ шийднэ
МУИС-ийн Бизнесийн удирдлагын дөрөвдүгээр курсын оюутан Н.Энхбилгүүн:
-Та энэ удаагийн сонгуульд оролцох уу. саналаа өгөх тал дээр ямар бодолтой байна вэ?
-Сонгууль боллоо гээд өөрчлөгдсөн зүйлгүй нөхцөл байдалд байх юм шиг санагдаж байна. Нэг инээдтэй зүйл нь сар болгон сонгууль болвол дээр байгаа хүмүүс маань хийх ёстой ажлаа хийгээд байх юм болов уу гэж бодогдож байна. Түүнээс биш ингээд дөрвөн жил сонгогдлоо гэхэд ард түмнийхээ төлөө олигтой юм ч хийхгүй.
Өөрсдөдөө л ашигтай байдлаар ажиллаад байгаа болохоор сонгууль өглөө гээд Монгол Улсын иргэдэд үлдэц муу байна.
-Та тэгэхээр саналаа өгөх бодолгүй гэсэн үг үү?
-Сонгуулийн үеэр ирцэн дээр нь хүртэл дөрөөлөөд тоглолт хийдэг. Тийм болохоор сонгууль итгэлтэй, найдвартай зүйл биш. Эх орны хөгжилд нэг их нөлөө ч үзүүлэхгүй болчихсон. Миний хувьд санал өгөх тал дээр яг л идэвхгүй байдалд шилжээд байна. Сонгууль өгөх эсэхийг тухайн үедээ шийднэ. Учир нь хэнийг сонгож, саналаа өгөх вэ гэдэг маань эргэлзээтэй юм. Энэ эргэлзээ яаж арилах вэ гэхээр дээр байгаа улстөрчид өөрчлөгдөж, илүү их залуучуудыгаа бодсон зүйл хийх хэрэгтэй байна.
-Шинэ залуу хүмүүс илүү их сонгогдоосой гэж хүсч байна гэж ойлгож болох уу?
-УИХ-д яагаад заавал хөгшин хүмүүс гарах ёстой гэж. Ажлаа мэддэг, шинэ залуу хүмүүс яагаад гарч болохгүй гэж. Залуу хүмүүсийг нэр дэвшээд гаръя гэхээр ахмад үе нь чи юугаа мэддэг юм гээд доош нь дараад байдаг. Тэгээд залуучуудын зүрх нь үхээд, тэмцэх чадвар нь мохоод байгаа асуудлыг цэгцэлмээр байна.
МУБИС-ийн оюутан Ж.Мөнгөнтуяа:
-Та энэ жил сонгуульд оролцож, саналаа өгөх үү?
-Сонгуульдаа оролцож, саналаа өгнө дөө. Би төгсөх курсийн оюутан. Бага ангийн багш мэргэжлээр төгсөх гэж байна. Мөрийн хөтөлбөрүүд гарахаар нь сайн харж байгаад сонголтоо хийнэ. Ажлаа хийчих сэтгэлтэй хүн сонгогдоосой гэж хүсч байна.
-Олон намаас хүмүүс нэр дэвшихээр байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Олон нам байж гэмээнэ нэгэнтэйгээ өрсөлдөж, бие биенийхээ шийдвэрт нь харилцан нөлөөлж, зөв шийдвэрүүд гаргахад түлхэц үзүүлж болох юм.
МУИС-ийн орчуулагчийн ангийн нэгдүгээр курсийн оюутан Г.Бямбадулам:
УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болно. Та саналаа өгөх үү?
-Энэ жилийн сонгуульд оролцоно. Миний хувьд анх удаагаа сонгуульд саналаа өгөх гэж байна. Одоогоор яг ямар нам, хэнд саналаа өгөхөө шийдээгүй байна. Нэр нь зарлагдаад, мөрийн хөтөлбөрүүд нь гараад эхлэхээр тэр бүгдтэй нь танилцаж байгаад шийднэ.
МУИС-ийн олон улсын харилцааны дөрөвдүгээр курсийн оюутан Б.Мөнхзол:
-Та энэ удаагийн УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү. Өмнө нь сонгуульд оролцож байв уу?
– Би энэ удаагийн сонгуульд оролцоно. Би өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байсан. Энэ удаагийн сонгуулиар ард иргэддээ хэрэгтэй юм хийдэг, боловсролтой хүмүүс сонгогдоосой гэж хүсч байна.
-Төгсөх курс юм байна. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?
-Ажлын байр яг бэлэн биш ч гэсэн мэдээж мэргэжлээрээ ажиллана. Гэхдээ шинэ төгсөгч болохоор ажлын туршлага муутай гэсэн үг. Тиймдээ ч шинэ төгсөгчдийг авч ажиллуулах газар ховор, гар дээрээ авах цалин хөлс нь ч бага байдаг. Тиймээс төр засгаас залуучуудын цалин, нийгмийн хангамж тал дээр нь илүү анхаарч үзээсэй гэж хүсдэг.
-Залуучуудыг та сонгуульд хэр ханддаг гэж боддог вэ?
-Залуу хүмүүсийн идэвх, оролцоо муу байдаг учраас бидний хүсээгүй хүмүүс гарчихдаг. Дунджаас дээш насны хүмүүс голдуу саналаа идэвхтэй өгөөд байдаг. Тэгэхээр бидний дуу хоолойг илэрхийлэх хүмүүс нь сонгогдож чадахгүй байгаад учир байна. Тиймээс залуучуудаа сонгуульдаа идэвхтэй оролцоод, саналаа өгөөсэй гэж хүсч байна.
ЭМШУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Б.Рэнцэнханд:
-Та энэ удаагийн сонгуульд хэр ач холбогдол өгч оролцох гэж байна вэ?
-Анх удаа сонгуульд саналаа өгөх гэж буй тул ач холбогдол өгч оролцолгүй яахав. Тиймээс сонгуульдаа оролцож саналаа өгнө. Олон удаа сонгогдсон улстөрч гэхээс илүү зөв бодолтой залуу хүмүүс нэр дэвшээсэй гэж бодож байна. Өөрийн байр суурь дээрээ бат зогсоод иргэдийн үзэл бодлыг дэмждэг, боловсрол мэдлэгтэй, хэлсэндээ хүрдэг, жинхэнэ ард түмнийнхээ төлөө гэсэн хүнд л саналаа өгөхийг хүсч байна.
-Залуучууд энэ удаа сонгуульд хэр идэвхтэй оролцох бол. Таны бодлоор?
-Сонгуульд 18-23 насныхан бага санал өгдөг юм билээ. Намд ач холбогдол өгч байгаагүй болохоор одооноос намуудыг судалж эхэлнэ. Ер нь нам гэхээс илүү хувь хүнийг нь харсан сонголт хиймээр байна. Мөн залуучууд илүү хариуцлагатай, сонгуульдаа ач холбогдол өгч оролцмоор санагддаг. Манай улс чинь залуучуудын орон гэдэг атлаа бидний эрх, хүсэл зорилгод нийцсэн бодлого хөтөлбөрүүд тэр бүр хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Яахав, энэ бүхнийг өөрчлөх нэг гарц нь залуучууд бид сонгуульдаа идэвхтэй оролцох юм болов уу даа.
ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Т.Аззаяа:
-Та энэ удаагийн сонгуульд саналаа өгч оролцох уу?
-Яг ч сонгууль өгч, сонголтоо хийхдээ бэлэн биш байна. Нэр дэвшигчдийг сайтар судалж үзнэ. Тухайн үедээ хэнд өгөхөө шийднэ дээ. Мэдээж саналаа өгнө.
-Энэ жилийн хувьд ямар хүмүүс нэр дэвшээсэй гэж хүсч байна вэ?
-Улиг болсон хүмүүс нь гардаг биш Z үеийг ч юмуу, залуучуудыг ойлгож мэдэрдэг арай өөр сэтгэлгээтэй, юм хийж бүтээе гэсэн хүмүүс л гараасай гэж хүсч байна даа. Сонголт хийхэд үнэндээ амаргүй байна байх. Өөрийнхөө хувьд хамгийн зөв гэж үзсэн хүндээ л саналаа өгнө.
МУБИС-ийн оюутан Э.Оюунгэрэл:
– Та энэ удаагйин сонгуульд саналаа өгөх үү?
-Энэ удаа саналаа өгнө. Сонгуулиар эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс гараасай.
Мөн сүүлийн жилүүдэд МАН дангаараа шахуу Их хуралд суудал эзэллээ. Одоо нам харж сонгох хандлага буурсан байх аа гэж бодож байна. Хүмүүсийг ухаантай байгаасай гэж хүсч байна.
-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо хэр байх бол. Та юу гэж бодож байна?
-Улаанбаатар хотод гэхэд 1 сая 500 мянган хүн амьдарч байна. Энэ хүмүүсийн хэчнээн хувь нь залуучууд билээ гээд бодохоор сонгуульд идэвхтэй оролцохыг уриалахаас илүү залуучуудаасаа шаардмаар байна.
-Энэ удаа олон намаас хүмүүс нэр дэвшихээр байна. Үүнд та ямар байр суурьтай байна?
-Өмнөх сонгуулиудад намын сонголт бага байсан. Бараг МАН, АН гэсэн хоёрхон намтай. Энэ жил нэг нам давамгайлахгүйгээр намын сонголт арвин байх болов уу гэж харж байна. Мөн нам харсан сонголт гэхээс илүү энэ хүн юу хийж чадах вэ гэсэн чадамжийг нь хардаг баймаар байна. Хэт залуу хүмүүс гарахаар залуу байна гэж дарамтлаад, олон жил төр барьсан настай хүмүүсийн хувьд бид ухааныг нь гүйцэхгүй мөнгө идсэн асуудлууд гараад байх юм.
-Залуучууд идэвхтэй сонгуульдаа оролцохын ач холбогдол нь юу вэ?
-Өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар шийдэгдсэн ямар нэгэн асуудал алга. Утаа байна уу байна, нүхэн жорлон байж л байна, хүүхдийн хүчирхийлэл г ээд олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй байсаар л байна. Эдгээр олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой хүмүүсийг сонгохыг хүсч байна. Тиймдээ ч залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолойг төрд хүргэмээр байна.
МУИС-ийн сэтгүүлзүйн ангийн нэгдүгээр курсийн оюутан Б.Анхбаяр:
– Та энэ удаагийн сонгуульд саналаа өгөх үү?
-Иргэнийхээ үүргийг биелүүлээд сонгуульд оролцоно. Манай үеийн залуус сонгуульдаа оролцох хэрэгтэй л гэж бодож байна.
-Ямар насны хүмүүс сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байна вэ?
-40-өөс дээш насны хүмүүс нэр дэвшсэн нь дээр болов уу. Хэт залуу хүмүүс учраа мэдэхгүй байж магадгүй л гэж бодож байна. Харж, судалж байгаад хамгийн мэдлэг боловсрол өндөр гэсэн хүнд л саналаа өгнө.
Оюутан Б.Гантогтох:
-Энэ жилийн УИХ-ын сонгуульд та саналаа өгөх үү?
-Би саналаа өгнө. Энэ жил анх удаа сонгуульд оролцох гэж байгаа болохоор илүү ач холбогдол өгч саналаа өгнө гэж бодож байна.
-Сонгуульд ямар байр суурь баримталж оролцох вэ?
-Хүмүүс чинь эхлээд нам гээд байдаг. Би бол тэрний эсрэг байр суурьтай байдаг. Аль болох шинэ үеийн төлөөлөл болсон мэдлэгтэй залуучуудыг сонгохыг хүсч байна. Мэдээж нэр дэвшигчдийг сайн судалж байгаад сонголтоо хийхгүй бол болохгүй. Энэ жилийн хувьд өргөн хүрээнд сонгууль болно. Залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонголтоо зөв хийгээрэй гэж уриалмаар байна.
-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо ямар байх бол?
-Одоо залуучууд бид илүү хариуцлагатай байж, сонгууль бидэнд ямар ч хамаагүй юм гэдэг ойлголтоосоо нэгэнт салах цаг болж. Бодит амьдрал дээр бидэнд сонгууль хамгийн их хамаатай байгаа учир ач холбогдол өгч сонголтоо хийх нь зүй юм. Хэн нэг хүн мөнгө, эсвэл элдэв зүйл тараасны төлөө сонголт битгий хийгээсэй гэж хүсмээр байна.
ГССҮТ-ийн эмч нар өвдөгний тойгийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэх шинэ технологи нэвтрүүлэв DNN.mn
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний нь тойг мултралтай төрс...
5 цагийн өмнө
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 47...
6 цагийн өмнө
Үхрийн мах кг нь 14-15 мянган төгрөг байна DNN.mn
“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар ...
6 цагийн өмнө
АТГ: 10 обьектод нэгжлэг хийжээ DNN.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргий...
7 цагийн өмнө
Монголын боксчид Дэлхийн цомоос гурван медаль хүртжээ DNN.mn
Их Британийн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн болж, манай тамирчид гурван медаль хүртлээ. Тодру...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд