мэдээ
С.Бадрал: Монгол инженерүүдийн ур чадвар ямар түвшинд хүрснийг “Egune chat” харууллаа

Админ
2025 оны 10 сарын 14

10

Монгол инженерүүдийн бүтээсэн Монголын хамгийн анхны хиймэл оюуны “Egune AI” чат аппликэйшн саяхнаас хэрэглээнд нэвтэрч эхэллээ. Тэгвэл яагаад үндэсний хиймэл оюунаа ашиглах нь чухал талаар “Эгүнэ оюун” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа.
-Дэлхий дахинаа хиймэл оюун ухаан эрчийг авч, салбар бүрд ашиглах болсон энэ цаг үед монгол инженерүүд хиймэл оюуныг бүтээлээ. Тэгэхээр “Egune chat”-ын хувьд Chat GPT, Gemini зэргээс юугаараа өөр вэ?
-Бид 2021 оноос хойш “Egune” дээр ажилласан. Тухайн үед дата бага, мэдээлэл технологи, компьютерын хүчин чадал муу байсан. Тиймээс жижиг хэлний загвар буюу бага барометртэй моделиудыг хөгжүүлсэн. Харин 2023 оны сүүлээр “Chat GPT” гарахад том хэлний загвар яалт ч үгүй үр дүнгээ өгдөг юм байна гээд гурван сарын дараа буюу 2024 оны хавар “Egune chat v0.3 LLM” загварыг гаргасан. Энэ модель маань одоогийн “Egune chat v1.0”-ын ард ажиллаж байгаа гэсэн үг. Гадны Chat GPT, Gemini, Anthropic зэрэг моделоос юугаараа ялгаатай вэ гэвэл нэгдүгээрт, бид өөрсдөө хөгжүүлсэн, адилхан түвшинд ажиллаж байгаа. Хоёрдугаарт, орчуулгын хэв маягаар биш, монгол хэлний найруулгатай учраас илүү ойлгомжтой гэсэн үг. Гуравдугаарт, “local” мэдээлэл нь манай улсын дотоод зах зээлд тохирсон. Бид гадаа гараад тэнд байгаа дэлгүүр, автобусны буудал, цаг агаарын мэдээллийг үнэн зөв авч чадна. Мөн хамгийн том давуу тал нь дотооддоо, Монголын газар нутаг дээр таны дата мэдээлэл үлдэнэ. Гадагшаа гарахгүй гэсэн үг. Энэ утгаараа үндэснийхээ хиймэл оюуныг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Гэтэл гадны хиймэл оюуныг ашиглах нь томоохон корпорациудынх нь идэш болж байгаа л гэсэн үг. Тийм учраас манай үндэсний хиймэл оюун тусдаа байх ёстой. Яагаад гэвэл ирээдүйд энэ технологиос амьдралын бүх зүйл хамааралтай болно. Тэгэхээр бид аль болох эрт хөгжүүлэхгүй бол Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Түүнчлэн гадныхан онцгой анхаараад, маш их хөрөнгөөр хөгжүүлж байна л даа.
-Хиймэл оюуны өгч байгаа мэдээлэл үнэн, худал эсэх тухай асуудал яригддаг л даа?
-Хиймэл оюун бол хэрэгсэл. Бид өөрсдийгөө хүчтэй болгох боломж гэсэн үг. Харин зөв, бурууг хүн өөрөө л тунгааж, нягтлах ёстой. Хиймэл оюун ухаанд ямар ч асуудал байхгүй. Сүүлийн үед дэлхий даяараа “Хиймэл оюун асуудал юм уу, хүн өөрөө асуудал юм уу” гэж ярьж байна л даа. Тэгэхээр бидний хувьд хүчтэй зэвсэг хийгээд өглөө. Харин үүнийг зөв зүйлд ашиглах уу, буруу зүйлд ашиглах уу гэдэг нь таны сонголт. Хиймэл оюуныг бүтээж байгаа компанийн хувьд шалгуур тавьж байгаа. Бид байж болох хамгийн өндөр ёс зүйг баримтлаад, хуурамч мэдээлэл өгөхгүйг хичээнэ. Харин “Egune chat”-аас тэгж асуугаарай гэсэн чиг байхгүй. Гэхдээ түлхүүр үг маш чухал. Ямар байдлаар хариулт хүсэж байгаагаас шалтгаалаад өөр өөр хариултууд ирнэ. Тэгэхээр байнгын харьцаж байж гол зүйлээ товчхоноор авч чадна гэсэн үг. Гэхдээ анх удаа хиймэл оюунтай харьцаж байгаа монгол хүн зөндөө байгаа. Утасныхаа Siri-тэй харьцдаг хүн цөөн шүү дээ. Үүнтэй адил бүх хүнд л цоо шинэ байна.
-Дуу хоолойгоороо харилцах боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Хамгийн гол давуу тал нь дуу хоолойгоороо асуучихаж байгаа юм. Жолоо барьсан, бичих боломжгүй үед цаг хэмнэнэ гэсэн үг.
-Төлбөрийн нөхцөл нь ямар вэ?
– “Egune chat” аппликэйшнээ татсан хүн өдөрт 10 асуултад ямар ч төлбөр төлөхгүйгээр хариулт авч болно. Харин өдөрт хязгааргүй ашиглахыг хүсвэл и-мэйл хаягаараа бүртгүүлээд, нэг сарын 5 ам.доллар төлөөд ашиглана. Энэ нь Chat GPT-ээс дөрөв дахин бага.
-Монгол хэлээс өөр хэл бий юу?
-Монгол хэл анх суурь хэл нь байсан. Одоо бол бүх хэлийг ойлгоно. Гэхдээ цөөн хүн ярьдаг хэлийг нээгээгүй байгаа. Манайд монгол, англи, хятад, орос хэлээр хүмүүс түлхүү ярьж байна. Мэдээж франц, герман зэрэг олон хүн ярьдаг хэлүүдийг мөн нээсэн байгаа. Одоо бол Chat GPT монголоор сайн хариулдаг болсон байна. Зөрүүлээд бид ч гэсэн бусад хэлээр асуудалгүй хариулдаг болох нь энэ моделийн онцлог юм.
-Ер нь бусад улстай харьцуулахад манай улсын технологийн дэвшил ямар байна вэ?
-Бид нэг өнцгөөс харвал техникийн хувьд монгол залуус маань дэлхийн түвшинд байгаа моделиудыг хөгжүүлж гаргаж ирж чадаж байгаа. Энэ утгаараа дэлхийн томоохон улсуудтай зэрэгцэх түвшинд байгаа гэж хэлж болно. Гэхдээ том зургаар нь харвал манай хэрэглэгчид бэлэн байна уу, хүмүүс сайн ойлгож байна уу, дэд бүтэц, бодлого, стратеги ямар байна вэ гээд харвал хойгуур байгаа. Сингапур улсаар жишээ авбал, 2017 онд нэг тэрбум ам.долларыг хиймэл оюуны бэлтгэл ажилд зарцуулсан байгаа юм. Одоогоор өөрийн “LLМ” байхгүй ч багш, оюутнуудыг бэлтгэж, их сургуулийнх нь хөтөлбөрт оруулах зэргээр хиймэл оюуныг хэрэглэх нөхцөл, дэд бүтцийг нь тавьж өгсөн. Тэгэхээр бид зөв бодлоготойгоор ашиглаад явбал дэлхийн хиймэл оюуны салбарт дээгүүр жагсах боломж бий. Харин зөв ашиглаж чадахгүй бол амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхлээ л гэсэн үг. Мөн дэлхий дахины хөгжил зөвхөн технологи биш, бүх салбарт хурдаа нэмж байна. Хиймэл оюун гарч ирээд улам хурдасгалаа. Бидний хувьд 2050 он гээд төлөвлөгөө ярьсаар байтал хоцрогдчихож байгаа юм. Тэгэхээр бодит байдал дээр бид дэлхийн түвшинд хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу гэвэл үгүй шүү дээ. Үүний тулд хурдаа нэмэх хэрэгтэй байна. Аль ч салбарт, бүх түвшинд үйлдэл хийх хэрэгтэй.
-Цаашдаа та бүхэн ямар хөгжүүлэлт хийх талаараа хуваалцахгүй юу?
-Хүн төрөлхтөн оюун ухаантай. Үүнтэй төстэй хиймэл оюуныг бид бүтээлээ. Хүмүүс насан туршдаа суралцдагтай адил бид “Egune”-г улам цаашаа хөгжүүлээд явна. Үүнийг монголчуудын том амжилтын суурь гэж хараад хайрлан хамгаалж, хөгжүүлэх ёстой. “Egune chat” монгол инженерүүдийн ур чадвар ямар түвшинд хүрснийг харууллаа. Технологийн дэвшлээс хиймэл оюуныг бүтээж байгаа монгол залуучууд байгаа шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Бид цаашдаа бү тээг-дэхүүнээ гурван чиглэлд хөгжүүлнэ. Эхнийх нь “Egune chat”. Үүнийг хувь хүмүүст зориулсан гэсэн үг. Нөгөө нь “Egune agents” платформ. Үүнийг голдуу байгууллагуудад зориулсан. Байгууллагын ажилтан гэсэн үг. Хүний нөөцийн туслах, чиглүүлэгч, эсвэл виртуал маркетингийн менежер зэргээр ашиглах боломжтой. Дараа нь бид “Egune X”-ийг хөгжүүлэх гээд төлөвлөж байгаа. Энэ бол зөвхөн танд зориулсан платформ. Түүнтэй ярилцсан харилцан яриа хаашаа ч задрахгүй, таны мэдээлллийг танд л хуваалцана гэсэн үг. Эдгээрээс өөрийн сонголтоор алийг нь ч ашиглах боломжтой. Энэ мэт цаашдаа улам хөгжүүлээд явна. Гэхдээ энэ бүхний ард төсвийн мөнгө яригдаагүй, бид өөрсдийн санхүүжилтээр хийж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Г.БАЛГАРМАА





Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ...
8 цагийн дараа
Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү л байх шиг
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн б...
7 цагийн дараа
Онцгойгийн алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4154 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудл...
7 цагийн дараа
Н.Мандал: Аавын маань “Хар нүдэн” бол ардчиллын анхны роман юм билээ
Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Н.Мандалтай түүний аав Д.Нацагдоржийн болон МҮЭ, МСХ-ны шагналт нэрт зохиолч, ...
7 цагийн дараа
“БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй, Монгол Улс руу хийх экспортыг хориглоогүй” гэв
БНХАУ экспортын барааны гаалийн татвараа нэмсэн гэх цахим орчинд тархаад буй мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй. Тэгвэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд