Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

 Н.Мандал: Аавын маань “Хар нүдэн” бол ардчиллын анхны роман юм билээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 14

img

24

news-img

Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Н.Мандалтай түүний аав Д.Нацагдоржийн болон МҮЭ, МСХ-ны шагналт нэрт зохиолч, сэтгүүлч С.Надмидын бичсэн “Хар нүдэн” романы талаар ярилцлаа.


-Уран бүтээлийн ганзага дүүрэн үү?

-Би 1999 онд анхныхаа “Бондхой” номоо гаргасан. Түүнээс хойш 20 гаруй жилийн турш ном бүтээлээ хүүхэд багачууддаа зориулжээ. Нарийвчлан тоолбол 65 ном хүүхэд багачуудынхаа гар дээр тавиад байгаа. Ойрын үед урьд өмнө бичиж, оролдож байсан хүүхдийн жижиг өгүүллэгүүдээ янзлах, өмнө бичсэн жүжгийн зохиолуудаа засах зэргээр ажиллаж байна. Бас болоогүй, сургууль, цэцэрлэгүүдэд уригдан өөрийн болоод аавынхаа, зээгийнхээ зохиолыг хуруун хүүхэлдэй ашиглан тоглож, багачуудад ном уншихын ач холбогдлыг ярьж өгдөг. Жүжигчин болох л дөхөж явна даа. /инээв/

-Таны нэлээд хэдэн жүжиг нээлтээ хийсэн байх аа?

-Одоогоор Монгол Улсын хүүхэлдэйн театрт гурван жүжиг, хөдөө орон нутгийн театруудад дөрвөн жүжиг нээлтээ хийсэн, тоглогдож байгаа.

-Зарим хүн тэтгэвэрт гарсныхаа дараа сэтгэл санаагаар унаад, хүнд хэрэггүй болчихсон юм шиг мэдрэмж төрөөд, өөрийгөө түгжчихдэг юм шиг байна лээ. Таны хувьд огт өөр ертөнц байна шүү дээ?

-Би 32 жил багшилсан хүн. Ерөөсөө тэтгэвэрт гарах өдрөө хуруу даран тоолдог байлаа. Манай ахмадуудын зарим нь аман дээрээ “Тэтгэвэртээ суухсан” гэж ярьдаг ч ачир дээрээ гунигтай харагддаг. Миний хувьд огт тийм биш. Хурдхан шиг тэтгэвэртээ гарч, зохиол бүтээлээ бичихийн хүслэн, ерөөсөө л чөлөөт уран бүтээлч болохоо хүлээдэг байсан юм. Би дөнгөж бичиж эхэлж байхдаа аавдаа “Ажил хийхээр олигтой юм бичиж амжихгүй байна. Би хожуу зохиол бичиж эхэлсэн тул ажлаа орхиод зохиол бичдэг юм бил үү” гэж хэлтэл аав маань “Хэрэггүй ээ, ажлаас гараад бичнэ гэж байдаггүй юм. Бүр юм бичихээ больчихно. Чи ажлаа хийнгээ бич” гэж зөвлөсөн. Аавынхаа үгэнд орсон л доо. Тэгээгүй бол юун тэтгэвэр, юун хүүхдийн зохиолч болох байлаа.

-Та өөрийнхөө ном бүтээлийг туурвихын зэрэгцээ аавынхаа “Хар нүдэн” романыг дахин хэвлүүлжээ?

-Тийм ээ, манай зохиолчдын байгуулсан “Номын тухай буу халъя” гэж бүлгэм бий. Тэд маань “100 жил-100 ном” гэсэн аян өрнүүлсэн. Энэ аянд хуучны болон орчин үеийн зохиолчдын олон бүтээл хамрагдаж байгаа. Би анх “100 романы тэмдэглэл хийнэ” гэсэн зар олж үзээд аавынхаа “Хар нүдэн” романаар тэмдэглэл бичмээр байна” гэж санал тавьсан чинь тэд дуртай зөвшөөрсөн. Энэ романаар хэлэлцүүлэгт ч орсон. Тэгсний ачаар “Хар нүдэн” роман шинээр хэвлэгдлээ.

-Аавынхаа “Хар нүдэн” романыг дахин уншихад ямар сэтгэгдэл төрөв?

-Тухайн үед би уншигчийн нүдээр харж уншиж байсан бол дараа нь зохиолчийн нүдээр харж уншсан. Өөр юм билээ. Аав маань энэ романдаа яг юуг өгүүлэх гэсэн юм бэ. Зохиолдоо хүмүүс, нийгэм, үйл явдлыг аль өнцгөөс харав. Дээрээс харсан уу. Доороос харсан уу. Эсвэл хажуугаас нь харсан уу гэдгийг ажиглаж уншсан. Би “Хар нүдэн”-г залуу байхдаа, дөнгөж хэвлэгдсэнийх нь дараа 1991 онд уншихдаа ёстой “халтуурдсан” юм билээ. /инээв/ Тухайлбал, “Энэ романд илгээлтийн эзэн Харнүдэн охин бий. Тэр хүнтэй суухгүй байсаар зохиол төгсөв. Харин “Жанжин Хүрэн” гэдэг буур мөн лут аа” гэсэн шүү юм л бодож үлдсэн дэг. Харин одоо “Хар нүдэн”-гийн үнэ цэнэ, гүн ухааны өгүүлэмж, дотоод үзэл санааг нэвт ойлгон өөртөө шингээсэн гэхэд болно.

-“Хар нүдэн”-ийн үнэ цэнийг цөөн хэдэн үгээр тодорхойлооч гэвэл та юу гэж хэлэх вэ?

-Тодорхой юм билээ. Нэг хүн, “Энэ бол Чингиз Айтматовын “Зуунаас ч урт өдөр”-тэй дүйцэхүйц роман байна” гэж үнэлсэн байдаг. Би ч тэгж үнэлсэн. Байгаль хүнээс өшөөгөө авдаг жамтайг “Жанжин Хүрэн” гэх буураар яруу тод харуулсан зохиол. Зохиолын үг нь хүртэл үлгэр дуурайл шүү.

-Одоогийн романуудаас “Хар нүдэн” юугаараа ялгаатай вэ?

-Ний нуугүй хэлэхэд, одоогийн зарим роман судалгаа шинжилгээ муутай, маш богино хугацаанд бичигддэг болжээ. Шинэ романистууд гол баатраа хайрын гурвалжинд орооцолдуулж, эсвэл уншигчдын анхаарал татахын тулд янз янзын хиймэл үйл явдал зохиомжлон асар хурдан машинддаг болсон. Тэдэнд зохиолын уран санаа, үзэл бодол, үнэт зүйл, нээлт огт чухал биш. Романы содон нэр, хавтасны өнгө зүс, түүнийг дагасан борлуулалт л чухал байдаг. Харин “Хар нүдэн” өөр. Аав романаа бичихийн тулд “Залуучуудын үнэн” сонины орлогч эрхлэгчийн албаа орхин, МХЗЭ-ийн байгууллагаас томилолт хөөцөлдөн авч, бүтэн жил Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн 20 сумаар явж, тэмээчин айлуудаар хонож өнжин, тэмээ хариулж, тэгэхдээ говийн амьдрал, говийнхны дотоод сэтгэлийн гүнд орсон юм. Бүтэн жил “тэнэснийхээ” дараа “тавын” гэгддэг долоон дэвтэр дүүрэн тэмдэглэлтэй ирсэн шүү дээ.

-Зохиолоо ноороглочихоод ирсэн юм уу?

-Тэмээчдийн хэлсэн үг, сонин содон яриа хууч, тэдний дунд дэлгэрсэн зүйр цэцэн үг, егөө, тоглоом, афоризм зэргийг их цуглуулсан байдаг. Тэгээд 1987-1989 онд буюу бүтэн хоёр жилийн туршид зохиолоо бичсэн. Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал 1990 онд болсон шүү дээ. Тэр үед уг роман номын төлөвлөгөөнд батлагдан орсноор 1991 онд хэвлэгдсэнийг санаж байна. Социализмын алдаа завхралыг айхавтар шүүмжилсэн энэ роман өмнө гарч байсан романуудад нэгдэлжих хөдөлгөөнийг цулгуй магтан, дарга нарт хир халдаадаггүй байсан зохиолуудаас илт ялгаатай. Их сонин зохиол байгаа юм. Орост перестройка эхлэхэд аав минь түүнийг их дэмжин ярьдаг байлаа. Социализмын хүнд суртал, зарчмын дүгнэлт гээд л тогтсон хэв шинж, яриаг шоолон ярьдаг байсныг нь би сонсдог л байлаа. Аав өөрөө социализмын “бүтээгдэхүүн”, нийгэмдээ үйлчилж байсан сэтгүүлч хүн ш дээ, уг нь. Гэвч дотор нь өөр бодол, эргэцүүлэл байж. Түүнийгээ энэ бүтээлээрээ гарган тэсрэлт хийжээ. Тиймээс энэ роман аавын хувьд ч, өнөөгийн Монголын уншигчдын хувьд ч чухал бүтээл. Монголын ардчиллын анхны роман гэж хэлж болно.

-Тэгээд л энэ номыг дахин хэвлүүлэхээр шийдсэн юм байна шүү дээ?

-Үнэндээ, ном хэвлүүлэх болсон шалтгаан нь өөр шүү. Романыг хэлэлцэх болоход уншигчид, ялангуяа залуучууд “Энэ романыг хаанаас олох вэ” гэж асуусан. Би “Энэ роман өмнө нь 18 мянган ширхэг хэвлэгдсэн тул номын сангуудад байгаа. “Монголын уран зохиолын дээжис” 108 ботид бас орсон” гэж хариулаад л байлаа. Тэгтэл “Монголын уран зохиолын дээжис” 108 ботид орсон “Хар нүдэн” маш их алдаатай байхыг олж үзээд багагүй тэвдсэн. Тэгээд л аавынхаа ганц романыг ер нь дахиад хэвлүүлье гэж шийдсэн юм.

-“Монголын уран зохиолын дээжис” 108 ботид манай алтан үеийн зохиолчдын үнэ цэнэтэй бүтээлүүд байгаа ч алдаатай хэвлэгдсэн нь харамсалтай?

-“Монголын уран зохиолын дээжис” 108 боть надад огтхон ч таалагдаагүй. Хоёр удаа хэвлэгдэж, улсын бүх номын сангаар тарсан байх. Мэдээж хэрэг, хуучны бүтээлүүдийг скайнердсан юм чинь үг, үсэг нь хоорондоо нийлэх, зарим нь гээгдэх зэрэг алдаа гарна. Түүнийг засах л хэрэгтэй! Аав романаа туурвихдаа судалгаа их хийсэн. Тиймээс ч мал аж ахуй, ялангуяа тэмээ маллагаа, говийн ахуй амьдралын холбоотой үг хэллэг элбэг хэрэглэсэн. Зөвхөн тэмээ маллагаатай холбоотой 200 гаруй үг хэллэг байгаа шүү дээ. Бараг л тэмээчин хүн өөрөө бичсэн юм шиг санагдахаар байдаг. Алдаж хэвлэх эрхгүй туурвил. Гэтэл 108 ботид хэвлэгдэхдээ алдаа ихтэй болжээ. Жишээ нь, “… тэмээгээ гилэв” гэснийг “… тэмээгээ чиглүүлэв” болгочихсон байсан. Бас салхины сэвшээг малын сэвс болгон хадуурсан байсан. Материал шивсэн хүний алдаа байх л даа. Гэвч тэр алдаануудыг хянаж засаж болдоггүй юм уу. Иймэрхүү байж боломгүй. Иймэрхүү алдаа ганц хүний зохиолд биш нэлэнхүйдээ байгааг би сонссон. Бид хүүхэд багачууддаа ном уншихыг байнга уриалж, тэднийг шахаж шаарддаг. Гэтэл энэ мэтээр алдаатай хэвлэгдчихсэн бүтээлүүд зал, бага уншигчдад гай болно биш үү.“Өө, мундгуудын зохиол ийм байхад бусдыг нь уншихын хэрэг алга” гэвэл яах вэ. Тун харамсалтай. Тиймээс “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн алдаатай ботиудыг даруй устгалд оруулан дахин засаад хэвлэх шаардлагатай гэж бодож байна.

-Техник технологи, AI хурдацтай хөгжиж байгаагаас улбаалаад ирээдүйд зарим мэргэжил устаж үгүй болно гэж үзэх хүмүүс ч байдаг. Тухайлбал, хэвлэлийн компаниудад редактор хэрэггүй болно гэх юм билээ?

-Үгүй шүү. Хүний зохиол бүтээлийг хүн л редакторлахаас биш, техник редакторлана гэвэл утгаа алдана. Тухайлбал, “Болор дуран”-аар шүүхэд түүн дотор 2-3 хуудас орхигдсон байна уу, үгүй юу гэдэг нь гарч ирэхгүй. Тэр зөвхөн дүрмийн алдаа л шүүдэг. Жишээ хэлье. Аавын зохиол дээр гардаг Төмөр хэлгий байхгүй юу. Тэр “р” үсгийг “л”-ээр хэлдэг. Гэтэл “Болор дуран”-аар шүүлгэхээр түүний хэлсэн “малгах” гэдгийг “маргах” гээд засаж таарна. Ийм маягаар будлиан үүсгэнэ. Мөн зохиолч хүн өөрөө үг зохиож болно. Чөлөөтэй шүү дээ. Тэр зохиосон үг нь алдаа болон үгүйсгэгдэх нь тодорхой. Үүнийг яах вэ. Тиймээс зохиолыг ухаант хүн уншиж, утга найруулгын алдааг зөв тодорхойлох учиртай. Би аавынхаа зохиолыг хайраар уншсан. Яагаад гэвэл, зохиолчийн үг, өгүүлбэр бүр үнэтэй гэдгийг мэддэг зохиолч хүн шүү, би. Үг, өгүүлбэр бүрээр нь анхааралтай уншихад утга гажаад ирэхээр эхтэй нь тулган харж, алдааг олж байсан удаа цөөнгүй. 108 ботид хэвлэгдсэн “Хар нүдэн”-ийн нэгээхэн хэсэгт “ээж” гэдэг ганц үгийг орхисноос болоод манаран төөрөлдсөн явдал надад бий. AI болон цахимын шүүлтүүрүүдэд ухаан байгаа ч, сэтгэл, авьяас байхгүй шүү дээ.

-Та зохиолч, сэтгүүлч хүний гэр бүлд төрж өссөн, өөрөө ч зохиолч хүн. Ингэхэд ер нь зохиолч төрдөг юм уу. Эсвэл сураад эзэмшиж болдог мэргэжил юм уу?

-Зохиолч авьяастай, үгүй нь өндөр түвшний уншигчдад анзаарагдана уу гэхээс хүн бүрд ажиглагдахгүй. Зохиол бичихэд авьяас зайлшгүй чухал. Гэхдээ өгөгдөл байхгүй хүмүүс сурцаар бичдэг. Миний хувьд удам дамжсан зохиолч. Миний аав зохиолч, сэтгүүлч хүн. Мөн ээжийн маань талаас ч нэртэй зохиолч бий. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргал ах миний ээжийн эцэг нэгтэй төрсөн дүү нь юм. Би энэ хоёр их хүнийхээ үзэгний бэхийг хатаалгүй бичиж байна даа гэж хөөрдөг дөө.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөг байна

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.10.14/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 120.000-220.000 төгрөг Хонь- 150.000-300.00...

img

7 цагийн дараа

Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 10-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутга...

img

7 цагийн дараа

Энэ сард олгох хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халам...

img

6 цагийн дараа

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ...

img

6 цагийн дараа

Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү л байх шиг

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд