Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 10 сарын 31

img

258

news-img

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцэхээр тогтоод байгаа юм. Тиймээс энэ хуулийн гол агуулга, онцлог зохицуулалтуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонтой ярилцлаа.


-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга юу байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөрт дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төслийг тодорхойлсон байгаа. Эдгээр төсөлд Монгол-Францын хамтарсан ураны төсөл багтсан. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэх асуудлыг аль 1997 оноос ярьж байсан боловч эрх зүйн орчин нь тодорхойгүй байсаар ирсэн. Тийм болохоор шаардлагатай эрх зүйн орчныг бэлдэх хүрээнд уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихээд байгаа юм. Гол агуулга бол цацраг идэвхт бодисыг хэрхэн ашиглах вэ л гэдэг асуудал. Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гол хууль бол Ашигт малтмалын тухай хууль. Энэ хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг тухайлсан хуулиар нь зохицуулна гээд заачихсан.

Тэгэхээр энэ харилцаа маань Цөмийн энергийн тухай хуулиар явна гэсэн үг. Үүн дээр Ашигт малтмалын нөөц ашиглах төлбөр (АМНАТ)-тэй холбоотой зохицуулалт нь орхигдчихсон байсан. Цацраг идэвхт ашигт малтмал чинь тухайн ордынхоо нөөц хэмжээнээс хамаарахгүйгээр шууд стратегийн орд болдог. Харин манай улс 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө стратегийн ач холбогдолтой ордын дийлэнх үр өгөөж нь ард түмэнд ногддог байх гэсэн зарчмыг тунхаглачихсан. Тэгэхээр Монгол, Францын хамтарсан Зөөвч-Овоо ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсын ард түмэнд ногддог зарчим руугаа хэлэлцээ явах ёстой. Гэтэл одоо мөрдөж байгаа эрх зүйн орчноор бол энэ стратегийн ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийгээд нөөцийг нь тодорхойлчихсон юм бол тухайн ордынхоо 50-иас багагүй хувийг төр эзэмшинэ. Хувийн эзэмшлийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн бол 34-өөс доошгүй хувийг нь төр эзэмшинэ гэж байгаа юм. Тийм болохоор энэ төслийн Бадрах энержи гэж компанийн 66 хувийг Францын Орона компани, 34 хувийг нь манай улсын төрийн 100 хувийн өмчит Мон-Атом компани эзэмшиж байгаа юм. Ингээд 34 хувийг нь эзэмшээд явахаар нөгөө дийлэнх үр өгөөж нь бидэнд ирэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Оюу толгойн төсөлд манайх 34 хувийг эзэмшиж, хувьцааны санхүүжилт хийж байгаа. Ингээд явахаар өрөнд унадаг тод жишээ бидэнд байна. Монгол Улсын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 хувьд ногдох хөрөнгийг санхүүжүүлж чадах юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хэрвээ чадахгүй бол өөр ямар хувилбар байж болох вэ.

-Тэгвэл ямар гарц, гаргалгаа байгаа юм бэ?

-Манай Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ийм стратегийн ач холбогдолтой ордуудынхаа хувь эзэмшлийг АМНАТ-өөр оруулж болно гээд заачихсан. Гэхдээ хувь хэмжээний таац нь тав. Харин Цөмийн энергийн тухай хуульд энэ зохицуулалт байгаагүй. Тийм болохоор нэмэлт, өөрчлөлтдөө тусгаж өгч байгаа юм. Ингэхдээ бид зардалд нь хяналт тавихад хэцүү. Хөрөнгө оруулахад хэцүү учраас бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцдог аргачлалыг аваад АМНАТ хэлбэрээр орлогоо бүрдүүлье гэж байгаа юм. Ингээд гурван АМНАТ-тэй холбоотой зохицуулалт орж ирж байгаа.

-Тэдгээрийг нь тайлбарлаж өгөөч?

-Бүх ашигт малтмал дээр суурь АМНАТ таван хувь байдаг. Харин ураны ислийн баяжмалын зах зээлийн үнэ ханш өсөөд байвал түүнээс шалтгаалаад бид нэмэгдүүлсэн АМНАТ тооцож байгаа. Үүнийг өсөн нэмэгдэх АМНАТ гээд байгаа юм. Одоо өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар 80 ам.доллар байна. Үүний өсөн нэмэгдэх АМНАТ нь дөрвөн хувь болно. Энэ хувь цаашаа ес хүртэл нэмэгдэх боломжтой. Харин 34 хувиа АМНАТ-өөр оруулах юм бол үүнийг тусгай АМНАТ гээд таван хувь байхаар Ашигт малтмалын тухай хуульд заачихсан. Гэвч бид стратегийн бүтээгдэхүүн учраас уран дээр арай өөрөөр авч үзээд таацыг нь хэлбэлздэг, түүнийг нь УИХ шийддэг байхаар хуулийн төсөлд оруулчихсан байгаа. Ингээд тооцоод үзвэл нийтдээ 14 хувь болж байна. Гэвч ураны үнэ тогтмол өсөх чиг хандлагатай байгаа учраас 19 хувь болох боломжтой. Бүтээгдэхүүн борлуулалтын үнэлгээнээс шууд 19 хувийг нь бид авна гэсэн үг. Үүн дээр нэмээд татвар болон ногдол ашгаараа Үндсэн хуульд оруулсан дийлэнх хувийг авна. Мөн энэ хуулийн төслийг дагаж Компанийн тухай хуульд жижигхэн өөрчлөлт орж байгаа.

-Тэр нь юу вэ?

-Одоогийн байдлаар бид энэ төслийнхөө 34 хувийн энгийн хувьцаа эзэмшигч. Үүнийгээ давуу эрхийн хувьцаанд хөрвүүлье гэж байгаа юм. Ингэснээр ногдол ашиг нь тэргүүн ээлжинд авдаг. Тодорхой үйл ажиллагаанд нь хориг тавьдаг. Урьдчилсан тохиролцсон нөхцөлөөр ногдол ашгаа авна. Хувьцааны санхүүжилт хийхгүй байх зэрэг давуу талыг бий болгоно. Гэвч одоо байгаа Компанийн тухай хуульд энгийн хувьцааг давуу эрхэд хөрвүүлэхгүй гээд заачихсан. Тиймээс хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд гэсэн тодотгол оруулж өгч байгаа юм. Харин тухайлан заасан нь гэхээр Цөмийн энергийн тухай хуульд төр эзэмшлийн хувиа АМНАТ-өөр орлуулж, тодорхой хувийг нь үлдээж байгаа бол тэр хувьцаагаа давуу эрхийн хувьцаагаар хөрвүүлж болно гэсэн заалт оруулчихсан.

-Тусгай АМНАТ-ийн хэмжээг тухай бүрд нь УИХ-аар хэлэлцээд шийднэ гэсэн үг үү?

-Тийм, тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийг нь харж байгаад Засгийн газар саналаа УИХ-д оруулна.

-Ураны асуудал олны анхаарлын төвд байж, араас хэл ам их дагуулдаг. Тэгэхээр хог хаягдлыг нь хэрхэх тухай заалт энэ нэмэлт, өөрчлөлт дээр оруулсан уу?

-Яг үнэн. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой нарийвчилсан заалт нь орхигдчихсон байсан. Тиймээс энэ нэмж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагааг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, хамгаалах, аюулгүй байх байх чиг үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрүүлж байгаа. Мөн үүн дээр төрийн хяналтыг сайн тавьж эхэлнэ. Тухайлбал, энэ хуулийн 34.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдрийн олборлолт, олборлолт, туршилтын бүхий л үйл ажиллагаанаас үүссэн цацараг идэвхтийн хаягдлын менежментийг бүрэн гүйцэтгэх үүрэгтэй гэж оруулсан. Ингэхдээ олон улсын болон үндэсний дүрэм, журамд заасан стандартын дагуу гүйцэтгэх учиртай. Мөн энэ асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ нарийвчлан тусгана.

-Хөрөнгө оруулагч тал хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч яг хог хаягдлаа өөр улсад булшлах уу. Эсвэл манай улсад булшлах юм уу?

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалт орж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр айлтгүй. Харин өөрийн улсдаа олборлосон бол булшилж л таарна. Гэхдээ олон улсын дүрэм, журамд нийцүүлж, стандартыг нь хангаад л явна. Ингэхдээ тухай бүр Цөмийн энергийн комиссын хяналтаар орно. Тусгай зөвшөөрөл авна. Энэ асуудал дээр Цөмийн энергийн газар болон Ашигт малтмалын газар хяналтаа тавиад явна. Мөнгийг нь төлөөд гадны улсад булшилдаг бол сайн л байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай: Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна DNN.mn

Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалайтай ярилцлаа. -Нийгмийн сэтгэл судлал гэж юуг хэлдэ...

img

8 цагийн дараа

Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөг болгож, цаашлаад 2-3 их наяд төгрөгт хүргэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Барилга хот байгуулалтын...

img

8 цагийн дараа

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин могой өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын 30, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:37 цаг...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол...

img

7 цагийн дараа

ТОЙМ: “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн, Монгол...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд