мэдээ
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл

Админ
2025 оны 4 сарын 27

48

Сэтгэл зүйч, сэтгэл заслын докторант Д.Мөнхцэцэгтэй ахмадууд яагаад ганцаарддаг болон түүнийгээ хэрхэн даван туулж болох талаар ярилцлаа.
-Ахмад настнууд яагаад бусдаас илүү ганцаардлыг мэдэрдэг юм бэ?
-Манай ахмадууд буюу 50-иас дээш насныхан өөрийгөө хэн бэ гэдгээ хараахан таньж мэдээгүй байдаг. Би хэн бэ гэх асуултад хариулт олж чадаагүй. Тэд амьдралынхаа туршид өөрийнхөө төлөө бус өөр хүмүүсийн төлөө зүтгэж ирсэн учраас тэр. Ер нь манай ахмадуудын ихэнх нь би биш бид гэх хамтач үзлээр өсөж торниж, амьдарсан хүмүүс байдаг. Зөвхөн 50 нас гэлтгүй 60, 70 насанд хүүхдүүд нас биед хүрээд тусдаа гарч, хувийн амьдралаа хөөдөг. Яг энэ үед ахмадууд ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг. Тэд өнгөрсөн хугацаанд би юуны төлөө амьдарч байсан юм бэ гэж өөрийн эрхгүй бодно. Бүхий л залуу насаа улс эх орон, төрийнхөө төлөө зориулсан ч эцэст нь ганцаараа үлдсэн. Мэдээж хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж, амьдарсан ч хүүхдүүд нь тоохоо больсон.
Орчин үед ихэнх залуучууд би өөрийнхөө амьдралаар л амьдарна гэх хандлагатай байдаг. Тиймээс ахмадууд хүүхдүүдээсээ хангалттай хайр, халамж мэдэрч чаддаггүй.
Мөн найз нөхөдтэйгөө уулзаад гадуур гарч хамт цагийг өнгөрөөе гэхээр мөнгөгүй. Ихэнх ахмадууд санхүүгийн бэрхшээлтэй байдаг. Тэдний ганц орлого болох тэтгэвэр нь өдөр тутмын ахуйн хэрэглээ, эм тарианаас нь илүү гардаггүй. Зарим нь тэтгэврээ хэдэн сараар нь зээл аваад үр хүүхдэдээ өгчихсөн байх жишээтэй. Ингэхээр тэд юу хэрэглэж, өөрийгөө зугаацуулах юм. Харин 50-иад насны ахмадуудын хувьд ажил хийх сонирхол их өндөртэй. Харамсалтай нь сүүлийн үед оюун ухааны ур чадвараас илүү сэтгэл зүйн ур чадварыг эрхэмлэдэг болсон. Тэгэхээр нөгөө зарим газруудад байдаг муухай ааштай ах, эгч гэдэг чинь манай ахмадууд болж таараад байгаа юм. Одоо ихэнх байгууллагууд туршлага, ур чадвараас илүү бусадтай гоё харилцдаг, эелдэг залуучуудыг ажилд авдаг болжээ. Зарим талаараа ахмадууд залуу үетэйгээ сайн ойлголцож чаддаггүй. Энэ бүхний эцэст нийгэм, гэр бүл нь тэднийг гадуурхаж байгаа мэт нөхцөл байдал үүсдэг.
-Сүүлийн үед ахмадууд ухаалаг утас, чихрийн хэрэглээ өндөртэй болсон гэнэ. Энэ нь тэдний ганцаардлаас үүдэлтэй юу?
-Ер нь бол тийм. Яг л жаахан хүүхэд шиг өөрийгөө саатуулах, өөртөө хань болох зүйлийг хайж буйн нэг хэлбэр нь энэ юм. Бид орой гэртээ ганцаараа байхдаа зурагтаа асаадаг шүү дээ. Учир нь өөрт ханьтай санагддаг учраас тэр. Ахмадуудын хувьд яг л үүнтэй адилхан гар утас тэдэнд хань болдог юм. Нөгөө талаасаа үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, үеийнхэнтэйгээ холбоо тогтоох хэрэгсэл болгож ашиглахын тулд гар утсыг биедээ авч явдаг. Хэн нэгнээс дуудлага ирэхийг хүлээдэг гэсэн үг. Ядаж өдөрт нэг хүнтэй ярьж цаг нөгцөөхийг хүснэ шүү дээ. Сонин хачин, өнгөрсөнд бүтээсэн сайхан дурсамжаа утасны цаанаас ч хамаагүй эргэн санахыг хүсдэг. Тиймээс манай залуучууд өдөрт ганц удаа ч болов эцэг эх рүүгээ залгаж байх хэрэгтэй. Тэдний ямар үнэ цэнэтэй хүн болохыг нь сануулж бай. Ахмадууд маань урамшина. Үгийн сайхнаар эцэг эхээ урамшуулж байгаарай. Чихрийг бол ахмадууд яах аргагүй маш их иддэг. Яагаад гэвэл тэд юм ховор үед өссөн. Харин юм элбэг дэлбэг болсон цаг үед хэдийнэ аав, ээж болсон учраас өөрсдөө идэхээс илүү үр хүүхдэдээ зориулсан. Харин хөгшрөөд чихэр, шоколад гэх мэт амттай зүйлс идэх сонирхолтой байвал аз жаргалтай мэдрэмж авахыг хүсч байгаагийн илрэл. Чихэр идэхээр хүн тайвширдаг. Ахмадуудын хувьд ганцаараа ч хамаагүй жаргалтай байгаа мэт мэдрэмж авахыг хүсч буй юм.
-Ер нь 80-аас дээш болон доош насныхны ганцаардалд өртөх байдалд ялгаа бий юу?
-Байгаа. 80-аас дээш нас гэдэг бол үхэлтэй нүүр тулсан нас. Хүн үхэхийнхээ өмнө шүд, найз нөхөд гээд бүх зүйлээ алддаг. Өөрөөр хэлбэл, дахин алдах зүйлгүйгээр ганцаардаж байгаа юм. Энэ бол үхэлтэй, үнэнтэй нүүр тулсан ганцаардал. Харин 80-аас доош хүний ганцаардал бол өөр. Энэ ганцаардал маш хэцүү. Үнэнтэй гэхээсээ хайр халамж, хэн нэгнээр дутагдаж байдгаараа өөр. Үүнээсээ шалтгаалаад хэцүү байдаг.
-Та залуучуудад эцэг эхдээ хэрхэн анхаарал халамж тавьж, ганцаардуулахгүй байх талаар зөвлөгөө хүргэхгүй юу?
-Аав ээжийгээ хөгшин, эсвэл тэтгэврийн насны хүн гэдэг өнцгөөс огт харж болохгүй. Харин ч эсрэгээрээ аль болох эцэг эхээ нийгмийн харилцаанд эргэж эрчимтэй ороход нь түлхэц болж өгөх хэрэгтэй. Агаар салхинд гарга. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд нь тусал. Зүгээр л өнгөрсөн хугацаанд та маш их хичээж амьдарсан шүү гэдгийг нь ойлгуулж, мэдрүүл. Ямар сайн аав, мундаг ээж байсныг нь хэлж өг. Энэ бол үр хүүхдийн хийж өгөх зүйл. Бусдыг нь тухайн хүн өөрөө хийж, даван туулах ёстой.
-Тэгвэл та ахмадууд өөрсдөө ганцаардлаа даван туулах ёстой гэж хэлэх гээд байна уу?
-Энэ бол ганцаардал биш. Харин ч амьдрал шинээр эхэлж байгаагийн дохио. Одоо л жинхэнэ таны амьдрал эхэлж байна гэж ахмадууддаа хандаж хэлье. Зөвхөн хувь хүний амьдралаараа амьдрах боломж шүү. Үр хүүхдийнхээ, э свэл нөхрийнхөө, эхнэрийнхээ төлөө амьдрах шаардлагагүй. Та үүргээ хангалттай биелүүлсэн. Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн шүү дээ. Манай ахмадууд өөрийгөө хэн бэ гэдгээ таньж мэдээгүйгээсээ болж ганцаарддаг. Харин одоо өөрийгөө таньж мэд. Хүүхэд насандаа юу хийхийг хүсдэг байсан түүнийгээ хий. Усанд сэл, ууланд авир, дэлгүүр хэс, шинэ хүмүүстэй танилц, шинэ хэл сур, үйл урла, зураг зур, улс орнуудаар аял, ганцаараа суугаад борооны чимээнд ном унш, өөрийгөө урамшуул. Нас явлаа гээд бусдаас өөр зүйл хийнэ гэсэн үг биш. Ялгаагүй л хүн учраас хийх зүйл нь адилхан. Магадгүй их сургуульд сурахыг хүсч байсан бол оюутан болоод үз. Дэлхий дээр ийм жишээ олон байдаг шүү дээ. Энэ бол ичих зүйл биш. Эцсийн эцэст бид бүгд хувь хүн. Тиймээс хэн нэгэн таныг хайрлахыг бүү хүлээ. Өөрийгөө бусдаас урьтаж хайрла. Үнэндээ 50-иас дээш нас гэдэг шинэ амьдралын эхлэл. Ахмадууд минь хувь хүний амьдралд тавтай морил.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам





Монголын дугуйчид Азийн аваргад оролцож байна
БНХАУ-ын Гүйжоу хотод уулын дугуйн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээний насанд хүрэгчдийн элит ангил...
5 цагийн дараа
ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй ХЭҮК-ын төлөөлөл уулзжээ
Нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан ТҮЦ болон зөөврийн байгууламжийг нийслэлийн засаг даргын 2025 оны А/273 дугаар захирамжийн даг...
4 цагийн дараа
Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулж нөхөн сонгууль явуулах хэсгүү...
3 цагийн дараа
Өнөөдөр нөөцийн мах худалдаалж буй 23 байршил
Нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд өнөөдөр/2025.04.26/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт зохион байгуулна. Хонин...
2 цагийн дараа
Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай ярилцлаа. -Багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгөөс гавьяат цол авсан тохиолдол их хов...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд