Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг

trend

Админ

img

2025 оны 4 сарын 27

img

20

news-img

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай ярилцлаа.


-Багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгөөс гавьяат цол авсан тохиолдол их ховорхон байдаг. Анхных нь та байх аа?

-2009 онд анхны гавьяат тамирчин болсон.

-Дараа нь Т.Түвшинбаяр авлаа. Харин одоо тамирчин байхдаа Билгүүн энэ цолыг авлаа. Энэ спорт олонд хүрч байна гэж харагдаад байх шиг?

-Тэгж байна. Сүүлийн хэдэн жил ялангуяа хоёр хуваагдаж зовж, зовж эргээд эв найрамдалтай нэг болсны буян байх даа. Сагсан бөмбөг огцом хөгжиж байна. Сонирхогчдын тоо ч нэмэгдэж байна. Гаднаас том, том тамирчид ирж тоглодог болсон байна. Монгол дахь багуудын тоо ч их нэмэгдсэн. Дээд лиг рүүгээ орох гэж. Хэдэн ч лиг байгаа юм. Маш олон баг бий болсон байна.

-Цэл залуухан насанд “1+11”-ийхэн Шараваа гээд л харагддаг байлаа. “Бизнесийн чөтгөрүүд” лигийн од болж байсан он жилүүдийг сурвалжилж байлаа. Түүхийг нь хараад байхаар аливаа юм уншигддаг ном шиг байдаг шүү дээ. Тийм биш юм аа гэхэд та нарын залуу насыг аваад үлдчихсэн байх юм. Гоё уу?

-Сайхан шүү дээ. Аав минь дээр үед “Залуу байх сайхан. Гэхдээ залуу байхдаа миний хүү болж өгвөл эх орондоо хэрэгтэй юм хийвэл Монгол Улсынхаа түүхэнд нэг өгүүлбэрээр ч гэсэн орохыг хичээж явдаг юм шүү” гэж захиж байсан. Аавынхаа хэлсэн энэ үгийг байнга бодож явдаг. Сагсан бөмбөгийн спортын Монгол Улсын анхны гавьяат гэдэг нэг өгүүлбэрээр өөрийгөө түүхэнд бичсэн гэж ойлгож байгаа.

-Та волейболчин бүсгүйг амьдралын ханиараа сонгосон. Хоёр хүүтэй. Хүү тань NBA-д тоглох гээд давхиж явна. Та хүний өөрийн олон хүүхдийг “Миний хүү” гээд гаргаж ирээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Би өөрөө Улаанбаатарт, гэр Эрдэнэтэд. Улаанбаатарт ирчихээд хонох айл олдох, олдохгүй янз янз байсан үе бий. Ах эгчийндээ байна, найз нөхдийндөө байна. Заримдаа найз нөхөд маань эзгүйд нь өвлийн хүйтэнд орцонд хононо. Энэ бүх зовлонг өөрийн биеэр туулж өнгөрсөн болохоор гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг.

Дээрээс нь хүүгийн багийнхан гээд арван хэдэн хүүхдийг Тамираа, Сэдээ бид хэд хар багаас нь бэлдээд гаргаж ирсэн. Одоо бүгд дээд лигт орчихсон. Тэд байнга гэрээр маань орж гарна. Гэр дүүргээд байж байдаг. Тэднийгээ өөрийн хүү шигээ санадаг учраас “Миний зулзаганууд” гэдэг. Тийм учиртай юм.

-Одоо 50 хүүхэд аваад АНУ руу явна гэдэг мэдээлэл сонслоо. NBA гэдэг Монголд ойртчихсон юм шиг санагдаад байх юм?

-NBA Монголоос хол хэвээрээ байгаа. Гэхдээ тэр хол замыг анхнаас нь туулж эхлэх хэрэгтэй шүү дээ. Эхлэлийн гараанаасаа гарч байна гэсэн үг. Урьд нь хоёр гурван хүүхэд явуулчихсан. Ш.Энхийн-Од, Г.Дөлгөөн, өндөр С.Ган-Эрдэнэ гээд, Ш.Энхийн-Одын гаргасан жимээр ар араасаа нэг нэгээрээ явж байсан бол энэ жимийг зам болгох гээд ганц ганцаараа биш, 50 хүүхдийг нэгэн зэрэг АНУ-д аваачаад тэдэнд боломж олгох гэж сэтгээд л хийгээд явж байна даа.

-Алс холын АНУ-д очиход мөнгө төгрөг мэдээж хэрэг болно. NBA гэдэг бол тоглоом биш. Энэ бүхэнд сэтгэл зүрхээ зориулахын учир юу юм бэ?

-Хүүхдэд боломж олгох гэдэг бол хамгийн том зүйл. Хүний хүү хаана хүрэхийг хэн ч тааж мэдэхгүй. 50 хүүхэд АНУ явж байна гэдэг шууд NBA руу орох зам руугаа орж байна гэсэн үг биш. Арван жилийн хүүхдүүд эхлээд сургуульд орох боломжоо хайна. Дараа нь Их сургуульд орох боломжоо хайна. Маш олон даваа бий. Түүний хамгийн анхны алхмыг нь хийлгэж байна гэсэн үг. Би ганц хоёр хүүхдэд дэм болоод явж байсан. Түүнийг арай жаахан өргөжүүлсэн нь энэ л дээ. Монголоор дүүрэн сайхан мөрөөдөлтэй, ирээдүйд сайн сагсчин болох зорилготой хүүхэд байгаа. Тэднийгээ дэмжье л гэсэн үйл ажиллагаа юм.

-Биеийн тамир, спортын улсын хороо гэсэн байгууллагыг удирдаж явсан цаг үе өөрт тань бий. Албыг нь хашсан шиг хашаад, өгөхдөө өгөөд гараад явна гэсэн. Яг л хэлсэндээ гараад явсан. Одоо юу хийж байгаа вэ?

-Анхнаасаа хэлсэн, ярьсандаа байхыг хүсдэг. Анх ажлаа аваад чадах чинээгээрэ ажиллаад өөрийн хийж чадах бүхнийг хийснийхээ дараа ажлаа өгөөд явна гэсэн. Би яг зургаан жил ажилласан. Энэ хугацаандаа өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ хангалттай ажилласан гэж бодож байна. Тийм учраас л ажлаа өгсөн. Одоогоор хүүхдүүдийн төлөө л явж байна. Хүн өөрийнхөө дуртай юмыг хийх жаргал байдаг. Миний дуртай зүйл бол хүүхдүүдэд сагсан бөмбөгөө зааж байгаа энэ ажил. Дуртай ажил маань болохоор хийгээд л явж байна.

-Үүнээс гадна та загас барих дуртай юм шиг байна лээ?

-Аялах дуртай, загас барих дуртай. Би насаараа л загас барилаа. Гэхдээ загас иддэггүй. Барьсан загасаа буцаагаад тавьдаг хүн. Загас барих бол миний нэг хобби. Энэ нь аялалтайгаа хосолж байгаа юм. Монгол нутгийнхаа хөдөө хээр талд машинтай давхих дуртай. Ой хөвчид очоод шууд аяны хөнжлөө задлаад унтаж амрах үнэхээр сайхан. Очсон газраа хамгийн түрүүнд ойр орчимд нь хог байвал түүгээд шатаачихдаг. Явж байгаа газраа чадах чинээгээрээ цэвэрлэдэг дээ. Өөрөө хээр аялах дуртай болохоор хамгийн их хүмүүсийн аялдаг газрууд хогоор дүүрчихсэн байвал боломжийнхоо хэмжээгээр тэр хавиа цэвэрлэж явдаг.

-Хүн чанараараа оршиж чаддаг тань, өөрөөрөө байж чаддаг тань омогшил төрүүлээд байдаг юм?

-Монгол эр хүн тийм л байх ёстой гэж боддог. Шалчганаж, олон хувираад янз янз болоод, гэв гэнэт өөрчлөгдөөд байх дэмий. Монгол эр хүний ноён нуруу гэдгийг нэг хэвэндээ байх, нэг үзэл бодолтой байх, түүндээ үхэн үхтэлээ үнэнч байх гэж боддог. Аливаа зүйлд өөрчлөгдөөд, хувираад, урваж шарваад, сэтгэл санаагаа шал ондоо болгоод байх дургүй.

-Өөрийн тань энэ амьдралд авсан бүсгүй сонголт зөв байсан уу?

-Зөв байсан. Ер нь ханиа сонгоно гэдэг хүний амьдралын 50 буюу түүнээс дээш хувийг эзэлдэг юм шиг байгаа юм. Би их азтай. Маш сайхан ханьтай болсон. Сайхан хоёр хүү төрүүлж өгсөн. Бурхан шиг сайхан хадмуудтай. Ханиасаа илүү хадмууддаа очиж эрхэлдэг. Өөрийгөө их л азтай яваа хүн гэж боддог.

-Монгол Улсын анхны гавьяат тамирчин хүний хувьд сагсан бөмбөгийн өнөөдрийн өнгийг, ирээдүйг тодорхойл гэвэл юуг хэлэх вэ?

-1994 онд анх Г.Золжаргал гэж ерөнхийлөгчтэй болсон. Тэр үед нийгэм солигдож байсан учраас хараахан задгайрчихаагүй байсан. Тухайн үед сагсан бөмбөг гэдэг спортыг хүн болгон үзэж сонирхдог байсан. Аливаа юм өсөлттэй байлаа гэхэд тэр чигээрээ өссөөр байгаад дуусна гэж байхгүй. Эргээд уналтын үе тохиодог. Холбоо маань хоёр хэсэг болоод арван хэдэн жил уналтад орсон. Уналтын доод цэг дээр эргээд хоёр холбоо маань нэгдээд буцаад дээшээ пуужиндаж байгаа үе гэж харж байна. Тийм учраас энэ өсөлтөө бариад, эв нэгдэлтэй яваад байвал сагсан бөмбөгийн спорт Монголд бүр илүү өндөр хөгжих боломж их харагдаж байна. Тиймээс энэ сайхан цаг үед сагс тоглож байгаа дүү нартаа бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, холбоогоо сайн дэмжээд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Ирээдүйн Монголын шигшээ багийн өнгө их л аятайхан харагдаж байна. Ойрын тав, арван жилдээ Азийн томоохон улс орнуудтай ойролцоо хэмжээнд үздэг, заримыг нь хождог хэмжээнд очно гэж харж байна.

-Монгол арай хүчирхэгж сэн. NBA-д тоглож байсан тоглогчийг Монголд авчраад сарын 600 сая төгрөгөөр тоглуулсан Лигийг авчирч үзүүлнэ гэдэг өөрөө мөн чанар байх, тийм үү?

-Энэ бол том алхам. Дэлхийн хэмжээний АНУын шигшээд байсан, олимп дэлхийн аварга. NBA-ийн бүх оддын тоглолтод тав дахь удаа сонгогдож орж байсан. Энэ нь түүнийг өндөр хэмжээний ур чадвартай тоглогч гэдгийг баталж байгаа юм. Дэлхийн анхаарлыг татаж байгаа байхгүй юу. Монголд тоглож байна. Монгол гэж ямар улс байдгийг таниулж байгаа юм. Энэ улсын сагс нь яадаг юм. Одоо интернэт хөгжсөн үе. Хүүхдүүд бол шууд ороод харж байгаа. Тэгэхээр энэ нь эргээд Монголын сагсны хөгжилд нэг том шат ахисан үйл явдал ирээд тоглож байгаа юм чинь тийм зиндааны тоглогч нар дараа нь ирэх хаалгыг нээж өгч байгаа юм. Тэгэхээр өндөр чадвартай тоглогчид ирж тоглох тусам манай тамирчдын чадвар дагаад өснө. Энэ нь эргээд Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж би боддог.

-Тэгэхээр сагсан бөмбөг хөгжих шатандаа орчихлоо гэж Та хэлэх гээд байна уу?

-Би түрүүн хэлсэн. Ер нь пуужиндах шатандаа орлоо. Илүү хөгжих шат.

-Багийн спорт багийнх байдаг. Ер нь Монгол сагсаараа хэр өндөрт очих тэр цэгийг товчлоод харвал хаана байна вэ?

-Шат шатаар ахисан нь дээр. Эхний ээлжинд Азийн аваргаас медаль хүртдэг хэмжээнд очих ёстой гэж бодож байна. Азид БНХАУ гээд том, том улс бий. Ядаж байхад Австрали гээд хүчирхэг улс Азийн аварга руу ордог болсон. Дээрээс нь Иран, Ирак дажгүй. Япон, Солонгос гээд байна. Эхний ээлжинд энэ улсуудыг хождог болох хэрэгтэй. Азийн аваргын тэмцээнд медаль авна гэж зорилгоо тавих ёстой. Эндээс медаль аваад ирэхээр олимпод оролцох боломж бий болно. Энэ бол дараа нь яригдах асуудал. Минийхээр Монголоосоо таван тамирчныг АНУ-д өндөр түвшний мэргэжлийн лигүүдэд тоглуулах хэрэгтэй. Тэр хэмжээгээрээ тамирчдын ур чадвар дээшилнэ. Монгол тамирчдын ур чадвар дээшилж байж Азийн аварга руу ойртож очно. Тиймээс би үүнийг л бэлдээд яваад байгаа.

-Эртний сайхан танилуудтайгаа хэр уулздаг вэ?

-Манай багийнхан бол байнга уулзалддаг. Манай баг эвтэй найрамдалтай багуудын нэг байсан. Ганц багийнхан гэлтгүй тухайн үеийн бүх тамирчидтайгаа байнга л уулздаг. Таарахаараа мэндтэй, найзалж нөхөрлөөд явж л байдаг. Тухайн үеийн фенүүд ч гэсэн ялгаагүй. Насан туршийн найзууд болсон фенүүд ч байна. Тэдэнтэйгээ ч уулздаг.

-Өөрийнхөө оронд хүүгээ сагсны талбайгаас харах ямар байдаг вэ. Эцэг хүний мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Хэцүү шүү. Өөрөө талбай дээр байсан бол алдаж, оноод учир нь олдоно. Үр хүүхдээ тэнд харахаар өөрөө гарснаас хэд дахин илүү шатаж байгаа юм чинь. Сайн тоглох үед нь хэд дахин илүү баярлаж байгаа юм. Муу тоглох үед нь хэд дахин илүү шатна. Гэхдээ зүгээр л жаргалтай байгаа. Нэг хүү минь дасгалжуулагч хийж байгаа. Нөгөө хүү минь өөрийнхөө хэмжээнд түүх бүтээгээд явж байна. Тийм болохоор азтай.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Саранчимэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монголын дугуйчид Азийн аваргад оролцож байна

БНХАУ-ын Гүйжоу хотод уулын дугуйн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээний насанд хүрэгчдийн элит ангил...

img

4 цагийн дараа

ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй ХЭҮК-ын төлөөлөл уулзжээ

Нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан ТҮЦ болон зөөврийн байгууламжийг нийслэлийн засаг даргын 2025 оны А/273 дугаар захирамжийн даг...

img

3 цагийн дараа

Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулж нөхөн сонгууль явуулах хэсгүү...

img

2 цагийн дараа

Өнөөдөр нөөцийн мах худалдаалж буй 23 байршил

Нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд өнөөдөр/2025.04.26/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт зохион байгуулна. Хонин...

img

19 минутын дараа

Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай ярилцлаа. -Багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгөөс гавьяат цол авсан тохиолдол их хов...

img

17 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд