мэдээ
Сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Стресс, таагүй зүйлсээ аргацаах байдлаар архи ууж явсаар гурав дахь шат руугаа ордог

Админ
2025 оны 4 сарын 26

31

Сэтгэл зүйч Б.Алтанзаяатай хүмүүс яагаад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ойр дотны хүнээ гэмт хэргийн хохирогч болгодог талаар ярилцлаа.
-Хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ойрын хүрээлэл дотроо танхайрч, гэмт хэрэг үйлддэг. Яагаад өөрийн хайртай хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болгодог юм бэ?
-Хүн ойр дотны хүмүүстэйгээ бусдаас илүү гүн харилцаанд орж байдаг. Тэгэхээр энэ харил цаанаас үүссэн бодол, мэдрэмж бүгд архи уусны дараа тархинд задардаг. Нуугдаж байсан бодол мэдрэмжүүд ил гарч ирж байгаа юм. Энэ нь эрүүл үедээ үгээ залгиад өнгөрсний дараа бий болоод нуугдсан мэдрэмж, сэтгэгдэл.
Өөрөөр хэлбэл, эрүүл үедээ гомдлоо илэрхийлж, тайлж чадаагүйн илрэл гэж ойлгож болно.
Архинд донтсон болон архины хамааралтай хүмүүсийн ихэнх нь дотогшоо хэв шинжтэй байдаг. Эсвэл хэтэрхий нээлттэй буюу гадагшаа чиглэлтэй хүмүүс олон нийтийг дагаж архины хамааралтай байх тохиолдол бий.
-Манай монголчууд архи уусны дараа тухайн хүний жинхэнэ мөн чанар танигддаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс авч үзвэл жаахан доголдолтой ойлголт. Яагаад гэвэл муу хүн гэж байхгүй. Муу авир, араншин гэж бий. Тухайн хүн харилцаагаа эхлүүлэхдээ ямар сонголт хийж байгаагаас үйлдэл нь шалтгаална. Муухай авир гаргамаар байгаа эсэх нь автоматаар сонгогддог. Учир нь архи уураг тархи, төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг. Хүний тархины аль хэсгийг гэмтээхээ архи өөрөө сонгож байна гэсэн үг. Ингэснээр тухайн хүн аливаа асуудлыг шүүж, тунгаан бодох чадвараа хамгийн түрүүнд алддаг.
Сонссоноо шууд бодолгүйгээр ярьж эхэлнэ. Өдрийн турш бодогдох 60 мянган бодол нь бүгд архины тухай бодол болно. Яаж, хаанаас архи олж уух вэ гэх мэт. Мэдээж эхний шатанд бол бодогдохгүй. Хэнтэй хамт, аль өдөр гарах вэ гэж бодогдоно. Амьдралд тохиолддог стресс, таагүй зүйлсээ аргацаах байдлаар ууж явсаар гурав дахь шат руугаа ордог. Энэ шатанд хүн ганцаараа ууж эхэлдэг. Дөрөв дэх шатанд архи уухгүй л бол бие махбод нь нэхдэг шинж тэмдэг илэрнэ.
-Тэгвэл согтуу хүн сохор ухаантай гэдэг шиг яагаад ойрын хүрээллээсээ өөр орчинд гэмт хэрэг үйлдэх нь бага байдаг вэ?
-Удаан хугацаанд явдаг зан үйл учраас нэг удаа олны дунд ёс бус, танхай үйлдэл хийхгүй байж болно. Гэхдээ яваандаа архинд донтох эмгэгийн архаг хэлбэрт орвол тухайн хүн ямар ч үйлдлийг хаана ч хийх боломжтой. Архинд донтох эмгэг сэтгэл гутралын эхний хэв шинжүүдэд багтдаг. Тиймээс таны сэтгэл дотор хэн байна вэ гэдэгт л бүх асуудлын үндэс оршиж байгаа юм. Гудамжинд явж байгаа огт танихгүй Батаа, Дулмаа таны сэтгэл дотор байхгүй. Харин таны эргэн тойрны хүмүүс буюу аав, ээж, найз, найз бүсгүй, эхнэр, хүүхэд байдаг шүү дээ. Тиймээс архи уусан үеийн бүхий л зан үйл, сэтгэл хөдлөл энэ хүмүүс рүү чиглэдэг.
Архи уух бүрд тархины эд, эс үхжинэ. Тэгэхээр хүн архи уусан үедээ хураасан пянз шиг дурсамжийн цикльд ордог. Жишээ нь, хадам дүү нь нэг удаа онцгүй үг хэлсэн бол яг түүн дотроо л эргэлдээд байна гэсэн үг. Бусдаар тархи бүрэн ажиллах боломжийг архи үгүй хийдэг.
-Хүчингийн гэмт хэргийн 70-80 хувь нь гэр бүл, ойрын хүрээлэл дотор үйл дэгддэг гэсэн дүн мэдээ бий. Тэгвэл хүмүүс ихэнх тохиолдолд согтууруу лах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүрээлэл дотроо яагаад хүчингийн хэрэг үйлддэг вэ?
-Архи уусан үедээ гэхээр нэгдүгээрт, тухайн хүн эрүүл ухаангүй байсан. Хоёрдугаарт, тухайн хүн бэлгийн боловсролын мэдлэг, ойлголт маш багатай байж болно. Ихэнх тохиолдолд энэ хэргийг эрчүүд үйлддэг. Яагаад архи уусан үед гэр бүл дотор хүчингийн хэрэг үйлдэгддэг вэ гэвэл өөрийн юм, миний юм гэдэг ухаанаар эзлэн түрэмгийлэх сонирхол байдаг учраас тэр.
Хүн төрөлхтний хэмжээнд сүүлийн 200 жилийн хугацаанд хохирогч нэр хүнд, бие махбодоороо хохироод үлддэг энэ буруу тогтолцооноос үүдэлтэй. Магадгүй тухайн этгээд ямар үед бэлгийн харилцаанд орох, хэрхэн биеэ захирдаг байх талаар мэдлэгтэй байсан бол арай өөр. Ядаж л согтууруулах ундаа хэрэглэх явцад төрсөн сэрэл мэдрэхүйгээ захирч чадна. Магадгүй тухайн хүн эрүүл үедээ маш сайн уураа хянадаг чадвартай ч архи уусны дараа тархины хянах хэсэг ажиллагаагүй болдог. Тэгэхээр тухайн хүн маш их ууртай болно. Эсвэл эрүүл байхдаа сэрэл мэдрэхүйн энерги өндөртэй учраас түүнийгээ маш их хянадаг хүн байдаг. Архи уусны дараа энэ нь хянагдах боломжгүй байх жишээтэй.
Учир нь архи тухайн хүний тархины эсүүдийг үхжүүлээд устгадаг. Ерөнхийдөө архи уугаад тасрах явдал наркозод ороод хагас үхлүүт байдалтай болж байгаатай адилхан.
-Хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргаж болох хамгийн том алдаа бол хүчин, хүний аминд хүрэх байдаг. Сүүлийн үед хамаатан садан, найз нөхдийнхөө амь насанд хүрсэн харамсалтай хэргүүд их гарч байна.
-Үүн дээр сая миний ярьсан уурын мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг ярих ёстой. Архи уусан хүнд бүх мэдрэмжүүд холилдож мэдрэгддэг. Гэнэтийн уур зургаан секундийн дотор сарниж алга болох боломжтой ч архи уусан үед хүний дааврууд ялгардаг. Энэ нь тухайн дээд цэгтээ хүртэл хөөрөх, сэтгэл хөдлөх мэдрэмжийг авч байна аа гэсэн үг. Сайхан мэдрэмжийг авахын зэрэгцээ уур, түгшүүрийг ч өндөр мэдэрнэ. Архи уусан хүн уурын бухимдал, бачуурлын хүнд хэцүү мэдрэмжээ гаргасныхаа дараа хоосон мэдрэмжтэй болоод тайвширч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шокийн байдалд орно.
Хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар ч үйлдэл хийх боломжтой. Тааж мэдэхийн аргагүй. Архи уусны дараа хүн ямар болдгийг бид бүгд мэднэ. Спирттэй учраас тархины үйл ажиллагааг дарангуйлдаг, мансууруулдаг, хараат байдлыг үүсгэдэг. Бүхий л сөрөг үр дагаврыг хүн бүр мэднэ. Гэтэл мэдсээр байж бид архи уудаг. Тиймээс та уухаасаа өмнө өөрийн дорой байгаа байдлаа хайртай дотны хүмүүстээ харуулахыг хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуугаад үзээрэй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам





Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл
Сэтгэл зүйч, сэтгэл заслын докторант Д.Мөнхцэцэгтэй ахмадууд яагаад ганцаарддаг болон түүнийгээ хэрхэн даван туулж болох талаар ярил...
8 цагийн дараа
Л.Чинбат: Манай орон дэлхийд байхгүй нарны гарцтай улс
“Мичид-Электро” ХХК-ийн захирал Л.Чинбаттай нарны эрчим хүчийг суурилуулахад ямар үнэ ханштай байдаг талаар ярилцлаа. -Өөрөө эрчим х...
8 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн ...
7 цагийн дараа
Телеграмаар 2 хоногт зургаан иргэн 133 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Цагдаагийн байгууллагад сүүлийн 48 цагт бүртгэгдсэн гомдол мэдээллийн дотор иргэд телеграмаар мөнгө шилжүүлж залилуулсан хэрэг анхаа...
10 цагийн өмнө
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн эхний улирлын гүйцэтгэлийг танилцууллаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алд...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд