мэдээ
Э.Ганболд: Түгжрэлийг шийдэх ганц гарц бол давхар зам барих юм DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 05
49
“Батглостер” ХХК-ийн захирал, авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Э.Ганболдтой ярилцлаа.
-Та авто замын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Сүүлийн үед салбарын хүний нөөц хэр байна вэ?
-Би авто замын салбарт 30 гаруй жил ажиллаж байна. 1991 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод Политехникийн дээд сургууль төгсөж ирээд ажилласан. Энэ хугацаанд авто замын барилга, зураг төслийн чиглэлээр хувийн байгууллага, яам, нийслэлийн авто замын газар, зураг төслийн хүрээлэн зэрэг газарт ажиллаж байсан. Хуучнаар Авто замын техникумд ч багшилж явлаа.
Зах зээлд ороход манай авто замын салбарын хөгжил сул байсан. Социализмын үед Монголын Их сургуулиудад авто замын инженер бэлддэггүй байсан. Ихэвчлэн Орос, Герман, Унгар зэрэг оронд бэлтгэдэг байсан.
1990-ээд онд манай улс 90 орчим авто замын инженертэй, хүний нөөц дутмаг байсан. Сүүлийн үед авто замын инженер бэлддэг сургууль нэлээд бий боллоо. Гадны оронд ч суралцдаг болсон. Одоо бол манай улс 1000 орчим инженертэй байна гэсэн тооцоо гарсан. Эдгээр хүмүүс бүгд ажиллаж байна уу гэвэл асуудалтай. Манай салбарын ажлын нөхцөл хүнд. Яагаад гэвэл улирлын шинж чанартай, жилийн зургаан сард нь ажилладаг. Үлдсэн сард нь ажилгүй байдаг. Хөдөө гадаа их явна. Тэгэхээр гэр орноосоо хол байдаг. Хэдийгээр тоо нь болж байгаа мэт боловч ажиллаж байгаа хүн нь цөөн байна. Бүтээн байгуулалтын салбарын хувьд бүх зүйл нь инженерүүд дээр л тулгуурладаг. Гэтэл инженерүүд нь дутмаг байвал хөгжихөд хэцүү болно гэсэн үг.
-Нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн гол асуудал бол түгжрэл. Яагаад түгжрэлийн асуудлыг өдий хүртэл шийдэж чадахгүй яваад байна вэ?
-АНУ-ын судлаач нарын ийм тооцоо байдаг.Атланта хотын төвийн дүүргийн нэг метр квадратад ногдох авто замын урт нь 16 км байна. Ийм байвал хэвийн байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын уг үзүүлэлт түүнээс долоо дахин бага буюу нэг метр квадратад 2.2 км авто зам ногдож байгаа юм. Эндээс ямар дүгнэлт гаргаж болох вэ гэвэл, хэрвээ бид автомашин унавал тэндээ тохирсон замтай байх ёстой. Замгүй учраас түгжрэл нь дийлдэхгүй байна. Яаж шийдэх гээд байдаг вэ гэвэл автобусны тоог нэмээд байдаг. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг. Бид өглөө хүйтэнд зургаа, долоон цагт гэрээсээ гараад автобусанд суугаад явна гэдэг маш хүндрэлтэй. Тийм учраас автобус түгжрэлийг шийдэх асуудал биш. Мөн тусгай замын автобус гэдэг дээр би байнга шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь авто замынхаа нэг эгнээг тэр чигт нь чөлөөлөөд уг замаар ганцхан автобус явах ийм санаа. Гэтэл энэ Монгол Улсад хэзээ ч биеллээ олохгүй. Яагаад гэвэл өнөөдөр автобусанд зориулж нэг эгнээ гаргаж өгөх байтугай цагдаа, түргэний тэрэг нь ч сигналиа орилуулаад явах зай алга байна. Энэ бол биелэгдэхгүй. Дүүжин тээвэр гэж бас олон жил ярилаа. Өвөл -20 -30 градусын хүйтэнд, цасан шуурганд шилэн бүхээгт хүн суугаад дүүжлэгдээд явна гээд төсөөл дөө. Тэр бас хэрэгжих үндэсгүй.
-Түгжрэлийг бууруулах өөр ямар арга зам, шийдэл байж болох вэ?
-2012 оноос давхар замын төслийг бид ярьж эхлээд байгаа юм. Миний бурхан болооч найз, зөвлөх инженер Б.Атарбаяр санаачилсан төсөл. Би зураг төслийн багийн ахлагч юм. Манай төслийн багийнхан Улаанбаатар хотын их тойрууг давхарлаж, давхар зам барих оюуны өмчийн гэрчилгээ авсан. Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулсан. Энэ хугацаанд төрийн, 7080 байгууллагаар орж, тодорхой хэмжээний дэмжлэг авч байсан. Зам тээврийн хөгжлийн дөрвөн сайдаас дэмжлэг авч, 2020 онд Засгийн газрын тогтоол гаргуулж байсан. Тухайн үед сонгуулийн жил байсан учраас улс төрийн нөхцөл байдал, хүмүүсийн буруу ойлголт зэрэг янз бүрийн шалтгаанаас болоод хэрэгжээгүй. ХБНГУ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай олон жил яриа хөөрөө хийсээр ирлээ. Үндэсний хөрөнгө оруулагчаар “Мон зол” компани ажиллаж байна.Хэрвээ төр засаг зөвшөөрөл өгч ажил эхлэхэд хөрөнгө мөнгөө гаргаж хамтрах дотоод, гадаадын санхүүжүүлэгчид бэлэн байгаа гэж итгэлтэй хэлэх байна.Энэ бол төрөөс нэг ч төгрөг авахгүй, гадаадаас хөрөнгө оруулж, Монголын ААН-үүд бүтээн байгуулалтад оролцон давхар замаа барьж, түүнд хөрөнгө оруулсан компаниуд 20-25 жил ажиллаж ашгаа аваад, Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлээд гарах ийм төсөл юм.
Манай төсөл нь Улаанбаатар хотын их тойрууд 13 километр давхар авто зам барьж түүнээс цацраг хэлбэрээр таван тийшээ гарсан 49 км зам барих цогцолбор
-Хэрэглэхэд бэлэн төсөл гэж ойлгож болох уу?
-Төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс зөвшөөрч, төр хувийн хэвшил хамтраад хийе гэсэн зөвшөөрөл өгвөл саатахгүй ажил хэрэг болно. Төр засаг түгжрэлийг өөр замаар шийдэх гэж оролдсон учраас манай төслийг хойш тавьсан. Жишээ нь, олон автобус авчраад түгжрээгүй болно гэж ярьсан. Тэгтэл одоо гараад харвал вагон шиг олон автобус явж байна. Тэгтэл түгжрэл буураагүй. Манай “Тэнгэрийн тойрог” төслийн багийнхан шинэ Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн удирдлагуудад танилцуулаад явж байна. Төр засаг бол тусгай замын автобус, дүүжин тээвэр, олон уулзвар гэж их ярьсан. Нэг нь ч хэрэгжээгүй. Энэ нь амьдралаар шалгагдсан гэж бодож байна. Хэрэгжих үндэсгүй, хэрэгжээд асуудыг шийдэхгүй гэдэг нь харагдсан. Цорын ганц шийдэл нь давхар замын төсөл болоод байгаа юм. Төслийн гол онцлог нь Улаанбаатар хотын Их тойрууд 13 километр давхар авто зам бариад, дараа нь түүнээс таван тийшээ гарсан цацраг хэлбэрээр нийт 49 км авто зам барих цогцолбор юм. Хүмүүс үүнийг гүүрэн гарцтай хольж хутгадаг. Жишээ нь, Замын цагдаагийн гүүрэн гарцыг бариад түгжрэл буураагүй. Яагаад гэхээр уулзвараар хурдан гарч болж байгаа ч, уулзвар луугаа орох, гарах зам нь байхгүй байдаг. Гадаадын улс орнууд олон түвшний уулзвараар асуудлаа шийдсэн гэж ярьдаг. Тэр уулзвар дээр нь байгаа гүүрэн гарц руу арав гаруй замаар гараад уулзвар өнгөрөхөд дахиад арав, хорин зам руу салж байгаа юм. Хүлээж авч байгаа зам нь их байна гэсэн үг. Манайд бол нэг гудамнаас гараад нэг гудамж руу л орно. Тэгэхээр хоёр үзүүр дээрээ түгжрээд, түгжрэл буурахгүй байна.
-Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ?
-Энэ бол “аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна” гэдэг шиг аргаа барсан л хэрэг. Үндсэн хуулиар бид өмчтэй байх, тэр өмчөө өөрийн хөдөлмөрөөр олоод захиран зарцуулах эрхтэй шүү дээ. Тэгтэл захиргааны аргаар хөдөөний машин орж ирвэл торгоно, хотын дугаар олгохгүй гэдэг нь түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсний нэг үзүүлэлт. Түүнээс хүнийг машин бариулахгүй юмсан, өмч хөрөнгийг нь хашаа, гаражид нь байлгааад байя гэдэг бодолтой хүн байхгүй. Энэ бол аргаа барсан л шийдвэр гэж харж байна.
-Улаанбаатар хотын замын стандарт хэр мөрдөгдөж байна вэ?
-Улаанбаатар хот тодорхой стандартаа хангахын төлөө ажиллаж байгаа гэж бодож байна. Би нийслэлийн зам барилга, зураг төсөл дээр олон жил ажилласан учраас сайн ойлгоод байгаа юм. Явган зам их шүүмжлэлд өртдөг. Түүний стандарт нь сайн мөрдөгдөхгүй олон шалтгаан байна. Гэхдээ гол шалтгаан нь хот төлөвлөлт алдагдсан учраас явган хүний замыг багтаах, стандартын дагуу талбайгаараа хийх боломж нь хумигдсан байна. Хоёрдугаарт, авто замын сангийн санхүүжилтээр засварын ажлыг хийдэг учраас санхүүжилттэй холбоотой. Тийм учраас стандарт алдагдаж байгаа.
-Сүүлд Яармагийн шинэ гүүрийг ашиглалтад оруулсан. Гэсэн ч түгжрэл буурах биш нэмэгдсэн гэж иргэд шүүмжилж байсан?
-Яагаад гэвэл цаана нь гэр хорооллын нарийхан гудамж байгаа, тэнд нь машин багтахгүй учраас тийшээ зорчихгүй байна. Гүүр даваад адилхан түгжирч байгаа учраас бухимдах нь аргагүй. Энэ бол шийдэл биш. Шийдэх гэж оролдсон нэг арга. Гүүр тавиад, уулзвар гараад асуудлыг шийдэхгүй. Уулзвараар нэвтэрсэн хөдөлгөөнийг хүлээж авдаг зам алга.
-Гадны орнууд авто замаа хэрхэн төлөвлөж, шийддэг юм бол?
-Бусад улс орнууд яагаад түгжрэлийн асуудалгүй байна гэвэл эхлээд замаа маш сайн төлөвлөсөн байдаг. Жишээ нь, БНХАУ-ын Эрээн хотын зах руу нэг ч байшин байхгүй газарт авто замын бүхэл бүтэн сүлжээ үүсгэж, маш их зам тавьсан байгааг интернэтээр хүн болгон олоод харж болно. Тэгээд голд нь байшин барина гэсэн үг. Эхлээд замаа тавиад, инженерийн шугам сүлжээгээ татаж аваад дараа нь байшин барилгаа барьдаг. Тэгтэл манай улсад эсрэгээрээ зам тавих газаргүй болтлоо байшин барьчихсан байна. “Газар бол улсын үндэс” гэдэг шиг замын үндэс бол газар. Манайд хот төлөвлөлт буруу явсан учраас одоо засах найдлагагүй болсон. Зам барих газаргүй учраас байгаа зам дээрээ тулгуур тавиад давхар зам барьж байж энэ асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх өөр гарц байхгүй.
Г.Балгармаа
Он гарсаар 84700 гадаадын иргэнд цахим виз олгожээ DNN.mn
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Гадаадын и...
2 цагийн дараа
Нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа DNN.mn
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих ...
1 цагийн дараа
Он гарсаар 278,5 мянган тонн нүүрс экспортолжээ DNN.mn
Монгол Улс 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр 278,5 мянган тонн нүүрс экспортолсон байна. 2024 оны эхнээс экспортолсон нүүрсний...
36 минутын дараа
Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтууд эхэллээ DNN.mn
Монголын Волейболын Холбооноос жил бүр зохион байгуулдаг, 2024-2025 оны Үндэсний дээд лигийн албан ёсны нээлт өчигдөр AIC STEPPE ARE...
2 минутын дараа
Тяньжинд автаар гарахаар хүлээгдэж буй 450-500 чингэлэг байна DNN.mn
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Аравдугаар сарын 1-нээс 10-р сарын 31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэ...
23 минутын өмнө
Сэтгэгдлүүд
зочин
давхар зам барьсанаар түгжрэл арилахгүй зам нэмэх дусам түгжрэх болноо