Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Д.Уламбаяр: Олон улсын харилцаанд туйлшрах хандлага эрчимжиж, хуваагдмал байдал газар авч байна DNN.mn

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2024 оны 11 сарын 05

img

32

news-img

Олон улсад өрнөж буй анхаарал татсан үйл явдлуудын талаар Хүмүүнлэгийн Их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Өнөө жил дэлхийн олон орон сонгуулиа хийлээ. Эдгээр сонгуулийн бодит үр дүнгээр дэлхийн геополитик болоод олон улсын харилцааны өнөөгийн системийг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Энэ жилийн сонгуулийн үеэр либерал үзлийн нэр хүнд унаж байна хэмээн сурталчилж, үүнтэй уялдан хэт зүүн төв, хэт баруун төвийн үзэл газар авч, хэт даяаршлын эсрэг үндсэрхэх үзэл, популизм эрчимжиж байгааг бид харж байна. Гүрж, Молдавын сонгуулийн үр дүн Оросын нөлөөн дор томоохон сорилттой тулгарлаа. Европын Холбооны орнуудад хэт баруун төвийн үндсэрхэх үзэл хөрсжиж байна. Үүнийг Австри, Нидерланд, Болгарын парламентын сонгуулийн үр дүн харуулсан.

Дэлхий нийт авлигын эсрэг улс төрийн зоригтой алхмууд хийж байгаа нь сонгуулийн үр дүнгүүдээс харагдаж байна уу. Ингэхэд авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу байна вэ?

-Болгарын сонгуулийн үр дүнгээр дэлхий нийт авлигаас ангид ертөнцийг байгуулах боломжтой болохгүй нь мэдээж. ОХУ гэхэд л 2023 оны хоёрдугаар сард дунд шатны төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгох шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Хятад БНСУ, Сингапур авлигатай идэвхтэй тэмцсээр л байна. Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол бүх салбарыг дижиталчлах явдал болов уу.

-Орос Украины дайны явцыг хэрхэн ажиглаж байна вэ. Д.Трамп “Хэрэв би сонгогдвол Орос, Украины дайныг нэг өдрийн дотор л дуусгана” хэмээн байнга мэдэгдээд байгаа…

-Энэ нь утгын хувьд Украины зүүн дөрвөн муж Донецк, Луганск, Запорожье, Херсоныг ОХУ-д нэгтгэснийг олон улсын эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх тухай асуудал болж байна. Үүнийг Украин, Өрнөдийн гүрнүүд, түүгээр зогсохгүй НҮБ үл зөвшөөрнө. Кремль Орос, Украины дайныг өөрсдийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхыг сануулаад тийм боломж байхгүй болохыг Дмитрий Песков мэдэгдэж байсан. Дональд Трамп сонгогдвол дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо эргэдэггүй юм аа гэхэд ямар ч байсан том өөрчлөлт гарах магадлал бий. Холбоотнуудын харилцаа ч энд хамаарна. Украины зүүн дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэснийг хүлээн зөвшөөрөх нь олон улсын эрх зүйд маш буруу “precedent” тогтоож, энэ нь цаашдаа ноцтой үр дагавар гарах магадлалтай.

Трампын Тамгын газрын дарга асан Жон Келли түүний Адольф Гитлер шиг генералуудыг хүсч байсан тухай хэлснийг CBS дамжуулсны дараа өнгөрсөн лхагва гаригт К.Харрис Трампыг “фашист” хэмээн мэдэгдсэн байна. Эцсийн бүлэгт хэнийг сонгохыг америкчуудын мэргэн сонголт л шийднэ. Хэн сонгогдохоос үл хамаараад Монгол Америкийн “гурвдагч хөрш”-ийн стратегийн түншлэл амжилттай хөгжих нь дамжиггүй.

-Саяхан БРИКС-ийн орнуудын дээд түвшний уулзалт ОХУ-ын Казань хотноо боллоо. Энэ байгууллагын зорилго, төлөвшил, уулзалтын онцлог, үр дүнгийн талаар сонирхуулахгүй юу?

-ОХУ-ын Казань хотноо БРИКС-ийн дээд түвшний XVI уулзалт “Дэлхий нийтийн шударга хөгжил, аюулгүй байдлын төлөө олон талт үзлийг бэхжүүлэх нь” уриан дор зохион байгуулагдлаа. Орос, Хятадын удирдлага БРИКС-ийг олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг бүрдүүлж буй бүтцийн нэг гэж үздэг. Шинжээчид өмнө нь Бразил, ӨАБНУ-ын эдийн засаг, төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаад өр, зээлийн хүндрэлтэй тулгарч, ОХУ өрнөдийн эдийн засгийн хоригт орж, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч эхэлснээр БРИКС-ийн үүрэг, жин нөлөө бүдгэрч байна гэж үзэж байсан. 2023 оны наймдугаар сард ӨАБНУ-ын Йоханнесбург хотноо зохиогдсон 15 дахь удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн улмаас оролцох боломжгүй болсон. Уг уулзалт Аргентин, АНЭУ, Египет, Иран, Саудын Араб, Этиоп зэрэг орнуудыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус байгууллагын гишүүн болгох шийдвэрийг гаргасан. Харин 2023 оны арваннэгдүгээр сард Аргентинд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиар либеритари үзэлт Хавьер Милей ялснаар тус улс коммунистуудтай эвсэхгүй гэж албан ёсоор мэдэгдэж БРИКС-д нэгдээгүй. Саудын Араб БРИКС-ийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлж байсан ч дэлгэрэнгүй тайлбар өгөлгүй албан ёсоор элсэх асуудлаа хойшлуулаад байна.

Goldman Sachs-ын нэртэй эдийн засагч Жим О’Нил 2001 оны эхээр ДНБ нь хурдацтай хөгжиж буй БРИК хэмээх бүлэг орнууд дэлхийн эдийн засагт хүч түрэн орж ирж буй тухай судалгаагаа танилцуулцсан нь БРИКС-ийн үндэс болсон нь маргаангүй. Гэтэл хайпер-инфляцитай, өндөр гадаад өр төлбөртэй, зүүн төвийн чиглэлтэй Аргентин, өрнөдийн эдийн засгийн хоригт буй Иран болон Африкийн хамгийн буурай хөгжилтэй, Legatum Prosperity төвийн 2023 оны индексээр 167 орноос 153-т эрэмбэлэгдэж байсан Этиоп улсыг БРИКС-т гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь тус бүлэг эдийн засгийн биш, улс төр, үзэл суртлын шинжтэй байгууллага болж буйг харуулсан. Энэ сарын дундуур Дэлхийн банк хамгийн ядуу буурай 26 орныг нэрлэхэд Этиоп нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна лээ.

БРИКС-2024 ОХУ Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааг эхлүүлнээс хойш гурав дахь жилийн нүүрийг үзэж буй үед болж байгаагаараа онцлогтой байсан бөгөөд тиймдээ ч В.Путин энэ удаагийн уулзалтыг ОХУ Өрнөдийн шахалтад ганцаардаагүй гэдгийг харуулахыг ихэд хичээсэн гэж шинжээчид тэмдэглэж байна. Тийм байдал ч тодорхой харагдсан. ОХУ БРИКС-ийг Өрнөдийн эсрэг илүү хатуу чиг шугамтай клуб болгох хүсэлтэй байгаа ч АНУ-тай нягт холбоотой Энэтхэг, Бразил зэрэг гишүүн орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй юм.

Дээд түвшний уулзалт 134 зүйл бүхий “Дэлхий нийтийн хөгжил, аюулгүй байдлын төлөө олон талт үзлийг бэхжүүлэх нь” уриатай Казанийн Тунхаглал гаргасан. Түүнд геополитик, аюулгүй байдлын асуудлаас Өмнөдийн хөгжил, НҮБ-ын Аюулгүй Зөвлөл, Бреттон Вүүдсийн институцийн шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлт, экологийн асуудлаас дижитал эдийн засаг, кибер аюулгүй байдал, хиймэл оюуны сорилт, хууль бус нэг талын албадлагын арга хэмжээ, тэр дундаа хууль бус хориг арга хэмжээг шүүмжилж, Шинэ хөгжлийн банкийг бэхжүүлэх, ам.долларын дарамтыг бууруулах хүртэл өргөн хүрээтэй асуудлууд тусгагджээ. Тунхаглалд 2024 оны дөрөвдүгээр сард Дамаск дахь Ираны Дипломат төлөөлөгчийн газар руу халдсан нь 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцэд заасан дипломат газрын халдашгүй дархан байдлын үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл болохыг буруушааж олон улсын терроризм, Гаити, Афганистан, Өмнөд Судан, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг тэмдэглэжээ. Гэвч Украины асуудлын талаар бараг юу ч дурдсангүй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр зохиогдсон Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтаар батлагдсан “Ирээдүйн төлөөх Пакт”-ын талаар юу ч дурдаагүй нь БРИКС-ийн дийлэнх гишүүд эсрэг болон түдгэлзсэн санал өгсөнтэй холбоотой болов уу.

Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтаар “Ирээдүйн төлөөх Пакт” үндсэн баримт бичиг, “Дэлхий нийтийн дижитал Компакт”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх Тунхаглал” хэмээх хоёр хавсралтыг хэлэлцэн санал хураахад НҮБ-ын гишүүн 143 улс дэмжиж санал өгсөн улсуудын нэг нь Монгол Улс юм. Харамсалтай нь Беларусь, Иран, Никарагуа, ОХУ, Сири, Хойд Солонгос, Судан зэрэг долоон улс эсрэг санал, Хятад, Казакистан, Лаос, Сауды Араб зэрэг 15 улс түдгэлзсэн санал өгч, харин Азербайжан, Венесуэл, Вьетнам Киргизистан, Тажикистан, Туркменистан, Узбекстан, Серб, цэргийн эргэлт хийсэн Мали, Нижер, Буркина Фасо зэрэг 27 улс санал хураалтад оролцоогүй ажлаа тасалсан. Дурдсан баримт бичгүүд нь аль нэгэн улсын эсрэг чиглээгүй, харин нийт хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн хувь заяатай холбоотой тулгамдсан асуудлуудын шийдэл, боломжуудын тухай байсан юм.

Казанийн уулзалтаар БРИКС Куба, Шри-Ланка, Турк, Вьетнам, Беларусь зэрэг орнуудаар эгнээгээ өргөжүүлэх хүлээлт байсан ч тийм зүйл болсонгүй.

-Энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож буй тухай мэдээлэл цацагдсан шүү дээ?

-Нэгдүгээрт, Монгол Улс БРИКС-ийн гишүүн биш. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад арга хэмжээний мэдээлэл https://predi­dent.mn албан ёсны цахим сайтад нь гардаг. Тиймээс БРИКС-ийн уулзалтад оролцохоор явсан талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл гараагүй. Гуравдугаарт, БРИКС-2024 албан ёсны цахим хуудас https://brics-russia 2024.ru/en/-т гадаад улс орнуудын төлөөлөгчдийн дунд Монгол Улс, тэр дундаа Ерөнхийлөгчийн нэр байхгүй байна.

Тиймээс дээрх мэдээлэл нь буруу ташаа болж таарна.

-Олон туйлт дэлхийн дэг журам, олон талт үзлийг бэхжүүлэх тухай ОХУ, БНХАУ-ын удирдагчид их ярих боллоо?

-Социализм нуран унаснаас хойш 1990-ээд онд АНУ дэлхий дээр жолоодогчийн үүрэг гүйцэтгэх тухай үзэл санаа бодлогын шинж чанартай болж байгаад Хятад, Орос, лалын ертөнц ихээхэн эгдүүцэн дургүйцэж, дээрхийг ганцаараа жанжлах гэсэн эрмэлзэл гэж хурцаар шүүмжилж байсан юм.

Хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ, түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгэрүүлэх, сэргээн баталгаажуулах тухай бүх чиглэлд зааж сургаж байсан нь үнэн юм. 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа АНУ-ын тэргүүлэх оройлолтой олон улсын харилцааны нэг туйлт дэг журам төгсгөл болох үе шат эхэлж, 2008-2009 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралаар цаашид үргэлжилсэн тухай судлаачид тэмдэглэж эхэлсэн.

Харин ийнхүү дурдаж байгаа нь хүйтэн дайны дараа үүсэн бүрэлдэж буй олон туйлт бүтцийн үүргийг бодитой үнэлэх үндсэн дээр дэлхийд зохистой шинэ дэг журам тогтоох хэрэгт АНУ зонхилох үүрэг гүйцэтгэх чадавхтайг үгүйсгэж байгаа хэрэг биш гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Тийнхүү Олон туйлт дэлхийн шинэ дэг журмын үзэл санаа анхлан 1997 оны дөрөвдүгээр 23-нд Москвад Орос, Хятадын удирдагч Борис Ельцин, Жян Зэминь нарын гарын үсэг зурсан “Олон туйлт ертөнц, олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай” Орос-Хятадын Хамтарсан Тунхаглалд тусгалаа олсон юм.

ОХУ-ын Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааны дараа Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журмыг сэргээн цогцлоох асуудлыг Өрнөдийн гүрнүүд бүх шатанд чухалчлан тавьж байна. Олон улсын харилцаанд голлох нөлөө бүхий гүрнүүд, дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын хамтын хүчин чармайлтаар дэлхий дахинд илүү аюулгүй зохистой шинэ дэг журмыг төлөвшүүлэх шаардлагатай. Түүнчлэн олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэх, олон талт үзлийг бэхжүүлэх гэдэг нь АНУ болон Өрнөдийн оролцоог үгүйсгэж Орос, Хятад хоёр өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох тухай асуудал огтоос биш юм. НҮБ, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг зөрчиж, цөмийн зэвсэгт дулдуйдан хүчээр түрий барих, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг баталгаажуулах оролдлого хийж, ингэснээрээ дэлхийд олон талт үзлийг бэхжүүлэх ямар ч боломж байхгүй.

-Цаашид олон улсын харилцааны чиг хандлага хаашаа явахаар байна вэ. Хоёр туйлт гэхээр дэлхий хоёр хуваагдана гэсэн үг юм уу?

-Эдүгээ олон улсын харилцаанд туйлшрах хандлага эрчимжиж, хуваагдмал байдал газар авч байгааг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгааны санал хураалтын үр дүн, ШХАБ, БРИКС-ийн дээд түвшний уулзалтууд, харуулсаар байна. НҮБ-аас анхааруулсан “дэлхий дахинаа тэлж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох шаардлага байгааг үгүйсгэж үл болно. Өрсөлдөөнийг хариуцлагатайгаар зохицуулах, цаашид сөргөлдөөн болон даамжрахаас урьдчилан сэргийлэхийн тулд улс гүрнүүд, түүний удирдагчид хүлээх үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлах явдал чухал болсоор байна. Тиймээс болзошгүй аюул, сорилт, өөрчлөлтүүд бэлэн байх, харилцан суралцахуй нэн чухал юм.

-Сүүлийн үед Солонгосын хойгийн аюулгүй байдалд геополитикийн шинэ нөхцөл байдал бүрдэж буй тухай ярьж байна. Энэ нь мэдээж Монгол Улсад хамаатай болов уу?

-Үнэхээр Солонгосын хойгт цоо шинэ нөхцөл буй болж байна. БНСУ-д Монголын бараг 58 мянган иргэд ажиллаж, сурч амьдарч байна. Энэ утгаараа Өмнөд Солонгос нь бараг Монгол Улсын 22 дахь аймаг болсон. Дэлхийн банкны шилжилт хөдөлгөөний газрын 2022 оны эцсийн тайлан мэдээгээр БНСУ-аас Монгол руу жилд дунджаар 300 сая ам.долларын гуйвуулга хийгдэж байгаа нь эргэж төлөгдөхгүй шууд хөрөнгө оруулалт юм. Тиймээс Солонгосын хойгийн аюулгүй байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон гэж шууд утгаар нь хэлж болохоор байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2021 оны нэгдүгээр сард хуралдсан СХН-ын VIII их хуралд хэлсэн үгэндээ “Тус улс цөмийн хүчнээ байгуулж дууслаа” хэмээн мэдэгдэж, 2023 оны есдүгээр сард дээрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулав. 2023 оны есдүгээр сарын эхээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Алс Дорнодод уулзаж, энэ үеэр Оросын эрх баригчид Украины дайнд ашиглах зэр зэвсгийг Умард Солонгосоос авах тохиролцоонд хүрсэн байж болзошгүй гэж Өрнөдийн холбоотнууд сэжиглэж эхэлсэн. БНСУ-ын ерөнхийлөгч Юнь Сок-Ёл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: “Дэлхий дахинд энхтайвныг сахиулагч хэмээн итгэмжлэгдсэн байгууллага болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс тусгаар тогтносон өөр улс руу эзлэн түрэмгийлэх дайн өдөөж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж буй дэглэмээс зэр зэвсэг авах нь хачирхалтай үзэгдэл юм. Хэрвээ Оросыг дэмжсэнийхээ хариуд Умард Солонгос бөөнөөр устгах зэвсэглэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээлэл, технологийг олж авбал үүнийг зөвхөн Украины төдийгүй БНСУ-ын энхтайван, аюулгүй байдалд заналхийлсэн шууд өдөөн хатгалга болно. БНСУ нь холбоотнууд болон түншүүдийн хамт үүнийг зүгээр өнгөрөөхгүй” гэж мэдэгдсэн. Хойд Солонгос Сибириэс үндэстний цөөнхийн дүрд хувиргасан 10.000 гаруй цэргээ Орос, Украины фронтод байлдахаар илгээснийг илчилсэн нь Хятадад таалагдахгүй байна. Москва, Пёньян цэргийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх нь Солонгосын хойгийг тогтворгүй болгож, бүс нутагт АНУ тэргүүтэй эвслийг идэвхжүүлж болзошгүй хэмээн Хятадын шинжээчид болгоомжилж байна. Орос Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хүчин чадлыг сайжруулахад тусалж болзошгүй байгаа нь бүс нутагт зэвсгийн уралдааныг түргэсгэхэд хүргэнэ хэмээн Хятад улс санаа зовж байна гэж Бээжингийн Цинхуа их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Чен Ци мэдэгдсэн байна билээ.

В.Путин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа удалгүй зургадугаар сард Хойд Солонгост айлчилж, энэ үеэр хоёр орны хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн Гэрээ”-нд гарын үсэг зурсан. “БРИКС-2024” дээд түвшний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн сэтгүүлчийн асуултад хариулсан В.Путины мэдэгдлээс харахад ОХУ, БНАСАУ-ын харилцаа цэргийн холбоотны түвшинд хүрснийг харуулж байна. Орос Хятадын цэргийн тусламжид найдахаас илүү Хойд Солонгосын тусламжид найдаж буй тухай мэдээллүүд ч гарч эхэллээ. Энэ бол ноцтой асуудал болов уу.

-Монгол Улсын гадаад бодлого Төв Азийн чиглэлд идэвхжсэнийг зарим хүмүүс шүүмжилдэг. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс Зүүн хойд Ази, Төв Азийн солбилцол дээр оршдог. Төв Азийн чиглэл Монгол Улсын гадаад бодлогод мэдэгдэхүйц орхигдож ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Тиймээс гадаад харилцааны шинэ сэргэлт, гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах хүрээнд дурдсан чиглэлд дипломат ажиллагаагаа идэвхжүүлснээр гадаад харилцааны орон зайгаа шинээр тэлсэн гэж үзэж болохоор байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал. Бид Төв Азийн гурван улсад ЭСЯ-тай болсон. Энэ жилийн хоёр жишээг тэмдэглэхэд л Монголын бизнесийн байгууллагууд Узбекистан, Туркменистанд томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулж буй нь бизнес форумын үеэр тодорхой харагдаж байна лээ. Ялангуяа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг олон эх сурвалжаар баталгаажуулах чиглэлд Төв Азийн бүс нутаг нэн чухал ач холбогдолтой болж байна. Монгол Улс Төв Азийн орнуудаас анх удаа Казакстантай стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо. Тиймээс дээрх ололтыг буруутгах, эсвэл мушгин гуйвуулах хэрэггүй болов уу.

-Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн талаар мэдээ гарлаа. Та  үүнд ямар  тайлбар өгөх вэ?

-2024 оны аравдугаар сарын 24-нд Хаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн Урьдчилсан шатны II танхим Монгол Улс В. Путиныг баривчилж, хүлээлгэн өгөхөд хамтран ажиллаагүй гэж үзэж, Оролцогч орнуудын Ассамблейд асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Бүрэн эрх нь хэрэгжиж буй аливаа улсын төрийн тэргүүн нь дипломат халдашгүй статустай байдаг. Монгол Улс Венийн конвенцийн оролцогч тал. Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 29 дүгээр зүйлд  “Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах бувюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж заасан. Олон улсын Эрүүгийн шүүхийн “Ромын Дүрмийн IX бүлгийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй”. Гэхдээ Дүрмийн IX бүлгийн 98 дугаар зүйлийн 1-д Дүрэм нь улс орнууд өөр улстай байгуулсан “гэрээний үүргээ зөрчих” тохиолдолд, эсвэл “гуравдагч улсын ​​​​ иргэн, түүний эд хөрөнгийн дипломатын халдашгүй байдлыг зөрчих” тохиолдолд баривчлах үүргээс чөлөөлөгдөж болно” гэжээ. ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч доктор Фади эль-Абдалла өнгөрсөн наймдугаар сарын 31-нд ВВС сувагт өгсөн ярилцлагадаа дээрхийг эш татаж байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн Гэрээ”-тэй хөрш орны төрийн тэргүүн албан ёсны айлчлал хийж буй үед түүнийг баривчлахыг шаардаж байгаа нь улс гүрний бүрэн эрхийг давсан ёсзүйгүй үйлдэл байсан. Ийм зүйл дипломатын түүхэнд ч болж байгаагүй. Монголчууд дипломат элчийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдэлж байсныг Папын элч Плано де Карпини, Францын  хааны элч Гильом де Рубрук нарын тэмдэглэлээс сайн мэдэх билээ. Их эзэн богд Чингис хаан журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээж Сартуул иргэн буюу Хорезм руу худалдааны элч төлөөлөгчдийг илгээхэд тэднийг баривчлан хөнөөж ёсгүй аашилснаас шалтгаалж дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдсөн байдаг.  Итгэлийг хөсөрдүүлж, дипломат элчийн амийг хөнөөснөөс мэдээг сүүлд сонсоод Хубилай хаан 1274, 1284 онд Японы эсрэг дэлхийн түүхэнд байгаагүй 4 мянган хөлөг онгоц, 100 мянган цэргийн хүчээр цэргийн ажиллагаа явуулсныг бид сайн мэдэх билээ. Хэрэв Хубилай хааны цэрэг арал дээр бууж нэгдсэн цэргийн ажиллагаа явуулсан бол үр дүн нь юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Энэ бол япон үндэстний орших, эс оршихуйн тухай асуудал байсан.

2023 намар Өмнөд Африкт зохиогдсон БРИКС-ийн дээд түвшний уулзалтад В.Путин оролцоогүй ч  сэжигтнийг өөрийн нутаг дэвсгэрт баривчлах ёстой ч Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса Орос үүнийг дайн зарласан гэж үзнэ гэж анхааруулж байсан.

Итгэлцлийг хөсөрүүлж, нөхөрсөг орныхоо элчийг баривчилсан тохиолдолд, ОХУ зүгээр хараад суух уу. Үүнээс гаргах ноцтой үр дагаврын хариуцлагыг ОУЭШ хариуцах уу гэдэг асуудал гарна шүү дээ. 1993 онд ОХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны суурь гэрээг байгуулж, 2019 онд шинэчлэн байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын Гэрээ”-нд “Талууд төрөл бүрийн түвшинд тогтмол уулзалт зохион байгуулах, нэн түрүүнд дээд, өндөр түвшний уулзалтын механизмыг ашиглах болон сайжруулах, түүний сацуу нөгөө Талын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд оролцох, эсхүл ийм төрлийн үйлдлийг дэмжихээс түдгэлзэнэ” хэмээн заасан байдаг.

АНУ-ын Цагаан ордон, Төрийн департмент Монгол Улс В.Путиныг баривчлах үүрэгтэй  хэмээн мэдэгдэл гаргасан тухай мэдээ явж байна лаа. Хэвлийн бага хурлын үеэр л сэтгүүлчийн асуултад хувийн байр сууриа илэрхийлж байсныг ташаа тайлбарлаад байна лээ. АНУ ОУЭШ-ийн Дүрмийн оролцогч тал биш учраас Монголыг шүүмжлэх боломжгүй.

Тиймээс ирэх арванхоёрдугаар сард болох Оролцогч орнуудын Ассамблейд Монгол Улс хангалттай тайлбар хийх боломжтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Он гарсаар 84700 гадаадын иргэнд цахим виз олгожээ DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Гадаадын и...

img

2 цагийн дараа

Нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа DNN.mn

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих ...

img

1 цагийн дараа

Он гарсаар 278,5 мянган тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Монгол Улс 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр 278,5 мянган тонн нүүрс экспортолсон байна. 2024 оны эхнээс экспортолсон нүүрсний...

img

1 цагийн дараа

Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтууд эхэллээ DNN.mn

Монголын Волейболын Холбооноос жил бүр зохион байгуулдаг, 2024-2025 оны Үндэсний дээд лигийн албан ёсны нээлт өчигдөр AIC STEPPE ARE...

img

20 минутын дараа

Тяньжинд автаар гарахаар хүлээгдэж буй 450-500 чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Аравдугаар сарын 1-нээс 10-р сарын 31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэ...

img

6 минутын өмнө

Сэтгэгдлүүд

trend

Дашдондог

Шал худалаа дүгнэлт байнаа.врикс ын оронууд хамгийн өндөр өсөлтөй явж байгаа оронуууд ч дэ. Одоо хятадын өсөлт сааосан гэдэг огт худалаа дандаа 7,8 хувьар өсөх боломжгүй л дэ.иймээс хятад одоо 4,5 хувийн өсөлтөй байсан да. Нөгөө баруунд бол өсөлт бараг байхгүй байнаа.америкийн нөлөө буурч улс оронууд өөрсдийн эрх ашигаа бопож байна. Гүрж улсд оросууд биш ард түмэн оростой найрамдалтай байх эдийн засагт ус рашаан вино гоо зарахад тустай гэж үзсэн дэ.молдавд бол сөрөг хүчин ялсан 51 хувьар бол зөвхөн баруунд байгаа цагаач иргэд л сая сонгууль ялуулсан да гэхдээ энэ бол луйвар л болсон доо. Эх орондоо байгаа нь дэмжэхгүй байхад гадаад байгаа нь дэмжиж гэхээр худалаа даа

Онцлох нийтлэлүүд