-Эрчим хүчний реформоор сүрхий шуугьж байна. Энэ салбарын шинэчлэлийг яаж явуулах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд үнэ тарифаа барьж авахгүй бол энэ салбар цаашид сэхэшгүй байдалд орж өнөөгийнхөөс хэд дахин өндөр үнээр амь орж магадгүй болчихлоо. Үнэ тарифаа нэг цэгцэлж аваад дараагийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл төрийн өмчийг олон нийтийн болгох ажлыг яаралтай хийх ёстой. Салбарыг мэддэггүй хүмүүс байгалийн монополийг хувьчилж болохгүй гэж л байдаг. Үнэндээ цахилгаан станц, түгээх сүлжээ бол монополь биш ээ. Ганц монополь хэсэг бол дамжуулах сүлжээ юм. Яагаад гэвэл улсын хэмжээнд нэг л байдаг. Тиймээс ч дамжуулах сүлжээг хувьчлахгүй байх ҮАБЗ-ийн зөвлөмж бий. Тийм учраас бүх цахилгаан станц, түгээх сүлжээнүүдийг 100 хувь олон нийтийн өмчид шилжүүлэх хэрэгтэй. Харин Диспетчерийн үндэсний төвийг төрийн оролцоотой байлгаж болох талтай. Гэхдээ хэдэн хувийг төрд үлдээх, бас хэдий хүртэл вэ гэдгийг бодох л учиртай.
Яагаад гэвэл салбарыг нийтэд нь хамгийн бага зардлаар ажиллуулах буюу эдийн засгийн диспетчерийн зохицуулалтыг энэ компани хариуцдаг учиртай. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид очиж байгаа цахилгааныг байж болох хамгийн бага үнээр хүргэх зохицуулалтыг хангах үүрэгтэй байгууллага болж хувирах ёстой. Гэхдээ төр энэ байгууллагад хөрөнгө оруулалт хийхгүй бол хувьчилсан нь дээр.
-“ДЦС”-ууд хүнд байдалд орсон учраас цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр замгүй гэж төр засгаас тайлбарлаж байгаа. Харин зарим судлаачид “Одоо үнэ нэмэх тохиромжтой цаг нь биш” гэж байна. Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын яг бодит байдлыг үнэнээр нь хэлж өгөөч?
-Үнэ нэмэх өөр тохиромжтой цаг хайх боломж үлдээгүй. Тийм цаг үе байсан уу гэвэл байсан. Одоо дууссан. Өнөөгийн эрчмийн салбарын нөхцөл байдлыг цөөн үгээр илэрхийлбэл хөгжлийн тушаа, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын гамшиг гэчихвэл нэг их зөрөхгүй болов уу.
-Хэдэн жилийн өмнө “ДЦС-III”-т 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд Оросын талаас санхүүжилт авсан тухай улс төрийн хүрээнийхэн жиргэж байна. Тэр үед энэхүү хөрөнгөөр засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй юм уу?
-Би тэрийг мэдэхгүй. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 1990-ээд оны сүүлчээр хэдэн зуухаа бага сага янзалж авсан. Дараа нь Хятадын зээлээр 50 МВт чадал нэмсэн. Өөр юм хийснийг мэдэхгүй байна. Харин тулгамдсан асуудлууд бол маш их. Хэдэн инженерүүд нь болгоод л явдаг. Одоо цөхөрч байгаа байх аа.
-“Эрчим хүчний реформ хийх нэрийдлээр үнэ нэмчихлээ. Цаашид энэ реформоо үргэлжлүүлж гүйцээхгүй байх вий” гэж ард түмэн болгоомжилж байна. Засгийн газраас зарласан бодлого шийдвэрүүдийн талаар та ямар байр суурь, итгэл үнэмшилтэй байна вэ?
-Одоо төлөвлөж байгаа нь ерөнхийдөө таалагдсан. Улс төр саатуулчихгүй бол болох байх. Улс төр гэж гадаад, дотоод бүх хүчин зүйлийг хэлж байна. Монголд хэрэгжих байсан бүх төслүүд бүтэлгүй болж байсан нь улс төрийн нөлөөг давж чадаагүйнх.
-Мэдээж танай салбарынхан эрчим хүчний үнэ чөлөөлөх ёстой гэж дуу нэгтэй хэлнэ. Тэгвэл чөлөөт зах зээл, өрсөлдөөн байхгүй энэ салбарт үнэ чөлөөлөх нь хамгийн түрүүнд барьж авах ажил биш. Ямар ч үр дүнгүй гэх тайлбарууд хөвөрч байна. Эдийн засаг инфляциа дийлэхгүй гэх болгоомж байх шиг. Эх лээд цахилгаан станцуудаа олон болговол эрчим хүчний системийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм биш үү. Тэр цагт эрчим хүчний үнийг чөлөөлснөөр зах зээлийнхээ зарчмаар салбар аяндаа хөгжинө гэж харах хэсэг байна. Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженерийн хувьд энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Хэн цахилгаан станцуудыг олон болгох юм бэ. Үнэндээ төр хийж чадахгүй. Хөрөнгө оруулагч сонирхохгүй. Тэгэхээр ингэж аяндаа хөгжихийг хүлээвэл аяндаа харанхуйлахыг л харна даа. Ингэхэд манай салбарынхан үнэ чөлөөл гэж нэг ч дуугараагүй шүү. Өртгөө нөхдөг болъё гэж л олон жил мөрөөдсөн, хэлсэн тэр нь бүтээгүй. Дэлхий дээр цахилгаан, дулааны үнэ чөлөөлсөн туршлага байхгүй дээ. Харин төрийн зохицуулалт бол бидний үлгэр жишээ болгодог өндөр хөгжилтэй бүх оронд бий.
-Америкчууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдсэн. Бас Европын холбооны зүгээс “Танай Засгийн газар саналаа тавибал бидэнд эрчим хүчний чиглэлээр дэмжих төсөв бий” гэлээ. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах иймэрхүү боломжуудыг яагаад төр засаг ашиглахгүй байна вэ?
-Энд улс төрийн нөлөөллөөс өөр ямар ч тайлбар байхгүй. Энэ нөлөөллийг сөрөн туулах чадвар бидэнд алга.
-Манай улсын эрчим хүчний чадлын есөн хувьд нь сэргээгдэх эрчим хүч нийлүүлдэг хэрнээ орлогын 35 хувийг авдаг юм билээ. Энэ мөнгө томоохон биз нес эрхлэгчдийн халаасыг дүүргэж байна гэх хардлага дагуулдаг. Сэргээгдэх эрчим хүчний ойрын ирээдүй ямар байна вэ?
-Энд хөрөнгө оруулагчдын буруу байхгүй. Гэрээний нөгөө тал болох төр асуудлаа дутуу харсных. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж үг бий. Сэргээгдэх эрчмийн нөөцийг илүү ашиглахын тулд зохицуулах чадлыг бий болгох хэрэгтэй байсан. Гэтэл тийм зорилготой төслүүд, тухайлбал Эг, Шүрэн гээд усан цахилгаан станцын төслүүд яваагүй, явах эсэх нь тодорхойгүй. Монгол Улс сэргээгдэх эрчмийн асар их нөөцтэй. Цаашид эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд манай төвийн эрчим хүчний системтэй ижил чадлын батерейн станц барих концепцийг би яриад байгаа. Богино бодолтонгууд ойлгодоггүй, бүр шоолдог гээч. Гээд яахав ухаарах цаг нь ирнэ ээ.
-УИХ-аар Цөмийн энергийн тухай хууль орж ирлээ. Ураны төслийг явуулс наар манай улс атомын станцтай болох суурь тавигдана гэж байгаа. Гол нь улс төрийн шийдэл хэрэгтэй байх. Харин салбарын эрдэмтний хувьд атомын станцтай болсны эерэг болон сөрөг талыг нь та яаж харж байгаа вэ?
-Ураны төсөл Атомын цахилгаан станц барих асуудалтай нэг их холбоод байх зүйл биш. Ураны баяжмал экспортолдог болвол сайн л биз. Харин атомын цахилгаан станцын хувьд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг жаахан хүлээх, бас хэнтэй хамтрахаа бодох хэрэгтэй. Атомын цахилгаан станц бол уурын зуухны оронд цөмийн реактор байдгаас бусад нь байдаг л дулааны цахилгаан станц шүү дээ. Миний хувьд Японы өндөр температуртай хийн хөргөлттэй реакторыг боломжийн гэж хардаг. Цахилгаан ба устөрөгчийг зэрэг болон аль нэгийг нь дагнаад үйлдвэрлэх боломжтой болохоор тэр юм.
М.Мөнхцэцэг