Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Ч.Ганхуяг: Шударга иргэний хувьд шударга ёсыг л хүсч байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 12

img

8

news-img

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг 2025 он дуустал тогтвортой өснө гэж АХБ таамагласан. Энэ таамаг бодит амьдрал дээр бодитой байхаар байна уу?

-Инфляци бага зэрэг өсч, 7 хувьтай, эдийн засаг 6.5, 7 хувийн өсөлттэй байгаа нь муу үзүүлэлт биш. Инфляци, ханш, тоо, эдийн засгийн өсөлт, ажлын байр гээд ярихаар хүмүүст хөндий сонсогддог. Хүмүүсийн аж амьдрал дээр цалин хөлс өсч байна уу, идэж, хэрэглэж байгаа нь нэмэгдсэн үү, эсвэл хэрэглэж байгаа юмных нь үнэ өсөөд, хэрэглээ нь багасаад байна уу гэдэг талаас илүү ойлгомжтой тайлбарлаж болох байх. Эдийн засаг 2010-2012 онд гайхалтай өсөөд, Дэлхийн банкны тооцооллоор бид доогуур дунд орлоготой улсын тоонд албан ёсоор орсон. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ээ 4000 ам.доллараар тооцож явсаар байгаад бид гацсан, алдаанууд гарсан нь 2020 он хүртэл үргэлжилсэн.

Өнөөдөр эдийн засгийн эерэг өсөлт гарч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар болсон байна. Нийгэм хөгжих, эдийн засаг өсөхийн хэрээр бидэнд өсөлтийн өвчин зовлон илэрч байна.

-Өсөлтийн өвчин зовлон гэхээр их содон сонсогдлоо?

-Сайн, мууг нь хүмүүс өөрсдөө дүгнэх байх. Гадаа түгжрээд байна гэдэг чинь муу л гэсэн үг байх. Энэтхэг, Африк, манайхаас ядуу улсад очоод “Айл болгон 2-3 машинтай болсон учраас түгжрээд байна” гэсэн зовлон тоочвол “Жаргалдаа ташуурсан ард иргэд вэ” гээд биднийг бараг муулах байх. Бид түүхэндээ хамгийн их буюу он дуусаагүй байхад 140 мянган машин хилээр оруулаад ирсэн байна.

-Миний мэдэх, бизнес эрхэлж байсан залуучууд хэдийнэ гараад явчихлаа. Зовлон их л гэдэг. Танд Монголд бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Би энэ дээр шүүмжлэлтэй хандана. Бид өнөөдөр болж байна, сайхан байна, татвар бага, хүнд суртал бага, компани байгуулж болж байна гээд гоё гоё юм ярьдаг. Яг амьдрал дээр өнөөдөр бизнес эрхлэхэд татварын дарамт үнэхээр өндөр байна.

Манай нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үнэхээр нүдээ олоогүй. Хүнийг ажиллуулах биш хашраадаг. Компанийг өргөжүүлэх, ажлын байр бий болгох биш аль болох зугтахад хүргэдэг бодлого хэрэгжсээр ирсэн. Коммунист дэглэмийн зарчим дээр тулгуурласан Хөдөлмөрийн хууль одоо хүртэл үйлчилсээр байна. Танхим дээр манай бизнесийнхэн үгээ нэгтгээд, төр засагтаа шахалт үзүүлж, нийтлэг эрх ашгаа хамгаалж чаддаггүй. Амь амиа бодсон, өөдгүй зантай учраас бизнес эрхлэхэд туйлын хэцүү байна. Нийгмийн даатгал, татвараа төлсөнгүй гээд ямар ч шийдвэргүйгээр дансуудыг нь хаагаад явчихна. Татварын байцаагчид татвар авч л байвал болж байна гэдэг байдлаар ажилладаг. Татвар төлдөг байгууллагуудынхаа ажлыг дэмжиж байгаад, маргааш илүү их татвар авна гэдэг бодлого үнэхээр явахгүй байна. Өнөөдөр манай авч байгаа татварууд, татвараа авахдаа хэрэглэж буй тухайлбал, хүмүүсийн гар, хөлийг мушгих, дөнгөнд оруулах арга барил болохгүй байна. Тусгай зөвшөөрөл гэх нэрийн цаана асар их хүнд суртал, авлига, хээл хахууль нуугдсан байна. Би өөрөө санхүүгийн салбарт ажиллаж байгаа, 47-48 тусгай зөвшөөрөл авч байна. Энийг авах болгонд, тэр их хүнд суртлыг давахад бидэнд үнэхээр хүндрэлтэй байдаг.

-Улсын төсөв хэт тэлэлттэй батлагдаж, Ерөнхийлөгч хориг тавьснаар одоо хоёр дахь удаагаа өргөн бариад, хэлэлцэж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Сайн талаас нь яривал төсөв нэмэгдээд орж ирж байна. Гэхдээ төсвийг бүрдүүлэхдээ ямар байдлаар татвар хурааж байгааг нь би сая хэллээ. Зүгээр л “шүүсийг нь шахаж, арьсыг нь хуулж” байгаа байхгүй юу. Төсвөө танах хэрэгтэй. НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулна, бууруулахгүй гэж ярьдаг. НӨАТ гэдэг хуулийнхаа дагуу үйлчилж чадаж байгаа юу, үгүй юү гэдэгт дүгнэлт хийгээд, тэгш үйлчилдэг болгохгүй бол зарим нь төлдөг, зарим нь төлөхгүй болохоор төлдөг хэд нь хохироод байгаа юм. Ажил олгогч нэг хүний ажлын байр бий болгоод, 23 хувийн НДШ төлж байна. Энэ хаана ч байхгүй өндөр тоо. Бүр реформын шинжтэй ажил хийхгүй бол үнэхээр бизнес явуулах, хүн ажилд авч ажиллуулах боломж алга.

-Салбар бүрт ажиллах хүчний хомсдол нүүрлэсэн. Танд мэдрэгдэж байна уу?

-Тийм ээ. Манайд ажиллах хүчин маш их хомсдолтой байна. Хүн ардаа бид нэгдүгээрт, боловсролоор нь бэлдээгүй, мэргэжил олгох тал дээр ерөөсөө бэлдээгүй. Ажил хийлгэж сургаагүй. Үнэт зүйл байхгүйн дээр бэлэнчлэх сэтгэлгээтэй. Ард иргэдэд таалагдах гэж популист аргаар мөнгө тараадаг байдал энэ хүн ардыг сүйрүүлэх гэж байна. Энэ дээрээ зогсооч ээ, ухаараач ээ гэж хэлмээр байгаа юм. Бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байдаг. Нийгмийн халамжийн бодлогоо жаахан танаач ээ. Төсвийг маш ухаалгаар зарцуулж, бизнес хийх боломжийг бий болгож, хөрөнгө оруулалтын шинж чанартай ажлууд илүү их хийгээч ээ гэж хүсмээр байна. Улсын төсөв дээр маш их хэрүүл маргаан болж байна. Нөгөө талдаа маш олон жил бизнес, улс төртэй ойрхон яваа хүний хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Нэгэнт бид сонголтоо хийсэн бол ардчилсан хууль зарчмынхаа дагуу сонгогдсон нөхдүүддээ ажил хийх боломж өгмөөр байгаа юм. УИХ-ын гишүүд оодрох, од болох, попрох байдлаа болих хэрэгтэй. Тэдэнд ажил хийж, үр дүн гаргах боломж өгөхгүй бол зун сонгуутаа намар нь огцруулах гээд байгаа нь надад ойлгомжгүй байна. Бизнес хийж байгаа хүнд тогтвортой, ойлгомжтой байдал их чухал. Бид өнөөдөр Үндсэн хуулиа өөрчилсөн. Алсын хараагаа баталсан. “Шинэ сэргэлтийн бодлого” дээрээ тогтчихлоо. Хамтарсан засаг гараад ирсэн байна. Бүх том нам ойлголцоод, дараагийн дөрвөн жилд энэ том 14 мега төслийг хийчихье гэж байна. Бид одоо яг юу хийх гээд байна вэ, бид энэнд нь яаж оролцох вэ, би юу хийх вэ гэдэг байдлаар асуудалд хандаж ажилламаар байна.

-Ч.Ганхуяг эмэгтэй хүн зодож, гэмтэл учруулсан гэсэн хэрэг багагүй шуугиан дэгдээсэн. Яг юу болсон талаар ярихгүй юу. Та тэр эмэгтэйд гар хүрсэн юм уу?

-Би хоёр жил энэ талаар ам нээгээгүй. Яагаад вэ гэхээр, нэг удаа миний тухай мэдээ гарахаар нь би нэгэнт олон нийтийн компани удирддаг юм чинь энэ дээр мэдээлэл хийхгүй бол болохгүй гээд лайв хийсэн чинь буруудсан. Энэ хэрэг хоёр жил шахуу шалгагдаад, шүүх дээр очоод, би хэлмэгдээд гараад ирсэн. Тиймээс олон түмэнд зөв мэдээлэл өгөх ёстой гэж бодсон. Бааранд зодоон болж байсан. Тэр зодооныг манай дүү эхлээд салгасан. Дараа нь манай дүүг зодож байхаар нь би салгасан. Дүү, бид хоёрыг яаж зодож байгаа нь бичлэгээс тод харагдаж байгаа. Ухаангүй болтлоо уусан бүлэг согтуу залуус байсан. Би зодуулаад, шүүх эмнэлэг дээр очоод, дараа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл би хоёр жилийн дотор хохирогчоос гэмт хэрэгтэн болж хувирсан. Нөгөө эмэгтэй инплант эмчилгээ хийлгэж байсан шүднүүдийнхээ мөнгийг нэхэмжлээд, шүд нь хугарсан хохирогч болчихсон.

-Танаас хэдэн төгрөг нэхэмжилсэн бэ. Та тэр мөнгийг нь өгсөн үү?

-50 гаруй сая төгрөг нэхэмжилсэн байсан. Түүнээс 30-ыг нь өгсөн. Шүүхээс баримтаар батлагдсан хохирол нь нэг сая 200 мянган төгрөг. Анхнаасаа хуурамч баримт дээр тулгуурласан. Анхнаасаа сенсацилж, хэний ямар зохиолоор яаж явсныг мэдэхгүй. Сонгууль дөхөж байсантай холбоотой юу, эсвэл хэн нэг өмгөөлөгч алдар нэр хөөсөн үү. Эсвэл тэдгээр залуус боломжтой хүн юм чинь мөнгө салгаад авъя гэж бодсон уу. Шүүх, прокурор, мөрдөгч нар яаж бодож, юу хүсч байгаад ямар байдалд хүмүүсийг оруулахаа харуулъя гэж бодсон уу, би ямар нэгэн явцуу эрх ашиг сонирхлын хохирогч болчихсон. Шүүх асуудлыг үнэн мөнөөр нь шийдэх байх гээд бид чимээгүй яваад байсан. Нөгөө талаас энэ хэргийн талаар тоо томшгүй мэдээлэл гаргасан. Олон нийт намайг “эмэгтэй хүн зодоод, шүдийг нь хугалсан юм байна” гэсэн бодолтой болсны дараа шүүх хурал болсон. Бичлэгээр ч батлагдахгүй, баримт байхгүй хэрэг. “Шударга бусын хонгилоор оруулчихна шүү” гэж бие биенээ айлгаж дарамталдаг болсон цаг. Ялангуяа олонд танигдсан, амжилттай яваа нөхдүүдийг нийлж унагаагаад дэвсэлж гөвшдөг байдлыг буруу гэж бодож байна. Би одоо дуугүй, айгаад, хойшоо сууя гэж бодохгүй байна. Би өөрөө юу болсныг мэдэж байгаа. Надад итгэдэг хүмүүс энэ мэдээллийг аваасай гэдэг үүднээс хэвлэлд хандаад, өнөөдөр би давж заалдаж байгаа юм. Намайг огт хийгээгүй хэрэгт гүтгээд, буруу мэдээлэл тараасан Isee.mn гэдэг сайтыг би шүүхэд өгөөд, хохирлоо барагдуулах, нэр төр, алдар хүндээ сэргээлгэх хэмжээнд ажиллая гэж бодож байна.

-Таны зодуулж байгаа бичлэг сүүлд цацагдсан. Энэ бичлэгийг анхан шатны шүүх дээр нотлох баримтаар өгөөгүй юм уу?

-Манай компанийн хуульчдын ил болгосон, тэр баарны бичлэг байгаа юм. Шүүх дээр прокурор үзүүлэх гэхэд гарахгүй байсан. Тэгээд зодуулсан гээд байгаа эмэгтэйн гомдлоор прокурор нь шахсаар байгаад намайг ялтан болгочихож байгаа байхгүй юу. Энд том зарчим яригдаж байгаа учраас нэг сая 200 мянган төгрөгөөр торгуульж байгаа надад сайхан байгаагүй. Намайг буруутай гээд миний эргэн тойрны хүмүүс ойлгочихож байна. Би өөрөө үр хүүхэдтэй, надтай хамт ажиллаж байгаа энэ олон мянган залуус, намайг харж байгаа хүмүүс байна. Олны дунд дандаа зөв гишгэж, зөв ярьж явъя даа гээд, үлгэр дуурайл болох гээд байдаг хүн ийм хэрэгт хэлмэгдээд, “Өө наад Ганхуяг чинь эмэгтэй хүний шүдийг хуга цохичихсон юм байна шүү дээ” гэдэг байдлаар хүлээж авч байгаа нь надад их эмзэг тусч байгаа юм. Би тийм байдалтай эвлэрмээргүй байна. Шударга шүүхтэй, прокурор, мөрдөн байцаагч, цагдаа нь шударгаар ажлаа хийгээд, үнэн мөнийг тогтоохын төлөө чин сэтгэлээсээ ажилладаг байгаасай. Би татвар төлдөг гэж цээжээ дэлдмээргүй байгаа юм. Гэхдээ твиттер дээр цээжээ дэлддэг нөхдүүдээс илүү их татвар төлдөг болов уу. Би татвар төлдөг хүний хувьд өөртөө шударга ёсыг энэ нийгмээсээ хүсэх эрхтэй гэж бодож байгаа юм.

-Та жилд хэчнээн төгрөгийн татвар төлдөг вэ?

-Юуг нь нуух вэ. Энд 40 гаруй компани байна. Миний байгуулсан Хас банк, Тэнгэр даатгал, бусад газрууд, Монгол шуудан, Тэнгэрлэг Медиа нэгдэлд гээд 3000 гаруй хүн ажиллаж байна. Манай хөрөнгө оруулалттай компаниуд шүү дээ. Эдгээр компаниуд бүгд ашигтай ажиллана. Татвар, НӨАТ-аа төлнө. Тооцоод гаргавал улсын нэлээн хэсгийг нуруун дээрээ үүрч яваа болов уу гэж боддог. Гэхдээ надад давуу эрх эдлүүлэх хэрэггүй. Би давуу эрх авъя гэж хэзээ ч ярьж байгаагүй. Би татвар төлж байна гээд хүүхдүүдээ ч улсын сургуульд өгөөгүй. Улсын тэтгэлэг авч үзээгүй. Хувиараа л сургадаг. Улсын эмнэлэгт төрүүлээгүй, улсын цэцэрлэгт явуулаагүй. Аль болохоор бага ачаа болох юмсан гээд явсаар ирсэн. Тэр зарчмынхаа дагуу өнөөдөр энэ улсын шударга иргэний хувьд шударга ёсыг л хүсч байна. Баримт дээр үндэслээд, хэн нэгний үгээр биш. Ялангуяа цохиулсан гээд байгаа эмэгтэй эмчилгээ хийлгэж байсан шүднүүдээ нэхэмжилсэн гэдгийг шүүх өөрөө тогтоосон шүү дээ. Тийм байтал тийм рекэтэд намайг аваачиж хийгээд, олон түмний өмнө яллаж цовдлох нь буруу гэж бодож байна.

-Монголд крипто, койныг та анх ярьж эхэлж, хөгжүүлсэн.

-Монголд анхлан криптовалютын тухай ярьж, хөөцөлдөж эхэлсэн хүн бол би. Өнөөдөр биткойн 100 мянган ам.доллар хүрсэн байна. Тухайн 2016, 2017 онд миний үгэнд ороод, мянга мянган доллараар биткойнд хөрөнгө оруулалт хийчихсэн хүмүүс 100 мянган ам.доллар буюу 350 сая төгрөгтэй болсон байна. Тэр үед саяыг хийсэн бол 350 дахин өссөн байна. Энийг л ярьсан юм. Би үүнийг Монгол Улсад хэрэгтэй, аж үйлдвэрийн IV хувьсгалд маш өгөөжтэй, ард иргэдэд ашигтай гэж уриалга гаргасан. Монголчууд өнөөдөр блокчейн, хиймэл оюун ухаан, цахим шилжилт, түгээлт гэдэг юманд оролцох ёстой гээд манай компани энэ чиглэлээр асар их ажил хийсэн. Өнөөдөр 400 гаруй мянган хүн ард койнтой байна. Ард койны ханш өнөөдөр 27 төгрөг, өчигдөр 250 сая төгрөгийн арилжаа явагдлаа. Монголд анх удаа хууль гарахад идэвхтэй оролцсон, хууль гарсны дагуу хамгийн анхны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Энэ бирж өнөөдөр Монголд хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага болсон. Одоо бид олон улсад гарахаар ажиллаж байна. Ард апп хэрэглэгчдийн тоо нэг сая 200 мянга болсон байна. Манайх өнөөдөр ганц салбаргүйгээр, өдөр шөнөгүй, хамгийн бага хүүтэй, хамгийн урт хугацаатай, хамгийн том хэмжээний зээлүүдийг гаргадаг болсон.

-Олон хүн ард койнд хөрөнгө оруулалт хийгээд хохирлоо гэж нэг хэсэг нэлээд шуугьсан. Таныг тэдгээр хүмүүсийн мөнгийг аваад хохироочихсон гэдэг?

-Нэг хэсэг хадгаламж зээлийн хоршоо, банк бусыг муулдаг байсан шиг криптог муулсан. Одоо криптог муулахаа болиод эхэлж байна. Нэг тийм үе байдаг юм байна. Эхэлж хэн ч тоохгүй байж байгаад, дараа нь бүгдээрээ хошуурч дайраад, мөнгөө алдаад. Шуналдаа хөтлөгдөөд, өөрсдөө буруу үлгэр ярьсан залуучуудад мөнгөө өгч алдчихаад, намайг буруутгасан. Би энд мөрөөрөө ажлаа хийгээд л явж байсан. Одоо ажлаа хийсээр ч явна. Миний хажуугаар, миний амжилт дээр дөрөөлж явсан хүмүүс хүмүүсийн чихэн дээр цэцэг ургуулж, мөнгийг нь салгаж аваад, нөгөө хүмүүс нь шунал сэдэлдээ хөтлөгдөж, мөнгөө алдчихаад надаас бурууг хайгаад байх нь ер нь ямар учиртай ч юм бэ дээ.

-“Ард койны” гэх хэрэг тэгээд яаж шийдэгдсэн бэ?

-Би анх хадгаламж зээлийн хоршоо байгуулсан. Хадгаламж зээлийн хоршоонд мөнгө алдчихаараа намайг буруутгаж байсантай яг адилхан байхгүй юу. Энэ чинь хоршоондоо, банк бусдаа, криптодоо биш шүү дээ. Хүндээ байгаа юм. Төслөө хар, үндэслэлийг нь хар, өмнө нь юу хийж байсан, хаанаас гарч ирсэн бэ гэдгийг сайн судал. Нэг их мундаг од болсон залуучууд гарч ирээд, гоё гоё юм ярингуут гүйж очиж мөнгөө тушаачихаад, хохирсон нь өөрсдийн чинь буруу шүү гэж л хэлмээр байгаа юм. Манайх хүмүүст худлаа яриагүй, хулгай хийгээгүй, мөнгө босгоогүй. Манай аппыг хэрэглээд, манайхаас зээл аваад, хадгаламждаа хийгээд, мөн койноо цуглуулаад, урамшууллаа авдаг. Номин оноо гэж цуглуулдагтай адил. Би буруу юм хийсэн бол хамгийн түрүүнд аваачаад хорьж, шалгаад, шүүнэ биз дээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Биньямин Нетаньяху: Энэ гэрээ чинь хүчингүй болсон DNN.mn

Израилийн арми “Бид сүүлийн гурав хоногт Сирийн стратегийн зэвсгийн нөөцийн ихэнх хэсгийг устгасан” гэж мэдэгдэв. Израилийн флот л г...

img

8 цагийн дараа

МИАТ: АНУ-ын иргэний нисэхийн газрын аудит шалгалтад тэнцэж, гэрчилгээгээ гардан авлаа DNN.mn

Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар АНУ-ын...

img

7 цагийн дараа

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналаа DNN.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холб...

img

7 цагийн дараа

Нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна.

...
img

6 цагийн дараа

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ DNN.mn

Монгол Улсын Их хурлын /2024.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд