мэдээ
М.Золбоо: Хоршооны хуульд өөрчлөлт орсноор малчдын гар дээрээс ноолуур худалдаж авах боломжгүй болсон

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 4 сарын 25

75

Бизнес, санхүүгийн зөвлөх М.Золбоотой ярилцлаа.
-Малчид хөдөө орон нутагт ноолуураа өндөр үнээр борлуулж чадахгүй байна гэж мэдээлж байна. Үүнд юу голлон нөлөөлж байна вэ?
-Олон улсын макро түвшний асуудлууд дэлхий нийтийн эдийн засгийг савлуулж байна. Өнгөрсөн жилүүдийн дайн, зөрчилдөөнөөс станы орнууд болон ОХУ, Европын орнуудын эдийн засаг уналттай байна. Саяхан АНУ, БНХАУ-ын худалдааны дайн ширүүсч, АНУ руу гардаг бүтээгдэхүүнд 245 хувийн өндөр татвар ногдуулсан. Гэтэл БНХАУ-ын сүлжмэл бүтээгдэхүүн болох ноос, ноолууран бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 25 хувь буюу дөрөвний нэг нь АНУ руу гардаг. Жишээлбэл, 100 төгрөгийн бараагаа АНУ руу нийлүүлэхэд 245 төгрөгийн татвар нэмж борлуулах болоод ирэхээр тухайн бүтээгдэхүүний үнэ өсөөд, эрэлт буураад байгаа юм. Энгийнээр хэлэхэд, эдийн засаг уналттай байгаа тул дэлхий нийт тансаг хэрэглээгээ танаж, татгалзаж байгаа дээр сүлжмэл бүтээгдэхүүний үнэ өсөнгүүт уналт бий болоод байна л гэсэн үг.
-Дотоод ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
-Өнгөрсөн жил хөдөө орон нутагт зуд турхан болж, малын тоо хэмжээ их хэмжээгээр хорогдож, ноолуурын эрэлт өсөн, түүхэн дээд үнэ буюу 185 мянган төгрөгт хүрсэн. Малчид энэ жил мөн тэр үнэтэйгээ харьцуулаад муу байна гэж хэлж буй нь ажиглагдаж байна. Олон жилийн дундаж үнийн графикаас харвал, энэ жилийн зүүн аймгуудын ноолуур 150-160 мянга, төвийн болон говийн бүсэд 100-105 мянга, хангайн бүсэд 140 мянга хүрч байгаа нь боломжийн дундаж үнэ. Надад байгаа дээрх үнийн мэдээлэл нь ноолуурын үйлдвэрүүдээс авсан мэдээлэл тул бодитой. Гэвч малчид маань яг ачир дээрээ 10-20 мянга орчим төгрөгөөр хямд үнээр борлуулж байгаа мэдээлэл байна.
-Зарим хүмүүс “Малчид заавал хоршооны данстай байж ноолуураа борлуулах боломжтой” гэж хэлж байна. Яг ингэж тодорхой заасан журам байдаг юм болов уу?
-Өнгөрсөн онд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Тус хуулийн дагуу шинээр олон хоршоо байгуулагдаж, 20.000 гаруй хоршоо хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаас манай баг 40 гаруй хоршооны зээлийн төслийг боловсруулсан юм. Тус хуулийн хүрээнд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс малчдын гар дээрээс ноолуур худалдан авах боломжгүй болсон. Үйлдвэрлэл эрхлэгчид зөвхөн хоршооноос ноолуур худалдан авч хоршооноос чөлөөлөгдөх НӨАТ-ын баримт шивүүлж авч байгаа юм байна. Хэрвээ хувь хүнээс ноолуур авчихвал компанийн данснаас хувь хүн рүү орлого шилжүүлж байгаа учраас малчид шууд 10 хувийн НӨАТ-ын өрөнд орох болоод байгаа юм.
-Малгүй хүн ноолуур зарж болохгүй гэсэн үг үү?
-Бас шууд утгаар ингэж ойлгох нь буруу байх. Хоршооны тухай хуулийн суурь нь малчдыг хоршиж, хамтран бизнес төлөвлөгөөтэй менежменттэй, тогтвортой байдлаар аж ахуйгаа эрхлэн хөгжүүлэхийг л дэмжих санаа. Хоршоонд малгүй гишүүн элсэж болохгүй гэсэн заалт байхгүй. Харин хоршооны зээлд хамрагдахад л зээл хүсэгч гишүүд нь А дансаараа барьцаагаа бүрдүүлэх боломжтой байх шаардлага тавьж байсан. Энгийн хэн нэгэн ямар албан тушаал хашдагаас үл хамааран аль нэг хоршоонд гишүүнээр элсээд явах боломжтой гэсэн үг. Харин одоогийн байдлаар хоршоонд элсээгүй бол малгүй хүн ноолуур зарах нь бүү хэл, малтай хүн ноолуур зарах боломжгүй л байдалтай байна даа.
-Малчид хавар ямаагаа самнаад, гайгүй хэдэн төгрөгтэй болдог. Гэвч өнөөдөр гар дээрээ мөнгөгүй байна гэсэн мэдээлэл өгч байна. Малчдын ахуй амьдрал ямар байна вэ?
-Хаврын улиралд төл малын дуу цангинаад, урь орж, ханш нээгдээд, малчдын маань орлогын дийлэнх хувийг эзэлдэг ноолуурын нийлүүлэлтийн үе. Энэ л үед олсон орлогоороо өнгөрсөн жилийн малчны зээл, хэрэглээний зээл, өвс тэжээлийн өр төлбөр, оюутны төлбөр, амьжиргаа дээшлүүлэх байр, сууц, машин тэрэгтээ зарцуулдаг. Өнгөрсөн жил ноолуур өндөр үнэтэй байсан. Энэ жил бүр ч нэмэгдэнэ гэж хүлээж буй малчид цөөнгүй байсан байх. Тиймдээ ч энэ жил цаг сайхан байсан тул бүх л баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрөөсөн. Малчид маань өндөр хүлээлт тавьж өндөр дүнтэй зээл авсан тохиолдол их байна. Угтаа бол ирээдүйд орж ирэх тодорхойгүй орлогоо барьцаалаад баяр, наадам хийх нь санхүүгийн хямрал бий болгох эрсдэлтэй.
-Малчдад малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ илүү үнэ хүргэж зарах боломж байна уу?
-Миний бие яг одоо малын гаралтай түүхий эдийн “Гүнцэг” үндэсний идээ ундаа брэндийн хөгжүүлэлт, судалгаан дээр ажиллаж байгаа юм. Тиймээс нэг чухал мэдээллийг онцлон хүргэхийг хүсч байна. Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдаж, 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Эхнээсээ малчид органик гэрчилгээтэй болж байна. Өмнө нь бид эрүүл, органик, цэвэр, байгалийн гэх мэт олон үгээр түүхий эд, бүтээгдэхүүнээ нэрлэдэг байсан ч одоо бол дээрх хуулиар органик гэсэн ганц үгийг л хэрэглэх болж байгаа юм. Органик болоход хэцүү зүйлгүй юм билээ. Хөөцөлдөж байгаад л шалгалт, аудитдаа тэнцчихвэл гэрчилгээгээ авчихна шүү. Органик мал, мах, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг малчид илүү үнэтэйгээр бүх түүхий эдээ борлуулах боломжтой болж байгаа. Үндэсний үйлдвэрүүд ч удахгүй бүгд л органик гэрчилгээтэй малчидтай хамтран ажилладаг болно гэж бодож байна.
-Малчдад татварын дарамт хэр их байна вэ?
-Малчид мал, мах түүхий эд борлуулахдаа НӨАТ-аас чөлөөлөгддөг, орлогын албан татвар төлөхдөө 1 хувиар төлдөг. Бүх хүн л 10 хувийн орлогын албан татвар төлж байхад шударга бус байна гэх мэтээр хот, суурин газрынхан их шүүлжлэлтэй ханддаг. Гэвч 10 хувийн орлогын албан татвар авах гэж үзсэн ч малчид маань түлш шатахуун, үйл ажиллагааны зардал, өртөг зэргээ тооцож, орлогоосоо хасч тайлан мэдүүлэх боломжгүй тул шууд 1 хувь болгосон гэдэг. Үүнийг зөв өнцгөөр харж ойлгох хүн олон байх гэж найдаж байна. Харин малчид гэлтгүй хүн бүрийн худалдан авч буй бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд НӨАТ-ын татвар бий.
Д.ЭРДЭНЭТУЯА





Улаанбурхан өвчнөөр 144 хоногт 11 мянган хүн өвчилж, долоон хүүхэд нас бараад байна
Улаанбурхан өвчний анхны зөөвөрлөгдсөн тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд лабораториор батлагдсан билээ. Энэ өдрөөс хойш 144 ...
5 цагийн өмнө
Хэт чанга дуу чимээ гаргадаг машин, мотоциклыг хот дотор явуулахыг хориглох шийдвэр гарчээ
Тоноглосон мотоцикль хүлцэх хэмжээнээс хоёроос гурав дахин их дуу чимээний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд олон талын сөрөг н...
6 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сумд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Жаргалант” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буга...
7 цагийн өмнө
Бусдыг гудамжинд хутгалж гэмтээсэн байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоожээ
Энэ оны долоодугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдс...
8 цагийн өмнө
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бор...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд